sonin.mn
“Монголын түүхийн философи”  “(нэн эртнээс XXI зууны эхэн). УБ., 2018 он” номд өгөх үнэлгээ, санал
 
2016 онд болох Их Монгол улсын 800 жилийн ойд зориулан “Монголын түүхийн философи (нэн эртнээс XXI зууны эхэн)” нэртэй гүн алсуур сэтгэсэн, олон шинэ санаа, дүгнэлт агуулсан ном 2005 онд хэвлүүлсэн судлаач бол ганцхан профессор Д.Чулуунжав байв. Энэ содон баримт тун ч олныг өгүүлж буй юм шүү. Гадаад, дотоодын бусад судлаачийн бичсэн өгүүлэл, тавьсан илтгэл, хэлсэн үг бүгд нийлээд ч энэ номонд анх товчхон өгүүлэгдсэн шинэ үзэл санаа, утга, учирлалын хаана нь ч үгүй байлаа. 2006 оны сүүлчээр би ингэж үзэж, үнэлж, дүгнэж байв. Тэр үед манай ахмад түүхчид, ахмад философичдоос би тун ч ихийг хүлээж, хүсэж, чих тавин соотолзож байж билээ. Яагаад ч юм тэд бараг дуугараагүй юм. Дуугарсан нь шинэ зүйл юу ч үгүй, хоосон магтаал л хөврүүлсээр байж билээ...
 
 
Энэ номоо Д.Чулуунжав арай эрт, яарч бичсэн гэдэг юм. Миний бодлоор бол харин ч бүр эрт “Монголын гөрийн байгуулал, улс төрийн сэтгэлгээ” хэмээх хоёр боть хамтын бүтээлийнхээ яг араас нь 1997-1998 онд бичих, хэвлүүлэх хэрэгтэй байв. Тэгсэн бол 2006 онд зохиогдсон эрдэм шинжилгээний хурлууд дээр олон шинэ зүйл яригдах байсан гэж боддог доо...
 
 
Монгол хүн, монгол угсаатан, Монгол төр улсын түүх дэх удаан хугацааны элдэв гуйвуулга, гажуудуулалтанд товч, тодорхой хариу өгөх зорилгоор судлаач энэ номыг 2000-2004 оны хооронд 152 хуудастайгаар бичиж анх 2005 онд хэвлүүлжээ. Уг ном уншигчдад таалагдаж, судлаач ч нэмж, дэлгэрүүлж бичсээр, дахин давтан хэвлүүлсээр 2018 онд ес дэх удаагаа 728 хуудастайгаар уншигчдад хүрчээ. 20 жилийн туршид судлаач энэ бүтээл дээрээ ажиллажээ. Нийтдээ есөн удаа хэвлэгдсэн энэ ном нэмсэн, гүнзгийрүүлсэн, засварласан өөрчлөлтийг нь тооцох аваас 9 өөр ном мэт санагдахуйц байна.
Орос-Зөвлөлтийн, Хятадын, Монголын (социализмын үеийн) олон том түүхчид-академичдын уламжлалт үзэл баримтлал, онол-аргазүйг түүхэн үнэн, нийгмийн философи, логикийн үүднээс шүүмжлэн няцааж, олон олон алдаа, дутагдлыг залруулж чадаж байгаагаараа “Монголын түүхийн философи (нэн эртнээс 21-р зууны эхэн)” ном үнэ цэнэтэй бүтээлийн тоонд орох эрхийг олжээ. Энэ номонд товч дурдагдсан, мөн энэ номондоо өргөн хэрэглэгдсэн үзэл баримтлал, онол-аргазүй монгол хүн, монгол угсаатан, Монголын төрийн гарал, түүхийг бичихэд цааш цаашдаа ихээхэн дэвшилд хүргэж, түүхэн үнэнийг сэргээхэд тус хүргэх нь эргэлзээгүй юм.
 
Анх 5 бүлэг, 15 зүйлтэй байсан энэ ном 9 дэх удаагаа хэвлэгдэхдээ 3 хэсэг, 18 бүлэг, 82 зүйл, 7 хавсралттай болж өргөжжээ. Зохиогч нь хэр их хүч, цаг, сэтгэл гаргаж, амьдарлаа хэрхэн харамгүй зарцуулсан болох нь өмнөх тоон үзүүлэлтүүдээс тодорхой байна. “Монголын түүхийн философи (нэн эртнээс 21-р зууны эхэн)” гэсэн энэ номыг уншсан хэн хүнд монгол хүн, монгол угсаатан, Монголын төр улсын түүх бол нийт уртаараа, үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдээрээ нийт хүн төрөлхтний түүхтэй эгнэж, зэрэгцэж очихоор урт, бас баялаг болох нь илт ойлгогдох ажээ. Ингэж үзэж, үнэлж болохуйцаар бичиж чадсан нь судлаачийн чансаа, зиндааг илтгэж харуулж байна.
 
Монголын түүх бичлэгийн тусгай онол, түүний философи нь Азийн түүх бичлэг, түүний философи, тэрчлэн орчин үеийн дэлхийн түүх бичлэг, түүний философитой нийцэж байх ёстойн үүднээс шүүн тунгаах аваас ая хөг нэгтэй, метатеори нь адил байх учиртай билээ. Энэ шаардлаганд ч дурдсан бүтээл бүрэн тэнцэх нь маргаангүй.
“Нэн эртнээс XXI зууны эхэн” гэсэн энэ их орон зай, цаг хугацаанд хэрэгжиж өнгөрсөн олон чухал, том түүхэн үзэгдлүүдээс судлаач онцлох, зангилаа үзэгдлүүдийг ч зөв сонгон авч түүхэн үнэнийг нь холбогдох баттай баримтуудаар илчилж, шинэчлэн харуулжээ. 1990 оноос өмнөх түүх бичлэгт байсан олон том гажуудлуудад хоргодох орон зай, боломж үлдсэнгүй. Энэний эерэг үр дагавар энэ зуундаа багтаж өргөнөөр гарах, илрэх, эгнэгт үлдэх нь дамжиггүй. Зөв, шинэ онол-аргазүйд хавчигдаж олон хуурамчлал, гажуудал цааш цаашдаа түүхэн үнэнд зайгаа тавьж өгөх болно. Би мэрэгжлийн түүхч биш болохоор, мөн 2005 оноос өмнө Чулуунжавын бичиж нийтлүүлсэн судалгааны өгүүллүүдийг нэг бүрчлэн уншиж байгаагүй болохоор шинэ, зөв үзэл, онол, шййдэл, өмнөх алдаа, хуурамчлалыг залруулсан бүтээлүүд яг хэзээ, хэний аль өгүүлэл, номд анх нийтлэгдэж байсныг хэлж чадахгүй байна. Энэ талаар яг үнэнийг гэрчлэн илэрхийлсэн шүүмж, нийтлэл ч одоогоор алга байна. Иймийн учир “Монголын түүхийн философи” номын бүлэг, зүйл нэг бүрээр шинэ зүйл, шинэчилсэн зүйл бүрийг яг таг тоочин хэлж чадахгүй байгаагаа хэлье. Гэхдээ энэ ном бараг л бүхлээрээ шахуу өөр өнцгөөс харсан, шүүмжилсэн, шинийг гаргаж хэлсэн, олон олон хуурамчлалыг илчилсэн, гажуудлуудад зохих цохилтуудыг өгсөн бүтээл болжээ гэдэгтэй хэн ч маргахгүй л болов уу. Алдаа гажуудлыг засах, залруулах явцдаа давс, хужрыг нь хэтрүүлсэн, улс төр-үзэл суртлын цаг цагийн хатуу бэрх нөхцөл, шаардлагын хүчирхийлэлд автаж гаргасан алдаа, эндлүүдэд хатуу хандсан гэх мэтийн дутагдал энэ номд бас байх шиг санагдлаа. Амьдран буй нийгмийнхээ ааш, авирг хөтлөгдөж аргагүйн эрхээр бурууд зөвийг өгч, бас зөвд бурууг өгч ирсэн түүхэн нөхцөл, байдлыг тооцох, харгалзах нь огт хэрэггүй зүйл ч бас биш билээ... 
 
 
Би буруу ч ярьж байж магадгүй юм. Монгол хүн, монгол угсаатан, Монгол төр улсын үүсэл гарвал, түүхэн хувь заяа, өнгөрсөн, одоо, ирээдүйг онол-аргазүйн үүднээс бүхэлд нь зураглан үзүүлэхийг зорьж, тун ч зоригтой оролдлого хийсэн энэхүү судлаачид талархахгүй байхын аргагүй. Энэ ном бусад улс орны судлаачдад ч гэсэн ихэд сонирхогдох нь маргаангүй.
 
 
Дэлхий дахины түүхэнд монголчуудын үзүүлсээр ирсэн эерэг нөлөө, хамаарал нь аль ч улс орны түүхчдийн анхаарлыг онцгой ихээр татдаг билээ. Иймд энэ номыг аль болохоор олон хэлээр хөрвүүлж, олон хувиар хэвлэж тараах нь зүйтэй болов уу.
“Монголын түүхийн философи (нэн эртнээс XXI зууны эхэн)” номд агуулагдаж буй олон шинэ санаа, таамаглал, анхаарваас зохих шүүмж, үнэлгээ мэтийг түүхчид ч тэр, мөн философичид ч тэр өөр өөрийн өнцгөөс нягталж, шалгаж, үнэлж, дүгнэх ажлыг аль болохоор ойрын жилүүдэд хийх нь зүйтэй бизээ. Уншигчид, судлаачдын эргэлзээг тайлах, үнэн мөнд зам тавьж өгөхөд энэ нь туслах болно. Эрдэм шинжилгээний хүнд бэрх ажилд амьдарлаа бүхлээр нь зориулж чадсан андынхаа бүтээл, туурвилд сэтгэл их л өег явдаг миний хувьд энэ ном тун ч их таалагддаг, сонирхогддог, эргэж унших бүрийдээ л эх түүхийнхээ “өвөрмөц амт, үнэрийг” тааламжтайгаар мэдэрдэг юм. Ингэхлээр миний энэ санал, сэтгэгдэлд субъектив гэхээр зүйлс ч багагүй байж болох талтай. Оюунлаг хүмүүс, бүтээлч сэхээтнүүд, шинжлэх ухааны салбаруудын “ажилчин зөгий нар” чин үнэнийг олж харж, тодлож, ялгаж, салгаж өгөх буйзаа. Энэ зуундаа багтаад шинэ үеийн түүхчид маань эх түүхээ үнэн мөнөөр нь сэргээн бичиж чадах бизээ. Тэр их үйлсэд “Монголын түүхийн философи (нэн эртнээс XXI зууны эхэн)” ном онол-аргазүйн чухал нэгэн чиглэл, доктрина болж чадна хэмээн итгэнэм.
 
Чулуунжавын бичсэн “Хүн, Хүннү улс, монгол угсаатны гарал, түүхийн философи” ном, “Дэлхийн түүхийн философи ба Монголын түүхийн философийн уялдаа, холбоо” ном, “Монголын-түүхийн философи” номын чухалчлагдан туурвигдах болсны өмнөтгөл шалтгаан, үйл явц бол 1992 оноос эхлэн хэрэгжсэн “Монголын төрийн байгуулал, улстөрийн сэтгэлгээний хөгжил (МЭӨ III-МЭ XX зуун)” нэртэй төсөл, түүний үр дүн болж бичигдсэн хоёр боть хамтын бүтээл юм. Чулуунжав өөрөө төслийг санаачлан боловсруулж, оролцох судлаачдыг сонгон аваад ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн дэргэд гүйцэтгэжээ. Дурдсан хоёр боть номыг бичихэд нийтдээ 16 судлаач оролцсон ба ботиудыг А.Очир, Д.Чулуунжав нар редакторласан байна.Энэ хоёр ботийн хоёр Оршил-ыг бичихдээ Чулуунжав өмнө дурсан гурван номд буй гол санаагаа ямар нэгэн хэмжээгээр оруулжээ. Ингээд бодохлоор тэрээр төсөлд оролцсон ахмад түүхчидтэй  (Г.Сүхбаатар, Ч.Далай, Л.Бат-Очир, Л.Жамсран, А.Очир, Ч.Дашдаваа) цаашид бичих номуудынхаа үзэл баримтлал, улаан шугамын талаар санал бодлоо солилцож, зөвлөлдөж байсан болов уу. Хоёр боть ном хэвлэгдэж гарснаас нилээн хойно тэрээр Ш.Нацагдорж, Н.Ишжамц, М.Санждорж нартай уулзаж уг номын талаар нилээд удаан ярилцаж байснаа дурдсан нь бас буй юм. Чингэж “Монголын түүхийн философи (нэн эртнээс XXI зууны эхэн)” ном удаан хугацаанд, тун ч нягт нямбай хандлагын үр дүнд туурвигджээ. 21 жилийн туршид би Чулуунжавын бичсэн өгүүллүүд, номуудыг уншиж ирсэн болохоор л ингэж хэлж чадаж байгаа болно.
 
Монголчуудын дэлхийн түүхэнд эзлэх байр суурь, түүнд үзүүлсэн үр нөлөөг тодруулах зорилгоор тэрээр мөн “Дэлхийн түүхийн философи (нэн эртнээс XXI зууны эхэн)” номыг анх 2010 онд бичиж хэвлүүлжээ. Монголжуу гэхээр арга, хэлбэрээр бичигдсэн энэ ном бусад орны түүхчдийн анхаарлыг татах нь гарцаагүй. Гагцхүү энэ номыг дэлхий дахины гол гол хэлээр хөрвүүлэх нь чухал байгаа болно. Энэ номыг бичихдээ тэрээр “одоогоос төдөн мянган жилийн өмнө” хэмээн он тооллын дарааллыг тов тод болгож өгүүлсэн нь монгол хүнд илүү их наалдацтай байдаг юм.
 
 
Түүх-Археологийн хүрээлэнд таван жил гаруй ажиллахдаа Чулуунжав бараг бүх ахмад археологчид, түүхчидтэй бүр ч илүү их хамтран ажилласныг бид мэднэ. “Монголын түүхийн философи (нэн эртнээс XXI зууны эхэн)” бүтээлийг бичиж, мөн 9 удаа нэмэн засварлахдаа тэрээр ахмад түүхчид, ахмад философичдын зөв үзэл санааг тусгасаар ирсэн буйзаа. Ахмад түүхчдийн хэн нь ч гэсэн амьд ахуйдаа Чулуунжавын энэ номонд шүүмжлэлтэй хандаж байсангүй нь үүний илрэл болов уу...
 
 
Үе үеийн монголчуудын түүх, төр ёсны үүсэл, хувьслын түүхийг үзэх, судлах, үнэлэх аргазүй, аргачлалыг боловсруулахдаа Чулуунжав гол гол түүхэн үйл явдлуудыг оновчтой сонгон авч иш татсаны зэрэгцээ огт өөрөөр үзэх, үнэлэх ёстой байсан сонин, содон үйл явдлуудыг зохих зохих баримт, нотолгоотой нь бас түүхчлэн өгүүлжээ. Жишээ болгож 1921 онд Нийслэл Хүрээг, Монгол орныг гамин цэргийн эзэрхийллээс чөлөөлсөн үйл явдлын түүхэн үнэнийг дурдаж болох юм.
Ази тивийн түүхийн философитой холбогдуулан Ази дахь улс орнууд, нутаг дэвсгэр, хил хязгаар, геополитикийн онцлогийг Хятадын төрийн гадаад бодлогын хэрэгжилтийн явцтай уялдуулан өгүүлсэн нь оновчтой болжээ. Оросын төр засгийн гадаад бодлогын Төв болон Зүүн Азируу чиглэсэн далд, нууц санаархлуудын хэрэгжсэн явцыг монголчуудын хувь заяатай холбогдуулан өөр өнцөг, өөр байр сууринаас үзэж, үнэлсэн нь ч түүхэн үнэнд ихэд ойр, нийцтэй байна.
 
 
Философич, сэтгэл судлаач Ж. Сандагдорж