сонин mn
Куба улсыг 60 гаруй жилийн турш ах Фиделийн хамт удирдаж ирсэн 89 настай Рауль Кастро өнгөрсөн баасан гарагт эхэлсэн Кубын Коммунист намын VIII их хурлын нээлтийн үеэр тус намын 1 дүгээр нарийн бичгийн даргын албан тушаалаа өөр хүнд шилжүүлэн өгнө гэдгээ мэдэгдсэн. Үүнээс 4 хоногийн дараа тэрбээр ерөнхийлөгч Мигель Диас Канель-д халаагаа өгснөөр Кастрогийнхний засаглал албан ёсоор дуусгавар боллоо. Энэ нь кубачууд болон дэлхийн олон нийтийн хувьд гайхшруулахаар мэдээ биш бөгөөд ийм өөрчлөлт гарна гэдэг нь хэдэн жилийн өмнөөс тодорхой байв. Харин 1959 оноос хойш анх удаагаа Куба улсын төрийн жолоог ах дүү Кастрогоос өөр хүн атгахаар болсон нь анхаарал татлаа.
 
Дүү Кастрогийн товч намтар
 
Рауль Кастро олон жилийн турш ахынхаа сүүдэрт явсаар иржээ. Хувьсгалыг удирдсан хүмүүсийн ихэнх нь хүүхэд байхаасаа ядуу зүдүү амьдралыг туулдаг учраас тэд эсэргүүцэн тэмцэгчид болон өсөн бойждог хэмээн ярих нь түгээмэл. Харин ах дүү хоёр Кастро дундаж давхаргын нэлээд чинээлэг, чихрийн нишингэ тариалдаг том газрын эзний гэр бүлд төржээ.
1931 оны 6 дугаар сарын 3-нд мэндэлсэн Рауль Хаванагийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр дүүргээд, дараа нь марксистуудын дугуйланд элссэнээр түүнийг коммунист үзэл санаа эзэмдэн авлаа. 1953 онд ах Фидель болон үзэл санаа нэгт нөхдийн хамт Монкада хуаран руу хийсэн дайралт нь бүтэлгүйтэж, төрийн эргэлт хийхээр оролдсон хэргээр Рауль 13 жилийн хорих ял сонсов. 2 жилийн дараа Батистагийн дэглэм түүнд өршөөл үзүүлэн суллаж, Мексик рүү цөлжээ.
 
 
1956 онд Рауль бусад хувьсгалчдын хамтаар “Гранма” хөлөг онгоцоор Кубад нууцаар ирж, Батистагийн дэглэмийн эсрэг зэвсэгт тэмцлээ дахин өрнүүлж эхлэв. Улмаар түүний тэмцэл 1959 онд ялалтанд хүрснээр хувьсгалчид Кубад социализмыг байгуулж эхэллээ.
2011 ба 2016 онд Рауль Кастро ККН-ын 1 дүгээр нарийн бичгийн даргаар дараалан сонгогдсон ба 2016 онд болсон намын их хурлын үеэр хэлэхдээ “энэ бол “түүхэн хувьсгалч үеийнхэн”-ий удирдсан сүүлчийн их хурал” гэдгийг онцолж байсан юм. Тэрбээр 2018 онд Сайд нарын зөвлөл, Төрийн зөвлөлийн даргын албан тушаалаа Мигель Диас-Канель-д шилжүүлэн өгчээ. Ташрамд дурдахад, Раулийн үед буюу 2011, 2015, 2016 онуудад улс төрийн хоригдлуудыг олноор нь суллаж байв.
 
Раулийн шинэчлэл ард түмний амьдралд
 
Фидель Кастро улсаа бараг хагас зуун жилийн турш удирдсан бол дүү Рауль нь түүний жишээгээр замнахыг хүссэнгүй. 2011 онд болсон Коммунист намын их хурлын үеэр тэрбээр төрийн эрхийг барих хугацааг 10 жилээр хязгаарлах, Ерөнхийлөгчөөр 60-аас доош насны хүнийг сонгох, намын даргаар 70-аас доош насны хүнийг сонгох гэх мэт өөрчлөлтүүдийг санал болгож байсан бол одоо явсных нь дараа түүний саналууд хэрэгжиж эхэллээ.
 
 
 
Рауль улс төр, эдийн засаг, нийгмийн салбарт өргөн цар хүрээтэй биш боловч тодорхой хэмжээний өөрчлөлтүүдийг хийжээ. Өмнө нь эх орноосоо цагаачлан гарсан кубачууд “Эрх чөлөөний арал”-даа эргэн ирэхэд саад тотгор үгүй болов. Кубын иргэд өмнө нь гадаадад зорчихын тулд зөвшөөрөл авах ёстой байсан бол 2013 онд уг тогтолцоог цуцалж, гадаадад 24 хүртэлх сарын хугацаагаар байхыг зөвшөөрөх болжээ.
 
 
 
Гэхдээ эмч, багш, инженерийн мэргэжилтэй хүмүүсийн хувьд хязгаарлалт тогтоосон нь “уураг тархи гадагш алдагдах”-аас сэргийлсэн хэрэг. Энэ журам тамирчдад мөн хамаарах аж. Раулийн байгуулсан том гавьяа бол, Фиделийн үеэс өвлөгдөн ирсэн олон тэрбум долларын өрийн дарамтаас улс орноо бараг гаргасан явдал юм. 2014 онд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ЗХУ-д төлөх ёстой Кубын 35 тэрбум долларын өрийн 90 хувийг тэглэсэн ба үлдсэнийг нь кубачууд 2024 онд төлж дуусгахаар тохиролцжээ. Гэхдээ өрийн үлдэгдэл Куба аралд үлдэх  бөгөөд уг мөнгийг Оросын тал Кубын хөрөнгө оруулалтын төслүүдэд оруулахаар төлөвлөж байгаа юм. Түүнчлэн зээлдүүлэгч хөгжингүй орнуудыг нэгтгэдэг Парисын клуб Кубын 4 тэрбумын өрийн цуцалснаар Куба улс 2033 он гэхэд 2,6 тэрбум орчим долларын өрийг барагдуулах үүрэг хүлээв. Гэхдээ энэ мөнгө дээрхийн адил Кубын хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэхэд зарцуулагдах ажээ. 
 
 
Раулийн үед кубачуудын амьдралын хэв маягт өөрчлөлт гарлаа. 2008 оноос хойш Кубын иргэд гар утас, интернэт хэрэглэх боломжтой болов. Үүнээс өмнө гар утастай болохын тулд тусгай зөвшөөрөл авдаг байжээ. Үүний зэрэгцээ аялал жуулчлалын салбарт шинэчлэл хийж, Кубын иргэд хөлөг онгоц болон бусад төрлийн тээврийн хэрэгслээр аялах эрхийг худалдан авах, гадаадын жуулчдад зориулсан зочид буудалд буухыг хориглодог байсныг цуцалсан байна.  
 
 
 
1959 оны хувьсгалын дараа Кубад хувийн өмчтэй байхыг хориглосноор иргэд орон сууцаа зарж борлуулах, өвлүүлэн үлдээх эрхгүй болсон юм. Шинээр автомашин худалдан авахын тулд зөвшөөрөл авахаас гадна зөвхөн хуучин автомашиныг борлуулахыг зөвшөөрдөг байв.
 
 
 
Харин Раулийн үед буюу 2011 онд үл хөдлөх хөрөнгө худалдан авах, худалдахыг зөвшөөрсөн ба 3 жилийн дараа автомашиныг чөлөөтэй борлуулж эхэлжээ.
Үүнтэй зэрэгцээд Кубад хувийн хэвшлийн цар хүрээ тэлсээр байна. 2010 онд 210 төрлийн бизнесийн үйл ажиллагааг хувиараа эрхлэх боломжтой болсноор зоогийн газар, зочид буудал, гоо сайхны салоны эзэд төрөн гарав. Мексикийн хойгийн Хаванагийн булан дахь Мариэль боомтод анхны чөлөөт худалдааны бүс ажиллаж эхэллээ. Энэ бүсэд үйл ажиллагаа явуулдаг бизнес эзэмшигчид мөнгөө чөлөөтэй гуйвуулахаас гадна баримт бичиг бүрдүүлэхийн тулд “нэг цонхны үйлчилгээ”-г ашиглаж, татварын хөнгөлөлт эдлэх болжээ. Кубыг чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт аажмаар нэмэгдсээр.  
 
 
 
Раулийн үед Кубын гадаад бодлогод чухал эргэлт гарсан нь АНУ-тай дипломат харилцаагаа сэргээн тогтоосон явдал байлаа. Хувьсгалын дараа 1960-аад оны эхээр Ф.Кастрогийн засгийн газар америкчуудын хөрөнгийг нийгэмчилсний хариуд АНУ Кубын эсрэг эдийн засгийн маш хатуу хориг арга хэмжээ авсан нь өнөөг хүртэл үргэлжилж байна. Харин Б.Обама Ерөнхийлөгч болсноор байдал өөрчлөгдөж, 1928 оноос хойш анх удаагаа Америкийн төрийн тэргүүн Кубад айлчиллаа. Кастрогийн засаглалыг түлхэн унагаах гэсэн АНУ-ын зорилго биелүүлээгүй, олон жил үргэлжилсэн эдийн засгийн бүслэн хаах бодлогын уршгаар Кубын эдийн засагт асар их хохирол учирсан болон хоригийн улмаас Америкийн компаниуд олон тэрбумын орлого олох боломжоо алдсан гэдгийг Б.Обама хүлээн зөвшөөрчээ. Айлчлалынхаа үеэр тэрбээр”терроризмыг тэтгэгч улс орнуудын жагсаалт”-аас Кубыг хассаны сацуу Хаванад Америкийн ЭСЯ-ыг нээх шийдвэрийг гаргасан билээ. Гэвч Дональд Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш харилцаа дахиад хүйтэрч, америкчуудын хувьд Куба руу аялахад тавих шаардлагууд улам чангарчээ. Харин Цагаан ордонд Ардчилсан намын Ж.Байден ирснээр байдал өөрчлөгдөж магадгүй юм.
 
Залгамж халаа Мигель Диас-Канель
 
 
Кубын улс төрийн 89 настай ахмад зүтгэлтэн Р.Кастро улс орон нь эдийн засгийн гүнзгий хямралын ирмэгт ирээд буй үед халаагаа өгч байна. Түүний залгамжилж буй 60 настай Диас-Канель бол тун хэрсүү болгоомжтой хүн бөгөөд “шилжилтийн үе шатанд улс төрийн бодлогын залгамж чанарыг хадгалах нь зүйтэй” гэдгийг байнга онцолдог. Ерөнхийлөгч байхдаа тэрбээр Кастрогийн бий болгосон социализмын загварыг хамгаална гэдгээ нотлон харуулсан бөгөөд хувьсгалын удирдагчийн заавраар хувийн хэвшлийн үйл ажиллагааг хязгаарлагдмал хүрээнд өргөжүүлэхийг зөвшөөрсөн юм.  
Тэрбээр 1959 оны хувьсгалаас хойш төрсөн боловч түүнийг хувьсгалын ололтыг тууштай хамгаалагч гэж үнэлдэг. Эдийн засгийн төвлөрсөн төлөвлөгөөт тогтолцооны улмаас иргэдийг хэрэгцээт бараагаар хангахад саатал гарсан, коронавирусний цар тахал ба Д.Трампын засаг захиргааны хатуу хоригийн улмаас өнгөрсөн онд Кубын эдийн засаг 11 хувиар агшсан зэргээс шалтгаалан Диас Канель ойрын үед эдийн засгийг либералчлахад чиглэсэн зарим алхмуудыг хийж магадгүй гэж барууны шинжээчид таамаглажээ.
Гадаад бодлогын тухайд, Канелийн удирдсан Куба улс Хятад, Орос, Умард Солонгос, Боливи, Венесуэльтэй урьдын сайн харилцаагаа хадгалсаар байна. Үүний сацуу Америкийн ерөнхийлөгчөөр сонгогдсонтой нь холбогдуулан Жо Байденд Кубын удирдагч баяр хүргээд, нийгмийн тогтолцооны ялгаатай байдлыг хүндэтгэх зарчимд тулгуурлан Куба-АНУ-ын хооронд бүтээлч харилцааг тогтоох боломж бий гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ. Р.Кастро ч мөн адил намын их хурлын төлөөлөгчдөд хандан сүүлчийн удаа үг хэлэхдээ дээрх санааг уламжилсан байна. Харин Ерөнхийлөгч Байдены гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүдэд Кубын асуудал орохгүй гэж Цагаан ордон мэдэгдсэнийг үзвэл, хоёр талын харилцаанд ойрын үед өөрчлөлт гарна гэхэд эргэлзээтэй.
 
 
Б.Адъяахүү
Эх сурвалжууд: http://iz.ru/1152576
 
www.bbc.com