sonin.mn
Оросын рэп дуучин, “Black Star Wear” брэндийг үүсгэн байгуулагч Тимати 2019 онд “Оросын арми” сүлжээ дэлгүүртэй хамтран “Хар од” хувцасны шинэ загваруудыг гаргаж байсныг бүдэг бадаг санаж байна. Ингэхдээ тус улсын Батлан хамгаалах яаманд санал тавьж, нөгөөдүүл нь хүлээж авснаар ийнхүү ажил хэрэг болж бүтсэн гэх. “Хар од” хувцасны шинэ загваруудыг танилцуулах ёслолын ажиллагаанд тус улсын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.Шойгу оролцсон нь соёл урлагаар дамжуулан Орос улс тэр дундаа цэрэг армиа сурталчлахыг зорьсон Тиматигийн ажил ямар өргөн цар хүрээтэй байсныг гэрчлэх мэт.
Тэгвэл үүнтэй яв цав дүйхгүй ч ойр нэгэн жишээг Монголоосоо олж харлаа. Сүүлийн үед цахим орчинд  “Сэтгэлд биш зүрхэнд” уриатай "Tback" хэмээх брэнд хүүхэд, залууст эчнээ танил болоод буй. Тус брэндээс Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулан гаргасан цамц, футболк, малгайтай цамц, бомбер зэргээс хамгийн түрүүнд түүхээ олж хардаг юм билээ. Энэ ойлголтыг лавшруулах санаатай "Tback" брэндийг үүсгэн байгуулагч Т.Хүрэлбаатартай уулзахаар цаг тохирсон юм. Болзсон газраа, товлосон цагтаа бид уулзалдав. Түүний ажилладаг үйлдвэрийн хаалгаар орлоо. Нааш ирэх замдаа “Сэтгэлд биш зүрхэнд” хэмээн хэдэнтээ давтсаар бодлогошронгуй алхсанаа сая санав. Уулзаад хамгийн түрүүнд энэ талаар асуух сан гэж бодож байлаа. Мэнд ус мэдэлцэхдээ л асуултаа түрхэн зуурт өөртөө үлдээсэн нь энэ юм. Дотогш ороод тухаа олсны дараагаар асуух санаатай алхаж байтал үйлдвэрийн үүд хэсэг, баруун талын хананд “Сэтгэлд биш зүрхэнд” гэх өнөөх гурван үг тод улаанаар товойж харагдах нь намайг бүр ч шавдуулах мэт. Кофе хийж өгөхөд нь зөрүүлээд асуугаад амжлаа. Тэгсэн Т.Хүрэлбаатар “Хүний сэтгэл их хувирамтгай. Харин зүрх яг л мөн чанараараа. Хувьсамтгай биш, олон өнгөнд хувилдаггүй гэж боддог юм. Энэ агуулгаар нь харж ийм уриаг гаргасан” хэмээн товчхон хариулах нь цөөн үгэнд гол санаагаа зангидчих шиг санагдав.          
 
"Tback" брэндийг үүсгэн байгуулагч Т.Хүрэлбаатар дизайнер, зураач мэргэжилтэй. 2015 онд “Фабрик рүүм” ХХК-ийг үүсгэн байгуулж, мэргэжлийнхээ дагуу ажиллаж эхэлсэн байна. Харин "Tback" брэндийг 2017 онд үүсгэн байгуулсан аж. Сонирхлоороо хувцас үйлдвэрлэж байгаад найзуудынхаа зөвлөснөөр үйл ажиллагаагаа арай өргөн цар хүрээтэй болгохоор шийджээ. Эхэндээ гар аргаар үйлдвэрлэж байгаад яваандаа оёдлын цех, хүн хүчний нөөцтэй болсон гэнэ.
Сүүлийн жилүүдэд цар тахлаас шалтгаалсан хүчин зүйлүүдээс болж бизнес, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үүрэх ачаа үлэмж ихэссэн гэдгийг үгүйсгэх аргагүй. Энэ зовлон Т.Хүрэлбаатарыг тойроогүй дайрч гарсан нь ч үнэн.
Загатнаагаа арилгах санаатай энэ талаар асуухад “Бэрхшээл гэж харвал бэрхшээл. Аж ахуйн нэгжүүд бүгд л энэ бэрхшээлтэй нүүр тулж байна. Тойрох замгүй, дайрахаас өөр аргагүй юм билээ. Бэрхшээл хүнд аливааг даван туулах хүч өгдөг юм шиг. Миний хувьд анх эхлэхдээ л олсон ашгаасаа бага багаар цааш нь хурааж, хуримтлуулсны дүнд тоног төхөөрөмжүүдээ ганц нэгээр нь татаж авсаар өдий дайны болгоод байгаа. Тухайн үед надад 10 сая төгрөг байсан бол гэж боддог юм. Үйл ажиллагаа маань өнөөдрийнх шиг жигдрэхгүй байсан болов уу. Хэтэрхий бэлэнчлээд ирэхээр гараас юм гарахгүй байх нь элбэг шүү дээ. Харин өөрийнхөө замаар, чадахаасаа чадахгүй хүртэл хөдөлмөрлөж олж авсан бүхэн суурь сайтай” гэж хариуллаа. Түүний ярианаас гоморхсон сэтгэл ер цухуйгаагүй нь амьдралын үнэ цэн, ажил хөдөлмөрийн амтыг мэдэрсэн сулхан биш бүдүүхэн зүрхтэй хүн шиг санагдав.
Брэнддээ "Tback" гэх нэрийг оноож өгсөн нь бас утга учиртай. Үүнийг ярихын тулд их өргөн агуулгыг хөндөж таарах юм билээ.
 
Манай улс тусгаар тогтноод 100 жил болсон. Энэ хугацаанд ч түүхийн хуудсанд олон үйл явдал тэмдэглэгдэн үлджээ. Ер нь Монголын түүх баялаг. Дэлхийн түүхийн тэн хагасаас илүү нь Монголын түүх гэж бид өмчирхөх дуртай нь ч үнэн. Гэвч энэ түүх цааш өвлөгдөхгүй явсаар тоосонд дарагдсан номын хуудсанд эсвэл хэн нэгний аман яриагаар хааяа нэг биежихийг үгүйсгэхгүй гэдгийг Т.Хүрэлбаатар хэлж байв. Үнэхээр ч түүхээ бид мартсаар байвал монгол гэх язгуур эрх ашгаасаа ч холдоно.
 
Т.Хүрэлбаатар үргэлжлүүлэн “Маршал Х.Чойбалсанг гэхэд л мэдэх, мэдэхгүй хүн хэд билээ. Бас анхны долоо. Осолдохгүй л цэрэг хувцастай хүмүүс гэж санадаг байх. 2000-аад оноос хойш төрсөн залуус бараг л мэдэхгүй юм шиг санагддаг. Яагаад гэхээр, бид түүнийг сануулах зүйл хийхгүй байна. Түүхийн хичээлийг одоо яаж заадаг болсныг сайн мэдэхгүй байна.  Монголын түүх их уналт босолттой. Үүгээрээ ч түүхийг илүү баялаг болгодог. Дэлхийн улс хэмээн хүндлэгдэж байсан түүхийн үсрэнгүй тэр үе буцаж ирээсэй хэмээн бэлгэдэж "Tback" гэх нэрийг оноосон юм” гэсэн. Өөрөөр хэлбэл "Тback" гэдэг нь түүхийн T үсгийг авч back буюу буцах гэсэн утгыг шигтгэж өгчээ. Ингээд түүх эргэнэ гэсэн үг.
Дардан биш цаг үеийг туулсан хүн цөөн үгээр чухам үнэнийг өчдөг гэдгийг Т.Хүрэлбаатар өнгөрсөн хугацаанд ой тойндоо ягштал ойлгожээ. Тэрээр Маршал Х.Чойбалсангийн хэлсэн “Эрхэмлэж яваарай хэмээн машид итгэн эрх чөлөө, тусгаар тогтнолыг та нартаа үлдээв” гэдэг үгийг иш татлаа. Үнэхээр ч энэ үгний автор бол үе үеийн эх орончид юм. Тэгвэл Т.Хүрэлбаатар үүнээс үндэслэн “Бид хувцас үйлдвэрлэхдээ Монголоо гэсэн агуулгыг бага ч атугай гарган өгч, өөрсдийн бахархал, үнэт зүйлээ сурталчлах зорилготой байдаг. Анх ингэж эхэлсэн, одоо ч энэ жанжин шугамаа алдаагүй” гэдгээ хэллээ. Ингэхдээ агуулга, загвар хийц гээд бүгдэд нь монгол гэсэн үнэр шингээж өгөхийг, илүү орчин үелэг, яавал хүүхэд, залуус сонирхох вэ гэдэг талаас нь ихээхэн ажилласан гэв. Түүнчлэн цэвэр монголоороо сэтгэж, үндэсний гэх онцлог хэв маягаа тусгаж чадахгүй бол хийж байгаа зүйл чинь барууны муухан хувилбар болох талтай гэдгийг ч учирласан.  
 
"Tback" брэндийн халх хатны зурагтай фудболк. Толгойн гоёл, чимэг гээд бүгдийг нь сайтар судалж хийжээ. Т.Хүрэлбаатар, ингэхгүй бол гаднынхан ирээд үздэг, алдаатай хэлбэр төдий зүйл байвал өөрсдийгөө л хөөднө шүү дээ гэв. Тэрээр хувцас үйлдвэрлэхийн тулд түүхээ их, бага хэмжээгээр эргүүлж сөхсөн гэнэ. Өмнөх болон одоогийн Хүрэлбаатарын хооронд ямар ялгаа зааг байгааг сайн мэдэрсэн аж. Тэгээд хэлж байна “Хүн өмнө нь хэн байснаа санаж байж одоо оршдог юм шиг санагдсан. Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа гэдэг үг байдаг даа. Хувьсгал гарахаас өмнө Манжийн дарлалд ямар байсан, одоо ямаршуу байгаа талаар их олон бодол эргэлдсэн. Ингээд бодохоор одоо байгаа цаг үеэ илүү их хайрлах сэтгэл төрдөг юм байна. Энэ улс, энэ цаг хугацааг бидэнд үлдээхийн төлөө тэмцсэн эх орончдын талаар бодохгүй байхын аргагүй” гэж. Түүнийг ингэж хэлэхэд нь гаднаа толгой тохиж, дотроо тийм шүү гэж санал нэгдэв.
Түүх судалсны гол ач холбогдол нь нийгэмдээ том биш ч зөв зүйлийг чадахаараа уриалж, хийх ёстой юм байна гэсэн бодол санаа ихэд төлөвшдөг. Т.Хүрэлбаатар үүнийг “Өмнө нь хувиа л боддог байснаа анзаарсан. Улс орондоо хэрэгтэй тийм ийм зүйл хийнэ гээд хэтэрхий томоор төсөөлж, хагараад байх нь ч юу юм. Хүн урдах ажлаа сайн хийгээд улсад татвараа төлөөд явах ёстой. Одоо боломж байвал баялаг бүтээж, цөөн хүнийг ч болтугай цалинжуулаад амьдралд нь багахан тус дэм болохыг боддог болсон” гэж учирлав.  Ийн ярьсан нь бүх зүйл энгийнээс эхэлдэг гэдэгтэй агаар нэг ч юм шиг. Т.Хүрэлбаатар 10 гаруй хүнийг цалинжуулж, ажлын байраар хангадаг. Нэг хүний биш нэжгээд хүний нийгмийн даатгалыг төлнө гэдэг амаргүй. Энэ талаас нь харвал яах аргагүй баялаг бүтээгч.
"Tback" брэнд Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулан хэд хэдэн загвар гаргажээ. Дээр хэлсэнчлэн өнгөрсөн зууны хугацаанд болсон томоохон үйл явдал, тодорч гарсан хүмүүсийг сонгож аваад, түүн дээрээ ажилласан гэх.
 
Үүнийг ярилцаж суух зуур Ю.Цэдэнбалын зураг нүдний буланд бүртэлзэв. Сэдвээ тэр зүгт чиглүүллээ. Ю.Цэдэнбал морьтойгоо хана цөмлөн гарч ирсэн агаад хойноо Мерлин Монрог сундалсан байх нь тун ч шинэлэг, өвөрмөц содон байдлаар харагдав.
 
Ийм дүр, дүрслэлтэй фудболк хараад олон асуулт ар араасаа хөврөх нь тэр. Түүний хэлснээр “Ю.Цэдэнбал бол удирдагч хүн. Монро бол дэлхийд алдартай жүжигчин. Морь унасан байгаа нь дэлхий биднээс хол биш, бид хаана ч хүрнэ гэдгийг харуулахыг зорьсон гэхэд болно. Бид уг нь дэлхийн хэмжээний үндэстэн байсан шүү дээ, бүх зүйлээрээ. Гэхдээ цаашид түүх эргэж, бид манлайлах цаг ирнэ гэдэгт итгэлтэй байгаа. Түүхэнд бид эргээд үсэрнэ” гэдэг санааг шигтгэж өгсөн нь энэ аж.
"Tback" брэндийн бүх хувцаснууд өөр өөрийн гэсэн онцлог загвар хийц, өгүүлэмж, өргөн агуулгатай. Тэдгээр нь бараа бүтээгдэхүүнийг нь амьдруулж, усалж торддог юм билээ. Жишээлбэл, Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойд зориулан ёстой л нэг гав, гинжгүй задгай сэтгэлгээний илрэл гэмээр бүтээл ч байна.
Үргэлжлүүлэн "Tback" брэндийн цахим орчин дахь сэтгэгдлийн талаар асуухад “Бүх залуус биш л дээ. Гэхдээ тодорхой хувь нь сайнаар хүлээн авч байгаа. Ялангуяа гадагшаа, дотогшоо явцгаадаг залуус үндэсний хэв шинж агуулсан гэдгээр нь манай бүтээгдэхүүнийг худалдаж авна аа. Бас тогтмол үйлчлүүлдэг хүмүүс бий. Өөрсдийн түүх, соёл, уламжлалаа түгээн дэлгэрүүлэгч нь залуус өөрсдөө гэдэг үзэл санаа нэлээд өргөн тархаж байна гэж бодох болсон. Ерөнхийлөн авч үзвэл хандлага их гоё байгаа. Манай бараа бүтээгдэхүүнүүдийн олон нийтийн сүлжээнд тавигдсан зургуудыг харсан түүхийн мэдлэгтэй залуус доор нь сэтгэгдлээ хуваалцаж холбоотой баримт сэлтийг жирийтэл бичиж гарна даа. Сүүлд С.Данзангийн нүүр зурагтай фудболкны загвараа нийтэд цацахад нэг залуу тэр хүний талаар товч бөгөөд маш тодорхой мэдээлэл өгсөн. Бид ийм л ханатай мэдлэг, мэдээлэлтэй болмоор юм шиг санагдсан” гэв. Чухам юу бичсэн талаар нь ч олж сонирхоход олон жилийн түүхтэй “Harley Davidson” буюу дэлхийн хамгийн шилдэг брэндийн мотоциклыг Монголд анх Солийн Данзан унадаг байж. Энэ тайлбар болоод хувцсан дээрх Солийн Данзангийн зураг агуулгаараа бараг л ижилссэн гэхэд болохоор байв. Барууны капиталист үзлийг ихэд дэмждэг байсан Солийн Данзанг мотоцикл хөлөглөсөн байгаагаар дүрсэлжээ. Түүх уншвал та энэ талаар төвөггүй мэдэж болно.
 
 
 
Т.Хүрэлбаатар агуулахын өрөөнөөсөө Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал  нарыг хөрөглөсөн маягийн гэмээр зурагтай цамцыг авчирсан даруйдаа ярьж эхлэв. Ахмад, дунд, залуу гэсэн гурван үеийн төлөөлөл шиг харагдах ч Монгол Улсын сүүлийн 100 жилийн түүхийг эдгээр эрхмээс салгаж ойлгохын аргагүй. Т.Хүрэлбаатар “Бид  түүхийг шүүж чадахгүй. 1921 оноос өнөөдрийг хүртэлх ололт амжилт, алдаа эндэгдэл олон байгааг судалгааныхаа явцад мэдэрсэн. Өнгөрсөн зууны сайн муу гэх бүхэнд энэ гурван хүний оролцоо их, бага хэмжээгээр байжээ. Ямартаа ч тэд Монголын түүхэнд үлдэх тод мөртэй. Яагаад гэхээр тэдний хүсэл, зорилгын эцсийн цэг нь монголчуудын тусгаар тогтнолыг авч үлдэх язгуурын эрх ашиг байсан байх” гэв.
Нэг хэсэг хүүхэд, залуус U.S.Army гэсэн бичигтэй футболк өмсөх нь элбэгшсэн байлаа. Одоо ч үе үе үзэгддэг. Тэгвэл "Tback" брэнд түүхт 100 жилийн ойд зориулан Ардын Арми гэж бичээд доор нь алхан хээг дүрсэлсэн футболк гаргажээ. Яриад байсан өнөөх монгол үнэр нь энэ бололтой.
Өөр нэгэн гогодож авах зүйл нь Т.Хүрэлбаатарын “Брэнд гэдэг бол чи өөрөө юм. Өнөөдрийн өөрийгөө бүтээж, бусдаас ялгарч байгаа чинь чиний брэнд. Хүн брэндийг үүсгэдэг гэж ойлгож болно. Тиймээс брэнд хүнлэг араншинтай байх ёстой. Үүнийг л бодож хувцсаа хийдэг” гэх агуулга байв.
 
 
Хүний төсөөллийг, цаашлаад нийтэд хүргэх гэсэн санааг хооронд нь сүлж, цаасан дээр буулгах амаргүй. Түүний хувьд олсон санаагаа хэрхэн биежүүлэх вэ гэдэг дээр зураачидтай хамтран ажилладаг нь ёстой нүдээ олсон шийдэл байсан гэдгээ хэлсэн. Зураг гарсны дараагаар түүнийгээ өнгө будагт оруулна. Дараа нь уураар индүүдэн өөгүй болгож толийлгоно. Ингээд эсгүүр оёдлуудаа хийж, шошгоо нааж савлаад дэлгүүртээ хүргэнэ. Сонирхуулахад, дэлгүүр нь GEMMALL-ын 4 давхарт байрладаг бөгөөд захиалагчийн хүсэлтээр хүргэлт хийдэг аж.
Ийн орон зай, цаг хугацаанд захирагдахгүй ярилцаж байхад Т.Хүрэлбаатарын сэтгэлгээний орон зайгаар үе үехэн чөлөөтэй аялж байлаа. Түүний болон баг хамт олных нь хийсэн бүтээсэн зүйлс өөрийн эрхгүй урамтай өег бодлыг үлдээснийг энд тэмдэглэх нь зүйтэй.
Залууст хөгжилд түүчээлэх их хүсэл, зориг, оролдлого байвч чөдөр тушаа болдог зүйл мундахгүй. Т.Хүрэлбаатарын хэлсэн үгээр олон мянган залуусын санаа бодлыг төлөөлүүлж болох юм. Тэрээр “Бид гадаадын улс орнуудаас худалдаж авдаг зүйл олон. Үндсэндээ мөнгөн урсгал нь гадагшаагаа чиглэгддэг гэсэн үг. Үүнийг дотооддоо эргэлдүүлэх боломжтой гэж харж байна. Миний дотроо бодож явдаг зүйл бол “Дотооддоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд гаргах. Уул уурхайгаас олох ашиг хязгаартай шүү дээ. Тэр олсон ашгаараа бас л гаднаас юм авна. Хилийн чанадаас бараа авахгүй гэх нь ч хаашаа юм. Бид өөрсдөө адилхан гадаад зах зээлд тоглолт хийх хэрэгтэй. Тэр улс орны эдийн засагт нэмэртэй гэж боддог” хэмээсэн юм.
 
Орсон бороо арилдаг, ирсэн гийчин буцдаг. Буцахын өмнө эх орон гэхээр танд юу бодогддог вэ гэж асуухад “Алхам тутамдаа гишгэж байгаа газар шороо, амьсгалж буй цэвэр агаар. Дээр нь энэ бүхнийг бидэнд үлдээх гэсэн эх орончдын тэмцэл гээд хоёулаа ярьсан даа. Эх орон гэхээр тусгаар тогтнол, аюулгүй байдал бодогдоно. Тусгаар тогтнол, аюулгүй байдал нь тухайн улсын Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний чадавх гэж боддог. Биднийг эрүүл, аюулгүй орчинд аж төрөх, ажиллаж хөдөлмөрлүүлэхийн тулд цэрэг хүн тангараг өргөж, эх орноо батлан хамгаалах үйлсэд зүтгэж байна. Тиймээс Зэвсэгт хүчин, цэргүүдээ хайрлаж, хүндэлж байх нь чухал. Зэвсэгт хүчин маань технологийн эрин зууны энэ үед улам бэхжиж, хүчирхэгжээсэй гэж хүсэж байна. Бүгд л тэгж хүсдэг байх. Үе үе таагүй мэдээ сонсогддог л юм. Зөрчил, дутагдлаа арилгаад явна гэдэгт итгэлтэй байна. Дэлхийн түүхийг уншиж байхад Чингис хаан цэрэг засах ухаан, байлдааны тактик ажиллагаа гээд бүгдийг нь зохиож өгчхөөд, түүнээс нь бусад улс суралцсан байх жишээтэй. Ийм л баялаг түүхтэй. Товчхондоо улс оршихын үндэс нь Батлан хамгаалах, Зэвсэгт хүчин” хэмээн хариулсан юм.
 
 Дэслэгч Ц.ЭНХ-ОРГИЛ
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин