sonin.mn
Монголын улс төр гадаадад Украины байлдаан, дотоодод АН-ын даргын сунгаа гэсэн хоёрхон үзэгдэл тойрсон хэрүүл хараалаар дуусгавар болж байна. Өөр юу ч алга. Гэтэл Монголын улс төр хийгээд эдийн засагт сайн муу олон чухал үзэгдэл болж байгааг анхаарах “завтай хүн” Монголд цөөхөн байна. Ийм учраас сүүлийн үеийн улс төрийн нөхцөл байдлыг бүхэлд нь авч үзэх зүй ёсны шаардлага үүсэв. Энэ эрэгцүүлэлд тус болох үүднээс эл өгүүллийг тэрлэж байна…
 
 
Дэлхий ертөнц бужигнав
 
 
Украинд цэргийн тусгай ажиллагаа эхэлсэн нь далд уугиж байсан геополитикийн сөргөлдөөний галыг дүрэлзүүлэв. Дэлхийн II дайнаас хойш буюу 1945-аас 1990 онуудад АНУ, ЗХУ гэсэн 2 гол өрсөлдөгчтэй дэлхий нийтийн дэг журам оршин байв. 1990 оноос өнөөг хүртэл АНУ дангаар ноёрхсон дэг журам тогтов. Одоо ахиад л том өөрчлөлт гарч АНУ, ЗХУ, Хятад гэсэн 3 төвт сөргөлдөөнд голлох байр суурь эзлэх тэмцэл явагдаж байна. Ямар ч гэсэн АНУ дагнан ноёрхсон дэг журам эвдэрч байгаа нь тодорхой. Гэхдээ АНУ-ыг өнөө маргаашгүй нуран унана гэж үзэж болохгүй нь мэдээж. Мөн ОХУ, Хятад хоёрыг буугаад өгнө гэж тооцож болохгүй. Зүгээр л энэ 3-ын өрсөлдөөн нэг тийш шийдэгдэх хүртэл нэлээд удаан үргэлжлэх хямрал, донсолгоо, сэгсрээ болох нь эргэлзээгүй.
Өнөөгийн байдлаар дүгнэвэл АНУ, ЕХ гэсэн нэг том бүлэг, ОХУ, Хятад гэсэн нэг том бүлгийг тойрсон хуваагдал явж байгаа нь тодорхой. Эл асуудал, хандлагыг жичид нь тусгай өгүүлэл бичиж шинжлэх нь дээр.
 
Энэ мөргөлдөөн, сөргөлдөөн, хуваагдал Монголд хэрхэн нөлөөлөх тухай бид ярих ёстой. Мэдээж нөхцөл байдал бүрэн тодорхой болоогүй байгаа. Бүв бүрэн, тов тодорхой нөхцөл байдал гэж хэзээ ч байдаггүй юм. Хэдий ийм ч яг одоо тодорхой байгаа үзэгдэл, хандлага байна аа.
 
Жи: Дэлхийд нүүрс, нефть, хий болон өнгөт металлын үнэ өсч байгаа, цаашид ч өсөх нь тодорхой байна. Энэ нь манайд нэн ашигтай.
 
Жи: Дэлхийд хүнсний, ялангуяа үр тарианы хомсдол болж, үнэ өсөх нь тодорхой байна. Үүнийг нэн даруй харгалзаж, үр тарианы үйлдвэрлэлээ ахиухан нэмэгдүүлээд авбал бидэнд л хэрэгтэй. Мөн Оросоос хямд бензин, бордоо, бас бус зүйл авах боломж нээгдэв.
 
Жи: Зарим төрлийн хүнс, барааны хомсдол үүсэх нь тодорхой байна. Үүнийг харгалзан нэн даруй стратегийн нөөцөө амжиж бүрдүүлэх боломж бидэнд байна.           
 
Жи: Украины будлианыг далимдуулаад хийн хоолойг тавих ажлыг хурдлуулбал тун ч хэрэгтэй. Ингээд цааш дурдаад байвал олон “сайн юм” байна.
 
Бас “муу юм” их байна аа:
 
Жи: Валютын хямрал байна. Манай бүх мөнгө доллар, евротой уягдсан учир энэ хямралаас зайлах боломжгүй. Наад зах нь бондын гадаад өрөө валютаар төлөх ёстой. Наад зах нь доллар, евроноос гадна рубль, юаньтай холбогдох гарц хайж, эдгээрийн зохист харьцааг олох тун хүнд зорилт тулгарч байна.
 
Жи: Гадаадын, ялангуяа Барууны хөрөнгө оруулалт багасах саарах шинжтэй. Энэ бол тун таагүй дохио юм.
 
Жи: Эдийн засгийн даяар хямралаас шалтгаалан дотоод хямрал буюу хямралын дараагийн давалгаа эхлэх нь нэн тодорхой байна. Хямралын энэ давалгаан дунд нэг л алдаа хийвэл манай жижиг эдийн засаг эвдрэл сүйрэлд ороход ойрхон болсон г.м, г.м…
 
Ийм ноцтой үед “энх тайван” цагийн улс төр, эдийн засгаар баримжаалж тооцоолол хийх боломж нэн багасч, “онцгой нөхцөлд” тохирсон зоримог арга хэмжээ нэн даруй, яаралтай, хойшлуулшгүй авах шаардлага үүсч байна.
 
Нөхцөл байдал, хандлага бүрэн тодорхойгүй, ихээхэн түгшүүртэй байгаа энэ үед бидэнд бодох асуудал их байгаа ч бодоод сууж байх цаг зав бараг алга. Бид “гялс бодоод гялс үйлдэх” ёстой болоод байна…                    
 
Нэг жилийн “сайн” явдал
 
Сая нэг баагийгаас: “Ингэхэд Л.Оюун-Эрдэнэ ЕС болоод хэр удаж байгаа вэ ?” гээд асуусан чинь “Зөндөө удаж байгаа ш дээ” гэж хариулав. Л.Оюун-Эрдэнэ 2021.01.27-нд ЕС болсон. Тэгэхлээр тэр 1 жил 2 сар ажиллаж байна. Энэ хугацаа хэр “хурдан, удааныг” би мэдэхгүй. Харин түүний ажилласан хугацаанд коронавирус, түүнийг залгаад э/з-ийн уналт болж, энэ нь үргэлжилсээр украины дайнд хүрч байгааг би мэдэж байна. Цаашаа юу гээч болохыг ганцхан Бурхан л мэднэ байх…
 
Ямар ч гэсэн Л.Оюун-Эрдэнэ манай нэн шинэхэн түүхийн хамгийн хүнд хэцүү нөхцөлд ажиллаж байгаа ЕС мөн. Түүнийг ахиад бүр ч хүнд хэцүү хямрал хүлээж байна… 
 
Эхлээд Л.Оюун-Эрдэнийн “сайн” буюу “сайн гэж хэлж болох” юу хийснийг саная. Харин “муу юмыг” нь эл өгүүллийн төгсгөлд хэлэх учраас өрвөлзөөд байлгүй жаахан хүлээж бай…
 
Нэг. Вакцинжуулсан. Ямар ч гэсэн мөнгө олж, бүх хүн амаа вакцинжуулсан. Энэ нь бөөн хэл ам, хэрүүл хараал дагуулсан боловч бусад улсын жишгээр, бусдаас дутахгүй вакцинжуулалт хийсэн.
 
Хоёр. Эдийн засгийн хямралын эхний давалгаа. Эдийн засгийн хямралыг даван туулсан гэж хэлж чадахгүй ч бид элдэв төрлийн нөөц, механизм ашиглан танагтай явж байна. Хүн амын амьдралын түвшин доройтож, ядуурч, хэцүүдэж байгаа боловч ямар ч гэсэн модоо барьсангүй хямралын эхний давалгааг энэ хүртэл аргацаав. Харин одоо хямралын дараагийн давалгаа эхэлж байна…
 
Гурав. Оюу Толгойн гэрээ. Монголын талын хүртэх ашгийг нэмэгдүүлж, өмнөх гэрээний бурууг зөрүүг арилгаж, Рио Тинтогоор тодорхой хэмжээний буулт хийлгэсэн нь яах аргагүй том амжилт юм. ОТ-ын шинэ гэрээг “санасанд хүрсэнгүй” гэж ярих, хардах үндэслэлүүд цөөнгүй байгаа. Гэхдээ өмнөх новшийн гэрээнээс хамаагүй дээрдсэн нь ямар ч маргаангүй.
 
Дөрөв. Төмөр зам барих шийдвэр. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээндЗүүнбаянгаас салаалан Ханги-Мандалын төмөр зам барих шийдвэр яах аргагүй зөв. Энэ төмөр зам тун удахгүй үр ашгаа өгөх нь ямар ч эргэлзээгүй. Манай нүүрсний экспорт 40-60%, дамжин өнгөрүүлэх ачаа тээвэр 2 дахин нэмэгдэхээс илүү сайн юм гэж юу байх билээ.
 
Тав. Хийн хоолой тавих шийдвэр. Орос Хятадыг холбосон хийн хоолой тавихийг зөвшөөрсөн нь манайд эдийн засгийн болон стратегийн нэг чухал ач холбогдолтой. Зүгээр орж ирэх мөнгө л гэсэн үг.              
 
 
Нэг жилийн “муу” явдал
 
 
Энийг ярих гэвэл барагдахгүйгээс гадна манайхан дэндүү сайн мэдэж байгаа. Ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтож, тэдний уур хилэн хуралдаж, төр засаг “тэнэг тэнэг” шийдвэр гаргаж байгаа нь хэн бүхэнд тодорхой. Эдийн засгийн олон хүндрэл ЗГ-аас шалтгаалаагүй гэж тайлбарлаж болох, энэ нь зарим талаар үнэн боловч ард түмэн ийм “тайлбарыг” хүлээж авдаггүй юм. ЗГ-аас хамаарахгүй олон хүндрэл байгаа ч ЗГ өөрөө маш олон алдаа хийсэн.
 
Ард түмний санал шүүмжлэлийг багцалж үзвэл ЗГ авилгатай тэмцээгүй, өөрөөр хэлбэл МАН-ын мафитай тэмцээгүй гэсэн ганцхан асуудалд төвлөрч байна. Энэ нь Хөгжлийн банкны асуудал дээр илт харагдана. Одоо Хөгжлийн банкны асуудал бол манай бүх зөрчлийн гол зангилаа болоод байна. Учир нь хэрэв ЗГ Хөгжлийн банкны асуудлыг шударгаар шийдэж чадахгүй бол түүний цаашдын аливаа үйл ажиллагаанд итгэх ямар ч үндэслэл байхгүй.
 
Би эл асуудлыг судалж үзээд: “Хөгжлийн банк бол МАН, АН-ын эрх баригчдын санаатайгаар, зориудын зохион байгуулалттайгаар, үгсэн тохиролцож, их хэмжээний мөнгө луйвардах зорилгоор байгуулсан төрийн дэмжлэгтэй санхүүгийн пирамидын төв байгууллага мөн” гэсэн дүгнэлт хийсэн. Энэ талаар би “Хөгжлийн банкны адал явдал” өгүүлэлдээ тодорхой өгүүлсэн.
Үүнээс хойш сэтгүүлч Б.Отгон, А.Баатархуяг нарын олон хүн тасралтгүй ярьж бичиж, үглэж байгаа. Эл асуудлыг шийдэх гэхээр монголын онцлогтой “барьцах” гэсэн “том зовлон” гарч ирдэг юм. Олонхи монголчуудын хүслээр бол Хөгжлийн банкнаас 10 жилийн турш зээл авч, луйвар хийсэн бүх баагийнуудыг “нартай сайхан өдөр” олны өмнө бүгдийг нь жагсааж харуулж байгаад “нэгэн зэрэг” шоронд илгээх ёстой. Зарим нь бүр “дүүжилж алсан ч багадна” гэж занах болж. Гэхдээ бидний тооцоогоор Хөгжлийн банкны 10 шахам жилийн хулгай, луйвартай холбоотой 200 орчим баагий бий л дээ. Тэднийг бүгдийг нь “нэгэн зэрэг” шийтгэх боломж, нөхцөл байхгүй л дээ…
 
Ингээд хэсэг хэсгээр нь шийтгэх асуудал босч ирнэ. Ингэмэгц ахиад л “бөөн зовлон” болно. Энэ ч луйварчныг “орхичихож”, тэр ч хулгайчийг “мартчихаж”. Еэ еэ бөө вөө…Үхсэн хойноо…
Эдгээрийн дотроос дотроос хамгийн үнэний ортой бөгөөд нэхэл хатуу нь: МАН өөрийн луйварчдаа “үлдээгээд” АН-ын луйварчдыг шийтгэлээ, эсвэл “ач холбогдол багатай” баагийнуудыг шийтгээд “хэргийн эзэн хэнгэргийн дохиуруудаа” шийтгэсэнгүй гэх шүүмжлэл юм.
Үнэхээр ч Хөгжлийн банкаар олон жил тоглож, хувхай хоосруулсан “том толгойлсон архаг” баагийнууд ял шийтгэлээс сугаран үлдэх нүх сүв нээлттэй байгаад хамаг учир оршино…
 
