sonin.mn
УДБЭТ-ын балетын гоцлооч, Монгол Улсын Гавьяат жүжигчин Б.САРУУЛТАЙ ярилцлаа.
 
-Өнгөрсөн ч гэсэн танд Дэлхийн театрын өдрийн мэнд хүргэе. Хэрвээ дэлхий нийтийг хамарсан цар тахал манай улсад дэгдээгүй байсан бол та өдийд тайзан дээрээ хэний, ямар бүтээлийн сургуулилалтыг хийж байх байсан бол?
 
-Баярлалаа. Манай театр тоглолтын хөтөлбөрөө жилээр нь гаргадаг. Хэрвээ дэлхий нийтийг хамарсан цар тахал гараагүй байсан бол өдийд тоглолтдоо бэлтгэж байх байсан болов уу. Тоглолтын хөтөлбөрөөр энэ үед “Ромео Жульетта”-г үзэгчдэдээ толилуулах бөгөөд миний хувьд Жульеттагийн дүрд тоглох байсан.
 
-Тайз, үзэгчдийн алга ташилтыг үгүйлж байна уу?
 
-Тэгэлгүй яах вэ. Тайз, үзэгчдийн алга ташилтыг санаж байна. Магадгүй тийм болоод ч тэр үү бэлтгэл сургуулилалт хийж байсан бичлэгүүдээ ухрааж үзэж сууна.
 
-Театр, үзэгч, тайзаа үгүйлсэн олон улсын балетын жүжигчид боломжит газрууддаа бэлтгэлээ хийж байна. Таны хувьд формоо алдахгүйн тулд хэрхэн хичээж байна вэ?
 
-Манай балетын ангийнхан онлайнаар дасгал сургуулилалтаа хийж байна. Сандал, цонхны тавцан гээд түшиж болох зүйлсийг ашиглан бэлтгэлээ хийж байгаа юм.
 
 
-Олон жил хичээллэж, ажилласан балетаасаа цар тахлын улмаас хөндийрөхөд ямар мэдрэмж төрсөн бэ?
 
-Тайзнаасаа анх удаа олон сараар холдож байна. Миний хувьд бие давхар байхдаа ч одоогийнх шиг тайзнаасаа хол байгаагүй. Нэг талаараа гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөөх цаг маш их гарч байгаа ч гэсэн театраасаа хол байхад тайзан дээрээ гарахыг хүсдэг юм байна.
 
-Энгийн үед танд гэртээ, гэр бүлийнхэндээ зарцуулах цаг хомс байдаг болов уу. Харин энэ үед тэдэнтэйгээ цаг хугацааг үр дүнтэй, хөгжилтэйгөөр өнгөрүүлж байна уу?
 
-Тийм шүү. Энгийн үед бидэнд чөлөөт цаг бага гардаг. Гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлэх цаг хомс байдаг. Учир нь, бидний тоглолт долоо хоногийн бямба, ням гарагт таардаг юм. Цар тахлын үеийн авууштай зүйл нь гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрүүлж байна. Манай охин өнгөрсөн жил нэгдүгээр ангид орсон. Одоо бол бид хоёр хичээлээ хамтдаа хийж, давтаж байна. Би бараг л бага ангийн багш шиг болсон шүү.
 
-Хувь хүний хөгжлийн хувьд сурч эсвэл хичээллэж байгаа зүйл бий юү?
 
-Цар тахлын үед Дуурь, бүжгийн эрдмийн театрынхан маань бүгдээрээ онлайнаар монгол бичиг сурч байгаа.
 
-Та их ажлын хажуугаар бяцхан бүжигчдэд балетын хичээл заадаг. Тэдэнд сонгодог урлаг, балетын мэдрэмжийг ойлгуулахын тулд юу гэж зөвлөдөг вэ?
 
-Би бяцхан бүжигчид гэхээсээ илүү өсвөр насныхан, насанд хүрэгчдэд балетын хичээл заадаг. Тэдэнд хичээл заахдаа зөв тэгш бие галбиртай болоход анхаардаг юм. Өсвөр насныхан балетаар хичээллэхэд биед нь маш их өөрчлөлт гардаг. Дасгал хөдөлгөөн хийснээр аль булчин нь илүү хөгжиж байгааг тэд сайн мэдэрдэг.
 
-Манайхан “төрмөл бүжигчин” гэж ярьдаг. Таны бодлоор төрмөл бүжигчин гэж ямар хүнийг хэлэх вэ?
 
-Балетын урлагт байгалиас заяасан өгөгдөлтэй байх маш чухал. Тийм өгөгдлийг яаж ухаан зарж авч явах нь тухайн хүнээс ихээхэн шалтгаалдаг. Авьяастай ч тааруухан бүжигчин байх тохиолдол ч бий. Тиймээс байгалиас заяасан өгөгдлөө ухаан зарж авч явж байгаа хүнийг л төрмөл бүжигчин гэж хэлнэ дээ.
 
-Балетын урлаг хатуу. Бусад салбарынхныг бодоход мэргэжлээрээ ажиллах хугацаа бага. Тиймээс балетын жүжигчид эртнээс дараагийн алхмынхаа талаар боддог. Харин та хувьдаа хэрхэн төлөвлөж байгаа вэ?
 
-Балет залуу насны урлаг, тайз бол маш хатуу зүйл байдаг. Тиймээс балетын жүжигчид тэтгэвэртээ эрт гардаг. Миний хувьд тэтгэвэртээ гараад өөр зүйлд авьяас чадвараа сорино гэж боддог байсан. Харин сүүлийн жилүүдэд өөрийн сурч мэдсэн зүйлсээ залуу уран бүтээлчдэдээ хүргэж, туршлагаасаа хуваалцахыг хүсдэг болсон. Тиймээс багшлахын тулд цаашдаа сурах төлөвлөгөөтэй байна.
 
-Олон орноор аялах ч юм уу, гаднын оронд мэргэжлээ дээшлүүлнэ гэж боддог уу?
 
-Өөртөө цаг гаргаж, олон орноор аялахыг хүсдэг.
 
-Хэний, ямар бүтээлийн дүрийг тултал нь тоглож үзүүлнэ гэж боддог вэ?
 
-Дуурь, бүжгийн эрдмийн театр өмнө нь “Ла Баядере” балетыг үзэгчдэд толилуулдаг байсан. Хэрвээ энэхүү балетыг дахин тайзнаа амилуулбал Никиягийн дүрд тоглохыг хүсэж байна.
 
-Хүн болсон хойно амьдралд хэцүү зүйл тохиолдоно. Бухимдана, уйлна, гомдоно. Ийм үед тайзан дээр гарахдаа сэтгэл зүйтэйгээ хэрхэн ажилладаг вэ?
 
-Тайзан дээр гарахад бүжигчин хүний сэтгэл зүй их чухал байдаг. Надад ямар хэцүү байгааг үзэгчид мэдэх ёсгүй.
 
 
 
Зөвхөн дүрдээ анхаарлаа хандуулж, хөшигний ард бүгдийг орхиод тайзан дээрээ гарах ёстой. Ялангуяа гоцлол бүжигчний сэтгэл зүй хүнд байдаг.
 
 
 
Тиймээс тайзан дээр гарахын өмнө өөртэйгөө л сайн ажиллах шаардлагатай болдог юм.
 
-Тайзан дээр алдаа гаргаснаа бүжигчин бүр яриад байдаггүй. Харин танд тийм зүйл тохиолдож байв уу. Амаргүй давааг хэрхэн давсан бэ?
 
-Тайзан дээр алдаа гаргадаггүй бүжигчин гэж байддаггүй байх. Миний хувьд ч гэсэн алдаа гаргаж байсан. Ялангуяа тайзан дээр унах хамгийн хүнд байдаг. Би “Хунт нуур” балетын хар хунгийн дүрд тоглож байгаад энгийн зүйл дээр алдаа гаргаад уначихсан. Тэр үед гэнэтийн цочролд орж, цаашаа хэрхэн бүжиглэснээ санадаггүй юм.
 
-Бүжгийн урлаг үнэхээр баялаг. Сонгодгоос гадна олон төрөлтэй. Цаашид нео классик, модерн төрлөөр бүжиглэх бодол бий юү?
 
-Миний хувьд сонгодгоос гадна цаашдаа модерн төрлөөр бүжиглэнэ гэж боддог. Би “Номадик балет” продакшны тоглолтод оролцохдоо хип хоп бүжиг бүжиглэж байсан. Тэр үед хип хоп бүжиг надад маш их таалагдсан. Ер нь бүжигчин хүн бүх төрлөөр бүжиглэж чаддаг байх ёстой гэж боддог.
 
 
Түүний тухай товчхон:
 
УДБЭТ-ын балетын тэргүүн гоцлооч Б.Саруул 2000-2007 онд Хөгжим бүжгийн коллежийг балетын бүжигчин мэргэжлээр төгссөн.
2005 оноос УДБЭТ-ын балетын жүжигчнээр ажиллаж эхлээд 2007 оноос балетын тэргүүн гоцлол бүжигчнээр ажиллаж байна.
 
Бүтээсэн дүрүүд:
 
П.И.Чайковскийн “Хунт нуур” балетын Одетта, Оделлия
П.И.Чайковскийн “Щелкунчик” балетын Маша, Испани
П.И.Чайковскийн “Нойрсож буй гүнж” балетын Аврора, Сирень дагина
П.И.Чайковскийн “Франчиска да Римини” балетын Франческа
А.Аданы “Жизель” балетын Жизель, Мирта
А.Аданы “Корсар” балетын па-де-де
Л.Минкусын “Дон Кихот” балетын Китри
Л.Минкусын “Пахита” балетын гоцлол
А.Хачатуряны “Спартак” балетын Фригия, Эгина
Р.Щедриний “Кармен-сюит” балетын Кармен
Л.Делибийн “Цэнхэр нүдэн бүсгүй” балетын Сванильда
Ф.Шопены “Шопениана” балетын 7, 11 дүгээр вальс Ноктюрн
Б.Асафьевын “Бахчисарайн оргилолт булаг” балетын Мария
З.Хангалын “Эрдэнэсийн охид” балетын Мөнгөн дагина
Ж.Чулууны “Уран хас” балетын Хандармаа
Ж.Мэнд-Амарын “Үйлийн гурван толгой” балетын Нансалмаа
Э.Чойдогийн “Чойжид дагина” балетын Чойжид дагина
А.Батдэлгэрийн “Тэнгэрийн ташуур” балетын Илдико
Х.Алтангэрэл “Төгсгөлгүй” танго балетын Сүндэр зэрэг дэлхийн сонгодог болон үндэсний балетын жүжгүүдэд гол болон туслах дүрийг мэргэжлийн өндөр түвшинд бүтээж, үзэгч түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлч юм.
 
 
Б.Сийлэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин