sonin.mn
Монгол Улсын түүхэнд Говь-Алтай аймгаас хамгийн олон генерал цолтон төржээ. Эдгээр эрхмүүд Халиун, Тайшир, Шарга, Тонхил, Эрдэнэ зэрэг сумын харьяат аж. Харин тус аймгийн Цээл сумаас төрсөн генерал гэвэл БХЯ-ны Ахмадын хорооны дарга, хошууч генерал Д.Магсаржав билээ. Зэвсэгт хүчний Ар талын байгууллага үүссэний 100 жилийн ойг тохиолдуулан түүнийг энэ удаагийн дугаарынхаа зочин хойморт урьж ярилцсан юм.
 
Тэрээр “Генерал хүн явдал суудал, байгаа төрхөндөө анхаарч байхгүй бол их хэцүү. Тэр жил би Өмнөговь аймагт ажлаар очлоо. Онгоцноос буугаад нисэхийн хашаагаар гарахад нэг өвгөн тэр олон хүний дундуур намайг зүглэж зүтгэсээр хүрч ирэх юм. Надтай мэндлээд гар бариад зөрлөө. Би ч нэг их зүйл бодсонгүй. Гэтэл хойхно талд “Монголын нэг сайхан генералтай гар барьчихлаа. Одоо алзахгүй” гэж хэлэх нь тодхон дуулдсан. Тэр үед иргэд генерал цолонд ямар их хүндэтгэлтэй ханддагийг тэгж хүчтэй мэдэрсэн. Намайг зурсхийтэл сургаж, их зүйлийг бодогдуулж билээ. Говийн бор өвгөн л байсан. Бас нэгэн удаа Сонгинын анги руу явж байх үедээ дэлгүүрт орлоо. Намайг харсан дэлгүүрийн худалдагч хийж байсан ажлаа түр мартаж, зогтусав. Дэлгүүрт байсан хүмүүс ч миний зүг эргэн харж, нөгөө эвэртэй туулай үзсэн юм шиг гэдэг дээ, тэр л болсон. Би ч тэндээс сандарч гараад бушуухан жолоочоо дэлгүүрт оруулж билээ. Генерал цолтой хувцсыг өмсчхөөд хаана, яаж явах вэ гэдгээ бодох ёстой юм байна гэдгийг ой тойндоо мартахааргүй шингээж авсан. Төрөөс өгсөн цол, түмэн олны энэ их хайрыг дааж явах ёстой” хэмээн Ардын Армид ажилласан он жилүүдийнхээ тодхон зурайх дурсамжуудаас ганц нэгийг нь уудалж  суулаа.
 
Таны бага насны дурсамжаас эхэлье?
 
-Би найман хүүхэдтэй айлын хоёр дахь нь. Дээрээ нэг ахтай. 1959 онд  намайг зургаан настай байхад манайх хотод нүүж ирсэн. Унасан газар, угаасан ус маань бол Говь-Алтай аймгийн Цээл сум. Боломж гарвал нутгаа л гэж зорьдог хүн. Сүүлийн дөрөв, таван жил очсонгүй. Цар тахал намжвал нутгийн зүг хөлгийн жолоо зална л гэж боддог юм. Нас ахихаар ч тэгдэг юм уу, нутгийн тухай бодол сэтгэлээс ер салдаггүй юм байна. Залуудаа ч тоодоггүй байж. Миний бага нас тухайн үеийн хүүхдүүдийн л нэгэн адилаар өнгөрсөн. Сурлагаар нэг их толгой цохихгүй ч бас муугүй л байлаа. Ер нь дундаас дээгүүр гэх үү дээ. Миний аав Д.Даш уурын зуухны галч, слесарь механик хийж байгаад гавьяаныхаа амралтад гарсан. Бага ангийн боловсролтой аав маань цахилгаан, төмөртэй ноцолдох ажилд их эвлэгхэн, мэргэжлийн улс дундаа тохой өндөр нь гэж хэлж болохоор. Харин ээжийг З.Түмэндарь гэдэг. Мөн ялгаагүй сүүлийн жилүүдэд уурын зуухны галч хийсэн. Ямар ч сургууль соёл төгсөөгүй гэхэд шинэ хуучин бичгийн аль алинаар нь сайхан чөлөөтэй уншиж, бичдэг бичиг үсгийн боловсролтой хүн байсан. Өөрийгөө аав ээжийгээ багахан шиг зовоосон гэж боддог. Ах, дүү нараа ч бас тэгж санадаг. Бид хэд чинь хэн хэнийгээ дэмжээд өсгөчихсөн. Олон хүүхэдтэй айлын сайн тал нь энэ. Том нь багыгаа өсгөнө, энэ чанараараа тэр айлын хүмүүжил нэгэн жигд байдаг. Өөрөөр хэлбэл, хүмүүжлийн суурийг айлын томд нь сайн заагаад өгчихвөл бусад нь суралцаад явчихдаг. Олуулаа өсөхийн жаргал гэж сайхан.
 
Танай гэр бүлд хүмүүжлийн ямар арга хэлбэр зонхилж байв?
 
-Аав хэр барагтаа үг дуугарна гэж байхгүй. Ээжийн захиас номоос нь бид гажна гэж байхгүй. Толгойд ягштал, сэтгэлд мартагдахгүй бууна. Албан боловсролгүй гэхэд мундаг сурган хүмүүжүүлэгч байсан. Бидний хэлдгээр ардын ухаанд их сургасан. Тиймдээ ч үр хүүхдүүд нь оргилд нь гараагүй ч ёроолд нь уначхалгүй, бусдын л адил сайхан амьдарч байна. Харамсалтай нь найман хүүхэдтэй айлын дөрөв нь бурхны оронд заларсан. Яагаад ч юм эрчүүд нь түрүүлээд явчихдаг, тийм зураг төөрөг байдаг юм болов уу. Гурван охин дүү маань амьд сэрүүн, дажгүй л амьдарцгааж байна.
 
Тухайн үеийн олон хүүхэдтэй айлын зовлон, эсвэл хөгтэй явдал ч гэх юм уу. Аль түрүүлж боссон нь өнгөтэй, өөдтэй хувцсаа өмсөөд явчихдаг байсан гэж олон хүнээс сонссон. Ер нь өөр хоорондоо хувцсаа хольж, сэлгэх нь их байж дээ гэж бодогдохоор ..
 
-Байлгүй яах вэ. Ахынхаа хувцсыг мөн ч сайн элээсэн. Бас гутал тэсгээдэггүй, хэзээний л хөл бөмбөг өшиглөөд харайж байдаг хүүхэд байсан. Үүнээс болж надад оногддог гутал нь бакал байв. Сүүлд намайг 9, 10 дугаар ангид байхад одоогийн манай цэргийн алба хаагчдын өмсдөг шиг нэлээн бөх гутал гарч ирсэн. Тэр гутлыг хэсэг өмссөн. Чанга, хатуу, чанар гэж жигтэйхэн сайн.
 
Анхнаасаа цэргийн хүн болъё гэж бодсон уу, ямар сэжмээр Зэвсэгт хүчинтэй хувь заяагаа холбов?
 
-Би үндсэндээ 6, 22, 28 гэсэн гурван сургууль дамжсан. Тухайн үед 22 дугаар сургууль найман жилийн сургалттай байсан болохоор үргэлжлүүлэн 28 дугаар сургуульд суралцаж төгссөн. Ес, аравдугаар ангид байхад үйлдвэр сургалтын хичээл гэж ордог байв. Манай анги хуваарийн дагуу тухайн үеийн нэршлээр Модны хоёрдугаар артель, сүүлд  гэр ахуйн модон эдлэлийн үйлдвэр болсон юм. Тэнд үйлдвэрлэл- сургалтын хичээл явагдаж, би суралцахаас гадна аав ээж, ах маань ажилладаг байлаа. Тэр чиглэлийн сонирхол надад төрөх болж, 10 дугаар ангиа төгсөөд хуучин Политехникийн дээд сургууль, одоогийн ШУТИС-д модны инженерийн ангид орох санаатай байсан ч элсэлтийн  шалгалтдаа уначихдаг юм байна. Хожим бодох нь ээ, тэр шалгалтад бэлдээгүй, тэнцэх гэсэн чин сэтгэл байгаагүй юм шиг ээ. Энэ үед манай ангийн хэсэг нөхөд цэрэгт явахаар боллоо. Би ч тэднээсээ хоцорсонгүй, ах, авга ах хоёртойгоо хамт цэрэгт татагдав.
 
Октябрийн районы Цэргийн штабын дарга нь надад хандан “Хүү минь, хоёр ахыгаа халагдаад ирэхээр нь зөрвөл дээргүй юу” гэхэд нь толгойд яаж тийм үгс орж ирсэн юм, бүү мэд, хариуд нь “Аав ээж хоёр маань нас бие гайгүй боломжтой байгаа дээр цугтаа яваад ир” гэж бидэнд хэлсэн гэхэд буурал хурандаа “Нээрээ ч тийм юм байна аа” гээд цэрэгт авлаа шүү.
 
Хоёр ахыг Дорнод аймагт 030, харин намайг 012 дугаар ангид хуваариллаа. Аль аль нь барилгын цэргийн анги. Өнөөх модны үйлдвэрлэл сургалтын хичээлийг үзэж дуусгахад цаанаас нь үнэмлэх маягийн юм өгдөг байсных. Тэрийгээ цэрэг татлага дээр мундаг хүн болох гээд үзүүлж, харуулсан нь барилгын цэргийн ангид аваачиж л дээ. Ингэж бид 1971 оны 7 дугаар сарын 27-ны өдөр цэргийн албанд мордов. Одоогоос яг 50 жилийн өмнө. Хоёр ах гурван жилийнхээ албыг хаагаад халагдсан. 1972 онд яамны Боловсон хүчний хэлтсээс Долгордорж гэж дэд хурандаа манай ангид ирсэн юм. Цэргүүдээс сонгож ЗХУ-д сургуульд явуулах юм гэнэ. Тус ангид манай оныхноос 10 дугаар анги төгссөн нь хоёр л хүн байсны нэг нь би. Долгордорж дэд хурандаатай уулзахад, намайг аав, ээжтэйгээ зөвлөлдөөд ир гэсэн даалгавартайгаар чөлөө өгч явууллаа. Аав, ээж хоёр “Сургуульд явах үгүйгээ миний хүү өөрөө мэд” гэснээс өөр тоймтой зүйл хэлсэнгүй. Шийдвэр гаргах бүрэн эрх нь надад үлдэв. Яг тэр үед мундаг цэргийн хүн болъё гэж биш, хилийн цаадах ЗХУ-ыг нэг үзчих юм сан гэсэн бодол байсан тул Долгордорж дэд хурандаад сургуульд явах сонирхол байна гэдгээ уламжилсан. Шалгалт өгч тэнцээд 1972 онд ЗХУ-ын  Вольск хотын Цэргийн ар талын дээд сургуульд орсон доо. Бидний найман нөхөд очиж, дөрөв нь хүнс, бусад нь хувцасны ангид хуваарилагдав. Өмнө дунд сургууль байсан ч биднийг очиход дээд сургууль болчихсон байж билээ. Манайхан ч мэдээгүй байж.
 
Ингээд миний бие 1977 онд Цэргийн ар талын дээд сургуулийн анхны монгол төгсөгчдийн нэг болж, инженер эдийн засагч мэргэжлээр диплом өвөртөлж эх орондоо ирсэн юм. Томилолт гэж их юм болно. Зүүнбаянгийн 169 дүгээр ангид хуваарилагдлаа. Алдаагүй оносон, Зүүнбаянд хуваарилсанд одоо хүртэл баярлаж явдаг юм. Яагаад гэхээр, дөнгөж байгуулагдаад байсан тус ангийн агуулах, зоорь нь л гэхэд дотроо хов хоосон байсан. Юу байх ёстой, тэр нь байгаагүй. Бүх зүйлийг шинээр, эхнээс нь эмхлэн зохион байгуулсан нь надад маш их туршлага үлдээсэн. Би их азтай хүн. Надад мундаг цэргүүд таарсан. Манай аж ахуйн салааны орлогч, Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Мөнхбат гээд ажлаа сайн мэддэг, удирдан зохион байгуулах чадвар сайтай цэрэг байлаа. Дараа нь Улаанбаатарын ажилчны районы Нарангэрэл гэж арьс ширний үйлдвэрээс татагдаж, хувцасны нярав байсан цэрэг бий. Мундаг ойтой. Тухайн үед 108, 92 төгрөгийн үнэтэй хоёр төрлийн орны бүтээлэг агуулахад  байлаа л даа. Үлдэгдэл тоог нь асуухад  өнгө, тоо ширхгээр нь алдалгүй яг хэлдэг, ажилдаа тун чиг хариуцлагатай цэрэг байсан. Хүн бүр тийм хариуцлагатай байсан бол Монгол Улс дорхноо л хөгжинө дөө. Бас манай ногооны нярав байсан Хөвсгөлөөс татагдсан Шийрэв. Өвлийн хүйтэнд ногоогоо хөлдөөхгүй гэсэн дээ утаа тавьж, цан хүүргийг нь зайлуулна. “Явж амар” гэхээр нүд нь улайчихсан нөхөр “Болохгүй дарга аа, ногоо хайрагдчих байх” л гэнэ. Ийм цэргүүд надад оногдсон нь ажил гайгүй үнэлэгдэх нэг үндэс болсон гэж талархдаг юм. Мөн ар талын орлогч байсан Д.Бадамхорлоо, Д.Цэвээндорж дарга нараас сонссон номын дууны ач тус их. ЗХУ-д орос багш нар онол, дадлагыг сайн өгснөөс гадна, сая хэлсэнчлэн дээр удирдаж байгаа дарга, дор ажиллаж байгаа цэргүүд намайг сайхан түшсэн. Надад айж, бэргэх зүйл байгаагүй. Манай ар талынхны онцлог шүү дээ, нэг талаас хангалтыг тасалдуулахгүй, нөгөөтэйгөөр ямар нэгэн байдлаар эд хөрөнгийн дутагдал гаргалгүй зориулалтынх нь дагуу оновчтой зөв зарцуулах юм сан гэдгийг бодож явахаас бусдаар бол гайгүй ээ.
 
Дараагийн томилолт таныг хааш нь хөтлөв?
 
-Миний ажлыг гайгүй гэж үнэлсэн үү яасан, 1980 онд Улиастайн дивиз буюу 10-аад ангитай 016 дугаар нэгтгэлийн хүнсний албаны даргаар дэвшүүлэн томилсон сайдын тушаал гарсан байдаг. Өдөр тутмын ажил явагддагаараа л явагдана. Яах вэ, онцлох зүйл нь тус нэгтгэлийг туслах аж ахуйтай болгох ажлыг эхлүүлсэн юм даг. Зарим төрлийн ногоог тарьж эхэллээ. Хоёр га газар байцай тарьж, 24 тонныг хурааснаас 22 тонныг нь ангиудын хангалтад өгсөн. Үлдсэнийг нь ногоо тарих ажилд дайчлагдсан эмнэлгийн батальонд урамшуулал болгож өгч байсан явдал бий. Бас малтай болох ажлыг ар талын орлогчоор ажиллаж байсан дэд хурандаа Д.Лхагвасүрэн санаачилж хийсэн. Энэ хүнээс мөн ч их зүйл суралцаж дээ. Үхэртэй, гүүтэй байхад нэг хэцүү юм нь  дарга нар утасдаад жолооч явуулж айраг, сүү авдаг байв (Инээв). Манай нэгтгэлийн малчин цэргүүд өөрсдийнхөө санаачилгаар улсын наадамд даага уралдуулж, 42-т хурдлуулж байсныг ч одоо тодхон санаж байна. Тэгэхээр бас хурдан морьтой байсан байгаа биз. Хөвсгөл аймгийн бага ангийн багш мэргэжилтэй Гомбосүрэн гэдэг цэрэг тэр даагыг 14 хоног л уясан. Хугацаа байсан бол бүр ч их амжилт үзүүлэх байсан ч юм бил үү. Үүний дараа даагыг солих, өөр зүйлээр өгч авалцах яриа багагүй гарсан. Манай дарга нарт ч хүмүүс санал тавьсан л байх. Би үргэлж татгалзана. 1983 оноос би ЗХУ-ын Цэргийн ар тал тээврийн академид элсэн суралцаж 1986 онд төгссөн юм. 1984 онд зуныхаа амралтаар ирээд сураглахад нөгөө даага байдаггүй. Ер нь бол тухайн үедээ буруу гараар  орсон байх. Академи төгсөөд МАА-ийн Ар талыг удирдах газрын нэгдүгээр хэлтэст инженерээр томилогдсон. 
 
Нийгмийн шилжилтийн үед Ар талыг удирдах газар, материал хангалтын хэлтсийн гүйцэтгэсэн үүрэг, сорилт, туршлага сургамжийн талаар ярихгүй юу? Хүнд цагийн ачааг хэрхэн хөнгөлж байв?
 
-Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих тэр үеийг арми, одоогийн Зэвсэгт хүчин ар талын хувьд бол харьцангуй бага хүндрэлтэйгээр даван гарсан юм. Энэ нь нэгдүгээрт, төр засаг армиа зохих түвшинд бэлтгэлтэй байлгах тэр нөхцөлийг бууруулахгүй байх талаар анхаарсных байх. Нөгөө талаас өнөөдрийг хүртэл байнга сайхнаар дурсаж явдаг зүйл бол бүх шатандаа ар талын албан тушаалтнууд, тухайн үед ажиллаж байсан бор цэргүүд нь ороод энэ хүнд үед маш их чармайлт, сэтгэл, зүтгэл гаргаж ажилласны үр дүн гэж хардаг. Тухайн үеийн ар талын бүх шатны албан тушаалтнуудад би баярлаж явдаг гэдгээ энэ ялдамд илэрхийлж байна. Дэлгүүрт гоймон, давс хоёроос өөр зүйл байхгүй гэж яригддаг байсан. Гэтэл цэрэг талх, цөцгийн тос, элсэн чихэр, мах, ногоотой байсан нь дээрх хүмүүс хэрхэн ажиллаж байсны илэрхийлэл. Магадгүй ганц хоёр газар доголдсон зүйл амьдралд тохиосон л байлгүй. Нийтлэг ерөнхий төрх бол ямар нэгэн асуудалгүйгээр шилжсэн юм шүү.
 
Яг тухайн үед янз бүрийн л нөлөөллөөр арми боловсон хүчнээ их, бага хэмжээгээр алдсан гэдэг. Энэ нь Ар талын газарт хэр хүндээр туссан бэ?
 
-Зах зээлд шилжсэний дараагаар 20 жил алба хашсан бол тэтгэврээ тогтоолгоод гарах нөхцөл бүрдсэн. Тийм учраас зах зээл рүү салбар салбарын улсууд орсон байх. Тэдэн дунд манай ар талын улс ч бий бий. Тэглээ гээд манай ар талын ажил дээд, дунд, доод түвшиндээ ямар ч өөрчлөлт гараагүй. Ажил, алба ном журмаараа л явагдсан. Хариуцсан албан тушаалтан байгаа, үйл ажиллагаа, үйлчилгээ явагдаж байгаа учраас тасалдал үүсэх ёсгүй. Дээр хэлсэнчлэн нийгмийн шилжилтийг тасалдалгүйгээр даван туулсан нь боловсон хүчний хувьд ч асуудалгүй гэсэн үг.
 
Таныг Ар талын газар, хэлтсийн даргаар ажиллаж байх үед болсон онцлох үйл явдлуудыг ерөнхийлөн зангидвал ... 
 
-Би өдрийн тэмдэглэл хөтөлдөг. Одоо энэ ширээн дээр гурван тэмдэглэлийн дэвтэр байна. Тэмдэглэл хөтлөхдөө орос үг их ашиглана.
 
Орос хэлийг мартахгүй гэж тэр л дээ. Жишээлбэл, энд “Холбоочдын өдрийг 7 дугаар сарын 8-нд тогтоох тухай” Батлан хамгаалахын сайдын 65 дугаар тоот тушаал 3 дугаар сарын 6-нд гарсан нь тэмдэглэгдсэн байна. Энэ мэтчилэн тэр үеийн ажлуудыг эргэж сөхөж, харахад тэмдэглэл их нэмэртэй.
 