 
Алцганах шиг адгийн зүйл үгүй
 
 
МАН 2020 оны УИХ-ын, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар луйвардаж ялснаар сөрөг хүчин оргүй устаж, МАН орь ганцаараа ноёрхогч улс төрийн хүчин болов. Ингээд зөрчил арилсан уу гэвэл огтхон ч үгүй, харин улс төр-нийгмийн бүх зөрчил МАН-ын дотор орж, хачин эвгүй төлөв байдалд оруулав. Нэгэнт системийн нуралт болж байгаа учраас энэ нь зайлшгүй үзэгдэл болно.
МАН дотор жам ёсоор үүссэн зөрчлийг би “МАН доторхи иргэний дайны эхлэл” (2021.08.16), “Амжвал үүнийг хий, хийхгүй бол хамтдаа нурцгаа” (2021.10.06), “Түүхэн Их Хурал уу, түүхэн эгзэг үү” (2021.12.08) зэрэг олон өгүүлэлдээ дурдсан. Эдгээрийг одоо ч миний блогоос үзэж болно.
Эдгээр өгүүллүүдэд МАН-д шинэчлэл хийхгүйгээр ямар ч сайхан санал санаачлага бүтэхгүй, Л.Оюун-Эрдэнэд эсвэл намаа шинэчлэх, эсвэл хуучнаараа үлдэх 2 сонголт байгаа гэдгийг олон удаа нотолж сануулсан. Би үүнийхээ “шанг” хүртэж Тагнуул, Цагдаад олон удаа дуудагдаж, золтой л шоронд явчихсангүй.
 
Л.Оюун-Эрдэнийг ЕС болсны “маргаашаас эхлэн” түүнийг унагах хуйвалдаан байнга гарах болсон. Энэ  нь АН биш, бусад намууд биш, ямар нэг ТББ, иргэний хөдөлгөөн бүр ч биш, тэр ч байтугай ард түмэн ч биш. ЗГ-ийн эсрэг хуйвалдаан “энхрий хайрт” МАН дотроосоо дагнан гарах болов. Эндээс МАН-ын гол “дайсан” АН огт биш, харин МАН доторхи “хууччууд” гэдэг нь тов тодорхой байна. Иймээс АН-аар бага шиг оролдвол зүгээр л юмсан…
Одоо МАН-ыг “хууччууд”, “шинэчүүд” гэсэн 2 бүлэгт нөхцөлт байдлаар хуваан үзэх нь асуудлыг ойлгоход дөхөмтэй гэж бодож байна.
МАН-ын “хууччууд” гэдэгт олон жилийн турш эрх мэдлийн өндөрлөгт байж, идэж уухаас өөрийг үл мэдэх, бүтээн байгуулах, удирдах ямар ч чадавхигүй гэдгээ дэндүү хангалттай нотолсон, МУ-ыг болон МАН-ыг системийн хямралд оруулж нураасан тэр бүлгийг ойлгож байна. Энэ бол мөнөөх улигт 30 гэр бүлийн олигархи юм. Харин МАН-ын “шинэчүүд” гэдэгт нам, төрийн бүх шат дамжлагыг дамжин эрх мэдэлд хүрсэн боловч, хуучнаараа байх боломжгүй гэдгийг сайтар ойлгосон, шинээр бүтээлч ажил хийхийг эрмэлзэж байгаа боловч гол саад учруулж байгаа МАН-ын хууччуудаа яахаа мэдэхгүй байгаа залуучууд голдуу бүлгийг ойлгож байна.
Энийгээ ч “шинэчүүд” сайн ойлгож байгаа. “Авилгатай тэмцэнэ гэдэг бол бид намынхаа журмын нөхдүүдтэйгээ тэмцэнэ гэсэн хэрэг.” ЕС Л.Оюун-Эрдэнийн 2021.07.19-нд хийсэн дүгнэлт. “МАН-ын дайсан бол нэгд МАН, хоёрт цаг хугацаа.” ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын дүгнэлт. Үүнээс өөр яаж хэлэх юм ?!
 
Л.Оюун-Эрдэнийн ЗГ ямар ч сайхан ажил санаачлаад, ямар ч шинэлэг зүйл эхэлсэн бараг алхам тутамдаа бүтэлгүйдэж байна. Учир нь ялзарч, илжирсэн МАН-ын боловсон хүчний систем, ажлын тэнэг арга барил, хурж бугшсан авилгын сүлжээ гол саад тотгор болж байгаа нь бэлхнээ харагдаж байна.         
 
Гэтэл шуудхан хэлэхэд ЗГ “тэмцэнэ” гэсэн сүржин ярианаас цааш хэтрэхгүй байна. Яасан ? Яагаад гацсан ?
 
Гарахын аргагүй балчиг намагт шигдсэн МАН-ын хууччууд шинэчүүдийнхээ хөл гараас байдаг чадлаараа зуурч, МАН-ыг юутай хээтэй нь өмхий намаг руугаа татаж живүүлэх гэж байна. Л.Оюун-Эрдэнэ бушуухан гар хөлөө салгаж авахгүй бол хамт живэх нь байна.
Би Л.Оюун-Эрдэнэд аль эртнээс олон удаа сануулсан: “Энэ шийдэл хоёрхон сонголттой. Эсвэл МАН-ын хууччуулд бууж өгөөд хуучнаараа явах, эсвэл МАН-ыг болон улс төрийн намын системийг бүхэлд нь шинэчлэх замаар зорьсноо хэрэгжүүлэх…Хугацаа ердөө 3 жил, нарийн яривал 2 жил хагас. Энэ хугацаанд шийдэж чадвал О.Оюун-Эрдэнэ ардын баатар, үндэсний удирдагч болж түүхэнд үлдэнэ, чадахгүй бол 2024 онд намтайгаа юутай хээтэйгээ үсгүй арчуулна.” 2021.12.16.
 
Гэхдээ зовлон бий. МАН-ын хуучууд Л.Оюун-Эрдэнэд: “Чи Хөгжлийн банк гэж хөөрч байгаад МАН-ын сүлжээг эвдээд сүйд хийчихвэл 2024 оны сонгуульд манай МАН гарцаагүй ялагдана. Одоо чи “чимээгүй” байж байгаад бидний “мөнгөн тусламжтайгаар” ирэх сонгуульд ялахаа бод” гэж байгаа. МАН-ын хууччуудыг би дотор нь орсон юм шиг мэднэ, тэд яг ингэж хэлж байгаа.
 
Нээрээ ч тийм юм болов уу ?! Үгүй л дээ. Энэ бол улс орноо авилгын өмхий балчигт живүүлж хаячихаад МАН-ын нөмөр нөөлөг дор амиа аргалж хоохойлох гэсэн намгийн мэлхийнүүдийн арчаагүй вааглаанаас өөр зүйл биш. Харин ч Л.Оюун-Эрдэнэ зориг гарган МАН-ын гол хэдэн баагийг “шаачихвал” ард түмний бүрэн дэмжлэг хүлээх нь эргэлзээгүй.
Эдүгээ бүр ч сайхан боломж бүрдээд байна. Хөгжлийн банк гэж хулгайч, луйварчдыг ил гаргаж шийтгэхэд хамгийн найдвартай хөвөрдөх үзүүр, бат бөх гогцоо гараад ирж байна. Энэ гогцоог хөвөрдөхөд л МАН-ын хууччуудын сүнс сүлд зайлна. Манай ард түмэн Хөгжлийн банкны хэргийг шударгаар шийдээсэй гэж хүсч байгаа, бүр байж ядаж байгаа. Одоо Л.Оюун-Эрдэнэ эргэлзээд байх юм юу ч үгүй, шууд л МАН-аасаа эхлээд “шаагаад“ өгөх хэрэгтэй…
 
Алцганах шиг адгийн зүйл үгүй, дээрээс нь удаан алцганавал бүр ч булай болдог. Шийдэх цаг хугацаа тун бага үлдэж байна.
 
Би Л.Оюун-Эрдэнэд хэрэв Хөгжлийн банкны хэргийг зориглож хөвөрдвөл мандтугай гэж хэлнэ, хэрэв хөндөж чадахгүй заваарвал сөнөтүгэй гэж хэлнэ. Манай ард түмэн яг ингэж бодож, хандана гэдэгт би огт эргэлзэхгүй байна. Одоо л яг МАН-ын авилгатай тэмцдэг цаг ш дээ. МАН-ыг аврах цорын ганц арга нь энэ…
 
Судлаач Х.Д.Ганхуяг.
 
Эх сурвалж: ganaa.mn блог 
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn- ээс уншина уу?