sonin.mn
Дуучин Г.Ариунбаатартай ярилцлаа.
 
Монгол үндэстний тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болсон шинэ уран бүтээлийг эгшиглүүлэх гэж байгаад тань баяр хүргэе. Тусгаар тогтносон Монгол Улсын эзэн хэмээн омогших хэн бүхэнд өвөрмөц бэлэг болно гэж харж байна. Тус уран бүтээл хэрхэн бүтсэн талаар сонирхуулна уу?  
 
-Монгол хүн бүрийн бахархал, омогшил болсон, унших төдийд л энэ агуу эх орны эзэн болж төрснөөрөө өөрийн эрхгүй бардамнах сэтгэлийг мэдрүүлдэг “Тусгаар тогтнол” шүлгийг дуу болгох талаар 2015 оноос л ярьсан боловч энэ маань нэг л ажил хэрэг болж өгөхгүй байлаа. Гэтэл өнгөрсөн хоёрдугаар сард “Никитон” хамтлагийн ахлагч Б.Батчулуун ах залгаад “За нөгөө дууны чинь ая бэлэн болсон. Яг одоо л дуулдаг цаг шүү” гэж хэлсэн. Тухайн үед би ОХУ-д байсан учир бид хоорондоо цахимаар холбогдож аяыг нь сонслоо. Эх орны уул ус, уламжлал, ахуй хийгээд төдийгөөс өдий хүртэлх бүхий л зүйл нүднээ харагдаад үнэхээр л дуулах цаг нь мөн юм байна гэж бодогдсон. Тэр өдөртөө шуудхан ажлын төлөвлөгөө гарган онгоцны билетээ захиалж хэдхэн хоногийн өмнө эх орондоо буулаа. Энэ дууг эх орондоо эгшиглүүлэх гэж л тэмүүлж, зорьж ирлээ. Өмнө нь энэ уран бүтээлийг хийх гэж Баачка ахыг хэдэнтээ шавдуулж байхад “Болоогүй ээ Ариука. Энэ бол тусгаар тогтнолын бэлэг тэмдэг болсон дуу. Бодож байж хийх ёстой. Тэглээ ч ахынх нь онгод буухгүй байна” хэмээн тоглоом шоглоом хийж байсан юм. Гэтэл дараа нь тэр аяыг сонсоод Баачка ахаараа үнэхээр бахархсан. Мэргэжлийн төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч хүн гэдэг аргагүй өөр юм байна гэдгийг ухаарсан. Үүнтэй адил “Тусгаар тогтнол” уран бүтээлээр Б.Батчулуун гэдэг хүнийг бид өөр нэг талаас нь харна гэдэгт итгэлтэй байна.
 
Таны хувьд тухайн уран бүтээлээ дүрсжүүлэх ажлаар Батлан хамгаалах яаманд ирээд байна. Эх оронч үзлийг өргөн хэлбэрээр сурталчлахаар шийдэж дээ ...
 
-Боловсрол суваг телевизийн Үндэсний баяр наадмын өдрүүдээр үзэгчдийн хүртээл болгох цуврал нэвтрүүлгийн нэг хэсэг болсон “Тусгаар тогтнол” шүлгийг дүрсжүүлэхэд БХЯ-ны удирдлага бүхий л талаар тусалж байна. БХЯ-ны хашаагаар орох төдийд хийморь сэргээд л ирсэн. Давхийтэл ёслох байлдагч залуугаас эхлээд бидний уран бүтээлийн жинхэнэ эзэд болсон ахмад дайчдын яриа, сургамж гээд уран бүтээл төрөх, амилах орчин нөхцөлийг үнэхээр эндээс харж байна. Бид байх ёстой газраа байх ёстой хүмүүстэйгээ л байна гэж бодогдож байна.
 
Эх орны сэдэвтэй дууг дуулах дуучин гэж тусдаа бий юу?
 
-Миний бодлоор тусдаа гэж боддог. Эх орны сэдэвтэй дуу өөрөө хүнийг монгол ахуй, зан заншилтай нь уяж өгдөг учир тухайн дуучнаас тэр хэмжээний мэдлэг шаарддаг байх. Тиймээс би энэ тал дээр өөрийгөө үнэлдэг юм. Учир нь би багаасаа хөдөө, монгол ахуйтайгаа ойр байж, эх орны цэрэг, цагдаагаараа “өвчилж” өссөн хүн эх орны сэдэвтэй уран бүтээлийг “дотортой”,  мэдэрч дуулахыг эрхэмлэдэг гэх үү дээ. Харин бусад дуучдыг үүн шиг дүгнэх эрх надад байхгүй.
 
Эх оронч үзэл гэдэг нь таныхаар юу вэ?
 
-Хүн бүр л өөрийгөө эх оронч гэж боддог байх. Би ч бас тийм л байсан. Гэтэл жил гаруйн хугацааны өмнө миний эх орноо гэх үзэл хэчнээн өнгөц хийгээд хуурмаг байсан юм бэ гэдгийг мэдэрсэн. Учир нь 2020 оны эхээр “Ковид-19” цар тахал ид дэлгэрч улс орон хилээ хааж, иргэдээ татан авах боломжгүй гэх үед би  ОХУ-аас нутаг буцан Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орж ирж таарсан. Яг тэр үед би эх оронтой хүн, одоо өвдсөн ч яах вэ дээ гэж дотроо омогшсон. Ийм л энгийн зүйлээс эх орныхоо үнэ цэнийг мэдэрсэн юм даа. Тэгээд ирсэн даруйдаа 21 хоног тусгаарлагдсан. Тусгаарлалтад байх үед цаг сайхан болж тайзан дээр гарахдаа эх орны сэдэвтэй дууг арай л өөр дуулна даа гэж бодогдсон. Харин “Тусгаар тогтнол” хэмээх энэ гайхалтай уран бүтээлийг амилуулах хувь тавилан одоо л тохиож байна даа.
 
Үргэлж аялж явдаг дуугаа нэрлээч гэвэл ...
 
-Төрийн дуулал бол миний байнга дуулах дуртай дуунуудын маань оройн дээд нь. Хүний нутагт монгол дуугаа дуулан сэтгэлээ дүүргэж, эх орондоо очсон юм шиг болох үе олон. “Монголын үнэртэй салхи” гэдэг шиг Монгол минь бүхэлдээ багтсан дуунууд цөөнгүй бий.
 
Батлан хамгаалах салбар танд илүү ойр дотно байдаг болов уу. Яагаад гэхээр та мөрдэстэй уран бүтээлч байсан шүү дээ ...
 
-Тэгэлгүй яах вэ. 
Цагдаагийн "Сүлд" чуулга намайг дуучин болох замд хөтөлсөн. Би энэ салбартаа үнэхээр хайртай. Багаасаа цагдаа болно гэж мөрөөдөг байсан. Дунд сургуулиа төгсөөд Цагдаагийн академид шалгалт өгтөл тэнцсэнгүй. Гэтэл аав, ээж хоёр “Миний хүү дуулдаг юм чинь СУИС-д шалгалт өгөөд үз” гэсэн. Тэгээд л урлагийн сургуульд хөл тавьсан. Гэсэн хэдий ч оюутан байхдаа яагаад ч юм цагдаатай холбогдсон. Мөрөөдөл биелнэ гэдэг сайхан мэдрэмж. Эр хүний хувьд мөрдөс зүүнэ гэдэг гайхамшигтай тохиол. Хошууч генерал Ц.Сандаг-Очир, цагдаагийн хурандаа Л.Гаваасүрэн гээд олон сайхан хүмүүсийн хүчинд би өнөөдөр өдий зэрэгтэй явна. Хүн хаанаас яаж бий болсон, хэн байснаа хэзээ ч мартаж болохгүй. Нэмж хэлэхэд дүрэмт хувцсаа өмсөөд дуулах ч бас аатай байдаг даа.
Дуурийн дуучин дуурийн тайзнаас төрдөг гэж би боддог байлаа. Гэтэл та дуурийн бус цагдаагийн “Сүлд” чуулгаас төрсөн. Үнэхээр мөрдэстэй алба хаагчид бид Монгол Улсын бахархал гээд өөрсдөөрөө нэг онгирчихъё ...
 
Бардамнах онгирох бүрэн эрх бидэнд бий. Тив дэлхийн бүхий л салбарт мөрдэстэй цэргийн алба хаагчид тэргүүнд жагсаж байна. Тэр дундаа Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулагчид дэлхийд хэдийнээ нэрээ гаргасан шүү дээ.
 
Санал нэг байна. Тэд үүргээ гүйцэтгээд ирсний дараа яг тань шиг эх оронч сэтгэлгээгээр ямарваа юманд хандаж эхэлдэг ...
 
-Надад олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцсон найз нар, дүү нар цөөнгүй бий. Тэднээс үнэхээр эх орон, эр зориг үнэртдэг. Энэ бол хэтрүүлэг биш шүү. Биеэ авч яваа нь, үзэл бодлоо илэрхийлж байгаа нь гээд нэг л өөр.  Үнэхээр эх орныхоо нэрийн хуудас болж төлөвшиж байгаа залуус гэж бодогддог. Нэг удаа би Англид монголчуудтай хамт энхийг сахиулах ажиллагаанд хамт явсан хүнтэй таарсан. Тэр хүн надаас “Танай монголчуудын хаанаас тийм их эрч хүч, эрэмгий, дайчин чадвар ундраад байдаг юм бэ” гэж асууж байсан. Хэдий хөндлөнгийн нэг хүний асууж байгаа асуулт ч гэсэн энэ нь тэдний үнэлэмж болж байна. Мөн тэднийг энэ цагийн “Дандар баатрууд” гэж хэлсэн байдаг. Яг оносон нэр шүү. Энэ бүгдийн цаана Батлан хамгаалах салбар хөвгүүдээ үнэхээр хөгжүүлж, үнэлүүлж чадаж байгаа юм байна гэж хардаг даа.
 
Тэгвэл та хөвгүүдээ цэрэгт явуулах уу?
 
-Би хөвгүүдээ монгол ахуйтайгаа ойр өсгөж, ёс заншил өв уламжлалаа хадгалж, өөрөөрөө үлгэрлэж өсгөхийг эрхэм болгодог. Монгол ахуй, морь малтай ноцолдож өсгөнө гэдэг нь эр хүнийг бага ч гэсэн яс сайтай болох юм болов уу гэж бодсондоо тэр. Нөгөөтэйгөөр мөрдэс, цэргийн алба гэдэг эр хүнд хүмүүжил, сэтгэлийн хат, даруу төлөв занг өгдөг. Би өөрөө оюутан ахуй цагаасаа мөрдэс зүүж энэ бүгдийг биеэрээ мэдэрсэн. Мөрдэс намайг эрийн цээнд хүргэж, том мөрөөдөлтэй болгосон учир хөвгүүдээ цэргийн алба хаахыг дэмжиж уриална. Сүүлийн үед осол эндэгдлүүд гарч байгаа нь харамсалтай. Магадгүй би энэ нь одоогийн залуус яс муутай болсныг харуулж байгаа нэг хэлбэр.  
 
Үнэхээр л орчин үед эцэг эхчүүд хүүхдүүдээ монгол ахуйд төлөвшүүлэхээс илүүтэйгээр гадаад хэл сургаж өндөр боловсролтой болгоход анхаарч байгаа нь анзаарагддаг. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
 
-Тэр үнэн. Одоо Зайсан хавиар явахад монголоор ярьдаг багачууд цөөхөн. Боловсрол олгож байгаа нь буруу биш боловч монгол дархлаагаа устгаж байгаа хэрэг. Мөн бидний дараагийн үеийн залуусын үзэл бодолд Монголоо гэх сэтгэлгээ үгүй болж байгаад харамсдаг. “Ажил хийвэл ам тосодно”, “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэх үгс утгаараа хэрэгжихээ больсон цаг юм уу даа гэж бодогддог. Магадгүй залуусыг өөрчилж, эх оронч сэтгэлгээтэй болгож чадах хүмүүс нь Батлан хамгаалах салбарынхан байж мэднэ.
 
Мэргэжил бүрд өөрийн онцлог, давуу болоод сул тал бий. Таны хийж буй ажлын онцлог нь юу вэ?
 
-Мэргэжил бүхэн сайхан гэдэг дээ. Би бол өөрийнхөө хийж буй ажилдаа үнэхээр хайртай. Дуулаач хүнийхээ хувьд дуугаа дуулаад аз жаргалаа бүтээгээд явж байна. Ард түмнийхээ өгсөн итгэл, хүндэтгэлийг дааж, аль болох олон хүнийг баясгаж, эх орныхоо нэрийг дэлхийд гаргахыг эрмэлздэг.
 
Анх 2011 онд “М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуулаачдын уралдаан”-д түрүүлж, 23 насандаа гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнуулж байлаа. Анх сонсоод их л сандарч цаашид юу хийнэ дээ гэж бодлогоширч байснаа санадаг юм. Дараа нь урлагийнхны олимп гэгддэг “П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын уралдаан”-аас “Гран при” шагналыг хүртсэн минь үнэхээр дурсгалтай мөч байсан. Энэ наадмын 60 жилийн түүхэнд хоёрхон удаа л дуучин хүн “Гран при” хүртсэн байдаг. Үүний дараа би ямар ч эргэлзээгүйгээр дараагийн сорилынхоо өөдөөс явж “BBC Cardiff Singer of The World” уралдаанд амжилттай оролцон дэлхийн чансаа дээгүүр театруудад топ уран бүтээлүүдийг толилуулж байна. Ийм сорил, шалгууруудыг давахгүй бол дуучин гэж нэрлэгдээд яах билээ. Олон мундаг багш дэмжиж итгэдэг хүмүүсийнхээ урмаар тэтгэгдэж, алгадуулахдаа алгадуулж, илбүүлэхдээ илбүүлж байсны хүчинд өдий зэрэгтэй яваа гэж боддог. Хамгийн хэцүү нь энэ сайхан нэр хүндээ дааж явах. Хүн өөрөө шагнал урамшуулал, олон түмний хайр хүндэтгэлийг хэрхэн хүлээж авахаас л энэ бүхэн хамаардаг болов уу. Би бол үүнийг бэлэг гэж хүлээж авдаг. Энэ сайхан хайрыг дааж явах нь нэн чухал гэдгийг ухамсарлаж байгаа.
 
Таныг Английн Хатан хааны гэр бүлтэй уулзсаныг асуухгүй байж чадахгүй нь. Энэ талаараа эргэн дурсахгүй юу?
 
-Би тэнд уригдан Мариинский театрын оркестр, тус театрын удирдаач Валерий Гергеивын удирдлагад ганцхан ариг дуулсан. Яг тэр мөчид их олон бодол төрсөн. Ядаж монгол дээлээ өмсөөд ирдэг байж, тоглолт дээр нь солиод өмсчихнө шүү дээ гээд л. Нөгөө талаас хэрвээ үүнийг мэдсэн бол үндэсний  шинж чанар агуулсан бэлэг авдаг байж гэх мэтчилэн. (инээв) Гэхдээ тэнд дуулна гэж огт мэдээгүй байсан. Гэнэтийн зүйл болсон хэрэг. Ер нь тэр үед үлгэрийн юм шиг л байсан. Үүнээс хойш харин байнгын бэлтгэлтэй байж монгол дээлээ хаана ч авч явдаг болсон.
 
Монгол дуу дэлхийн тавцанд эгшиглэхэд үзэгчид болоод шүүгчид хэрхэн хүлээж авдаг вэ?
 
-Бидний байнгын дуулдаг “Ус мөрөн олон чиг”, “Аав ээж  хоёр минь” гэх дуунууд үнэхээр сонгодог сайхан бүтээлүүд. Үүнийгээ бид тэр бүр анзаардаггүй юм байна лээ. Энэ дуунуудаа олон тайзнаа дуулж явлаа. Манай залуучууд ч гэсэн олон улсын тэмцээн уралдаанд үүнийгээ дуулдаг. Тэгэхэд нь гаднын шүүгчид тэдгээр бүтээлд амьд эгшиг байна, ямар гоё аялгуутай юм бэ, танайх сонгодогтой юм уу гээд байдаг. Түүнээс улбаалан надад нэгэн мөрөөдөл бий болсон. Ер нь Монголын сонгодог бүтээлүүдийг дэлхий дахинд дуулж байх ёстой юм байна гэдэг үүднээс 2012 онд дан ганц Н.Жанцанноров багшийн бүтээлүүдээр “Монгол сонгодог” концерт анх тоглож байлаа. Түүнээс хойш энэ “Монгол сонгодог” тоглолтоороо дамжуулан  Монголын хөгжмийн урлагийн акулуудын ард түмний дунд алдаршсан  хит сайхан уран бүтээлүүдийг гурван улсын хэлээр дуулж, дэлхийд  таниулж байна.  
 
Та өмнө нь эх орондоо ирэхдээ “Монгол сонгодог” цуврал тоглолтуудаа толилуулж байсан.  Энэ удаа таны богцонд юу байгаа вэ?
 
-Уран бүтээлч хүний хувьд цаг үеэ мэдэрсэн  шинэ уран бүтээлүүдийг туурвисаар байна. Тэдгээрийн тухайд яг одоо хийгдэж буй “Тусгаар тогтнол” дуугаар Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний баяр наадмын өдрүүдээр үзэгч түмнийхээ сонорыг мялаахаар төлөвлөж байна. Мөн “Би Монгол хүн” гээд 15 дуутай уран бүтээлийн цомгоо гаргалаа. Удахгүй худалдаанд гарна. Олон улсын уран бүтээлийн хувьд П.И.Чайковскийн олон сайхан дуурийн дүрүүдийг эгшиглүүлж байна даа.
Цаг гарган ярилцсан танд баярлалаа. Монгол хөг аялгууг дэлхийн тайзнаас цуурайтуулах их үйлсэд тань амжилт хүсье! 
 
Хошууч Д.Оюунгэрэл
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин