sonin.mn
Буддын шашны тэргүүн энэ эрхэм хүнийг Монгол хүн бүр мэддэг, ярьдаг, сүсэглэн биширдэг, сургаал номыг нь хүсдэг, айлддаг, зарим нь судалдаг. Шашингүйн хүмүүжлээр замнасан бидний хувьд Дээрхийн гэгээнтний нэрийг л дуулснаас цаашгүй байв. Миний хувьд сонин тохиолдлоор энэ хүнийг анх удаа харж, түүнийг сонирхож, бас бус 80-аад оны БНМАУ-д ховор олддог байсан түүх намтрын хэсгээс уншдаг болсон юм. Тэртээ 1984 оны намар орой санагдаж байна. Арав болов уу 11 дүгээр сарын эхээр билүү Дээрхийн гэгээнтэн 14 дүгээр Далай лам Монголд морилон ирэв ээ. Арай анх удаа биш байгаа даа. Тэр үед Монгол орон марксизм-ленинизм, пролетарийн интернационализмыг шүтсэн, Зөвлөлтийн эзэнт гүрний дагуул, тоталитар дэглэмийн хаалттай улс байсныг надаас өмнөх үеийнхэн мэднэ. Харин хүүхдүүд маань тэр бүр сайн мэдэхгүй, төсөөлөхгүй байж болох. Далай ламыг ийнхүү Монголд морилон ирэхийг тэр үеийн социалист төр ард түмнээсээ таг нууцалж байлаа. Тэгээд ч мэдээллийн бүх хэрэгсэл нам, төрийн хатуу хяналтад байсан учир энэ тухай дурсаагүй.  Засгийн байгууллагад ажиллагсдаас өөр мэдсэн хүн ховор доо. Харин яаж Дээрхийн гэгээнтнийг залсан юм бол гэж би зарим үед боддог юм. Зөвлөлтийн амьсгалаар БНХАУ-тай дайсагнан харьцдаг байсан нь л ийм алхам хийлгэсэн болов уу.
 
Миний бие ГЯЯ-нд ажилладаг байсны ачаар харин энэ сонин үйл явдлын тухай сонссон байв. Тэр намар намайг Румынд томилох шийдвэр гарсан учир Өвөрхангай аймгийн Есөн Зүйл сумаас хадам ээж Ц. Думаахүү бидэнтэй уулзахаар ирсэн үе тохиов. Манай ээж их шүтлэгтэй хүн. Насан багаас бурхан шашинаа дээдлэн хүндэтгэж, шүтээнтэй явж ирсэн. Далай лам ирэх тухай миний санамсаргүй ярьсан нь ээжийн сэтгэлийг ихэд хөдөлгөж, түүнд мөргөвөл энэ насандаа хүсээд олдохгүй хамгийн их буянг үйлдсэн болно гэв. Ийнхүү би ээжийнхээ насны буянг санаж Далай ламд мөргөхөөр Гандандэгчлэн хийдийг зоривой. ГЯЯ-нд тэр үед МАХН-ын гишүүн хүн Ганданд очиж болохгүй гэсэн бичигдээгүй хуультай байсан. Миний бие МХЗЭ-ийн гишүүн байсан учир бүдүүн хүзүүлсэн хэрэг. Тэгээд ч ээжийн хүсэлт ямарч хуулиас дээгүүр тавигддаг хойно доо.
Аз болоход Дээрхийн гэгээнтэн Ганданд заларсан өдөр Бямба гараг байж таарав. Өглөө 11 цагийн орчим миний бие ээж Думаахүүгийн хамт Ганданд очив. Хүмүүс мэдээгүй гэсэн чинь худал боллоо. Дүүрэн хүн. Дүүрэн ч гэж дээ барагцаалбал 400-гаас 500 байсан болов уу даа. Хийдэд орох гол хаалганы зүүн хажууд хашаанаасаа өндөр шовгор барьсан байх ажээ. Манаачийнх ч байсан байж болох юм. Тэр зүг л хүмүүс ширтээд байх юм. Гол хаалга тас хаалттай. Асуувал Далай багш тэр өндөрт гарч ирж, сүсэгтэн олонд харагдах гэнэ. Нэлээд хүлээсний эцэст Дээрхийн гэгээнтэн 14 дүгээр Далай лам миний ярьсан нөгөө шовгорын тавцанд гарч ирлээ. Их хүнийг ийнхүү анх удаа харлаа. Тэр хүмүүст хандаж айлтгал сургаал хэлсэнгүй. Алга хавсран ихэд сүсэглэн тэргүүнээ олон олон бөхийлгөн мөргөж харагдсан. Манайхан үг хэлэхийг нь зөвшөөрөөгүй гэж хожим сонссон. Сүсэгтэн олныг ажвал ихэнх нь мөнгө барьсан, түүнийгээ хоёр алган дээрээ тавиад нар зөв хурайлах ажээ. Хөгшин хөвөө нэг нь бүр газар хэвтэн сунан мөргөж байсан. Зарим нэг нь цэнхэр хадаг барьсан нь их л содон харагдсан. Яагаад гэвэл хадаг гэдэг тэр үед нүдний гэм байсан. Ганданд ч байхгүй. Аавын гэрийн хойморын авдарт л нэг хоёр үзэгдэж байсныг санадаг юм. “Малчдын баяраар” Улаанбаатарт байсан ганц авга ахтайгаа хүн ёсоор хадаг барин золгох гээд ч олдоггүй эд байсан юм шүү дээ. Би нэг л удаа тэр үед авгадаа хадаг барьж байсан. Тэр нь манайд ганцхан байсан эд. Ээжийг харвал 10 –тын улаан дэвсгэрт хоёр алган дээрээ тавиад нүдээ анин их л сүсэглэн мөргөж, хурайлж харагдсан. Далай багшид хүрдэг бол энэ олон ядуу сүсэгтнүүд бүгд л мөнгө барих байлаа. Би ээж хэвтэж мөргөж хэрэггүй гэсэн юм л даа. Хичнээн таашаал, амьдралын баяр баясал зон олон, түүний дотор ээж маань авч байгааг би хараад үнэхээр гайхан биширсэнсэн. Ингэж л би ээжийгээ баярлууллаа. Тэр нэгэн цагаас хойш би Дээрхийн гэгээнтнийг мэддэг боллоо.
 
2001 онд Энэтхэгт томилогдон очиход хувь заяаны эрхшээлээр Дармасалад дүрвэн амьдардаг Дээрхийн гэгээнтэн 14 дүгээр Далай ламд бараалхах, түүний сургаал айлдварыг сонсох хүсэл аяндаа төрж байв. Цаг ч өөр болсон байлаа. 2002 оны 2 дугаар сарын нэгэн цэлмэг сайхан өглөө Их Гэгээнтэнд манайхан анх удаа гэр бүлээрээ бараалхах сайхан завшаан тохиож билээ. Далай багштан Шинэ Делид морилон ирэхдээ зөвхөн нэг л зочид буудалд тухлана. Индра Гандийн нэрэмжит олон улсын нисэх буудалтай ойролцоо тэрхүү зочид буудлыг Радиссон гэх ажгуу. Шинэ Дели дэх Дээрхийн гэгээнтний төлөөлөгчтэй урьдчилан тохиролцсоны дагуу тэр өглөө эрт би гэргий Дашаа, охин Уянга, Учрал, Солонго, Хулан, Хантулга нарын өнөр бүлээ дагуулан 14 дүгээр Далай багшид бараалхахаар очив. Тэр эрхэм Гэгээнтнийг хүндэтгэн үндэсний монгол дээл хувцсаа өмсөж, хэрэндээ л сүсэглэн бэлтгэж билээ. Зочид буудлын үүдэнд очиход Гэгээнтний шадар туслахууд биднийг тослоо. Нэг өрөөнд бяцхан саатаж, хүүхдүүдийнхээ өмссөн зүүснийг янзалж, басхүү хадаг яндраа бэлтгэн байтал биднийг урив. Зочид буудлын саруул танхимд буддын шашны дэг жаягаар шар цамц, улаан орхимж хослуулсан гэрэл гийсэн гонзгойвтор царайтай, залуудаа өндөр сайхан эр байсан гэлтэй, нүдний шилтэй, туранхай ламтан наран адил мишээлээр угтан золгосон нь Дээрхийн Гэгээнтэн эрхэм 14 дүгээр Далай багш Данзанжамц гуай байлаа. Манайхан тус тусдаа хадаг яндар барьж, хүндэтгэн золгосонд Далай багш хадгыг тарнидан буцааж, тус тусын тэргүүнд зүүв. Миний бие Монгол Улсын Шинэ Дели дэх ЭСЯ-ны шинэ зөвлөх гэдгээ хэлж, гэр бүлийн гишүүдээ танилцуулсан. Далай багш Энэтхэг орон, тэр дундаа Дели бол их халуун. Та нарт нэг хэсэгтээ хэцүү байж мэднэ. Тэгээд дасна даа хэмээгээд миний жижигхэн охин Хантулгыг ихэд өхөөрдөн толгойг нь илж, энгийн зүйл асууж сонирхсон доо. Бид тэр болгонд нь хариу өчиж, Их хүнд бараалхах боломж олдож буйд баярлан талархаж байгаагаа илэрхийлэн Монгол нутагт амьдарч буй аав, ээжийнхээ тухай, эхээс олуулаа төрсөн талаар ярьж байтал ёслолын бололтой шадар туслах нь уулзалт өндөрлөж буйг бидэнд сануулав. Анх удаа уулзаж танилцлаа гэдгээ хоёр талаас тэмдэглээд дараа дахин тухтай уулзах ёрөөл тавин энэ удаагийнхийг өндөрлөв. Далай багштанд 15 минутаас илүүгээр гадны зочныг бараалхуулдаггүй гэж байсан санагдана. 
 
 
 
Анхны энэ уулзалт бидэнд сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Гэгээнтэн тун энгийн хүн санагдсан. Тэр цагаас хойш Шинэ Делид болдог Далай багшийн ном айлдварт гэргий бид хоёр зав л гарвал очдог боллоо. Дээрхийн гэгээнтэн хатуу чанга хамгаалалттай залрах бөгөөд бие хамгаалагч нар нь ойртуулахгүй тохиолдолд “Хөөе монгол нааш ир” хэмээн дуудаж, мутраа хайрлан, гэрэл цацарсан мишээлээр гийгүүлж, амар мэндээ мэдэлцдэг байв.
 
 
 
 
Энэтхэг орныг монголчууд эртнээс Жагарын орон, Бурханы орон хэмээн дээдэлдэг. Дээр үеэс морь, тэмээ хөлөглөн, тэр бүү хэл явган нүцгэн очдог байсан гэж уншсан болохоор би энэ насны буян үйлдэж, эцэг эхээ тэр газар аваачна хэмээн боддог байсан. Миний эцэг 2003 онд тэнгэрт хальж, би хүслээ биелүүлж чадаагүй ч дал гарсан эхээ 2004 онд Жагарын оронд урин залав. Манай хадам эх эцэг ная давсан өндөр настнууд тул урт замын аянд алжаана гээд зүрхлээгүй. Ээжийгээ энэхэн ертөнцийн долоон гайхамшигийн нэг, монгол удмын хааны бүтээн босгосон Таж Махалын ариун тансаг бунханд зочлуулсан төдийгүй түүний сүсэглэн биширдэг Их гэгээнтэн, 14 дүгээр Далай ламд мөргүүлэх хүндтэй албыг би хүлээв. Тэр үед Дээрхийн гэгээнтний Шинэ Дели дэх төлөөлөгчийн газартай сайн харилцаа холбоотой болсон байсан тул хэрэг явдал саадгүй сайхан бүтэв.
Далай багшид энэ удаа ээжийгээ мөргүүлж, сургаал айлдварыг нь сонсохоор 2004 оны нэгдүгээр сарын нэг тунгалаг өглөө хэдийнээ мэдэх “Раддиссон” зочид буудалд бид хүрэлцэн очлоо. Их сайхан өдөр тохиосон. Далай багш урьдын адил биднийг их л найртай хүлээн авч ээжийн мөрөөр тэвэрч, биднийг адислаад “миний ээж ийм л хүн байсан” хэмээн амандаа дахин дахин үглэн, яриан дундаа түүний мөрөн дээр мутраа үе үе тавьж, тун дотносохыг би хараад Гэгээнтнийг эхээ их санадаг юм байна гэж бодон их л өрөвдөж зогссон доо. Далай багшид эхийг нь санагдуулсан ээжээрээ ч бас бахархаж байлаа. 
Тэр өдөр Дээрхийн гэгээнтэн биднийг уужуу тайван бүр цаг орчим хүлээн авч, сургаал номоосоо айлдсан юм. Ээж минь олон хүүхэд төрүүлсэн, оршин амьдардаг тэр монгол нутаг олон арван мянган сарлагтай, түүнийхээ үр шимээр амьдардаг тухайгаа ярьсан нь Далай багшийн сэтгэлийг бүр их хөдөлгөсөн. Тэрээр Эрдэнэ зуу хийдэд зочилсноо дурсаад, тэр аймагт Уянга сум багтдагийг сонсон түүний нэрийн учрыг хүртэл асууж байлаа. Миний ээж Уянга сум урьд Сайн ноёнхан аймгийн Сайн ноён хошууны төв, хэдэн зуун лам хуврагтай, хүрээ хийд болсон, том шүтээний газар байсныг тайлбарласан. Яасан мундаг ээж вэ гэж бид биширч суусан даа.  
 
 
 
Буддагийн сургаалыг судлаж, мэдэж байж шүтэх ёстой. Тэгж гэмээн нь амьдралд жинхэнэ ёсоор хэрэг болдог юм. Мухар сүсэг их байдаг. Тэр бол нэг их тус болохгүй хэмээн Гэгээнтний бас айлдсан нь эдүгээ ч чихэнд сонсдох шиг болж байна. Биднийг, монголчуудыг их мэддэг хүн билээ. Монголчуудад, тэр дундаа бидэнд зориулж энэ үгийг зориуд хэлсэн болов уу гэж би боддог юм. Тэр өдөр ээжид минь нас нэмсэн буянтай, ховорхон сайн өдөр болсоон.
 
 
 
 
Тэр уулзалтын үеэр Далай багш шадрууддаа хандан “зөвлөх Залаа-Уулд танка өгөөрэй. Мартав та нар. Өгөхгүй бол надад хэлээрэй” хэмээн хошигнож байсан. Танка гэдэг нь юу юм бол хэмээн би бодоод ЭСЯ-ндаа эргэж ирэн толь сөхвөл шүтээн зураг гэж байсан. Ямар зураг юм бол гэж тухайн үед их л үзэхийг яарч байсансан. Гэтэл шадрууд таг чиг. Утасдъя гэж бодовч их үнэ цэнэтэй зүйл байгаад шадрууд нь өгч зүрхлэхгүй байж болох гэж сэтгээд хүлээв. Нэг хэсэг бүр мартаж орхиж. 
Мичин жилийн цагаан сарын шинийн нэгний өмнөх битүүний орой гэр орондоо сар шинийн бэлтгэл хийж байтал хонх дуугаран ЭСЯ-ны жижүүр ирж, тантай Далай ламын элч уулзахаар ирэв гэв. Яваад очвол нэгэн төвд лам Дээрхийн гэгээнтэн үүнийг явууллаа хэмээн нямбайлан ороох маягаар эвхэж, гоёмсог урт хайрцагт хийсэн бэлэг захидлын хамт өгөв. Элчийг дотогш урьсан боловч их ажилтай хэмээн эвтэйхэн татгалзав. Дээрхийн гэгээнтэнд сар шинийн мэнд хүргэж, их талархаж буйгаа уламжлаад яаран гэртээ орж задалбал Будда бурхан багшийн, маш хичээнгүйлэн бүтээсэн дэлгэмэл шүтээн хөрөг байв. Шүтээнийг төдийгүй аливаа эрхэм нанидан эдийг залахад цаг өдрийн сайныг бас харгалздаг юм байна гэж би тэр үед хатуу ойлгосон доо. Тэр цагаас хойш Дээрхийн Гэгээнтний хайрласан тэр Бурхан багшийн хөрөг миний голомтын шүтээн болж, хойморт минь заларч байна. Ажил үйлс, амьдралыг минь тэтгэн тулж байна даа Их Гэгээнтэн минь ээ. 
 
Ум муни муни маха муни шагжа муние сухаа…
 
 
Нийтлэлч Түндэвдоржийн Залаа-Уул