sonin.mn
Хүүхдийн 100 гэж дэлгүүр байлаа. Хүүхдийн барааны их дэлгүүр гэж цагтаа цалгиж байсан юм. “Хүүхдийн дэлгүүр” гэж хот хөдөөд байсныг “Хүүхдийн барааны дэлгүүр” гэж солин хаягжуулсан гэлцдэг байлаа. Нэгэн ёжтой өвгөн дэлгүүрт орчихоод “Дөрвөн настай эрэгтэй хүүхэд авъя” гээд зогсоод байсан гэдэг. Худалдагч нь гайхаад асуувал “Танайх чинь хүүхдийн дэлгүүр гэсэн хаягтай юм. Тэгээд л хүүхэд авъя гэж санасан юм” гэж хэлжээ. Түүнээс хойш “Хүүхдийн барааны дэлгүүр” гэж хаяглах болсон юм гэдэг.
Хүүхдийн зуу гэж нэгэн зуун мянган төгрөгний асуудал одоо байнаа. Цалингаа буухаар наргина гээч нь болдог юм гэж сонин хэвлэл, сошиал орчинд бичсэн нь тааралдана. Тийм явдал гардаг л хэрэг.
Нялх балчир хүүхдүүдийг төр засгийн зүгээс анхаарч байдгийн нэгэн илрэл нь “хүүхдийн мөнгө” нэртэй тэтгэмж билээ. 1950-иад оноос л олгож эхэлсэн болов уу. Хувь хэмжээ нь их багын тухайд төрөл бүрийн санал шүүмжлэл гарч байсныг энэ удаад хөндөн ярихгүй. Харин тэр мөнгийг хүүхдэд, тухайн эзэнд нь нялзаадаг болоход анхаармаар зарим нэгэн санааг өдөөсөн минь энэ.  Хүүхдийн мөнгөө аваад эцэг эх нь архи аваад уучихдаг гэдэг үгэнд эмзэглэсэндээ л үүнийг хэлж байгаа юм.
 
Америкт хүүхдийн мөнгө гэж олгоноо, бас. Тэгэхдээ бэлэн мөнгөөр өгөхгүй. Зөвхөн карт өгчихнө. Тэр картаараа хүнсний бараа авна. Авах хүнс нь ч бас хэмжээтэй. Сардаа гурван галлон сүү авах ёстой гэх мэт. Түүнээс илүүг авъя гэвэл эцэг эх нь өөрсдөө худалдаж авна. Энэ мэтээр жимс ногоо, жигнэмэг амттан гэх мэтийг авна. Тухайн сард авах зүйлийг тухайн сардаа л авна. Дараагийн сард нөхөн авна гэж байхгүй. Тэнд зааснаас өөр бараа авахгүй, авъя гэсэн ч өгөхгүй.
 
Мөн өндөр настан, хөдөлмөрийн чадвараа алдсан тахир татуу хүмүүст хүнсний талон өгнө. Талонд заасан хэмжээний мөнгөнд тааруулж хүнсээ авна. Заавал тийм хүнс ав гэж харин заахгүй. Хүнснээс өөр зүйл өгөхгүй. Талх, сүүтэйгээ хамт гар нүүрийн саван аваад очиход зөвхөн талх, сүүний тооцоо хийчихээд савангийнхаа үнийг тусад нь төлөхийг шаардана. Бас л мэдээж архи дарс өгөхгүй. Хүнсний картаа бариад аль ч дэлгүүрээс авч болдог бол хүүхдийнхийг харин нэр заасан дэлгүүрээс л авдаг юм билээ.
Энэ жишээг манайх шууд хэрэгжүүлмээр байна. Хүүхдийн мөнгийг бэлэн мөнгөөр биш хүнсний талон, карт маягаар олгож болмоор санагдана. Энэ талоноор архи, тамхи олгохгүй, барааны зүйл олгохгүй гэх мэт заалт оруулах нь зүйтэй. Мөн цаг цагт нэг цадна, цалингаа буухаар нэг цадна гэдэг хуулийг жаахан өөрчилж, картныхаа хэмжээг гурав хувааж болох юм. Олгох мөнгөө гурав хуваан эхний арав хоногт авах хэмжээ гэх мэтээр тогтоож болох юм. Нэгэнт санааг нь сэдээд гаргаад өгөхлөөр хэрэгжүүлээд явчих чадвартай ажилтнууд олон байгаа нь мэдээж билээ.
 
Хүн болох багаасаа
 
Хүүхэд болох унаганаасаа...
 
Энэ үгийг манайхан бүгдээрээ л сайн мэднэ. Саяхан манай нэг том дарга яльгүй будилж хэлээд, будилснаа засах гэж дахин будилсан нь шог ярианы сэдэв болоод ч амжлаа. “Хүүхэд болох унаганаасаа” гэдгийг, биш ээ “Хүн болох багаасаа” гэдэг бодлогыг үе үеийн төр засаг маань анхаарч ирсний нэгэн тал нь хүүхдийн эрүүл мэнд, зөв өсөж бойжиход нь тус дэм болох мөнгөн тэтгэлгийг олгож ирсэн юм. Энэ мөнгөний хэмжээг хүмүүс чамладаг ч, чамлаж байгааг нь буруутгаж болмооргүй санагддаг ч гэлээ “чамлахаар чанга атга” гэгчийн үлгэрээр мөнгөн тэтгэмжийг хүүхдэд нь хүргэхэд энэ санаа нэмэр болоосой.
 
Хүүхдийн хишиг гээд аав нь согтуу гулдайж байхын оронд “дүүгийн хишиг” гээд ах эгч нь талхтайгаа байвал аштай юу даа. Харин хүүхдэд олгох хүнсний талонд ямар нэр төрлийн хүнсийг хэдий хэмжээгээр олгох вэ гэдгийг зааж өгөх хэрэгтэй юү, үгүй юү гэдгийг бодолцоно буй заа.
Хүүхдийн зуу гэдгийг цаашдаа хүүхдийн хоёр зуу, хүүхдийн гурван зуу гэх мэтээр өсч байгаасай гэж хүсч байна. Төр засаг энэ талаар анхаарч байгаа гэдэгт итгэж байна. “Хүүхдийн зуу” гэдэг нь хүүхдийн мөнгөөр архи авч “зуу татахын” нэр биш шүү гэдгийн тайлбар болгож саналаа илэрхийлэв.
 
Я.Баатар