sonin.mn
БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй мотобуудлагын батальоны энхийг сахиулагч эмэгтэй цэргийн алба хаагчдын хуралдаанаар “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-ийг 2022 оны эхний өдөр байгуулан энэ сарын 5-ны өдөр Бентью суурин Хубилай баазад үйл ажиллагааныхаа нээлтийн ёслолын ажиллагааг зохион байгууллаа. Нээлтийн ёслолд батальон, ротын удирдлагууд, батальоны эмэгтэй цэргийн алба хаагчид хамрагдлаа. 
Энэхүү ёслолыг нээж Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, Хүний нөөцийн офицер хошууч М.Хишигбаяр үг хэлэхдээ “Бидний ажлыг дэмжин халдвар, хамгааллын дэглэм барин “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-өөс олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байгааг дурдаад шинээр байгуулагдсан зөвлөлийн гишүүдийг танилцууллаа.  
 
 
Үүний дараа мотобуудлагын батальоны захирагчийн орлогч, штабын дарга дэд хурандаа Н.Гантөмөр “Эмэгтэйчүүдийн зөвлөл” байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлж байгаад баяр хүргэе. Эмэгтэй цэргийн алба хаагчдын хувьд эрчүүдээс дутахгүй албандаа нэр төртэй үүргээ гүйцэтгэж байгаад талархал илэрхийлье. Бидэнд цаашид хэрэгжүүлэх олон ажил байгаа бөгөөд тэр бүхэнд идэвхтэй оролцон, хамт олныхоо уур амьсгалыг зөөллөж явахыг хүсэж, эрүүл энх, сайн сайхныг ерөөлөө.
 
Энэ үеэр Эмэгтэйчүүдийн зөвлөлийг төлөөлж ахлагч Ж.Цэрэнлхам “Миний ээж хөөрхөн” дууг дуулсан бөгөөд дараа нь “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-ийн шинээр байгуулагдсан хамтлаг ээжийн тухай дууны цоморлогоор ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.  Мөн “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлцгээе” уриан дор богино хэмжээний жүжигчилсэн тоглолтыг үзүүлсэн юм. 
 
 
Энэхүү үйл ажиллагаагаа эхэлж байгаатай холбогдуулан “60 секунд” хөгжөөнт тэмцээнийг удирдлагууд болон эмэгтэй цэргийн алба хаагчдын дунд амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд нийт 7 баг оролцон өрсөлдсөнөөс авхаалж самбаа, түргэн сэтгэмжээрээ манлайлсан ахмад  Ж.Бат-Эрдэнэ, ахлах ахлагч М.Ундрам нар тус тэмцээний тэргүүн байрыг эзэллээ.
 
Түүнээс гадна тус батальоны захирагч хурандаа О.Заяат “Эмэгтэй хүн” сэдвээр лекц тавьснаас “Монгол эмэгтэйчүүдэд төрөлхийн алсын хараа, тэвчээртэй, дайчин  чанар хадгалагдан үлдсэн байдаг бөгөөд Монгол хатдын үргэлжлэл болсон бүсгүйчүүд маань өнөө цагт ч гэсэн улс орныхоо нэр хүндийг тив дэлхийд дуурьсгаж амжилт бүтээл дүүрэн явна. Тийм ч учраас та бүхэн сайн болоод сайхан эмэгтэй гэдэг яриа хөөрөө, аядуу зөөлөн, хэний ч сэтгэлд нийцэх, хатуу ширүүн үг хэлэхийг тэвчдэг, юм бүхэнд эв зүйг эрхэмлэдэг, хүнийг их бага гэж ялгахгүй, тэднээс үг сонсохыг хичээдэг, ёс горимыг барьдаг, санаа сэтгэл шулуун, нэг барьсан чигээ хэзээ ч алддаггүй, амьдралын ухаан, харилцахуйн ёсыг сайн мэддэг, хүнд тусархуу, харахад нүдэнд дулаан, сэтгэлд аятай байдлыг бүрдүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ.  
                                                         
 
Ахлах дэслэгч Ц.БАДАМСҮРЭН