sonin.mn
АТГ, цагдаа, Ерөнхийлөгч, шүүгч нар 20 жилийн турш хийж бараагүй нэг ажил нь авлигатай тэмцэх. Төр дангаараа биш ард түмэн л тэмцэж байж авлигаас чөлөөлнө, эх орноо. Гэвч авлигаас чөлөөлөгч байхын тулд та хэн байх хэрэгтэй вэ? Та заавал хуульч байх хэрэгтэй гэж үү, эсвэл та гэрч байх ёстой юу, эсвэл та гэгээрүүлэгч байх уу? Хэн энэ тэмцлийн фронтод байх ёстой вэ? Энэ тухай саналаа хуваалцая.
 
АВЛИГЫН ЭХ СУРВАЛЖ
 
Төрөөс төрсөн тэрбумтан, авлигын аалзны тор, жаран тэрбумын схем зэрэг авлигыг өөгшүүлсэн олон үйл явдал бүгдээрээ нэг үүсэл гаралтай, нэг зорилготой байдаг. Тэр нь улс төрийн эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн, бүр тодорхой хэлбэл сонгуулийн санхүүжилт! Монголын ардчиллын хөрсийг гэмтээж, аажмаар үхүүлэх тийшээ хөтөлж буй авлигын гинжний анхны утсыг нэхэж суудаг нь ардчилсан сонгуульд ажилладаг идэвхитэн зүтгэлтнүүд маань байдаг гэдгийг та анзаарсан уу?
Сонгууль бүхэнд ханш нь нэмэгдэж байдаг сонгуулийн ажилтны ажлын хөлс өмнө нь 20 мянган төгрөг байсан бол сүүлийн сонгуульд МАН-ын ухуулагчид 300 мянган төгрөг болсноор хэр баргийн тэмбумтангууд дийлэхээргүй ханшаар ардчилсан Монголын сонгууль явагддаг болов. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар сонгуульд нэр дэвшигчийг дэмжиж ажиллах багийн гишүүдийн тоо 28,969 хүн байхаар тооцоо гарч байна. Үүнийг МАН-ын тогтоосон сүүлийн ханшаар үржүүлбэл зөвхөн ажилтны зардалд 8.7 тэрбум төгрөг шаардагдах нь.
Сонгуулийн зардлыг байнга өсгөн нэмэгдүүлж, ханшийг улам бүр дийлдэхгүй болтол нь хадааж байдаг МАН сонгуулийн зардлаа хаанаас яаж бүрдүүлдэг вэ? 
Тэд хэзээ ч энэ тухай нээлттэй зарлаж байгаагүй. Намын дарга нарт цүнх цүнхээр мөнгө авчирч өгдөг тухай сураг сонсогддог, дараа нь тэдгээр хүмүүс нь сайд болдог тухай бид ярилцаад өнгөрдөг.
 
Үнэн хэрэгтээ тэрхүү цүнх цүнх мөнгөний цаана Улаанбаатар хотын газар зарагдаж, Зайсан толгой тал талаасаа ухуулж, Горхи Тэрэлжийн тусгай хамгаалалттай газар тосгон болтлоо барилгажиж, Туулын бургас хядагдаж, хотын үерийн байгууламж сэтэрч алга болон, төрийн алба сүлжээгээрээ зарагдаж, төрөөс хайгуул нь хийгдсэн уул уурхайн ордууд багахан мөнгөөр хувьд очин, улмаар бүр соёлын өв сан фондоороо гадаадад илгээгдэх гэх мэт арилшгүй хар мөр үлддэг юм. 
 
Нүдэн дээр өрнөж байгаа энэ бохир үйлдлийг бид нийтээрээ жигшдэг. Ялангуяа сонгуульд ажиллаж байгаа ухуулагч нар эдгээр бусармаг зүйлсийг ам уралдан муулцгааж эсрэг намынхаа нэр дэвшигчийг чичилдэг билээ. Гэвч яг энэ үйл явдлыг өөрөө дэмжээд, нэр дэвшигчийгээ заавал мөнгөтэй бай гэж шаардаад явж байгаагаа тэд огт анзаардаггүй. “Мөнгөгүй юм бол битгий ир!” гэдэг үгийг нам намынхаа индэр дээрээс цогтой халуунаар шаардан хэлж байхдаа тэд Туулын бургасыг хядахыг, нутаг усаа ухуулахыг өөрийн мэдэлгүй зөвшөөрч байдаг билээ.
Үнэндээ одоо Монголд гурван өдрийн дотор 28,969 хүний армийг босгож чадах хоёр л нам байгаа. МАН ба АН. Манай улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль улам л чангарч, нэр дэвшүүлэхэд 3 хоног, сурталчилгаа хийхэд 14.5 хоногийг “хайрлажээ”. Гэхдээ яг л энэ хуулиараа мөнөөх 28.9 мянган хүнийг ажиллуулахаар схемийг баталжээ. Монгол орноо газраар биш тэнгэрээр тойрдог нь л сонгуульд ор. Гурав хоногийн дотор мөнгөө олох нь л сонгуульд ор. Нэг өдөрт хоёр аймагт очиж чадах нь л сонгууль гэж яв. Мөнгөгүй нь зүгээр л холхон бай гэдэг ийм хатуу хуулийг манай улс мөрдөж байна. Дэлхийн аль ч ардчилсан оронд ийм харгис хууль байхгүй. 
Европын орнуудад сонгуульд ажиллах цөөн хүний ажлын хөлсийг улсаас нь өгдөг байхад, АНУ-д олон хүн ажиллуулж болно, гэхдээ мөнгөө босгохдоо СЕХ-ныхоо дэргэд данс нээгээд тэр дансандаа 1-8 жилийн турш ил тод хөрөнгө цуглуулж босгож болно гэсэн хууль бий. Гэтэл манай улсад юун улс туслах, юун мөнгө босгох цаг өгөх битгий хэл сурталчилгааны цагийг нь хүртэл яаж хасахав гэдэг л хуулийг боловсруулж байх.
 
Энэ хуулийг нөгөө л баян улстөрчид, нөгөө л улс төрийн ханшийг нэмэгдүүлэх дуртай төрөөс төрсөн тэрбумтан ихтэй МАН-ын парламент, нөгөө л мөнгөгүй улстөрчдийг “бүрмөсөн шахах” удаан хугацааны бодлогын үр дүнд баталсан юм. Уг хуулийг уншиж дуусаад үнэхээр л мөнгөгүй хүн бүхэн халширч хойш суумаар санагдана. Мөн “хөлгүй” нам бүхэн өрсөлдөөнөөс татгалзмаар ч юм шиг, ер нь цаашдаа мөнгөгүй бол улс төрөөс бүр гармаар хэмжээнд ой гутна.
Гэвч бид хэдий болтол МАН-ын зохиосон схемээр ардчиллаа булшлах гэж уралдах юм бэ? Анхнаасаа л бусдаас илүү хур хөрөнгөтэйгээр гараагаа эхэлсэн МАН-ыг дуурайж АН яаж балраад байна? 
МАН-ын 60 тэрбумын схем гармагц, Ардчилсан Нам шал өөр цоо шинэ схем санал болгож ардчиллаа аврах ёстой байтал МАН-ыг дуурайн мөнгөөр уралдаан зарлаж 100 саяын дэнчин буй болгосон. МАН-тай адилхан сонгуульд мөнгөөр хөдөлдөг арми бүтээсэн. МАН-ын ухуулагч 300 мянгыг авч байхад АН-ын ухуулагч 100 мянгыг авдаг болсон. Хэдийгээр ханш нь ийм зөрүүтэй ч чанар нь яг адилхан—мөнгөөр ажилладаг сүлжээг бий болгов. 
Энэ сүлжээний атаманууд дунд шатанд оршино.
 
Монгол орон даяар хэрэн сүлжсэн хоёр ийм том сүлжээ үүсээд яг одоогоор МАН-ын сүлжээ нь төрийн албанд ноёрхож буй. МАН бол ил тод дэнчин тавьдаггүй, нэр дэвшигчдийнхээ заримаас мөнгө авдаггүй хэрнээ, төрөөс яаж “шархаа нөхөх”-ийг нь маш “аятайхан” зохицуулж өгөөд мөнгөтэй хэсгээс нь бөөн бөөнөөр хандив авдаг “төрийг шимэгчлэгч” болж хувирсан амьтан юм.
 
МАН-ын сүлжээнд орсон бол хоолны талон, нүүрсний мөнгөөр тасрахгүй, халамж анхаарал дутахгүй, яаж ийгээд ажилтай орлоготой болдог гэсэн ойлголт доогуураа байх бөгөөд, дунд шатандаа төрийн өмчийн үйлдвэрийн газруудад шигдэх, лиценз зөвшөөрөл, тендэр саадгүй байх гэдэг хэлбэрээр үргэлжилнэ. Хамгийн дээд шатандаа өнөөх л уул уурхай, газар, лиценз гээд түмний нүдэн дээр цадигаа алдан Зайсан толгойг хэмлэх ажлаар илэрдэг билээ.
Харин АН-ын сүлжээ МАН шиг төрд шигдэж хараахан чадаагүй байгаа. Гэхдээ тэд нэг удаагийн сонгуулийн олзыг хүлээн суух сорогч төрхийг нэгэнт олоод буй. Саяхан би Ардчилсан намын даргын сонгуульд өрсөлдлөө. Мөнгөний сүлжээгээ бат хадгалсан бүтэц нь мөнгөтэй нэр дэвшигчдийн талд хатуу ажиллахыг харав. Аймгаараа, сумаараа цаасаар санал өгөхийг дэмжиж, тэр дундаа хамгийн их мөнгөө харамгүй тараасан Цогтгэрэл нэр дэвшигчийг үг дуугүй сонгон явуулж байв. Нэг талдаа энэ нь саналаа сайхан нэгтгэж чаддаг “багийн тоглолт” мэт байвч нөгөө талдаа зүгээр л мөнгөний дарангуйлалд орсон бүлэг хүмүүст үнэ цэнтэй юм үлддэггүй юм биш үү гэж халагламаар дүр төрх.
 
АВЛИГЫН ГИНЖИЙГ ХЭН ТАСЛАХ ВЭ?
 
Сонгууль хийхээс эхлээд л нэхээс нь эхэлдэг авлигын торон гинжийг тэгээд хэн таслах вэ. Хэрэв улс төрд их мөнгөний “нээнтэг” орж ирэхгүй бол улстөрчид авлигыг зогсооно гэж найдах сан. Тэгтэл хуулиараа, сонгуулийн хууль болгоноороо улстөрчдийг мөнгөний өмнө сөхрүүлэх тогтолцоо бөх бат оршсоор байна.
Хэрэв сонгуулийн зардлын хамгийн том хэсэг болох сонгуулийн ажилтнуудыг сайн дурынхнаас бүрдүүлж чаддаг бол энэ дарамтаас улстөрчид гарах билээ. Монголын ардчиллын түүхэнд ийм сонгууль 1990, 1992, 1996 онд болж байжээ.
Миний бие 1992 оны сонгуульд Хөвсгөл аймагт нэр дэвшиж байсан Чулууны Дүүжий хэмээх нэр дэвшигчийн менежерээр анх ажиллаж ардчилсан сонгуулийн сайн дурын ажилтан болж байсан юм. Дүүжий гуайг Хөвсгөлд 33 хувийн санал автал нь сурталчилгаа хийж явахдаа нэг ч төгрөгийг нэр дэвшигчээс авч байгаагүй бөгөөд өөрөө унааныхаа зардлыг гаргаад хөдөө гадаагүй явдаг байж билээ. Энэ л сурсан зангаараа өдий болтол явагдсан бүх сонгуульд би сайн дурын ажилтан байж иржээ. Өөрийн нэр дэвшсэн 4 сонгуулийн хасаад бусад бүх сонгуульд намаасаа нэр дэвшигчийг дэмжиж үнэ төлбөргүй ажилласаар ирэв.
 
Ерөнхийлөгч Х.Баттулгын сонгуульд өөрийн унаагаар, өөрийн зардлаа гарган аймгуудаар тойрсон бөгөөд бас ч үгүй хадгаламжиндаа байсан бүх мөнгөө түүний сонгуульд нэмж хандивлаж билээ. Сайн дураар ажилласан бүх сонгуулийн дараа би ардчилалдаа хувь нэмэр оруулсан иргэний хувьд омог бардам үлдэж байв.
 
Харин мөнгөөр сонгуульд ажиллах гэдэг 2000 оны сонгуулиас хойш гарч ирсэн үзэгдэл юм. Анх удаа 2000 онд УИХ-ын 46-р тойрогт нэр дэвшихээр аймагтаа очтол манай аймгийн намын хорооны тэргүүлэгчид ихэд сонин болсон байж билээ. Тэд аймгийнхаа намын “хөлийг” надад ажиллуулахгүй гэж шийдвэр гаргасан байв. Учир нь би сонгуульдаа бараг мөнгөгүй очиж байсан юм. Миний сонгуулийн бүх зардал 2 сая төгрөгт багтаж байсан нь нэг ширхэг пургоноор тойрогтоо 45 хоног ажиллах, мотор ажиллуулах, хэдэн сонин, ухуулах хуудас хэвлүүлэх зардал л байв. Аймгийн намын гишүүдийн гар дээр тавих мөнгө байсангүй. Ийм л учраас аймгийн МҮАН-ын тэргүүлэгчид хуралдаж шийдвэр гарган “төвөөс нэр дэвшиж ирсэн Ц.Оюунгэрэлд намаараа ажиллахгүй” гэсэн зарчмын шийдвэр гаргасан байж билээ. Би ч уг шийдвэрийг уужуу тайван хүлээн авснаа дарга Батсуурь агсанд мэдэгдээд, сонгуулийн сурталчилгааны үеэр намаа муулахгүй, намдаа гомдохгүй, унавал өөрөө унаж босвол өөрөө босьё гэж хэлээд замд гарсан билээ.
Тухайн үед аймгийнхаа дарга нарын шийдвэрийг зөрчин байж сумаараа надад сайн дураар ажиллаж байсан намын гишүүд бий. Гэхдээ мэдээж ихэнх нь аймгийн дарга нараа дагав. Аймгийн намын “хөл” зохион байгуулалттайгаар надаас бусад гурван нэр дэвшигчийг дэмжсэн юм. Тэд гурвуулаа УИХ-ын гишүүд байлаа. Гэвч сонгуулийн дүн гарахад тэдгээр гурван гишүүний нийлээд авсан нийт саналын хувь миний авсан саналын дүнгийн тал шиг байж билээ. Ингээд би ялагдсан ч гэсэн мөнгөгүй улс төрөө цаашид олон жил үргэлжлүүлэх урам зориг орж байсан юм.
 
Өнөөдөр Ардчилсан намд маань үүсээд байгаа “настр” надад маш танил байна. Тэд мөнгөгүй хүн ирчихвий гэж ихэд эмээж байгаа нь олон зүйл дээр харагдана. Намайг давшилж байгаа, доромжилж байгаа хүмүүсийн манлайд мөнгөтэй хүнийг талархан дэмжигч АН-ын ахмадууд маань явж байгаа нь бүр ч танил үзэгдэл. Багануур дүүрэгт дэвшихээр явж байсан 2012 оны сонгуулийн нэгэн таагүй уулзалт ч санаанд тодхон. 
Тэр өдөр Багануурын намын хорооны тэргүүлэгчид уулзалтын ширээ тойрон дүнхийтэл сууцгааж байв. Тэд мэдээж төлж дийлэмгүй их мөнгийг надаас нэхэж байлаа. Би өгье гэвч мөнгөгүй, босгоё гэвч хугацаагүй болсон байлаа. Дүнсгэр эрчүүдийн өөдөөс үг дуугүй суух тэр мөчид надад энэхүү гунигт байдлыг эргүүлэх хошин санаа орж ирэв.
“Та нарын дотор мэс засалч байна уу” гэж би асуулаа.
“Байхгүй, яасан бэ” гэж нэг нь дуугарав.
“Байхгүй бол гаднаас нэг таньдаг эмчээ дуудчихгүй юу. Би та нарын өмнө энэ ширээн дээр хэвтэж байгаад хагалуулья. Миний өрөөсөн бөөрийг аваад зарчих, би зөвшөөрч байна” гэж би царайгаа хувиргахгүйг хичээн хэллээ.
“За юу гэж таны бөөрийг авч байхав дээ” гэж өөр нэг нь дуугарав.
“Та нарын нэхээд байгаа мөнгө л бүтэж байвал би бөөргүй байсан ч яах вэ, ав ав” гэж би гөжүүдэллээ.
Залуус тал талаас “за бид арай ч иймдээ тулсан хүмүүс биш ээ” гэж дуугарцгааж байна. 
Би доош харав. Үнэндээ намд өгөх мөнгөгүй, намын дунд шатныхны тооцсон ханшаар ажиллаж чадахгүй байна гэдэг ийм л аргагүй байдалд намайг оруулж байгаа тул би өөр юугаа өгөх билээ. Гэнэт хурлыг удирдаж, багийнхныгаа дагуулан орж ирсэн дүүргийн намын хорооны дарга, “За больё, ингэж ярьж байхаа орхиё. Бид танд сайн дураар ажиллая. Мөнгийг март” гэж хэлдэг юм байна.
Миний нулимс цуварч өөрийн эрхгүй уйлчихав. Мөнгө нэхэж байсан залуус нэг нэгээрээ гар бариад өрөөнөөс гарч алга болов. Би мөнгийг дийлсэн байлаа. Үгүй ээ, тэд мөнгийг дийлсэн байв!!!
Би авлигач болохгүй гэсэндээ бөөрөө өгье гэсэн. Тэд бөөр авахгүй гэсэндээ мөнгөнөөс татгалзав. Хамтдаа бид авлигалгүй улс төрийг хийсэн юм.
Авлигын гинжийг таслая гэвэл яг л энэ шатанд эхэлж таслах ёстой юм. Сонгуульд тань үнэ төлбөргүй ажиллая гэдэг үгнээс л тэр гинж тасарч эхэлдэг.
 
ЖИНХЭНЭ ЧӨЛӨӨЛӨГЧИД
 
Өнөөдөр би Монголын түүхэнд анх удаа асар их зориг гарган өөрөө ч барахгүй их юманд санаархаж буй эмэгтэй болоод байна. Намайг олон хүн “чи тэр жорлонгоо л ярь” гэж байранд нь тавихыг оролдож буй. Гэхдээ ойрын хорин жил Монголд байгаагүй цоо шинэ салхи үлээж байгаа учраас би амбицаа нууж чадахгүйд хүрээд байгаа юм. 
Тэр салхи бол чөлөөлөх салхи! Монголын улс төрийг мөнгөнөөс чөлөөлөх их салхи салхилж буйг би мэдэрч байна. Тэр салхийг шинэ үеийн залуус авчирч байгаа нь хэчнээн гайхалтай.
“Эгч ээ, та битгий бууж өгөөрэй, би таны сонгуульд үнэ төлбөргүй ажиллана” – ийм мессэж надад хэдэн зуугаараа ирж байна. Хэдэн мянгаараа ирэх гэж байгаагийн эхлэл гэдгийг би өдөр тутам мэдэрч байгаа. 
Ийм цэнгэг салхи хэзээ салхиллаа байз? Улс төрд ороод 30 жил болохдоо анхны ардчилсан сонгуулиудын үеэр л салхилж байсан тэр цэвэр агаарыг би өнөөдөр амьсгалж байна.
Сайн дурынхан! Идэвхтэй иргэд! Ухамсартай сонгогч! Иргэний боловсролтой хүмүүс! 
Чухам ийм иргэдтэй болсон орон л ардчилсан гэж гайхуулдаг бус уу. Ийм сайн дурынхан олон болж намуудын мөнгөний сүлжээг эвдэлцэж өгч байж л авлигын гинж тасрах бус уу!
 
Энэхүү салхийг би нэгдүгээр сараас хойш мэдэрч байгаа. Ийм ч учраас Ардчилсан намын даргад саяхан өрсөлдөхдөө улс төрийн өртгийг эрс бууруулна гэж амлаж байсан. Амлалтандаа хүрэхийн тулд заавал дарга байх ч албагүй юм. Ердөө л өөрийнхөө оролцож буй, өрсөлдөж буй сонгууль бүрээрээ өртөг бууруулахыг би хичээх ёстой гэж сананам.
 
Өмнөх 20 жилд сонгуулийн өртгийг бууруулья гэсэн ч сайн дурынхан олноороо төрөн гардаггүй байлаа. Харин ч 1990-ээд онд сайн дурынхны арми байсан манай нам дотор өнөөдөр жинхэнэ сайн дурынхан нь цөөнх болжээ. Сайн дурынхны хомсдолд орсон жилүүд буюу 2000-2020 оны сонгуулиуд нь авлигын сүлжээг дэлгэрүүлэхэд онцгой үүрэгтэй байснаараа түүхэнд үлдэх биз ээ.
Энэ жилийн сонгууль урьд өмнө байгаагүй хатуу хуулийн дор явагдах нь. 
Нэр дэвшигчид мөнгө босгох хугацаа байхгүй, сурталчилгааг тайван хийх хугацаа байхгүй, хэдхэн хоногт зохион байгуулах боломжгүй тийм олон тооны ажилтан ажиллуулах ёстой. Хууль хатуурах тусам мөнгөгүй нэг нь холдож, зүрх нь халширна гэж бодож байгаа бол том эндүүрэл. 
Харин ч хууль ингэж ардчиллыг боох тусам, мөнгөгүй хүнийг боомилох тусам би илүү чанга хашгирмаар байна. Сайн дурынхныг уриалан дуудаж хашгирмаар байна. Ардчилал гэж юу байдгийг үзүүлмээр байна. Авлигад цаашаа далд ор гэж хэлмээр байна!
Учир нь монголын ардчилал цаашид маш олон жил тогтвортой үргэлжлэх ёстой. Сонгууль болгоноор улсаа, хотоо, уулаа зардагийг зогсооцгооё! Сонгуулиа зүгээр л хямд өртгөөр хийхэд олуулаа хувь нэмэр оруулцгаая гэж хэлмээр байна. Үүнд бэлэн байгаа залуу үеийнхэндээ баярлалаа!
 
Ц.Оюунгэрэл.
2021 оны 4 дүгээр сарын 10.