Нэг зүйлийг санаж байна.
 
Хуучин арми мах, талхаа улсын үйлдвэрээс авдаг байсан бол бидний үед цэргийн ангиуд талхаа өөрсдөө хийдэг болсон юм. Энэ тухай түүхийг сөхөж ярья. 1988 онд ЗХУ-ын Бүх Холбоотын Хэмжилзүйн институтийн түргэвчилсэн сургалт Монголд болж, удирдлагын шийдвэрээр надад суралцах боломж олдсон юм. Нэг удаа чанар стандартын чиглэлээр хичээл зааж байсан багш жишээ татлаа. Ингэхдээ “Нэгэн байцаагч талхны үйлдвэрт очтол стандартын бус талх байхаар нь акт тавина, хадгалж байгаарай гэж хэлээд явж л дээ. Маргааш нь ирэхэд өнөөх талх байдаггүй. Лавласан чинь цэргийн ангид ачуулчихсан гэж байв гэнэ” гэж ярилаа. Үүнээс улбаалан надад цэрэг яахаараа чанар, стандарт хангаагүй талх идэх ёстой юм гэсэн бодол төрсөн хэрэг л дээ. Тэгээд цэргийн ангиудад талхаа өөрсдөө үйлдвэрлэдэг болъё гэсэн санаа төрсөн, удирдлагууд ч их дэмжсэн. За даа, 1980-аад оны сүүлч үе юм уу даа. Улсаас авахаар заримдаа талх тасардаг байсан дутагдал ч арилж, чанар дээшилсэн. Талхны асуудал шийдэгдэв. Дараа нь бид ярилцаж байгаад махнаас урьтаж мал авъя. Ашиг нь юу гэхээр, түүхий эдээ өөрсдөө аваад тушаачихна. Авдаг ашиг нь Армид үлдэнэ. Хаврын цагт бага жинтэй, туранхай мал аваад, цэргийн ангиудад өгчихөд овоо өсгөлүүн болно биз дээ. Намар нь нядалчихна. Манай ар талын нөхдүүд энэ ажлыг цаг алдалгүй эхлүүлж хийсэн. Одоо бол уламжлал болоод тогтчихсон. Ар талын удирдах газарт ажилласан 16 жилийн 10 нь дарга, орлогч, хэлтсийн дарга гээд удирдлагын түвшнийх. Үүн дээр нэмж Ар талын гадаад харилцааны талаар ярих нь зүйтэй байх.
 
Ерөнхийдөө Зэвсэгт хүчний гадаад харилцааны эхлэлийг Ар тал тавьсан гэж би хувьдаа боддог шүү.  1993 оны хавар АНУ-ын Хавайн ХЗЦК-ын Ар талын дарга, хурандаа Лямбертаар ахлуулсан цэргийн төлөөлөгчид манай улсад ажлын айлчлал хийснээс  эхлэлтэй юм.
 
1995 онд Монгол Улс Олон улсын армиудын ар талын дарга нарын байгууллагад гишүүнээр элссэн байдаг. 2000 онд энэ байгууллагын зохион байгуулах хорооны хурал Монголд анх удаа болж 24 орны 40 цэргийн албан хаагч долоо хоног Улаанбаатар зочид буудалд байрлаж хуралдсан юм. Мадагаскараас ирсэн генерал хамгийн том цолтой хүн нь байв. Монголын Зэвсэгт хүчний түүхэнд өмнө нь болж байгаагүй, би бат итгэлтэй хэлнэ дээ. Манай улсад гадаадын цэргийн төлөөлөгчид ийм өргөн бүрэлдэхүүнтэй цугласан тохиолдол байгаагүй. 2001 оны 6 дугаар сарын 13, намайг Ар талын газрын даргаар ажиллаж байх үед БНХАУ-ын БХЯ-ны орлогч сайд, Ар талын Ерөнхий газрын дарга, хурандаа генерал Ван Кейтэй Бээжин хотноо уулзаж, хоёр орны цэргийн ар талын хамтын ажиллагааг өргөтгөх, Монголын цэргийн эмч, эмнэлгийн бага мэргэжилтнийг хятадын уламжлалт эмчилгээний аргад суралцах боломжийг нэмэгдүүлэх зэрэг хүсэлт тавьж, хэрэгжилтийг бодитоор эхлүүлсэн. Мөн оны 11 дүгээр сард Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Ар талын Ерөнхий газрын Улс төрийн газрын комиссар, хурандаа генерал Жоу Куньжэн тэргүүтэй төлөөлөгчид манай оронд айлчлал хийж, Монголын Зэвсэгт хүчний байдалтай танилцаж байв. Түүнчлэн 2000 онд ХБНГУ-ын цэргийн ар талын мэргэжлийн хүмүүстэй хамтарсан сургалт зохион байгуулж, нэгтгэл ангид ажиллаж буй 30 гаруй залуу офицерыг хамруулсан нь тэдний мэдлэг, дадлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн үр дүнтэй ажил болсон төдийгүй одоог хүртэл уламжлал болон явагдаж байна. Монгол Улс, АНУ-ын цэргийн хүн, мал эмнэлгийн эмч нарын хамтарсан дадлага сургалтыг 1999 оноос явуулж, иргэд цэргийн алба хаагчид, нөөцийн болон туслах аж ахуйн малыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх ажиллагааг үр өгөөжтэй зохион байгуулах болсон. Аль 1997 онд шүү дээ. Тухайн үед авч хэрэгжүүлсэн, ажил арга хэмжээ хожмоо их үлдэцтэй. Надад  нэг зарчим бий. Бараг жижүүрийн үг болчихсон доо. Хүн өдөр тутмын ажлаа хийгээд явна гэдэг зүгээр нэг шоргоолжноос ялгагдахгүй гэсэн үг. Тодорхой нэг албан тушаалд ажиллаж байгаа хүн ямар нэгэн үлдэцтэй ажил хийсэн байх ёстой гэж би боддог.
 
Зэвсэгт хүчний Ар талын цаашдын хөгжлийн чиг хандлагыг харахад ямар гэгээлэг дүр төсөөлөл бууж байх юм?   
 
-Ер нь аливаа хөгжил, дэвшил цаг үетэйгээ уялдаж явагддаг. Шинжлэх ухаан, техник, технологийн хөгжил ямар түвшинд байна, түүнээс хоцрохгүй байх нь чухал. Өнөөдөр би ар талынхаа залууст баярладаг, сэтгэгдэл өндөр байдаг. Цаг үеэ мэдрээд, цаг үетэйгээ хослоод өөрчлөлтийг эхлүүлээд явж байгаа. Бидний үед одоогийнхоос өөр байжээ. Гэхдээ хангалт тасалдаагүй, цэргийн алба хаагчдыг хохироосон зүйлгүй. Хангалтын төрлийн хувьд, өнөөдөр ашиглагдаж буй техник, технологийн хувьд бүдүүлэг байж гэж бодогдохоор. Одоо бол сайхан болжээ. Үндсэн мэргэжил, чиглэлийнхээ дагуу ярья л даа. Манай тогооч нар гэхэд л дэлхийн түвшнийх болчихсон байна. Олон улсын хамтарсан хээрийн сургууль, уралдаан тэмцээн үүнийг нотолно. Яах аргагүй цаг үеэ дагаад залуус маань хөгжиж байна. Надад нэг бодол байлаа, ажиллаж байх үедээ тийм, ийм зүйлийг хийчхэж болоогүй юм байхдаа гэж. Гэтэл тухайн үеийн техник, технологийн хөгжил нөлөөлөх байж. Өөрийгөө магтаж байгаа хэрэг биш л дээ. Улс орны эдийн засаг ч өөр байсан байх. Харин одоо бол харьцангуй сайжирсан, улс орон Зэвсэгт хүчнээ муугүй л харж хандаж байна.
Би Ар талын газрын даргаар зургаан жил ажилласан. Ерөөсөө нэг хүнээс шалтгаалах ажил ховор л доо. Жилийн эцсийн тайлан бичих гэхээр надад хийсэн ажил байдаггүй, бичих гэхээр хэн нэг хүний ажлыг шүүрч аваад өөрийнх болгочих гээд байдаг. Эргэцүүлэхэд, би ерөөсөө л ерөнхий зохицуулагчийн ажлыг л хийдэг болж таарсан. Ер нь ортой л доо. Дарга хүн өөрөө шууд гардахгүй ч санаа сэдэл төрүүлж өгдөг. Харин түүнийг барьж аваад, ажил хэрэг болгодог нь баг хамт олон.
 
Цэргийн алба хаагчийн дүрэмт хувцасны загварыг шинэчлэх ажлыг санаачилсан гэж сонссон. Тухайн үед чанар стандарт гээд олон зүйлийг бодолцож хийсэн ажил болов уу?
 
-Сайд санаачилсан юм шүү дээ. Энэ бол багийн ажил байлаа. Тухайн үед БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга байсан С.Баасанхүү генералаар ахлуулсан ажлын хэсэг хариуцаж ажилласан. Ер нь бол гол зарчим юу гэхээр, тухайн үед цэргийн алба хаагчийн өмсөж байсан дүрэмт хувцсыг олон улсын чанар, стандартад ойртуулах хэрэгцээ, шаардлагаас үндэслэсэн хэрэг. Мөн цэргийн алба хаагчдын эрүүл мэндийн талаар анхаарсан ажил. Цэргийн алба хаагчид шинельтэй явдаг байсан. Үүнээс үүдэж сээр нурууны болон бусад өвчнөөр өвчилдөг гэх яриа байсан даа. Дүрэмт хувцас шинэчлэгдсэнээр  нөхцөл, байдал бага ч атугай өөрчлөгдсөн. Ерөнхийлөгч дээр, Засгийн газраар хэд хэдэн удаа орж байж батлуулан энэ ажил дууссан юм даг.          
 
Гэр бүлийн тань хүн таны ар талыг энэ олон жил найдвартай дааж ирсэн нь цэргийн хүний гэргий нөхрөөсөө нэг цол дээгүүр гэдгийн нэг илрэл байх?
 
-Миний ханийг Ш.Сумъяа гэдэг. Архитектор мэргэжилтэй. Одоо ч мэргэжлээрээ ажиллаж байгаа. Ер нь ажил, амьдрал өөдрөг, бүтэмжтэй байх нь нэг хүнээс шалтгаалах зүйл биш. Зайлшгүй хамтын хүчин зүтгэл байлгүй яах вэ. Намайг Зэвсэгт хүчинд байлдагчаас генерал, цэргээсээ ЗХЖШ-ын орлогч дарга хүртэл ажиллах хугацаанд миний хань ар талыг бат дааж байсан тул би ар гэр, үр хүүхдүүдийнхээ төлөө өчүүхэн ч санаа зовохгүй явж ирсэн. Түүнд л амжилт оршино гэж ойлгодог. Би хүүхдүүдээ яаж сургуульд ороод, яаж төгссөнийг бараг мэдэхгүй шахуу байлаа. Яг үнэн нь тэр. Ямар сайндаа эцэг эхийн хуралд нэг удаа очих болоод “Миний охин чинь дөрвийн ямар бүлэг билээ?” гэж асуухад, өөдөөс “айн” гэж гайхан харснаа “ааваа би 5 дугаар анги шүү дээ” гэж байна. Нэг талаас миний бүдүүлэг анзааргагүй зан, нөгөө талаас ар гэрийнхээ амьдралыг ханьдаа бүрэн даатгасных биз ээ. 
 
Энэ асуултыг танд үлдээе
      
-Зэвсэгт хүчний Ар талын байгууллагад ажиллана гэдэг сайхан хэрэг. Бусдын төлөө чин сэтгэлээр зүтгэх үед цаг хугацаа маш хурдан, уйдах завгүйгээр өнгөрдөг. Энэ буянтай үйлсэд сэтгэл, зүтгэл, мэдлэг, чадвар, эд эсээ зориулсан Ар талын бүх шатны үе үеийн албан тушаалтнууддаа Зэвсэгт хүчний Ар талын байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.  Та бүхний маань зорьсон бүхэн сэтгэлчлэн бүтэж, эрүүл энх төвшин жаргалтай байхын өлзийтэй ерөөлийг өргөн барья.
 
 
Дэслэгч Ц.Энх-Оргил
Эх сурвалж: "Соёмбо" сонин