сонин mn
(Мэдрэмжээс ухаарахуйд)
 
“Миний киног ойлгох шаардлагагүй, харин МЭДРЭХ нь чухал”
Кино найруулагч Бергман
 
“Хаана гэрэл гэгээ хэрэгтэйг мэдвэл тэнд чи харанхуй байгааг ойлгоно” 
А.БЛОК
 
Гаа багш минь бидэнд сургахдаа “Юм хэлсэн юмтай зохиолыг олж уншиж сураарай. “Юм” хэлсэн зохиолыг л судалж үгээ хэлэхээс биш юмгүй зохиолын тухай үг хэлж болохгүй шүү. “Юм” гэж би юуг хэлээд байнав гэвэл зохиол бүтээлд хэлсэн философитойг л гэсэн үг. Зохиолчийн уншигчдад хэлж буй философи нь нэг өгүүлбэрээр, нэг үйл явдлаар ч байж болно" гэж олонтаа хэлж захидаг сан. Өчүүхэн бичээч би вээр “юмтай” зохиолын эрэлд хатсаар явна. Би оюутан цагаасаа С.Эрдэнийн “Тоогийнд өнгөрүүлсэн нэг өдөр”, “Өвгөн шувуу”, Д.Батбаярын “Цахилж яваа гөрөөс”, “Мементог бүтээхүй”, Ш.Гаадамбын "Чөдөр өвс”, Д.Пүрэвдоржийн “Чингис” шүлэг, Н.Нямдоржийн “Дорно”, До.Цэнджавын “Хөх жавар”, Ч.Лодойдамбын “Шаргачин”, Д.Намсрайн “Жамухын өчил”, Ж.Барамсайн “Үхэр бол амьд амьтан мөн”, Ц.Дамдинсүрэн багшийн “Алс холын нутагт”, М.Цэдэндоржийн “Морин хуур”... гээд олон“юмтай” бүтээл уншсан. Эрлийн үзүүр эцэсгүй билээ. Саяхан яруу найрагч Л.Батцэнгэлийн “Өндгөн толгойт” өгүүллэгийн бяцхан номын “Хүн-Бурхны дайсан” зохиолын хүн, хоригдол, бурхан гурвын хөөрөлдөөн кино найруулагч Бергманы хэлснээр “Мэдрэгдлээ”.
 
Үүний тухай өгүүлэх нь:
Орчин цагийн философич Брюс Питкерн Жексон “Хүн төрөлхтнөөс өөрөө ухаарахуй бодолтон саяхны түүх ухаанд багтахгүй байна. Глобаль улс төрд хэтийн төлөв алга. Бид төөрөгдлийн эринд амьдарч байна” гэжээ. Бид юунд төөрнө вэ? Л.Батцэнгэлийн өгүүллэг-эсээ хариулах нь:
Хүн төрөлхтний түүх бол хүн-бурхан хоёрын харилцааны түүх юм. Академич, физикч Х.Намсрай нэгэн гайхамшигт өгүүлэлдээ “Хүн нийгмийн түүхэнд ойролцоогоор 230 тэрбум хүн энэ дэлхийд төрж амьдарсан байдаг юм” гэжээ. Энэ олон хүн юунд төөрнө вэ? Өгүүллэг-эсээний баатруудын сэтгэж мэдэрснээр: мөнгө-шунал-хүсэл-муу сэтгэл-улс төр-садар самуун-хүчирхийлэл... 
 
 
 
Хүн төрөлхтний түүх нь мөнгөний түүх юм. Зоосон мөнгө Хятадын хоёр мөрний улсаас эхтэй. Цаасан мөнгөний түүх ч их замыг туулсан. Хубилай сэцэн хааны цаасан мөнгө Ази-Европын их талбайд арилжаанд гүйж дэлхийн эдийн засгийг даяаршуулсан түүхээр бид бахархах ёстой.
 
 
 
Цаасан мөнгөний алт, мөнгөн л баталгаа, мөнгөний гүйлгээг зохион байгуулсан тогтолцоо “Мөнгөний хэрэг эрхлэх газар" ч Их Монголын түүхтэй холбогддог. Их Монголын хаад, хатад бүгдээр өөрийн л нэртэй алтан мөнгөн зоос дэлдүүлж байсан түүх бидний нүдний өмнө төрийн түүхийн нүдэнд харагдана. Өнөөдөр бид хүн төрөлхтний түүхэнд оруулсан Монголын соёлын үнэ цэнт бахархал ‘Дэлхийн мөнгөний музей”-г байгуулж “нүдийг нээж”, дэлхийн чихийг дэлдийлгэж олон улсад үйлчлэх чадвартай “Хубилай хааны банк" байгуулахсан. Хүн төрөлхтний алтан баталгааг “цаасанд” эзлэгдэх аюулаас аврах сан.
 
Өгүүллэг-эсээний гол дүр “Хоригдол”, “Бурхан” хоёр ийн хөөрөлдөнө. Бурхан: Хорвоо ертөнцийг бүхэлд нь бэлэглэсэн ч бүхнийг чамлаж чамайг зовоох байсан.
Хоригдол: Тэр хүүхэн алтан жорлон дээр тухалсан ч сэтгэл нь ханахгүй байсан гэж үү?
Бурхан: Яагаад чиг ханахгүй ээ! Хүн та нарын шуналд хязгаар үгүй гэнэ.
Бурхан багш 2500 жилийн өмнө арван хар нүгэлд шуналыг оруулж сургасаар өдий хүрэв. “Шунал бол хүний ухамсар механизмд нөлөөлдөг дээд мэдрэлийг үрэн ажилладаг функц юм” гэж сэтгэл-судлаачид үздэг бөгөөд өөртөө: ховдог сэтгэл, хүслээ хангах тачаал, харамч ашиг хонжооч зан, эрх мэдлийн хязгааргүй хүслэн, нэр төр хөөцөлдөх байдлаар илэрдэг “тэнэг сэрэл” гэж Ф.Энгельс тодорхойлсон. Нэрт сэтгэл судлаач, фйлософич Эрих Фромм “Шуналын ёроолгүй ангал руу унасан хүн хэзээ ч гарч чадахгүй” гэжээ. Монголчууд “Шунал ихэдвэл шулам болно” гэдэг үзэл санаагаар шуналаас ямагт сэргийлж иржээ. Хүн төрөлхтөн соёл гэгээрлээр л шуналын аюулыг тэвчиж болох зөв арга олсон юм.
 
Бурхан өгүүлэх нь: Цөвүүн цаг, чөтгөр шулам гэж дэмий бүү ярь. Цөвүүн цаг, чөтгөр шулам бол та нар өөрсдөө! Чи өөрөө.
Хүн: Юу? Би яахаараа...
 
Өнөөдөр философичид, тухайлбал Орос орноо хэвлэгдсэн “Орос төсөл” бүтээлд “Хэвлэл мэдээллийн чөлөөт урсгал хүн төрөлхтнийг нийгэмшсэн “амьтан” болж байна” гэжээ. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтөн өөрөө өөрөөсөө, өөрийнхөө үнэт чанараас холдон одсоор байгааг дэлхийн философичдын хэд хэдэн чуулган “Орчин үеийн хүнийг яаж авран хамгаалах вэ” гэдэг асуултад анхаарлаа хандуулав. Тэд “Хориннэгдүгээр зуунд хүний тухай шинэ философи боловсруулж хэрэгжүүлэх саналд нэгдэх болов. Хүн бурханд дайсагнах болтлоо хөгжиж мөхөх урт замд тулж иржээ. Хүнийг аврах бяцхан хүч өөрт нь үлдээд байна. Тэр нь сайхан сэтгэл, хайрлахуй, энэрэхүй, нигүүлсэнгүй юм. Өөрөөр хэлбэл психосфер буюу сэтгэл мандал юм.Сэтгэл мандал бол атмосферийн адил аугаа их орон зайг эзэлдэг. Давхарга нь сэтгэл мандал бохирддог-ариусдаг ертөнц юм. Энэ ертөнцийг ариусгах нь хүн төрөлхтний оршихуй юм. Л.Батцэнгэлийн "Хүн-Бурхны дайсан” өгүүллэг-эсээ хүн-бурхны өнө мөнхийн харилцааны тухай, хүмүүн заяатны оршихуйг бодоход сэрээсэн уриалж дуудсан бүтээл ажээ.
Хүн бурхан хоёрыг учруулж хөөрөлдүүлсэн “хоригдол” чанд хэдэн үг хэлсэн юм. Дэлхийн 200 орчим улсад хэдэн шорон, хэдэн хоригдол буйг мэдэхгүй. Хоригдол ч эхээс төрөхдөө “зөв амьдрах эрхийг авч төрдөг” юм. Бурхан багш найман зөвийг сургахдаа найман бурууг дурдсан.
 
 
 
Буруу үзэл, буруу бодол, буруу үг, буруу дадал, буруу харилцаа, буруу хүсэл, буруу сэтгэл буруу бясалгал гэж. Хүн төрөлхтний түүхэнд найман бурууг үйлдсэн хүн “хоригдол” болдог юм. Аль ч улсын, ямар ч төр засаг хүн чамд Хилл "Сэтгэ баяж” номондоо бичсэнээр амьдрах, сэтгэн бодох, шашин шүтэх, хувийн өмч хөрөнгөө арвижуулах, хаана амьдрахаа сонгох, гэр бүлийн, нийгмийн байр сууриа хамгаалах эрхээр хангах ёстой.
 
 
 
Хоригдол чи “зөв байж эрх чөлөөгөө эдлэх үүргийг хүн төрөлхтөн болон улс орныхоо төрийн өмнө хүлээх ёстойг учирлая. Чи бурхан, хүн хоёрын дунд “шунал”-ын тухай зөв санаа ярьжээ. Шунал бол хүнийг ч, тэр байтугай улс үндэстнийг шатаадаг сэтгэлийн гал юм шүү. Чи бид хоёр энэ ертөнцөд мэндэлсэн 230 тэрбум хүнээс хэд нь шуналын галд шатсаныг мэдэхгүй шүү дээ. Одоо ч, энэ мөчид ч шатсаар л байгаа.
 
Өгүүллэг-эсээний төгсгөлд бурхан хүн хоёр “цөвүүн цаг”-ийн тухай хөөрөлджээ. Бодвол хүн төрөлхтний ирээдүйд санаа зовсон байх. Бурхны сургаалын хөлгөн их судар “Ганжуур”-т цөвүүн цагийн тухай дэлгэрэнгүй өгүүлснийг доктор Б.Оюунчимэг “Цөвийн цагийн мөн чанар” өгүүлэлдээ“Төрийн ноёд зэтгэр орж, хууль буруу гаргах, дээрэмчин хулгайч нар ноён түшмэл болж төрийн эрхийг барих, зөвшөөрөл олгогч нар төрийн хэргийг салхи адил задруулах, нууц ил тавих хоёр нь цус сүүтэй холилдсон мэт булингартан ялгах аргагүйд хүрэх учраас солихыг болих, яамдын түшмэд таслан шийдэж, засаглалыг шинэчлэх хүрээг эвдэж, олон хүнийг халж сольсныг тоглоом наадмын газар мэт болох... энэ мэтээр хамаг юмны журам, шүтэн барилдлага самууран одох болно гэжээ. Энэ аюул гараг ертөнц төр засагт тохиолдож буй аюул юм. Хүн төрөлхтнийг авран хамгаалах сайн төрийн тухай аугаа их сэтгэгч Аристотель, Платон, Цицерон нараас эхпээд мянга мянган сэтгэгч оюунаа чилээж иржээ.
 
Их сэтгэгч Прадо хүний зөв, төрийн зөв, хуулийн зөвийг төлөвшүүлнэ гэж тодорхойлов. Хүн төрөлхтний “цөвүүн цаг”-ийг туулах зөв зам мөр нь “сайн засаглал” гэж олж томьёолсон ч түүнийгээ бүтээж чадахгүй л байна. Уг нь дэлхий ертөнц төрийг төвшитгөх ухаан нь Чингис хааны сургаал, Сорхагтан хатны туурвиж бидэнд хүргүүлсэн “Алтан аялгуу” үзэл санаа байгаа юм. Аугаа их үзэл санааг судалж гаргаад дэлхийд түгээх ухаан, сэтгэл дутаж бийг тэнгэрийн өгөгдөхүүнээр нэгдэх мянганы Атилла, хоёр дахь мянганы Чингис хаан, гурав дахь мянганы монголчууд ухан эрхшээх ёстой юм. Бид “ёстой” гэж ярьсаар, “ёсгүй”-г хийсээр л байна. Хориннэгдүгээр зууны хориод оны монголчууд өнгөрснөө санаж сургамж аваад ирээдүйгээ холч хараагаар харах цаг болчихсон байна.
Л.Батцэнгэлийн “Хүн-Бурхны дайсан” өгүүллэг-эсээ надад ийм нэгэн мэдрэмж өгөв. Мэдэрсэн бол ойлго! Ойлгосон бол бүтээж байгуулъя гэж хэлмээр санагдав. Яг энэ мөчид аугаа М.Монтень “Төөрдөг зам олон буй. Хүрдэг зам ганцхан буй гэж шивнэх шиг. Болгоон соёрхогтун!
 
 
СГЗ, яруу найрагч Ломбын НЯМАА