sonin.mn
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын уугуул Б.Мягмар манай сонины редакцаар бууж мордлоо. Ерэн настай ч ануухан харагдах энэ буурай ийн ирсэн нь учиртай. Түүний аав Д.Баасан нутаг усандаа алдартай, олондоо хүндлэгдсэн дархан хүн байжээ. Б.Мягмар гуайн аавынхаа талаар эхлүүлсэн яриа маршал Х.Чойбалсантай холбогдчихно гэж хэн санах билээ. Д.Баасан дархан 12 түлхүүрээр онгойдог монгол цоожийг урласнаас энэ үйл явдал эхлэх аж. Өдөр, шөнийг ялгалгүй, нойр хоолоо хасан байж хийсэн бүтээлээ хавь ойрынхондоо үзүүлж, нүд хужирлуулалгүйгээр шууд л маршал Х.Чойбалсанд бэлэг болгон хүргүүлэхээр болж, энэ хүндтэй үүргийг тухайн үеийн сумын засаг дарга Махбал гардаж авсан байна. Ингээд засаг дарга сааталгүйгээр маршалд өөрийн биеэр хүргэж өгчээ. Маршал эхлээд эргүүлж, тойруулж удаан шинжсэнээ яаж онгойдгийг нь лавлаж асуухад Махбал дарга мэдэхгүй тул юугаар ч тусалж чадаагүй аж. Төд удалгүй 12 түлхүүртэйг нь санасан маршал учрыг ухаж ойлгов гэнэ. Ингээд түлхүүрүүдийг шинжихэд 12 жилийн амьтныг илэрхийлсэн хулганы сүүл, үхрийн эвэр, гахайн хоншоор гэх мэт хэлбэр дүрстэй байжээ. Тэгээд л жил, жилийн дарааллаар нь ээлжилж түлхүүрдсээр цоожийг сая нээсэн гэнэ. Махбал дарга маршалын гүйлгээ ухааныг бишрэхийн зэрэгцээ өөрийн биеэр хүргэж ирсэн байтал огт мэддэггүй гээд өөрөөсөө бага зэрэг ичжээ.
 
 
Маршал энэ үед Махбал даргыг ганзага хоосон буцаасангүй. Аяганы хариу өдөртөө, агтын хариу жилдээ гэдгээр өөрт байсан Улаан Армийн ялалтад зориулан гаргасан “Победь” хэмээх цагаа Д.Баасан дарханд дурсгахаар болсон нь дархан хүний бурхан ухааныг ихэд шагшсаны илрэл гэмээр.
 
 
Ингээд бугуйн цагныхаа таган дээр нь “Баруун аймгийн Д.Баасан дарханд дурсгал болгон үүрд хадгалуулав. Маршал Х.Чойбалсан" гэж бичүүлсэн болохыг Б.Мягмар гуай өнөөдөр бидэнд сонирхуулж сууна.
Бараа сүрийг нь харчих санаатай “Одоо тэр цаг танд...” гээд асуултаа дуусгаж амжаагүй байтал нүдэнд нь хөнгөн гуниг тодроод ирэх нь тэр. Учир нь ийм бахархалтай агаад сонин түүхтэйгээр ирсэн эд нэг л өдөр эргэж олдохгүйгээр бүр мөсөн явсан байж. “Цэрэгт ирээд бид халуун усны газар очицгоов. Бүгд хувцсаа тайлаад хангалтаар өгсөн өмд цамц, хүрэмдээ погон тэмдгээ хадаад өмсөцгөөв. Яг энэ үед би ард хувцсандаа үлдээсэн зүйлсээ таг мартсан байснаа санаж бага даргадаа уламжиллаа. Юу, юу байгаа юм гээд л бүртгэж аваад явлаа. Маршал Х.Чойбалсангаас аавд минь өгсөн цаг, 500 төгрөг, бас бусад үнэмлэх, батлах гээд бичиг баримтууд байсан шиг санаж байна. Би ч гайгүйхэн бэлтэй айлын ууган хүүхэд болоод тийм дайны мөнгөтэй явж байгаа хэрэг л дээ. Дарга буцаж ирэхдээ үнэмлэх батлах хоёрыг минь л авчирлаа. Бусад нь яав, ийв гэхээр байдаггүй гэнэ. Уг нь надад цаг биш юм гэхэд, “Үүрд хадгалуулав” гэсэн бичигтэй таг нь хайран санагдаж байлаа” хэмээн Б.Мягмар гуай их л харамсаж байна билээ.
 
Б.Мягмар 1959 онд 28 настайдаа цэргийн албанд татагджээ. Гурван жилийн хугацаат албыг хаахдаа өвөө нь хүн болж төлөвшсөн шүү гээд магнайныхаа хөлсийг хааяа нэг ханцуйгаараа шударч харагдана. Хэр халдаахгүй гэсэн шиг тэр үеийн дарга нарын тогтуун, дөлгөөн зантайг яана гэж ирээд л. Удам дамжсан гарын уртай цэрэг болохоор байсхийгээд тийм, ийм дарга нарын зараалд явдгаа ч мөн хуучилсан. Угаасаа цэрэгт ирэхдээ, ямар ч ажлын дөрийг олоод хийчихнэ гэдэгтээ бат итгэлтэй байжээ. Тэрээр хуучнаар тахианы ферм, Бөхөг цагаан толгойн доод Нисэхийн авто сургуульд хугацаат цэргийн алба хаасан гэнэ. Ингэж явахдаа шууд л жолооч болчихно гэсэн дэврүүн хүсэлдээ хөтлөгдсөнөөсөө болж ганц хоёр хүний аманд орж, хөглөж байснаа нэрэлхэлгүй хуваалцлаа.
Энэ зууртаа бас “Одоо бодох нь ээ дарга нар харцаараа, эсвэл үг яриагаараа цэргүүдийг хүмүүжүүлдэг байсан. Тийм дэглэлт, яргалал гэх зүйлийг би хувьдаа үзэж байсангүй. Эрүүл чийрэг биетэй, сэтгэл оюун төвшин, амгалан эр хүн болгож өгөхийг хүсэж цэрэгт явдгаас зодуур, гарын шүүс болох гэж биш шүү” гэдгийг захиж байсан.
Б.Мягмар гуайн ургийн овог Бүрээчийнхэн. Түүнээс дээш 9 дэх үеийн дээд өвөг эцэг нь уран дархан төдийгүй Чингис хааны бүрээчин байсан гэж бахархалтай нь аргагүй ярьж сууна. Үнэхээр ч бүрээчин гэдэг дайн байлдааны үед тухайн командлагчийн бугуйн цаг л гэсэн үг.
Энэ түүх олон зуунд ам дамжин яригдсаар эдүгээ Б.Мягмар гуайн их өв болжээ. Маршал Х.Чойбалсангаар эхэлсэн бидний яриа өрнөл хэсэгтээ хүрэхэд Л.Дандар баатраар солигдов. Энэ удаад Д.Баасан дарханы баялаг түүх мөн л үргэлжиллээ. Чингис хааны бүрээчин байсан өнө эртний уламжлалыг сэргээсэн Баасан дархан мөн Л.Дандар баатрын бүрээчин байжээ. Зурсан зураг ч гэмээр ийм нэгэн тохиол байх юм.
 
 
Амьдралд нь тохиосон, дахиж үл тохиолдох нэг зураглалыг Б.Мягмар гуай дүрслэхдээ “Сэлэнгийн Дулаанхаанд хуучин модны үйлдвэр байлаа. Монголдоо ганцханд тооцогдох модны үйлдвэр шүү дээ. Бусдаар бол намайг залууд Монгол Улс олон үйлдвэртэй, хүн бүр л борви бохисхийлгүй хөдөлмөрлөдөг амьдралын хэмнэлтэй байж. 
 
 
Тэр үед би Армид ахлагчийн албанд элссэн байв. Ингээд даргаасаа үүрэг авч Дулаанхааны модны үйлдвэр рүү аяны дөрөө жийлээ. Үйлдвэрт нэлээд ойртсон үед машин минь унтарч орхив. Энэ үед хар ногоон өнгийн гял, цял болсон чамин чиргүүлтэй тэрэг урд гараад зогсдог юм байна. Машинд нь нүд унагахын зэрэгцээ ямар хүн байдаг билээ, хэн гэдэг дарга нь вэ ухааны юм бодож байтал жолооч нь хүрч ирлээ. Сайн байна уу, гэхэд нь хариу мэндлэв. Тэгснээ “Юу болоод зам голлочихсон, машиныхаа хамрыг сөхөөд зогсож байдаг билээ” гэж асуухад нь түүний зүг харвал нүд нь надад нэг зүйлийг хэлэх гэсэн шиг тогтож ядна. За хүү минь, цэргийн хүн замын бөглөө болж суух муухай шүү гээд зэмлэх янзтай. Би ч хариуг нь барья гэж бодсон ч хэсэг азнаад үгээ залгив. Гэтэл өнөөх хүн бор муутуу цаасанд боосон танзуур сарвайснаа, машины цоо шинэ трамплюр, бензин насос зэргийг өглөө. Тэгээд трамплюрээ сольсноор ашгүй машинаа асаах нь тэр. Баярлахтайгаа зэрэгцээд яаж энэ хүнтэй үг сөргөөцөлдөж, бурхнаа бургасаар ороочихсонгүй вэ гээд дотроо өөрийгөө зэмлэсэн” гэх нь тэр үеийн дурсамж одоо ч тодхоныг илтгэнэ. Тэгээд цааш яваад нэг довцог дээр гарч зогсоход нь Б.Мягмарт модны үйлдвэрийн гаднах машины дугаарыг харуулж.
 
Өнөөх хүнээ дагаад бүр хэд хэдэн машины урдуур дайрахад нэг өвгөн гарч ирснээ хаалгаа цэлийтэл том гэгч нь онгойлгов гэнэ. Үйлдвэрт орсон хойно хаалга онгойлгосон өвгөн “Л.Дандар баатар танай юу вэ” гэж асуухад нь золтой л зүрхээр явчхаагүй гэнэ. Тэгэхэд л баатартай таваргаж яваагаа мэдсэн аж.
 
Б.Мягмар үргэлжлүүлэн “Бид хоёр модоо ачаад Дарханы зүг хамт хөдөллөө. Замдаа Сэлэнгийн “Авгай” (Одоо Ээж мод гэж хэлж заншсан) модонд хүрч саатлаа. Тэндээ хоноглохоор болж удалгүй цай хоол болов. Хээ угалз болсон гоёмсог хивс гаргаж ирээд зүлгэн дээр дэвсэж байна. Л.Дандар баатар чимх борц, атга будаа усанд цацаад, түүнийгээ хэд хэд пурхийлгээд хоол бэлэн боллоо. Тэр шөлийг уугаад миний хөлс бурзайсан гэж жигтэйхэн. Эсвэл баатрын хажууд сүрдсэндээ ч тэр үү, бүү мэд. Энэ завшааныг ашиглаад би аавынхаа талаар асуулаа. Сайн таньж, мэдэж байна. Ингэхдээ аав чинь сайн уу, гавьяа шагнал очсон уу, гэж асуусан нь учиртай байж. Л.Дандар баатраас сонссоноор аав маань С.Дампил баатартай хамт амьд хэл олзолсон түүхтэй юм гэнэ. Бүр Японы тагнуулын хэлтсийн даргыг барьж ирсэн гэнэ билээ. Ингэж явсаар Дархан хотод хүрэхэд Л.Дандар баатар бид хоёр зам салж "За, хүү минь сайн яваарай гэж ерөөсөн” гэв. Амьдралдаа эхний бөгөөд сүүлийн удаа баатартай уулзсан тохиол нь энэ аж.
Залуудаа Дархан хотын их бүтээн байгуулалтад оролцож явсан тэрээр одоо ч гарын уртай, холын бодолтой хэвээр. “Нүд, чих хоёр муудсан ч мод төмөр, алх цүү бариад суухад эвлэж л таарна. Залуугийнхаасаа нэг их дордохгүй л байх" гээд мушийж сууна.
Хүн өмсөж зүүх, идэх уухаа өөрөө л олдог, насны залууд нойрыг хасаж, ажлыг гололгүй хийж байгаарай гэдгийг Б.Мягмар гуай хойч үеийнхэндээ чухалчлан захисан юм.
 
 
Дэслэгч Ц.ЭНХ-ОРГИЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин