sonin.mn
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ энэ намрын чуулганаар хэлэлцэх юм байна. Төслийн Монгол Улсын Үндсэн Хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бусад хууль тогтоолд нийцүүлэх чиглэлээр хийсэн тухай боловсруулсан хүмүүс нь ярьж байгаа аж. Бэлэн болоод байгаа долоон бүлэг, 13 зүйлтэйгээр боловсруулсан төсөлд засаг захиргааны нэгжид хийх өөрчлөлтийн гол нь улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот бий болгох. Тэдгээрийг удирдлагын эрх зүйн байгуулалтыг өөрчлөн шинэчлэх тухай тодорхой заалт орсон байна лээ.
Энэ нь цаанаа төрийн үйлчилгээ иргэдэд ойртож хотуудын бие даан хөгжих боломжийг бий болгоно гэж ойлгогдож буй. Уг нь зөв л дөө. Урьд нь ийм л байсан.
Харин хуулийн төсөлд зааснаар хот, тосгоны эдийн засгийн үндэстэй холбоотой шинэ асуудал гарч ирээгүй гэж болно. Хотуудад хэрхэн ажиллаж байсан урьдын туршлага бий. Зарим хүмүүс эдийн засгийн цоо шинэ зорилт бий боллоо гэж ярих нь тийм биш. Гагцхүү эдийн засгийг жолоодох арга нь зах зээлийн хуулийн дагуу л байх учиртай.
 
Бас төрөн гарах хотууд төр, засагтайгаа хэрхэн харьцах, төсвөө бүрдүүлэхэд зовох юм байхгүй ээ. Харин удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх үүнтэй холбогдсон харилцааг зөв зохицуулах явдал гол нь. Урьд нь өмнөх хуульд орон тоо, удирдлагын чиг үүргийн давхцал их түүнээс болж үйл ажиллагааны хийдэл гарч байсныг хууль боловсруулагчид анзаарсан л байх. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчилснээр аймгийн төвүүд хуучин шигээ орон нутгийн зэрэглэлтэй хот байх юм бол эдийн засгийн хувьд давуу тал бий болно гэсэн үг. Дархан, Эрдэнэтийг улсын зэрэглэлтэй хот гэж нэрлэжээ.
Тэгвэл Өмнөговь аймгийн Даланзадгад, Цогтцэций, Ханбогд, Гурвантэс зэрэг хүн ам олноор суурьшдаг сумыг орон нутгийн статустай хот болгохоор тусгана гэжээ. Гэтэл тэднээс илүү олон хүн амтай Өлгий, Зүүнхараа, Тосонцэнгэл, Чойрыг орхисон санаа харагдав.
 
 
 
Тосгоны хувьд бол 2000-аас доошгүй байнгын оршин суугчдын хийгээд хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, аялал жуулчлал, амралт сувилалын төвүүдтэй, дэд бүтцэд хамрагдсан хотын зарим шинжийг агуулсан суурин газар байна гэж төсөлд заажээ. Хамгийн гол юм гэвэл хот тосгоноо бий болгох нь эдийн засгийн хувьд хагас буюу бүтэн бие даасан байхыг чухалчлах ёстой.
 
 
 
Дээрх дурдсан газруудаас гадна төсвөө өөрөө бүрдүүлэх боломжтой сумд ч бий. Тэднийг яахыг УИХ-аар хууль хэлэлцэх үед ярих л болов уу.
Нөгөө гэвэл шинэчлэлийг хийхдээ төсөв хэмнэхэд их анхаармаар. Манайд 1000 хүрэхгүй хүн амтай сум олон. Тэдний заримыг нэгтгэх талын заалт төсөлд харагдсангүй. Тэгэхээр орон тоог багасгаж чадахгүй л юм шиг. Нийт 330 гаруй сум бий. Тэднээс 5-10-ыг өөр бусадтай нэгтгэсэн байхад засаг захиргааны орон тоо эрс цөөрнө. Төсөв хэмнэгдэнэ гэсэн үг. Тун орхимгүй асуудал энэ.
Нөгөө талаар дагуул хотын тухай үг үсэг харагдсангүй. Үүнийг өөр хууль журмаар шийднэ гэсэн юм болов уу. Үнэнийг хэлэхэд дагуул хот гэж их ярих бүтдэггүй юм тэр.
Налайх, Багануурыг дагуул хот болголоо гэсэн. Дүүргийн, хотын гэсэн хоёр даргатай болгосноос өөр өөрчлөлг гараагүй. Эрх мэдлээ булаадсан албан тушаалтан л нэмэгдсэн шүү дээ.
 
 
 
Одоо Хөшигийн хөндийн нисэх онгоцны олон улсын буудлыг түшиглэн тэнд “Аэросити“ гэдэг 250 мянган хүнтэй дагуул хот байгуулна гээд л байгаа. Боломж ч бий. 
 
 
 
Харин урьдынх шигээ цогц шийдэл гаргаж чадалгүй саармаг юм болчих вий гэсэн болгоомжлол байх. Бүх юмыг УИХ шийднэ гээд л өнгөрдөг. Дагуул хотын тухай хот, тосгоны шинэ төсөл хэлэлцэх явцад энэ тухай дуугүй өнгөрч яагаад ч болохгүй. Дэлхийн зарим улсын нийслэл хэд хэдэн хотоос бүрдсэн жишээ байдаг юм билээ. Улаанбаатарын зарим дүүргийг хотын статустай болгож ч болно. Ийм санаачилга зарим дүүргээс гарсан удаа бий шүү дээ. Ер нь илүү, дутуугүй сайн хууль гаргахын тулд сайн л ярилцаасай нь билээ.
 
 
Д.Бичээчхүү
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин