sonin.mn
“Хадгаламж өлсөхөөс эхэлнэ” номын зохиогч, лектор Г.Мөнгөнийг урьж ярилцлаа.  
Өвөрмөц нэртэй анхны номоороо олны анхаарлыг татсан тэрбээр “Тархины блок”, “Мөнгөө тайван орхи” гэдэг хоёр, гурав дахь номоо уншигчдад хүргээд байна. Түүний хүмүүст санал болгож буй санхүүгийн зохион байгуулалтын арга зөвлөгөө өөрийнх нь бодит амьдралаар туршигдсан гэдэг нь номнуудаас харагддаг.
 
-“Хадгаламж өлсөхөөс эхэлнэ” ном бол бараг таны овог болжээ. Энэ номноос яриагаа эхэлье. Миний хувьд хүний санхүүгийн боловсрол ходоодтой хэрхэн холбогдож байгаа нь их сонин санагдсан. Зохиолын баатар нь зохиогч өөрөө, түүний амьдралд гарч буй үйл явдлууд бүгд бодитой өрнөж байсан нь надад итгэл үнэмшил төрүүлж байсан шүү?
 
-Би сүүлийн гурван жил хувийн санхүүгийн зөвлөгөө өгөх ажил хийж байна. Түүнээс өмнө хувь хүний хөгжил, харилцаа зэрэг ерөнхий сэдвээр лекц уншдаг байлаа. Өөрөөр хэлбэл Дейл Карнегийн програмд суурилсан уншиж мэдсэн зүйлээ л ярьдаг байсан. Харин миний номнууд хүмүүст өгч буй зөвлөгөө бол миний өөрийн амьдралд туршигдсан.Үр дүн нь өнөөдрийн би өөрөө юм.
 
-Номын гол санаа нь ерөөсөө өөрийгөө удирдаж сурах юм байна гэж ойлгосон.
 
-Би 108 кг жинтэй, санхүүгийн өчнөөн асуудалтай залуу байсан. Тэгээд хоолны дэглэм барьж, фитнест явж, жингээ хасаж эхлэхтэй зэрэгцэн мөнгөө хадгалаад алхам алхмаар санхүүгийн хүндрэлүүдээ шийдэж эхэлсэн.
Түүнээс өмнө миний хувьд “Хүн мөнгө хадгалж яах юм. Нэг л удаа амьдарна шүү дээ. Ээж ааваасаа мөнгө харамлаад яах вэ?” гэж боддог. Тэгээд бөөн мөнгө олоод амьдралын бүх асуудлаа нэг л өдөр шийдчихнэ. Удахгүй ямар нэг бизнес рүү орж их ашиг олох байх. Эсвэл хэн нэгэнд тоогдоод том компанид уригдаж захирлаар ажиллах байх ч юмуу ийм гэнэн мөрөөдлүүдээр өөрөө өөртөө итгэл үнэмшил үүсгээд л байдаг байсан. Манайхан “Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй” гэж ярьдаг даа.
Бодлоороо мундаг болчихсон, бодит байдал дээрээ хэн ч биш байдаг.
Монголчуудын “Мөнгө бол чухал биш шүү”, “Хэтэрхий их мөнгө ярьдаг хүн дэмий” гэх мэт яриа, үзэл нь эцэстээ биднийг арчаагүй, зорилгогүй байдалд хүргэж байсан юм билээ. Нэг бол их орлого мөрөөднө. Эсвэл баян хүнийг үзэн ядна. Улс төр рүү орсон хүн л мөнгөтэй болдог гэдэг ерөнхий төлвийн ойлголт маань намайг сохолж явсаар л байсан.
 
 
 
Хүн мөнгө олж чадахгүй бол тархиа тайвшруулахын тулд өөрийгөө тийм үзэл бодлоор цэнэглэдэг юм байна гэдгийг сүүлд ойлгосон.
 
 
-Монголчуудын санхүүгийн боловсролд “Мөнгө чухал биш” гэдэг үзэл бол их нийтлэг.
 
Мөнгийг, эсвэл мөнгөтэй хүнийг үзэн ядаад байгаа юм шиг ойлгомжгүй. Гэтэл мөнгөтэй байх, мөнгөө хадгалах нь ямар чухал вэ гэдгийг ковидтой хоёр жилд хэн хүнгүй илүү мэдэрч байна даа?
 
-Бид өөрсдөө мөнгөтэй байж үзээгүй. Мөнгө бүтээж үзээгүй. Бүтээмж муутай орны иргэд юм билээ л дээ. Улсын эдийн засгийн байдал муу байвал тухайн иргэдийн хөгжил муу байдаг нь нууц биш. Нөгөө талаар, Монголчуудын даван туулсан зүйлүүд бусад улс орны иргэдээс харьцангуй бага юм байна гэж анзаарсан.
Санхүүгийн хувьд хүчирхэг орны ард иргэдийнх нь сэтгэлгээ өөр түвшинд байдаг юм билээ.
Гурван жилийн өмнөх Мөнгөнөөс өнөөдрийн би олон зүйл дээр харах өнцөг маань өөрчлөгдсөн. Анх бусдын адил мөнгийг чухал биш гэж боддог байсан би мөнгө гэдэг амьдралын ямар чухал асуудал юм бэ. Чухал чухалдаа, хэдэн төгрөгтэй байх вэ гэдэг нь гол биш юм байна. Мөнгийг бүтээх үйл явц нь том асуудал юм байна гэдгийг ойлгосон.
 
АНУ-д нэг судалгаа байдаг юм байна. Лотерей сугалаанаас азтан болж баяжсан хүмүүсийн 95 хувь нь буцаад өмнөх амьдралаасаа долоон дор амьдралтай болсон гэдэг нь батлагдсан. Тэгэхээр хүн гэнэт 100 сая доллартай болох нь чухал биш. Тэр мөнгийг өөрөө бүтээх үйл явц нь хүнийг хүмүүжүүлдэг илүү биежүүлдэг юм байна. За, 100 саяыг дансандаа бий болгочихлоо. Үүний нөгөө талд, хэрхэн ухаалгаар зарцуулж сурах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Ингээд бодохоор мөнгө хүнийг хүмүүжүүлдэг л байхгүй юу.
 
-Яагаад мөнгө хадгалж чадахгүй байна вэ гэхээр бид их, бага хэмжээгээр өртэй байдаг. Өргүй хүн ховор. Тэгэхээр өртэй юм чинь яаж хадгалах юм бэ гэх хүн олон байна?
 
-Та миний “Хадгаламж өлсөхөөс эхэлнэ” номыг уншсан бол тэр номыг бичиж байхдаа би өр зээл гэдгийг их айж хардаг байсан. Өрийг яавал хурдан дарж дуусах вэ. Ахиж өр тавихгүй байх талаар бодож байсан. Тэгвэл би одоо эргээд өртэй болж эхэлж байгаа. Миний харах өнцөг өөрчлөгдөж өр зээл бол хэрэглэх ёстой зүйл юм байна. Гэхдээ яаж, юунд хэрэглэх вэ гэдэг нь чухал.
 
-Таны зургаан дансны аргыг хэрэглэх тухай хүмүүстэй санал солилцож үзсэн. Тэгэхэд маш их орлоготой хүн л наад аргыг чинь хэрэгжүүлнэ. Цалингаас өрөө өгөөд үлдсэн нь амьдралд хүрэхгүй байхад тэр боломжгүй гэдэг. Та зургаан дансны аргаа хэрэглэж эхлэхдээ нууц биш бол сардаа хэдэн төгрөгийн орлоготой байв?
 
-Тогтмол цалинтай, цалингаасаа өр зээлээ төлдөг хүмүүсийн дэргэд миний санхүүгийн байдал бүр дор ч байсан байж магадгүй. Тэр үед миний сарын орлого тогтмол биш. Зарим сард огт орлогогүй, зарим сард хоёр сая, гурван сая, заримдаа 500 мянган төгрөгийн орлоготой. Гэтэл би сард 1.8 сая төгрөгийн зээл төлөх ёстой. Хойд хормойгоороо урд хормойгоо нөхөөд л явдаг байсан.
Миний хувьд тухайн асуудлаас гарахын тулд эхлээд хоёр данснаас эхэлсэн. Эхлээд хадгална. Үлдсэнийг нь хэрэглээндээ хүргэнэ. Үүний цаана сэтгэлгээний ялгаатай байдал үүссэн байхгүй юу. Шууд зургаан данстай болсон юм биш.
Мөнгө хадгалахгүй байх шалтгаан тоочиж байгаа тэр хүн аль эрт буугаад өгчихсөн. Ядуу байх програмчлалд орчихсон байна л гэсэн үг.
Өөрөө тийм байсан учраас үүнийг хэлж байна. Түүнээс би хөндлөнгөөс олж харчихаад хэлээд байгаа юм биш.
 
“Мөнгөөн чи болил доо. Юун амьдралгүй зүйл яриад байгаа юм” гэж хэлдэг. Бүр над руу дайрдаг хүмүүс бий. Гэхдээ би тэр хүмүүст бухимддаггүй. Би яг гурван жилийн өмнөх өөрийгөө хардаг. Тийм учраас би тэр хүмүүсийг үгүйсгэх, эсвэл тэнэг гэж хэлмээргүй байдаг.
 
Учир нь, тэр хүн над шиг л хараахан тэр бүгдийг ойлгоогүй явж байна. Саад бэрхшээлүүд нүдийг нь халхалчихаад өөрөө өөртөө сорилт хийх аргуудыг туршихаас эмээж байгааг ойлгож байна. “Боломжгүй” гэдэг сэтгэл зүйн хана босгочихсон хүмүүс л дээ.
Өнөөдөр сая төгрөгийн цалинтай хүн өрөө 800 мянгад хүргэчихсэн бол цалин нь 1.5 сая болоход өрөө 1.2 сая болгочихно. Найдвартай. Энэ хүн бол зогсохгүй. Энэ бол өөрийнх нь л асуудал. Өөрөө л энэ асуудлаа шийдэж чадна. Өөр хэн ч биш.
Еврейчүүдийн “Асуудалд орсон тархиар, асуудлаасаа гарна гэж байхгүй” гэдэг үг бий. Өөрөөр хэлбэл, чиний тархи чамайг ядуу амьдруулж байгаа. Тэгвэл тархины гол асуудал нь чиний харах өнцөгтэй холбоотой.
 
-Танаас зөвлөгөө авсан хүмүүс хэр хугацаанд үр дунд хүрч байна вэ?
 
-Санхүүгийн үр дүн богино хугацаанд гардаггүй. Нэг хүн гурван сар мөнгө цуглуулаад дөрөв дэх сар дээрээ үрчихвэл түүнийг үр дүн гэхэд хэцүү.
“Өмнө нь мөнгөгүй байсан. Одоо мөнгөтэй боллоо” гэдгээ хуваалцдаг зөндөө хүн байна. “Лайв, бичлэгийг нь үзээд мөнгөө хадгалж эхэллээ. Баярлалаа” гэдэг хүн байна. Одоо зөвлөгөө авч байгаа хүмүүсийн дийлэнх нь үр дүн гаргачихаад эргээд холбогдоноо гэдэг. Зарим нь үр дүн гаргаж чадахгүй, хэцүү байна гэж мессэж бичих хүмүүс ч байдаг. Таны зөвлөсөн аргуудыг чинь ойлгосон боловч хэрэгжүүлж болохгүй байна гэсэн хүн ч бий.
Солонгост байсан нэг эмэгтэй 400 сая төгрөгийн өртэй гээд зөвлөгөө авч байсан. Тухайн үедээ тэр хүн энэ өрийг дарж дуусна гэдгээ төсөөлөхгүй байсан. Жил гарны дараа тэр хүн өрөө 100 гаруй сая төгрөг болтол бууруулчихсан байна. Арав гаруй жил бизнес хийсэн хэрнээ хадгаламжгүй байсан нэг хүн “Гурван сарын дотор 150 сая төгрөг хадгалчихсан, баярлалаа” гээд ярьсан.
Би Жижгээ гээд жүжигчин залуутай хамтраад контент хийж youtube-д тавьсан. Хүмүүс үзсэн байх. Тэр залуу гурван сарын дотор боломжийн үр дүнд хүрсэн.
Би хүмүүсийн амьдралыг нь өөрчлөөд л... За дараагийнх нь алив гээд байгаа юм биш.
Би тэдэнд харахгүй байсан өнцөг, тухайн үеийн асуудлыг даван туулах аргачлал, хувилбаруудыг л санал болгодог. Гаргаад байгаа алдаануудыг нь хэлж өгдөг. Ингэснээр өөрчлөлт гардаг.
 
 
Тогтмол цалинтай, бага орлоготой хүний хувьд үр дүн нэг жил, хоёр жилийн дараа гарч ирнэ. Хувьсах орлоготой хүмүүс бол богино хугацаанд хуримтлалтай болдог. Цаана нь явж байгаа арга техник нь нэг.
 
 
 
-Мөнгө хадгалах нь боломжгүй санагддаг ч бидэнд өр тавиад гоё хувцас авч өмсөх, хамгийн сүүлийн үеийн гар утас лизингээр авах, зээл авч том машин унах бол хавьгүй амархан санагддаг. Мөнгө гэдэг зүйлтэй харьцаж сураагүйнх юм бллов уу?
 
-Манайхны мөнгө үл хөдлөх хөрөнгө, үнэт эдлэл, эд хогшил болдог. Монголчууд бид юм хэрэглэж үзээгүй ард түмэн учраас тийшээ яваад байгаа нь аргагүй.
Европчууд бол хэдэн үеэрээ хэрэглээд үзчихсэн учраас одоо хэрэглээнээс айхтар кайф эрэхээ больсон. Хэрэглээ нь их энгийн. Хүнд зайлшгүй хэрэгтэй эд хэрэглэлээс илүү зүйлд шунахаа больчихож.
Бид бол юм үзээгүй ард түмэн учраас хэрэглэх гээд л дайраад байна. Гоё, үнэтэй эд хэрэглэх гээд л хошуурч байгаа. Мөнгөгүй ч гэсэн мөнгөтэй юм шиг харагдах гэж хичээдэг. Үүнийг санхүүгийн боловсролгүйнх гэж дүгнэж болно. Гэхдээ нөгөө талаас нь харвал энэ бол харилцааны үр өгөөж. Ганц Монголд биш дэлхийн хаана ч мөнгөтэй хүнд хүмүүс яалт ч үгүй өөр ханддаг. Тэгэхээр тийм харилцаа хандлага нөлөөлдөг байх. Гэвч энэ бол нэг төрлийн хууран мэхлэлт шүү дээ. Мөнгөтэй юм шиг сэтгэгдэл төрүүлж байгаад хэн нэгэнтэй бизнест хамтраад хамтрагчаа дампууруулах тохиолдол ч гарч байдаг.
 
-Ер нь, хэзээ үхнэ гэж мөнгө хураах юм. Би өнөөдрөөрөө л амьдардаг гэдэг хүн ч байдаг. Тийм хүмүүст та юу хэлдэг вэ?
 
-Ирээдүйд хэн нэгэн хайртай хүн чинь өвдвөл яах вэ? Тэр үед хэрэглэх мөнгө байгаа юу? Хүүхэд чинь боловсролтой болох ёстой. Гадагшаа сургуульд явах боллоо. Түүнд зориулах мөнгө байгаа юу? Байхгүй юу? Бид зөвхөн өнөөдөр гоё амьдраад л ирээдүйгээ сүйрүүлэх үү? гэдэг чиний сонголт. Зарим хүн мөнгө хадгалж хадгалчихаад хэрэглэж чадахгүй үхчихвэл яах вэ? гэдэг. Ядаж үр хүүхэд чинь өргүй, мөнгөтэй үлдэх юм. Оршуулгыг нь зээлээд хийчихсэн өрөө төлж байгаа тохиолдол байдаг. Хамгийн нийтлэг зүйл эцэг эх нь нас барахад үр хүүхэд нь тэтгэврийнх нь зээлийг төлөөд үлддэг тохиолдол цөөнгүй бий шүү дээ. Зарим хүн “Мөнгө хадгалаад яах юм. Хэдэн жилийн дараа инфляцид цохиулаад наад мөнгө чинь цаас болно” гэж гэдэг. Мөнгөө цаас болгочихсон хүнтэй таарсан уу? Би тийм хүн байвал уулзмаар байна.
 
-Мөнгө хуримтлуулахын тулд зардлаа танах ёстой юу?
 
-Зардал танана гэдэг нь энгийн сонсогдож байгаа боловч өдөр тутмынхаа хэрэглээнээс юуг нь авах, юуг нь авахгүй вэ гэж ялгах хэцүү. Гол арга нь орлогоосоо хадгаламж руугаа тодорхой хэсгийг хийгээд үлдсэнийг нь хэрэглээндээ хүргэх нь хамгийн сайн арга. Орцыг нь буюу хэрэглээний мөнгийг багасгаж байна гэсэн үг.
Бидний нийтлэг алдаа эрүүл мэндэдээ хөрөнгө оруулалт хийдэггүй явдал. Энэ бас л бидний эрүүл мэндийн боловсролгүйнх шүү дээ. Наад зах нь зөв зохистой хооллодоггүй. Тэгж явтал нэг л өдөр өвддөг. Тэгээд “Өвчин хэлж ирдэггүй, хийсэж ирдэг” гэж ярьдаг. Яг үнэндээ ямар амьдралын хэв маягаас болж өвдөв гэдгээ харах ёстой. Эртхэн эрүүл амьдралын хэв маяг руу орох ёстой. Эрүүл мэндээ алдвал бүхнээ алдсанд тооц гэдэг үг бий.
 
 
Мөнгө олоод, хадгалаад эхэлнэ гэдэг бол гайгүй. Хүсвэл хүн болгон чадна.
 
 
-Таны номонд орлогоо нэмэгдүүлэх зөвлөмжүүд байдаг. Харин яаж гэж олон хүн асууна?
 
-Нэг л өдөр ажил маань зогсвол орлогогүй болно. Үүнийг ковидын хүнд үед олон хүн мэдэрсэн байх. Бид нэг зүйлд бүх анхаарлаа хандуулаад яваад байдаг. Биднээс шалтгаалахгүй орлогогүй болох эрсдэл байна гэдгийг одоо ойлгочихлоо. Нөгөө талд нь, цалингийнхаа тодорхой хэсгийг хадгаламж руугаа хийгээд, өр зээлээ төлөөд хүрэлцэхгүй байгаа бол нэмэлт орлого олох арга хайхаас аргагүй. Нэмэлт орлого олохын тулд чөлөөт цагаа, амралтын өдрүүдээ ашиглах хэрэгтэй болно.Үүнийг дагаад өөрийн авьяас, ур чадвараа хөгжүүлэх шаардлага гарна. Онлайнаар ажиллах ажил хайж болно.
Бүр болохгүй бол амралтын өдрөөр нэг дэлгүүрийн шал цэвэрлэх ч юмуу, цагийн ажил хийж болно. Хүн цаг хугацаагаа үр ашигтай зарцуулж эхэлдэг. Дандаа тийм ажил хийх албагүй. Нэмэлт орлогын мөнгө чинь тодорхой хэмжээнд цуглана. Тэр мөнгийг бид жижиг бизнест хөрөнгө оруулалт хийж болно. Нэг жил амралтын өдрүүдээрээ энд тэнд нэмэлт орлого олох ажил хийгээд үз. Тэр үед цаг хугацааны үнэ цэнийг мэддэг болно.
 
-Одоо танд тооцоолоогүй худалдан авалт, зарлага гаргах үе байдаг уу?
 
-Хүнд ямар нэгэн байдлаар шуналынхаа хэрэгцээг дардаг суваг байдаг юм шиг байна. Би өөрөө гоёж гангалаад байхгүй ч гэсэн оффистоо элдэв хогшил авчихдаг. Ямар нэгэн юм дутуу санагдаад нэмээд л байгаа. Үүнийг “За больё” гээд шууд больчихдог асуудал биш юм байна.
Гадаадад амьдардаг нэг эмэгтэй надтай холбогдож байсан. Тэр хүн маш минималист амьдардаг гэж байгаа боловч үнэртэй усанд маш их мөнгө зардаг байх жишээтэй. Тэгэхээр энэ асуудлаас ямар аргачлалаар гарах вэ гэдэгт асуудлын гол нь байгаа.
 
-Манайхан “Санхүүгийн эрх чөлөөнд хүрэхээрээ... ” гэж ярьдаг. Үнэхээр санхүүгийн эрх чөлөө гэж байдагуу. Байдаг бол түүнд хүрснийг илэрхийлэх босго байж таарна даа?
 
-Санхүүгийн эрх чөлөөнд хүрчихсэн хүмүүс нь “Би санхүүгийн эрх чөлөөнд хүрчихлээ” гэж ярьдаггүй шүү дээ /инээв/. Яагаад гэвэл тэдэнд болоогүй л санагддаг байхгүй юу. Тэд өөрсдийн түвшний хүмүүстэй өөрсдийгөө харьцуулаад би болоогүй юм байна гэж хардаг байх.
Яах вэ, олон улсын түвшинд судалгаанд тулгуурлаж санхүүгийн эрх чөлөө гэдгийг баримжаалж тайлбарлах гэж оролдсон оролдлогууд байдаг.
Санхүүгийн эрх чөлөө гэдэг нь хүн дансандаа орж, гарч байгаа мөнгөө анхаарахаа болиод эхэлдэг үе гэж үзэж. Тэгвэл хэдий хэр мөнгөтэй хүн орлого, зарлагынхаа дүнг “фокуслахаа” больдог вэ гэдгийг ойролцоогоор таван сая ам.доллар гэж багцаалсан. Төгрөгөөр бол 13-14 тэрбум төгрөг хавьцаа. Тийм хүмүүс бол дансны орлого зарлагыг нарийн мэдрэхээ больдог нь дэлхийн хэмжээ юм байна. Хэрвээ тийм бол энэ л санхүүгийн эрх чөлөө байж магадгүй гэсэн тодорхойлолт байдаг.
 
Цаг зав гарган ярилцлага өгсөн танд баярлалаа. Танд амжилт хүсье!
 
Б.Гүнжинлхам
Эх сурвалж: "Ган зам" сонин