sonin.mn
Алдартай загвар зохион бүтээгчдийн бүтээлийг харж, эсвэл хэн нэгэн хүний хувцас­лалтыг даган дуурайж дүр төрхөө бүрдүүлж байгаа хүмүүст туслахаар стилист, имижмэйкер, улс төрийн имиж судлаач, докторант Л.Цолмонгэрэлтэй ярилц­лаа. Хаврын адаг сар гарч, зун цаг хаалга тогшсон энэ үед мэргэжлийн хүний зөвлөгөөг сонсож, өөрийнхөө дотоод болон гадаад дүр төрхөө бүрдүүлэхэд энэхүү ярилцлага тус дэм болно гэдэгт итгэлтэй байна. 
 
-Стилист, имижмэйкер бол бидний хувьд шинэ ойлголт. Тиймээс энэ хоёр зүйлийг ялгааг тайлбарлаж ярилцлагаа эхэлье?
 
-Бид стиль имиж гэж ярьдаг боловч энэ хоёр үгийг ихэвчлэн гадаад дүр төрх, хувцаслалт гэсэн нэг л ойлголтоор барагцаалж ойлгодог талтай. Имижийг маш энгийнээр тайлбарлавал, бидний дотоод мөн чанарын гадаад илрэл юм. Хүн бүр өөр өөрийн онцгой дахин давтагдашгүй дүр төрх, зан характер, мөн чанартай байдаг бөгөөд тэр нь бидний имиж болон гадагшаа илэрдэг гэсэн үг. Жишээ нь, харилцан ярилцаж үзээгүй мөртлөө таны талаар тухайн хүн тодорхой нэг ойлголт авч, төсөөлөл бүрдэж байгаа нь таны визуаль /харагдах/ имижээс тань мэдээлэл авч байгаа хэрэг. Харин бидний имижийг тодотгож байдаг зүйл бол стиль юм. Стилийг тун энгийнээр тодорхойлбол, таны бие галбир, гадаад дүр төрх, амьдралын дадал зуршил, сонирхолтой нийцэх хэв маяг бүхий хувцас болон аксессуарыг ухаалгаар сонгохыг хэлнэ. Гэхдээ энэ нь таны имижийг тодотгосон тухайн орчин нөхцөлд төгс зохицсон байх нь чухал.
 
-Бидний олонх нь өнгөрсөн хугацаанд зөн совиндоо итгэж, эсвэл гаднын трэндийг дагаж стилиэ бүрдүүлсээр ирсэн. Энэ хэр ухаалаг сонголт гэж та бодож байна вэ?
 
-Хүн аливаа зүйлийн талаар тодорхой мэдлэггүй байх нь харанхуйд зам мөр олж алхахтай адил амаргүй. Яг үүнтэй ижил хүн бүр өөрийн онцлог мөн чанар болон биеийн галбир, царай төрхөө зөв тодорхойлохгүйгээр стилиэ бүрдүүлнэ гэдэг тийм ч амар зүйл биш юм. Түүнчлэн таныг бүрэн дүүрэн илэрхийлэхүйц стиль бүрэлдэхгүйгээс гадна өмсөж буй хувцас тань төгс сайхан нийцэлтэй байх нь ховор. “Мода, трэнд бол улиран оддог харин стиль бол мөнх юм” гэдэг хэлц үг хүртэл байдаг. Тиймээс өөрийн тань дүр төрх буюу имижийг бүрэн дүүрэн илэрхийлэхүйц стиль бүрдүүлэх нь хамгийн чухал зүйл.
 
-Тэгвэл стилиэ зөв тодорхойлох нь ямар үр дүнд хүргэх вэ?
 
-Хүмүүсийн хувьд өөр өөрийн зорилго, сонирхол дээр тулгуурлан нийгэм, ажлын хамт олон, найз нөхөд, ойр дотнын хүмүүстээ тодорхой дүр төрх буюу имижээр танигдаж, ойлгогдохыг хүсдэг.
Харин тэр хүсээд байгаа дүр төрхийг тань таны стиль бүрдүүлдэг. Стилийг хэрхэн, юунд зориулан бүрдүүлж байгаа нь өөр өөр боловч түүнийг зөв бүрдүүлж өгснөөр хүссэн үр дүндээ хүрэхэд тань тодорхой дэмжлэг болж өгдгөөрөө онцлогтой. Жишээ нь, та өөрийн эзэмшсэн мэргэжилдээ шилдэг нь байвч гадаад дүр төрхөөрөө өөртөө итгэлгүй, унхиагүй харагдвал таны дотоод мөн чанарыг хүмүүс олж харах нь бэрхшээлтэй юм.
 
Өөр нэг энгийн жишээ авъя л даа. Та гоо сайханд үйлчилгээ авахаар ортол тухайн гоо сайханчийн царай батгатай, үрчлээтэй, ажлын хувцас нь өлөн хир суусан, биеийн хэлэмж нь өөртөө итгэлгүй байгааг илэрхийлбэл та тухайн хүнээс үйлчилгээ авах шийдвэр гаргах уу? Тэгэхээр агуулга тань хэлбэрээр илэрхийлэгдэж байх ёстой юм, нэг өгүүлбэрээр илэрхийлбэл.
 
-Одоо имижмэйкерийн  талаар ярилцъя. Имижмэйкерүүд хүнээ тодорхойлохын тулд ямар зүйлсэд нь анхаарлаа хандуулдаг вэ?
 
-Стиль, имижээ бүрдүүлнэ гэдэг маш чухал зүйл. Хүмүүсийн ойлгоод байдаг шиг зөвхөн бие галбирт тохируулан хувцас сонголт хийж өгөх биш юм. Тэр бол наад захын ойлголт. Нэг ёсондоо тухайн хүний хүсэл зорилгод нь тулгуурлан бие галбир, царай төр, зан характер, ажил мэргэжлийн онцлог, албан тушаал, ажлын орчин нөхцөлийг нь сайтар судалж тодорхойлон тодорхой дүр төрх бүтээхийг хэлж байгаа юм.
 
-Тиймээс л та бүхэн хамтран ажиллаж буй хүнээ зөв тодорхойлохын тулд сайн сэтгэл зүйч байхыг шаарддаг байх?
 
-Тэгэлгүй яах вэ. Ер нь имижмэйкер хүн маш олон талын мэдлэг, ур чадвар, нарийн мэдрэмжтэй байх шаардлагатай.
 
-Ажиглахад биеийн хэлэмж их чухал юм шиг санагддаг. Стиль, имижээ зөв бүрдүүлэхийн тулд биеийн хэлэмж буюу үйл хөдлөлдөө хэрхэн анхаарах ёстой вэ?
 
-Хүн төрөлхтний анхдагч хэл болох биеийн хэлэмж нь өдгөө ч бидний харилцаанд чухал үүрэг гүйцэтгэсэн хэвээр байгаа. Мэдээж, тухайн хүн тодорхой дүр төрх буюу имижийг бүтээж буй бол түүндээ тохирсон биеийн хэлэмжийг эзэмших шаардлагатай. Ингэж байж тухайн дүр төрх төгс болох юм.
 
-Стиль, имижээ бүрдүүлэх гэж хичээж байгаа хүний гаргадаг түгээмэл алдаанууд байдаг уу. Энэ талаар дэлгэрэнгүй ярьж өгнө үү?
 
-Тухайн хүн маань мэргэжлийн хүнд хандан зөвлөгөө авах, сургалтад суухаас илүүтэй найз нөхдийн, худалдааны зөвлөхийн зөвлөгөө, реклам сурталчилгаанд тулгуурлан сонголт хийх нь өөрөө хамгийн түгээмэл алдаа юм. Мэдээж өвчин тусвал эмч бус хүнээр эмчилгээ хийлгэж буйтай л ижил төстэй зүйл юм. Хүн ер нь өөрийн стиль имижээ зөв бүрдүүлэх хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлага байгаа л бол нэг удаа зөвлөх үйлчилгээ авчих хэрэгтэй. Ингэснээрээ насан туршдаа өөрийн стиль, имижээ зөв зохистой бүрдүүлэх мэдлэг мэдээлэл, ур чадварыг эзэмшинэ.
 
-Сонирхон асуухад, стиль, имижээ бүрдүүлэх үндэсний онцлог ажиглагддаг уу. Жишээлбэл, азиуд тийм, европ хүн тийм онцлогтой ч гэдэг юм уу?
 
-Улс улсын соёлоос шалтгаалаад мэдээж өөр өөр байна. Наад захын жишээ нь, манай улсын хувьд бид хувцаслалтад их ач холбогдол өгдөг. Гэтэл зарим улс орны хувьд бол тийм ч чухал биш байдаг талтай.
 
-Олон нийтийн дунд хөрөнгө мөнгөтэй хүн л стильтэй гэсэн ойлголт бий. Ер нь стилиэ бүрдүүлэхэд хүн заавал хөрөнгө мөнгөтэй байх ёстой юу?
 
-Яг зөв, их гоё асуулт байна. Хүн бүр хүссэн ч эс хүссэн ч өдөр бүр хувцас өмсдөг. Харин өөртөө тохирсон, өөрийн дүр төрхийг бүрдүүлэхүйц зөв зохистой хувцаслахын тулд танд шүүгээ дүүрэн, хувцасны өрөө дүүрэн хувцастай байх шаардлагагүй. Харин зөв бүрдүүлсэн, чанартай хувцас л байх шаардлагатай. Тэртээ тэргүй хувцас авч өмсөхөөс л хойш үр дүнтэй, зөв худалдан авалт хийж сурах нь чухал. Олон хувцастай нь бус харин зөв бүрдүүлсэн стиль имиж л таныг бүрэн дүүрэн илэрхийлнэ.
 
-Танд олны танил хүмүүс ханддаг уу. Аль салбарынхан илүүтэйгээр зөвлөгөө авч байна вэ?
 
-Мэдээж, хандалгүй яах вэ. Цаг үеийн байдлаас шалтгаалан тухай тухайн үедээ өөр өөр л дөө. Сонгуулийн үед бол улс төрийн салбарынхан түлхүү ч гэдэг юм уу. Ер нь сүүлийн үед бизнесийн байгууллагууд ажилтан, албан хаагчдадаа зориулан хэсэгчилсэн сургалт их авдаг болсон байна.
 
-Сүүлийн үед улс төр, бизнесийн салбарынхан имижмэйкерүүдтэй ажиллахыг эрмэлзэх болсон. Та ч гэсэн энэ чиглэлээр судалгаа хийсэн туршлагатай шүү дээ?
 
-Манай улсын хувьд имиж хэмээх ойлголт нь 1990-ээд оноос орж ирэн нийгэмд танигдсан хэдий ч бараа бүтээгдэхүүн,байгууллага үйлчилгээний имиж талдаа түлхүү хөгжиж байгаа. Мөн урлаг соёлынхны хувьд ихээхэн анхаардаг. Сүүлийн жилүүдэд хувь хүн, бизнес, улс төрийн салбарын хүрээнд тодорхой хөгжиж байгаа ч хангалттай бус байна.
 
-Стилист, имижмэйкерүүдийн үнэлэмж үнэлгээ бусад улс орнууд, тэр дундаа барууны улс оронд хэрхэн хөгжсөн байдаг вэ?
 
-Имиж гэсэн нэр томьёо маань XX зууны 60-аад онд анх АНУ-д шинжлэх ухааны судлагдахуун болон зах зээлийн эргэлтэд орсон ойлголт юм. Тэр утгаараа өндөр хөгжилтэй орнуудын хувьд энэ салбар нь нийгэмд хэдийнэ танигдсан, тодорхой үнэлэмж үнэлгээ өндөртэй салбарт тооцогддог.
 
-Энэ чиглэлээр мэргэшсэн хүн Монголд олон бий юү?
 
-Стилистийн хүрээнд бол тодорхой хэмжээнд байгаа. Харин имиж бүрдүүлэлт, тэр дундаа улс төрийн имиж бүрдүүлэлт хийдэг хүмүүс ховор. Миний мэдэхээр улс төрийн имиж бүрдүүлэлтээр судалгаа хийж доктор хамгаалсан хоёр хүн байдаг. Миний хувьд “Төрийн өндөр албан тушаалтны улс төрийн имиж бүрдүүлэлт”-ийн талаар судалгаа хийгээд явж буй докторант. Энэ салбар маань манайдаа хөгжиж эхэлж буй салбар юм.
 
-Судалгааны ажилд тань амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
 
Боловсрол эзэмшсэн байдал:
 
          -2002-2006 онд СИТИ дээд сургууль-Хувцасны загвар зохион бүтээгч, зураач
 
          -2010-2012 онд Удирдлагын академи-Бизнесийн удирдлага
 
          -2017-2018 онд Удирдлагын академи-Төрийн захиргааны удирдлагын  магистр
 
Судалгааны сэдэв:
 
          -“УИХ-ын гишүүний имиж бүрдүүлэлт олон нийтийн сэтгэл зүйд нөлөөлөх нь”
 
          -2018 оноос Удирдлагын академи-Төрийн захиргааны удирдлагын докторант
 
Судалгааны сэдэв:
 
                -“Төрийн өндөр албан тушаалтны улс төрийн имиж бүрдүүлэлт”
 
 
Б.Сийлэн
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин