sonin.mn

Сенатын банкны хороонд Ерөнхийлөгч Жо Байденаас АНУ-ын сангийн дээд албан тушаалд нэр дэвшүүлсэн профессор Сауле Омаровагийн байцаалтын дараа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дуулиан тарьсан нийтлэлүүд хөвөрлөө. Ерөнхийлөгч Байдены шүүмжлэл дагуулсан улс төрийн томилгоо болох Сауле Омарова бол хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийг чиглүүлэхийн төлөө тэмцдэг. Тиймээс Байдены засаг захиргаа профессор Омаровагийн нэрийг эргүүлэн татаагүй. АНУ-ын валютын хянагчийн албан тушаалд нэр дэвшсэн, үндэсний банкны дээд зохицуулагч Сауле банкны салбарыг шинэчлэх, холбооны зээлийн хуваарилалтыг нэмэгдүүлэх, чулуужсан түлшний үйлдвэрүүдэд олгох зээлийг зогсоохоо мэдэгдсэн юм. Сенатын банкны хороо Омаровагийн эрдэм шинжилгээний бүтээлүүд, подкаст ярилцлагын үеэр хэлсэн үг, тэр ч байтугай нийгмийн сүлжээн дэх сэтгэгдлийг нь шалгаж, задлан шинжилсэн байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүнийг нэр дэвшүүлэхийг эсэргүүцсэн. Омарова одоогоор Корнеллийн их сургуулийн Санхүүгийн байгууллага, зах зээлийн хууль, зохицуулалтын хөтөлбөрийн захирал юм. Тэрбээр Ерөнхийлөгч Жорж В.Бушийн хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд Төрийн сангийн Дотоод санхүүгийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн даргын тусгай зөвлөхөөр нэг жил ажилласан. Сауле мэдүүлэгтээ валютын хянагчийн гол үүрэг бол санхүүгийн хямралаас урьдчилан сэргийлэх явдал гэдгийг тодотгосон ч Сенатын зарим гишүүн түүнд итгэсэнгүй. АНУ-ын Бүгд найрамдах намын сенаторууд түүнийг банкны системийг сүйрүүлэх зорилгоор АНУ руу илгээсэн Зөвлөлтийн нууц төлөөлөгч гэжээ. Сенатор Жон Кеннеди түүнийг "ЗХУ-ын нууцлаг байгууллага "Комсомол"-ын гишүүн байсан" гэж мэдэгджээ.

 

“New American" сэтгүүлд “Омарова бол ЗХУ-ын Коммунист намын залуучуудын байгууллага болох Комсомолын удирдах түвшний гишүүн байсан. Түүний үүрэг бол КГБ-ын удирдлаган дор ирээдүйн намын залгамж халааг бэлтгэх явдал” гэсэн байна. Ардчилсан намын гишүүд байр сууриа хамгаалахын тулд бүгд найрамдахчуудыг "Маккартиизм” гэж буруутгалаа. Охайогийн сенатор Шеррод Браун "Трампизм Маккартиизмтай таарвал юу болохыг бид одоо харж байна" хэмээв.

 

 

Казахстаны уугуул Омарова Комсомолын удирдлагад бус пионерын гишүүн байснаа мэдэгдсэн. Тэрбээр 1991 онд 25 настайдаа АНУ руу цагаачилсан байна. АНУ-д суурьшаад эрдмийн мөр хөөж, үе үе ЗХУ, Сталин, коммунизмыг шүүмжилдэг байв. Түүнээс гадна, Омарова хэзээ ч Оросын иргэн байгаагүй. Мөн АНУ-ын паспорт аваад Казахстаны иргэншлээс татгалзжээ.

Гэвч АНУ төдийгүй Их Британийн хэвлэлүүд Омаровагийн пионерийн зангиа, Комсомолын тэмдэгтэй зургийг нийтэлжээ. Харин Оросын хэвлэлүүд үүнийг АНУ-д ноёрхож буй улс төрийн русофоби үзлийн тод баталгаа гэж үзлээ. Мэдээж, Маккартийзмын шилдэг уламжлалаар Омарова руу бүдүүлгээр халдан "Оросын тагнуул" гэж танилцуулж, Трампын "Кремлийн холбоо"-ны тухай хуурамч мэдээ тарааж, Ардчилсан намаас өшөө авч байж болох юм. Америкийн тоймч, шинжээч Эли Лэйк Сенат дахь сонсголын талаар "Бүгд найрамдахчууд өрсөлдөгчдөө Орост илүү үнэнч байна гэж буруутгалаа. АНУ-д улс төрийн хэлмэгдүүлэлтийн давлагааг 1950-аад оны Маккартиизм коммунист үзэл суртлын эсрэг тэмцлээр зөвтгөгдсөн. Гэвч энэ нь өдгөө улиг болсон русофоби болж хувирчээ. Орос хэл заадаг соёлын төвүүдэд цагдаа нар тогтмол нэгжлэг хийдэг. Оросоос ирсэн цагаачдыг ямар угсаатан болохыг тоолгүй АНУ-аас хөөж гаргадаг. Тэднийг үргэлж "оросууд” гэж нэрлэдэг. Үүний жишээ бол Америкийн шоронд "Вашингтоны эсрэг хуйвалдаан зохион байгуулсан" гэсэн инээдтэй хэргээр ял эдэлж байсан Мария Бутина" гэж тайлбарлалаа. Вашингтон “Умардын урсгал-2’’-ыг зогсоох кампанит ажилд зориулж хөрөнгө босгож, Оросын эсрэг Крымийн платформд оролцож, Москвад шинэ хориг арга хэмжээ авахыг шаардаж байна. Түүнчлэн Оросын олигархууд Москвагийн амьдралаас татгалзаж, барууны үзэл баримтлалтай болсон ч "Кремлийн тагнуул" хэвээр байна гэж Их Британид үздэг.

 

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин