sonin.mn
Халуун сэтгэл мэт ховор нандин, хаврын салхи мэт хангал догшин асуудал гэж хааяа бас байх юм аа. Хүн, үхэл, татвар гурвыг түүний тоонд нэрлэж болно. Хүн, үхэл, татвар хэмээх гурван өөр зүйлийн нэгдэл бүхий хүмүүний хорвоо Африкийн бух гөрөөс, манай дорнод талын зээр гөрөөс, алтайн цоохор ирвэс мэт дур дураараа нүүдэллэн амьдарч явсан хүн гэдэг амьтныг өөр дээрээ барьцалдуулан тогтоож, энэ гаригийн олон хэлийн өөр өөр улс түмнийг үүсгэсэн байдаг бололтой юм байна. Бодит амьдрал дээр бол бүр нарийн тогтоцтой байх шиг байгаа юм. Тухайлбал, хүн хэмээх бодьгал энэ хорвоод төрөх эс төрөх нь тохиолдол мөн биз. Төрж болно, төрөхгүй байж болно. Харин нэгэнт төрсөн л бол үхнэ, хэзээ ч магадгүй. Хүссэн ч үхнэ, эс хүссэн ч үхнэ. Үхэл, үхэл, бас дахиад л үхэл. Үхэл ингэж хүмүүн биднийг амсхийх завгүй ангуучлан гөрөөлнө. Хүн үхэх үйлтэй төрсөн ч үхэхгүй гэж түүнээс чадан ядан зугтаана. Хоол хувцас орон байр, нийгэм соёлын хангамж, үйлдвэр худалдаа, үйлчилгээ тэргүүтнээр хэрэм цайз босгон нуугдаж, илүү урт наслан амьдарна. Тэр талаас нь харваас үхэл нь хүн төрөлхтнийг хөгжил дэвшлийн замаар шавхчин туудаг улс нийгмийн хөгжил дэвшлийн хөтөч мөн байж харагдана. Харин Монгол хүний хувьд бусад үндэстэн ялангуяа Европынхон шиг үхлээс ухаан алдтал айгаад байдаггүй, дэндүү хэнэггүй. Тиймээс монголчууд үхлээс эмээхгүй байдгаараа архидна. Тамхи татна. Залхуурна. Бас хөөрхөн арга зальтай. Тэгээд л үхэл тэднийг авах гэсэн цагтаа төвөггүйхэн л аваад явчихна. Амьдралын үнэн ийм гэхийн ялдамд хүн нэгэнт төрсөн л бол бас татвар заавал төлдөг учиртай гэж байгаа. Үхлээс бага боловч холдож нуугдах гэж тэр шүү дээ.
Дуугаа хадаан хорвоод мэндэлж уураг сүүгээ амлаж, өлгий даавуугаа сольж эхэлсэн тэр л цаг мөчөөсөө эхпээд зуун насыг зооглож, зургаадай таяг тулсан ч эцсийн амьсгал хураах мөчдөө хүртэл насан турш татвар төлнө. Хүссэн ч төлнө, хүсээгүй ч төлнө. Аяга цайгаа ууж, зүсэм талхаа зооглохдоо, гоё сайхан гутал хувцас авч өмсөхдөө, тэр байтугай боловсон жорлонд бие засаж ус татахдаа ч түүний үнэ хөлсөнд шингэсэн татварыг дургүй байвч яалт ч үгүй төлж л суудаг. Хүмүүн бидний ахуй амьдралыг ёс суртахуунлаг талаас нь харвал хайр дээр тогтдог нь үнэн.
 
 
 
Харин бодьтой орших материаллаг талаас нь харвал татвар дээр тэнцвэржин тогтдог нь бас яалт ч үгүй үнэн. Монгол түмнийг бултаар нь алган дээрээ бөмбөрүүлж явдаг татвар төлөгчид гэж тусгай эрхмүүд байдаггүй нь энэхүү алаг хорвоогийн бас нэг чин шударга ёс мөн аж. Сайхаан сайхан, бүр сайхан. Татварын өмнө цөм адил тэгш захирагдана.
 
 
 
Татвараараа үхлээс хамгаалах том гэгчийн цайз хэрэм байгуулна. Тэр цайзыг төр засаг гэж нэрлэдэг аж. Монголын гурван сая илүү тооны хэрэглэгчид цөмөөрөө адилхан татвар төлөгчид. Хэчнээн хүнд бэрх амьдралтай эсхүл улсын их хаан, сайд дарга арга зальтай нэгэн байлаа ч гэсэн ганц ширхэг талх авахдаа татварыг нь төлөхгүй үлдээгээд зөвхөн талхыг нь дангаар нь авъя гэж болохгүй юм чинь яалтай билээ. 1000 төгрөгний үнэтэй ганц талх авснаараа тэр хүн эрүүлийг хамгаалах, шинжлэх ухаан боловсрол, соёл, ахуйн үйлчилгээний байгууллагын төсөвт зардал түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, төрийн аль нэг түшээ, сайдыг эсхүл хаана нэг газрын багш эмч, шоронгийн хуяг тахрын цалинд нэг төгрөгний тэг бүхэл тэрбумны нэгийн дайтай ч юм уу түүнээс их буюу бага л хэмжээний татварын мөнгө нэмэрлэж байдаг агаад харин түүнийг нэг бүрчлэн бүртгэж мэдэх боломжгүй. Гэвч төрийн албаны хүмүүсийн цалин болон албан томилолт, утас, машины зардал зэргийг хамжин төлж байгаа нь л мадаггүй үнэн юм. Тэгэхгүй гэвэл талх идэхгүй, гутал хувцас ч өмсөхгүй, машин тэрэг ч унахгүй, тэр байтугай эзгүй хээрийн эзэнгүй хадны агуй бараадахгүй бол орон байр ч олдохгүйд хүрч осгож нүд аньж таарна. Улс гүрний тухайд хэрэвхүйеэ татваргүй бол наад зах нь төр засаггүй, цэрэг цагдаагүй болно. Татвар гэдэг чинь иймэрхүү л урт жацтай ихээхэн хүчирхэг бяр тэнхээтэй дарангуйлан захирагч юм байна. Үнэхээр ийм ач тустай учраас татвар ба үхэл, хүн гурав хүмүүн төрөлхтөн хэмээх нэгэн ээжээс ихэрлэж төрдөг учиртай, адил тэгш гурван гишүүнт бат цул нэгдмэл ертөнц мөн гэдгийг нийт нийгмээрээ ухамсартай хүлээн зөвшөөрөх ёстой. Ингэхгүйгээр Монгол улс өөрөө өөрийгөө нөхөн сэргээдэг санхүү эдийн засгийн эх үүсвэр болсон татварын хүч бололцоог олигтой ашиглаж чадахгүй юм шиг харагдаад байна. Хамгийн харамсалтай гэмээр нь хэрэглэгч ард түмний татвараар дамжин эргэдэг санхүү эдийн засаг, нийгмийн зүрх судасны эргэлтийг ойлгож мэддэггүй, мэдэхийг хүсдэггүй сайд дарга нар байж харагддаг явдал юм.
 
 
 
Монголын бүх ард түмэн өөрийнхөө төр засгийг өөрсдөө бий болгож өөрсдийгөө эмчлэх эмнэлэг, сургах сургуулийг өөрсдөө л байгуулж, цэрэг цагдаа шүүхийг басхүү өөрсдийн төлдөг татварын хөрөнгөөр ажиллуулж байдаг нь нууц биш. Ерөнхийдөө зайлшгүй зардал, зайлшгүй хуримтлал, зайлшгүй татвар гурвыг л улс гүрний оршин тогтнох тулгын гурван чулуу гэхнээ ч болно. 
 
 
 
Төр засаг нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас эхпээд цэрэг цагдаа, шүүх, прокурор, шорон, эмнэлэг сургууль, соёл урлаг спортын байгууллага тэндхийн ажилтнууд хийгээд тэтгэврийн ахмад настан, оюутан залуус гээд бүхэлдээ татвараар тэжээгдэж, төсвөөс санхүүждэг нь ойлгомжтой. Цалин ба орлого нь бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний өөрийн өртөгт шингэдэггүй бүх хүмүүс ингэж амьдардаг. Тэтгэврийн тухайд бол суурь тэтгэврийг зөвхөн улсын төсвөөс л санхүүжүүлдэг байвал шудрага ёс зүйд нийцэх учиртай. Тэгтэл сүүлийн үед одоогоос хэдхэн жилийн дараа тухайлбал 2030 он гэхэд тэтгэвэр тавих мөнгөгүй болох мэтээр ярьж байна. Тэтгэврийг зөвхөн нийгмийн даатгалаар төлөх юм шиг ярих болсон байна. Нийгмийн даатгал гэдэг бол тэтгэврийн зардлыг бус нийгмийн халамжийн үйлчилгээ, тэтгэмжийг санхүүжүүлдэг сан хөмрөг байсан, цаашдаа ч тийм л байх учиртай биз. Ахмадууд бол хэрэглэгчид. Тиймээс тэд татвар төлөгчид. Төлсөн татвараараа тэжээгдэх эрхтэй. Түүнээс гадна тэтгэвэрт гараагүй байхдаа нийгмийн зайлшгүй хуримтлалд нийлүүлсэн бөгөөтлөө хөлсийг нь аваагүй үлдээсэн өнгөрсөн буюу биежсэн хөдөлмөрийн үлдэгдэл хэмээх нэгэн төрлийн хадгаламжтай болсон байдаг учир тэтгэвэр олгохдоо өмнө нь авч байсан хөлс цалингий хэмжээгээр барьцаалан тооцож их бага янз бүрийн хэмжээний тэтгэвэр олгодог. Өндөр цалинтай байсан бол их хэмжээний баялаг бүтээж үлдээсэн, бага бол багыг үлдээсэн хэмээн тооцдог аргачлал хэрэглэж байсан, эдүүгээ ч тийм л байгаа байх. Ерөөсөө хүн алж хүрээ талсан ялтан хоригдлуудыг төсвөөр тэжээдэг байтлаа өнөөдрийн бүх баялгийг бүтээж авчирч өгсөн учраас нийгмээр тэжээлгэх хууль ёсны эрхтэй буурал ахмадын тэтгэврийг өөрсдөөр нь даалгах тухай ярих нь наанаа эдийн засгийн, цаад утгаараа бол хүнийг насаар нь хэмжиж, ялгаварлан гадуурхаж байгаа улс төрийн гадуурхал гэж үзмээр байна. Гэхдээ өнөөгийн хэдэн тожгор буурал өвөө эмээ нараа төвөгшөөдөг болсон нь тэдний буруу биш. Хэрэглэгч үйлдвэрлэн бүтээгчдийн хамтын хүчин чармайлтаар бүтээгдэж төр улсын бүх хэргийг санхүүжүүлж байдаг төрийн татвар нь зөвхөн татвар төлөгчдийн мөнгө мэтээр хувирч харагддаг төрийн татварын хээнцэр мөнгөн мануухайн ил харагдах дүр төрхөөс шалтгаалдаг гэж болно. Чулуун мануухай хүн биш чулуу боловч чонын нүдэнд чулуу биш хүн болж харагддагтай адил юм.
 
Ажилдаа тэнцдэггүй сайд дарга нар жинхэнэ сайд дарга биш харин тэднийг орлогч хүн-мануухай мөн боловч гэнэн сонгогчдод төр засгийн жинхэнэ сайд дарга мөн юм шиг харагддаж буруу чулуу хөөлгөдөгтэй адил хэмээн улс төржүүлж бас болно. Энэ ташрамд дээр нэгэнт цухас дурдсан настан буурлуудынхаа тухай жаахан дэлгэрүүлж тодосгоё. Би Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын хоёрдугаар багийн дарга Баатарын гадна ирээд эзнийг нь гарч ирж нохойгоо хорихоос өмнө далдын далд хийсэн аппаратаа гаргаж ирээд намайг боорлон бүхий нохойны зургийг дарж орхив. Зайлуул даа, насны эрхээр ганцхан муу хэлтгий соёотой үлджээ энэ амьтан. Тэр нь элэгдээд бараг бөөрөнхий болсон харагдана. Цагтаа ах дүү нараа соёотой байсан байж таарна. Шүд нь дууссан боловч тэжээсэн эзнээ гэсэн “чин сэтгэл” нь дүүрнээрээ, халуунаараа, бүр цэл залуугаараа байгааг харлаа. Хөдөөх айлын хоточ нохой “Сайхан сэтгэл”-тэй амьтад байдгийг сайн мэднэ. Бие нь хөгширч харанхуй амтай болсон ч дөрвөн хөл нь цагаан тавагтай эл банхрын төрхөнд би өөрийнхөө болон өөрийн үе тэнгийнхний дотоод дүрийг олж харснаас тийн яарч зургийг нь дарсан юм. Үл таних холын гийчин намайг эзнийхээ гэрт дур мэдэн оруулж болохгүй гэсэндээ л хазах шүдгүй ч сэтгэлийнхээ чадлаар боргоогоод байгаа нь энэ. Хэрэв эзнээр нь хориулахгүй машинаас буувал аманд үлдсэн эцсийн ганц муу хэлтгий соёогоо миний хонгонд зоож орхино.
Харин тэглээ гээд эзнээсээ шан харамж биш зодуур хүртэх юмсан уу, хэн мэдлээ. Буурай чадалтай болсон ч эх орныхоо төлөө, сум орон нутгийнхаа төлөө нэргүй зүтгээд эцэст нь “Хоцрогдсон амьтад минь хэрээ мэдээрэй, та нарын үе хэдүйнэ өнгөрсөн” гэсэн үгээр зодуулдаг миний үе тэнгийнхэнтэй яасан ч адилхан хувь тавилан түүнийг холгож зовоосныг хэлж барах билээ. Тэр мэдээжээр ганц шөнө бүтэн нойртой хоноогүй эзнийхээ хот хороог манасан байж таарна. Таних танихгүй хэчнээн олон айлчин гийчнийг энэ айлд бууж мордсон гэх билээ, тэр тоолонд шалган боргоож эзнийхээ өмнөөс хяналт тавиад л.
 
Энэ цагийн өнгөн дээрээ өвөөгөө наслуулдаггүй “мөнхийн залуу Монгол Улс" гэж нэг шижигнэсэн гоолиг залуухан улс гүрэн байх болжээ. Өндөр хөгжилтэй, асрамж үйлчилгээ нь сайн хөгжсөн Япон Герман, Америк зэрэг орны 10 хүн тутмын 3-4 нь настайчууд байдаг гэж байна. Харин манайд энэ тоо нэг хувь хүрдэггүй юм гэнэ. Арван хүний ес нь залуус хүүхдүүд. Өвөө эмээ нараа амар тайван байлгаж уртхан шиг наслуулахыг бодохын оронд тэднийг социализмын үлдэгдэл, хоцрогдсон төгцгүүд, үеэ өнгөрөөсөн амьтад хэмээн элдвээр ад шоо үзэж, сэтгэл санаагаар унаган цаг бусаар нүд аниулаад байсны ул мөр ингэж ил гарч ирлээ. Монгол оронд ид цэцэглэн хөгжиж бүхий зэрлэг капитализмын балчиг намагт хамгийн түрүүнд настайчууд л сөхөрч байна. Үнэн байдал нь тийм л байгаа болохоор сайхан үгээр булзааруулах аргагүй. Хүсээгүй байхад хүрээд л ирж байгаа энэ хөөрхийлөлтэй хөгшин насыг яаж шүү туулдаг юм билээ гэж гаднаа ил хэлэхгүй ч дотроо боддог нь цөөнгүй бий. Сүүлийн үед айхтар хүчтэй газар авч байгаа эдийн засгийн аллагын (тероризмын) хүнд буулга юуны түрүүнд долоон буудпын Должин эмээ, баруун нарангийн Базар өвөө гэдэг шиг тийм л ядарсан ядуу зүдүү настайчуудын хүзүүн дээр бууж байна. Одоогийн “COVID-19” хэмээх цар тахлын хүнд буулгыг харахгүй юу. Ардчилсан төрийн алтан дүрэм нь хүн нэг бүрийн төлөө хариуцлага хүлээх явдал мөн болохыг манай зарим улстөрчид ялангуяа хэт барууны үзэлтнүүд мартаж байна. Ардчиллын эцэг Авраам Линкольн хэрвээ нэг хүн зовж байгаа бол нийгэм нь өөрөө зовж байдаг гэж хэлсэн гэлцдэг. Монголын төр засаг одоо энэ л цонхоор өөрийгөө сонжиж, бодлого зорилгоо хүн нэг бүрийн төлөө зориулах байх гэж найдаж байна.
Чингис хаан бээр: “Би өвгөдийн хойноос очихгүй юм шиг” эндүүрч байна хэмээн ихэд харамсаад “Ахмад үеийн хүнээ бэхи болгодог заншилтай тул баарин ахын ураг, Усун өвгөнийг бэхи болгоё. Бэхи өргөмжлөгдөөд цагаан дээл өмсөж, цагаан морь унаж, дээд сууринд сууж, он сарыг олж сонгож явтугай" хэмээн зарлиг буулгасныг МНТ-ны 216 дуугаар зүйлд тэмдэглэж үлдээсэн байдгийг сануулъя. Ухаантай шүү дээ манай одоогийн төр засгийн удирдагчид.
 
 Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Хорлоогийн Цэвлээ
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин