sonin.mn
МУИС-ын Хууль зүйн сургуулийн профессор Адилбишийн Эрдэнэцогтод Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЪЯАТ ЗҮТГЭЛТЭН цол хүртээсэн.
 
Профессор А.Эрдэнэцогт Монголын хууль зүйн шинжлэх ухааны цоо шинэ салбарыг үндэслэгч юм. Тодруулбал, А.Эрдэнэцогт нь хууль зүйн шинжлэх ухааны суурь салбарын нэг болох Захиргааны процессын эрх зүйг Монгол Улсад үндэслэгч бөгөөд энэ чиглэлээр түүний бүтээсэн онол, зарчим нь хууль тогтоомжид тусгалаа олж Захиргааны процессын эрх зүйн салбар Монгол Улсад эрчээ аван хөгжиж байна. Үүний үр дүнд захиргааны байгууллагын хүрээнд хүний эрх, эрх чөлөөний хууль зүйн баталгааг хангах асуудал хууль зүйн талаасаа цогцоор шийдвэрлэгдэж, иргэний үндсэн эрхийг захиргааны зүгээс зөрчсөн аливаа маргааныг хянан шийдвэрлэх хууль зүйн механизм буюу захиргааны хэргийн дагнасан шүүхийн үйл ажиллагааны онолын үндэслэл бүрдэж, баримтлах зарчим, журам нь тодорхой болж жигдэрчээ.
Профессор А.Эрдэнэцогт 2006 онд Монгол Улсын Захиргааны процессын эрх зүйн сурах бичгийг туурвисан нь манай улсад анхных бөгөөд энэхүү сурах бичгийг хууль зүйн салбарын оюутан, суралцагчид хичээл сургалтын гол хэрэглэгдэхүүнээ болгон уншин судлаж, өдгөө оюутан, магистрант, докторантуудын төдийгүй хуульч, захиргааны хэргийн шүүхийн шүүгч, өмгөөлөгч, захиргааны хуульчдын ширээний ном болжээ.
 
 
 
Тэрбээр сурах бичгээс гадна Захиргааны процессын эрх зүйн гарын авлага, хичээлийн хөтөлбөрийг боловсруулж Дэлхийн банк, ХЗДХЯ-ны дэмжлэгтэйгээр хэвлүүлж хууль зүйн бүх их дээд сургуульд үнэ төлбөргүй тараан өгч сургалтад нэвтрүүлснээр Захиргааны процессын эрх зүйн салбар Монгол Улсад жигд хөгжих үндсийг тавьжээ.
 
 
 
Профессор А.Эрдэнэцогт Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Захиргааны ерөнхий хуулийн төсөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн үндэсний зөвлөх, ажлын хэсгийн гишүүнээр ажиллахдаа Монгол Улсын иргэний үндсэн эрхийн хууль зүйн баталгаа буюу процедурын баталгааг цоо шинээр бүрдүүлэх замаар захиргааны хүнд суртлаас иргэний эрх, эрх чөлөөг байнгын хамгаалалттай байлгах механизмыг бодож боловсруулах, улмаар эх орондоо эрх зүйт төрийг жинхэнэ утгаар нь бий болгох эрхэм зорилгыг өмнөө тавин хөдөлмөрлөж буй манай хууль зүйн салбарын тэргүүлэх эрдэмтдийн нэг мөн юм.