сонин mn
Үр хүүхдийнхээ өмөг түшиг, айл гэрийн ноён нуруу, улс орны тулах багана болсон эрчүүд тэр дундаа аавуудын тухай энэ удаа хуваалцахыг зорилоо. Аавын тухай амттай яриаг хамтдаа уншъя. Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.ОНЦГОЙБАЯРЫГ “Дугаарын зочин” буландаа урьж ярилцлаа.
 
Аав хүний тухай ярилцах нь ухаарал, хайр, хүндэтгэл мэдрүүлдэг эгэлгүй сайхан яриа байдаг. Таны аавын залуу насны талаар ярилцлагаа эхлүүлье? 
 
-Миний аавыг Лувсандоржийн Лхамжий гэдэг, насаараа уул уурхайн авто тээврийн жолоо мушгисан хүн. Монгол Улсын осолгүй манлай, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, V таван жилийн гавшгай жолооч явсан даа. 1954 онд хугацаат цэргийн албанд татагдан, морин цэргийн сумангийн даргаар алба хаасан. Цэргийн албанаас халагдаж нутагтаа очоод, уул уурхай дагнасан жолооч болсон доо. Миний аав залуудаа өндөр нуруутай, цог жавхаалаг сайхан эр хүн байсан. Нутгийнхан ч андахгүй. “Гялалзсан сайхан жолооч” гээд л. Монгол Улсын анхны уурхай болох Сүхбаатар аймгийн “Чоно гол”-ын уурхай, Бүрэнцогтын уурхайд 20 настай хонгор зүстэй байхаасаа олон жил үр бүтээлтэй ажиллахдаа тэргүүний тээвэрчин, тэргүүний гавшгайч цол, тэмдэг хүртсэн. 
 
 
Аль нутгийн хүн бэ? 
 
-Аав маань Хэнтий аймгийнх. Ардын засгийн жилүүдэд нутагтаа нэр хүнд дээгүүр, бас нэлээд чинээлэг талдаа явсан баян Гомбосүрэнгийн том охин Долгорын хоёр дахь хүү. Дээрээ нэг ахтай, доороо гурван дүүтэй. Тэр үед монголчуудын амьдралын нийтлэг төрх мал маллаж амьдарч байлаа. Аав минь цэргээс халагдаж ирээд ээжийгээ олон мянган малаа хариулж дийлэхгүй гэсэн үүднээс бүгдийг нь нэгдэл хөдөлгөөнд өгүүлчихсэн гэнэ лээ. Тэгээд ээжийгээ машиндаа суулгаад л уурхайдаа аваад ирсэн хүн. Уурхайд жолоочоор ажиллаж байхдаа ээжтэй танилцаж ханилан суугаад 13 хүүхдийн эцэг эх болсон. Ээжийг минь Дарьсүрэн гэдэг, Сүхбаатар аймгийн Халзан сумын малчин ард Дэлгийн Сэрчинжавын том охин. Аав насаараа жолоо мушгиж, ээж насаараа цэцэрлэгт тогооч хийсэн жирийн нэгэн ажилчин айлын үр хүүхдүүд нь бид юм. 
 
Жолооч аавын хүү ажээ...
 
 -Тийм ээ, аав минь 40 гаруй жил жолоо мушгисан хүн. 1980 онд Бүрэнцогтын уурхай татан буугдаж, Хэнтий аймгийн Бор-Өндөрийн жоншны уурхай байгуулагдахад залгуулаад жолоочоор тэтгэвэрт гартлаа ажилласан. Дараа нь аавынхаа тухай бодож суухдаа “Яагаад заавал Бор-Өндөрийн уурхайг сонгож ажилласан юм бол. Гавшгай шилдэг жолоочид ажил мундахгүй олдоно доо” гэж эргэцүүлэхэд түүний хүүхдүүдээ гэсэн сэтгэл хамгийн түрүүнд уншигдсан сан. Ирээдүйд төмөр замтай, гэрэл цахилгаантай, нисэх буудалтай, сургалт боловсрол төвлөрсөн том уурхай болно гэдгийг нь тооцоолж, хань ижил, хүүхдүүдээ дагуулаад ирж дээ гэж бодогдсон. Аав минь Бүрэнцогт, Бор Өндөрийн уурхайд 40 гаруй жил жолоо мушгихдаа Монгол Улсын тээвэр, уурхайн жолооч нарын туулах ёстой замыг төлөвлөгөөгөө хэд дахин давуулан биелүүлсэн хүн. Уулын бэхэлгээний мод, жонш тээвэрлэж, зөөх ажлаа гялалзтал хийнэ гэж жигтэйхэн. Ямар сайндаа найз нөхөд нь хожим дурсахдаа аавыг маань Бүрэнцогтын уурхайд ажилладаг байхдаа Дорнод аймаг руу өдөрт хоёр удаа тээвэрт явчихдаг сүрхий жолооч гэж ярьцгааж билээ. Тэр үед зам, автомашин ямар байлаа. Тэгэхэд л шуурхай явдаг жолооч байсан байгаа биз. 
 
 
Тийм байна ...
 
 -Аавыг Бор-Өндөрийн уурхайд ирэхэд нь авто бааз гэж байдаггүй байж. Харин манай хашаагаар л дүүрэн автомашин. Автобус, усны, хогны, түргэний автомашин гээд л, хашаагаар дүүрэн. Тэгэхдээ аав бүгдийг нь барьдаг байсан. “Дархан оргил” нэгдлийн малын суурь, ундны усанд нь явахдаа усны, хог асгахдаа хогны машинаа унана. Бор-Өндөрийн анхны авто бааз манай хашаанаас эхлэл нь тавигдаж, аав минь байгуулалцсан түүхтэй юм. Хүн гэдэг өөрөөсөө илүүтэй эцэг, эхийнхээ тухай дурсана гэдэг их аз жаргалтай, амттай ярилцлага байдаг юм байна. Энэ хорвоогийн хамгийн амгалан бөгөөд аз жаргалтай бодол аавын тухай байдаг. Ханхар аавынхаа энгэрт эрхлэх, гараас нь хөтлөөд алхах, бодлогошрон суухыг нь ажих нь хүртэл жаргал шүү дээ. Нэг ч үггүйгээр бүхнийг ухааруулдаг аавынхаа харцанд нь томоожиж өссөнөө бодоход нартад түүнээс илүү жаргал үгүй юм даа. Хэдий би өөрөө аав, цэргийн дарга ч гэсэн аавынхаа дэргэд байхдаа өөрийгөө жигтэйхэн том “амьтан” гэж бодож байсангүй.
 
 
 
Аавын нөмөр гэж хаана ч байхгүй дулаахан түшигтэй, юунаас ч хамгаалах шидтэй. Аавтайгаа хамт тээвэрт явснаа бодоход тун чиг сайхан байж дээ. 
 
 
 
Тэгэлгүй яах вэ. Аавынхаа машины кабинд суугаад явж байсан үеийн олон сайхан дурсамж байдаг байх? 
 
-Өө, зөндөө зөндөө. Аав минь 13 хүүхдээ бүгдийг нь их, дээд, тусгай мэргэжлийн сургууль төгсгөж, хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэсэн гавьяатай. Манай ах дүү нар эмч, шүүгч, уурхайчин, цахилгаанчин, жолооч гээд бүх салбарт өөрийн хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж байна. Зэвсэгт хүчнийг сонгож, цэргийн амьдралаар амьдарч яваа нь би ганцаараа. Аавыг тээвэрт яваад ирэхэд ах нар машиныг нь гялалзтал угаана. Ирэхгүй удвал хашааныхаа дөрвөн талд гарч зогсоод харуулдаад суучихдаг байж билээ. Бүр манай бурхан болооч ах минь “Энэ л аавын машины дуу мөн байна. Аав ирж явна” гэхэд л давааны цаанаас гараад ирдэг сэн. Жолооч аавын хүүхдүүд тийм л болдог юм билээ. Машины дуу, бензин тосны үнэр цаанаа л нэг дотно. Аавыг тээврээс ирсэн орой өвөрт нь унтах гэж бид нар бөөн юм болно оо. Ялсан нь л унтана. Ааваас минь бензин тос гэхээс илүү ажилчин хүний тийм нэг эрч хүч үнэртдэг байсан сан. Тэр сайхан үнэрийг нь би хэзээ ч мартдаггүй юм. Гэхдээ жолооч ч гэсэн маш их цэвэр цэмцгэр хүн байсан. Нэгэн сайхан дурсамж дэлгэхэд уул уурхайн нэг хуралд явах гээд намынхаа даргыг хажуудаа суулгаад явж. Шөнөжин давхисаар очихын алдад замдаа гол орж, нүүр гараа угааж, цэвэрхэн хувцсаа гаргаж өмсөөд очиход нь аавыг дарга байна гэж андуурч байсан гэнэ лээ. Тийм л цэвэрч хүн, бохир явах тун дургүй. Аав минь хэдий насаараа хүнд хүчир ажил хийж, бэхэлгээний мод зөөсөн ч гэсэн их сайхан урт насалсан. Өөрөө ч хэлдэг байсан л даа. “Залуу насандаа завгүй хөдөлмөрлөсний дүнд өндөр сайхан насалж байна” гэж. 2018 онд 88 насандаа өөд болсон доо. 
 
 
Таныг аавыгаа бурхан болоход нь хээрийн сургууль удирдаж байсан гэлцдэг? 
 
-2018 онд Баян-Өлгий аймагт томилолттой, уулын тусгай хүчний сургууль удирдаад явж байхад аав маань бурхан болсон. Тэр үед тэр сургуулийг удирдаж байгаа надад аав руу явах нь битгий хэл урвайж суух ч эрх байгаагүй. Цэрэг удирддаг хүн өөрөө итгэл үнэмшил, дайчин чанараараа манлайлагч нь байж, ажил урагшилдаг, дайчид жавхааждаг бичигдээгүй дүрэм бий. Мэдээж би аавыгаа төрийн генерал болж баярлуулсан. Аавын минь “Миний долоон хүүгийн дундаас цэргийн жанжин төрнө” гэж хэлдэг байсан нь биеллээ олсон, бэлгэтэй сайхан ерөөл байсан юм. Аав маань бид бүхнийхээ хувьд бурхан шиг л хүн. Заримдаа бодохоор өөрийн эрхгүй их шаналдаг. 
 
Аав тань олон хүүхдүүдээ бурхан ухаанаар хүмүүжүүлсэн байх. Таны аав хүүхдүүддээ юу гэж захидаг байв?
 
-Хөндлөнгийн хүний нүдээр харвал ширүүн юм шиг харагддаг ч дотроо өр зөөлөн хүн байсан. Тээвэрт явж ирээд цаг зав гарвал хүүхдүүддээ зориулна. Бид нарын хичээлийг шалгана, өглөө бүр уулын орой дээр гаргуулж, ямар амьтан байна хар гэж явуулна. Энэ нь нэг талаар биеийн тамирын дасгал, нөгөө талаар нүдний хараа сайжруулж байсан арга нь байж. “Та нар ирээдүйд өнгөтэй өөдтэй явъя гэвэл ажил хийж сур, халуун, хүйтэн гэж цөхрөлгүй түлээ, мод бэлтгэж сур, ном унш, цэвэрхэн яв, эрүүл бай, битгий өвчин тус” гэж захина. Бас “Шударга бай, хүнийг хүндэтгэж бай, ах захтай бай“ гэж захина. Одоо бодоход аавыг тээвэрт яваад ирсэн орой бидний нар ч ёстой нэг гардаг байж. Аав ээжийгээ тойрч суугаад хоолоо иднэ. Аавынхаа хажууд сууж, хоолоо иднэ гэж бас өрсөлдөнө. Бас миний аав гайхалтай ой сайтай хүн. Хэчнээн ч олон үлгэр мэддэг байсан юм. Биднийг багад орой тойруулж суулгаж байгаад үлгэр ярина. Ер нь социализмын үед олон хүүхэдтэй айл ямар байсан яг тийм л энгийн амьдралыг туулсан даа.
 
 Хүүгээ үсийг нь хусаад цэргийн сургуульд хүргэж өгч байсан тухай яриа байдаг? 
 
-1992 онд аравдугаар ангиа төгсөж, Цэргийн их сургуульд шалгалт өгөөд тэнцдэг юм байна. Тэгсэн аав үсийг минь хусаад тээврийн машиндаа суулгаад хот руу авч явлаа даа. Тухайн үеийн Цэргийн их сургуулийн захирал нь хурандаа Я.Мягмарсүрэн, орлогч нь Тогоо дарга (дэслэгч генерал), штабын дарга нь хурандаа Баттулга, Ерөнхий цэргийн тэнхимийн дарга хурандаа М.Борбаатар (хошууч генерал) нар байсан. Тийм мундаг хүмүүсийн гар дээр хүүгээ хүргэж өгөөд буцсан юм даг. Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын даргаар 2019 оны 11 дүгээр сараас томилогдон ажиллаж байгаа. Энэ албан тушаалдаа арван жилийн өмнө буюу 2010 оны 10 дугаар сард томилогдож байсан, тэр үед аав минь байсан. Аавыгаа байхад томилогдож байсан болоод ч тэр үү энэ албандаа маш их хайртай. Аавыгаа “Монгол цэргийн өдөр”, Цагаан сараар бусад үеэсээ илүү их санах талдаа. Гаансаа зуучхаад сайхан инээж суугаа тэр дүр төрх нь үргэлж бодогддог. Хүний дээд эрхэм шүтээн бол хүний эцэг эх. Бурхан гэж хэн бэ гэвэл таныг төрүүлж өсгөсөн аав ээж хоёр гэж хэлнэ. “Шулуун шударга зангаа тааруулж явахгүй бол нийгэм өөр болсон шүү” гэдгийг хэлж, “Гэхдээ эр хүн хийморьтой зангаа алдаж болохгүй” хэмээн захиж байсан нь саяхан юм шиг санагдаж байна. 
 
Аавынхаа бүтээлцсэн Бор-Өндөрийн уурхайн ойролцоо явахаар их сайхан санагддаг биз? 
 
-Тэгэлгүй яах вэ. Миний аавыг Бүрэнцогт болон Бор Өндөрийн уурхайн хөдөлмөрчин ард түмэн андахгүй. Манайх Бор-Өндөрийнхөө хойд талд, айлуудын захдуу байлаа. Тэгэхэд аав гэрийнхээ хойд толгой дээр чулуу өрж, овоо босгосон. Тээврээс ирээд л алсыг харангаа чулуу нэмдэг байсан юм даг. Харин хожмоо нутгийн иргэд тэр дундаа залуу гэр бүлүүд тэр овоог минь ихэд хүндэтгэж, дээдэлж шүтэж, залбирдаг болсон. “Олон хүүхэдтэй Лхамжий гуайн овооноос үр хүүхэд гуйж байна” хэмээн шүтэж, тэр хэмжээгээрээ олон үр хүүхэдтэй болсон айлууд ч бий. Их буянтай овоо. Хаа нэг нутаг орохоороо тэр жижиг овоог заавал эргэж тойрч, ярилцаж суух дуртай. 
 
Аав хажууд байгаа юм шиг л санагддаг юм. Аавын тухай яриа дэлгэсээр байгаад ээжийг мартаж...?
 
-Сайхан аав ээжийн өврөөс өндийж, цэрэг армийнхаа замналаар амьдралаа эхлүүлж, шат шатны цэргийн академийг бүгдийг нь төгсөөд ирэхэд миний хоёр бурхан баярлаж зогссон доо. Одоо аль болох ээжтэйгээ ойрхон ярьж, очихыг хүсэх юм. Гэхдээ ажлын цаг зав төдийлөн гарахгүй талдаа. Хариуцлагатай алба хашиж байж, цалгардуулаад яваад байх нь цэргийн хүний хувьд зохимжгүй характер. Манай буурал дарга нар “Аав ээжийгээ амьд байгаа дээр нь л очиж байгаарай. Очоогүй явсныхаа төлөө дараа нь харамсдаг юм шүү” гэж захидаг байсан нь хожим бодоход их үнэн үг байж. “Ээж аав нэг л өглөө дурсамж болдог” гэдгийг би цэргийн алба хаагчдадаа захиж, хайр, хүндлэлээ илэрхийлж байхыг нь хэлдэг юм. Та миний сайхан ээжийн тухай асуулаа. Өдгөө нутагтаа үр хүүхдүүд, ач зээгийнхээ ажил, амьдралыг тэгш сайхан яваасай гэж цайныхаа дээжийг өргөөд л зогсож байгаа 80 гаруй настай сайхан буурал бий. Ээжтэйгээ ярилцаж суух нь энэ хорвоогийн их сайхан аз жаргалуудын нэг шүү дээ. Ер нь тэгээд одоо ээжтэйгээ аль болох ойр байж, хамтдаа өтөлнө дөө. Миний хамгийн том хүсэл энэ. Аав ээжийн минь намтар бол хийж бүтээх, хөдөлмөрлөхийн их намтар билээ. 
 
Та цэргийн хүний хувиар ах дүү нараа аавынхаа зангаар удирдаж, чиглүүлдэг үү? 
 
-Миний хэлнэ ч гэж юу байх вэ. Би чинь олон ах эгчтэй хүн. Тэднийхээ толгой дээр нь гарч суугаад загнаж, зандраад чиглүүлээд байна гэж байхгүй. Дүү нь юм чинь харин би өөрөө л загнуулна шүү дээ. Миний ах дүү нарын олонх нь хугацаат цэргийн алба хаачихсан учраас тэр зарчмаараа цолыг маань хүндэтгэж харилцана. Гурван жилийн цэрэг, хоёр жилийн цэрэг, нэг жилийн цэрэг гээд л бэлтгэл үүрэгтнүүд бий бий. Мэдээж “Цуглаж өсөөд, цувж үхдэг” гэгчээр хорвоогийн жамаар бүгд л явна. Амьдралын хууль хатуу шүү дээ. 
 
 
Ахлах дэслэгч Д.БОЛОРМАА
Эх сурвалж: "Соёмбо" сонин