sonin.mn
Төрийн өмчийн их сургуулиуд хамтран ажиллахаар болсонтой холбогдуулан СУИС-ийн захирал, доктор Э.СОНИНТОГОСТОЙ ярилцлаа.
 
-АШУҮИС, МУИС, ХААИС, МУБИС, ШУТИС, СУИС гэсэн төрийн өмчийн зургаан сургууль хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан нь анхны тохиолдол боллоо. Энэ нь ямар ач холбогдолтой санамж бичиг юм бэ. Уншигчдад мэдээлэл хүргэх үүднээс та асуултад хариулж өгнө үү?
 
-Ер нь сүүлийн жилүүдэд Mонголын их, дээд сургуулиуд өмчийн хэлбэр харгалзахгүйгээр зогсолтгүй урагшилж, хөгжлийн гарц, чиглэлээ шинэчилж байна. Гэхдээ олон улсын их сургуулиудтай харьцуулахад бидэнд хурд, чадавх, орчин, санхүүжилттэй холбоотой асуудал бий юү гэвэл бий, шалтгаан ч байгаа. Тийм учраас их сургуулиудын хөгжлийг оновчтой чиглэлд тогтвортой байлгахын тулд ийм хамтын ажиллагаа зайлшгүй байлаа. Бидний хувьд энэхүү санамж бичгийг чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа. Өөр өөрийн онцлогтой зургаан их сургууль хамтарснаар сургалтын чанар, хүртээмж дээшлэх, багш, оюутны хөгжилд чиглэсэн томоохон нэгдсэн бодлогын ажлуудыг хэрэгжүүлэх, эрчимжүүлэх эрдэм шинжилгээ, судалгаа гүнзгийрэх, сургалтын хөтөлбөрүүд хүлээн зөвшөөрөгдөх, судалгааны ажлыг эргэлтэд оруулах, хамтарсан гарааны компани байгуулах гэх мэт их сургуулийн хөгжилд чиглэсэн бодит, үр дүнтэй 38 ажлын хүрээнд хамтрахаар төлөвлөсөн. Ер нь их сургуулиуд өмнө нь хамтарч ажиллаж байсан туршлага бол бидэнд бий. Жишээ нь, бид ШУТИС-тай хамтарч “Unicul­ture” удирдлагын мэдээллийн системийг нэвтрүүлэх ажлыг 2012 оноос эхлүүлээд жил бүр хөгжүүлээд явж байна. Хамтын ажиллагааны хүрээнд СУИС-ийн багш нар ШУТИС-ийн багш, оюутнуудад соёл, урлагийн боловсрол олгох богино хугацааны сургалтуудыг зохион байгуулж, бид ШУТИС-ийн “Нээлттэй боловсрол”-ын төвөөс зохион байгуулдаг багшийн хөгжилд чиглэсэн сургалтуудад багш нараа идэвхтэй хамруулдаг. Мөн соёл, олон нийтэд чиглэсэн олон арга хэмжээнд бусад их, дээд сургуулиудтай СУИС хамтран ажиллаж ирсэн. Эрдэм шинжилгээний хурал, хамтарсан төсөл хөтөлбөрүүдээс гадна олон улсын зарим төсөл хөтөлбөр дээр идэвхтэй хамтран ажиллаж, тодорхой үр дүнд хүрч байгаа. Санамж бичгийн хүрээнд хамтын ажиллагааны дараагийн шинэ түвшинд хүрнэ гэж үзэж байна.
 
-Дээрх сургуулиудыг нэгдэхээр боллоо гэж зарим хүн ойлгосон байсан. Ер нь хамтран ажиллахыг хэрхэн ойлгох ёстой вэ?
 
-Олон улсын сайн туршлага бол их, дээд сургуулиуд шууд нэгдэх гэхээсээ илүү өөрийн сургуулийнхаа академик эрх чөлөө, уламжлал, үнэт зүйл, сургуулиудын ялгаатай байдлаа хадгалж, давуу тал, сул талаа нөхөх зарчмаар хамтран хөгжих зорилгоор хамтарсан холбоо, консорциум хэлбэрээр хөгжихийг чухалчлах болсон. Энэ чиглэл рүү л явж байна гэсэн үг.
 
-Сургуулиудын хөтөлбөрийн давхцалыг арилгах нь үндсэн зорилго гэж ойлгосон. СУИС-ийн хувьд бусад зургаан сургуультай давхцал хэр байдаг юм бэ. Танай сургуультай ижил мэргэжлээр оюутан бэлтгэдэг хэчнээн сургууль байна вэ?
 
-Хамтарч байгаа зургаан сургуулийн түвшинд хөтөлбөрийн давхардлыг арилгах зорилго бий. Эдгээр сургууль хөдөлмөрийн зах зээлд ойрын ирээдүйд эрэлт ихтэй байх мэргэжлийн хөтөлбөрийг дангаараа болон хамтарч боловсруулах, заах багшийг чадавхжуулах, шаардлагатай тохиолдолд хичээл заах, судалгаа удирдах багшийг сургуулийн харьяалал харгалзахгүй урьж ажиллуулах боломж бололцоо нээгдэж байна гэж ойлгож болно. 2014 онд мэргэжлээс хөтөлбөрт шилжсэнээр сургалтын хөтөлбөрийн давхардал их сургуулиудын хувьд харьцангуй багассан. СУИС-ийн хувьд бакалаврын 26 хөтөлбөрөөр сургалт эрхэлж байна. Манай сургууль соёл урлагийн салбарын мэргэжилтэн бэлтгэдэг болохоор хөтөлбөрийн дийлэнх нь авьяас, ур чадвар шаарддаг. Бусад их сургуультай 3-4 хөтөлбөрүүд дээр давхардал гарч байгаа. Жишээлбэл, багш, урлагийн боловсрол хөтөлбөрөөр манайхаас гадна МУБИС бэлтгэдэг.
 
-Төрийн аливаа шийдвэр зорилтот бүлэгтээ хүрч, үр дүнгээ үзүүлж байх ёстой болов уу. Энэ үүднээс харвал оюутан, суралцагчдад ямар боломж нээгдэж байна вэ?
 
-Дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд төрийн өмчийн их, дээд сургуулиуд хөгжлийн төрөл бүрийн төсөл хөтөлбөрүүдийг санаачлан идэвхтэй ажиллаж ирсэн. Сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, багш, оюутны хөгжилд болон оюутны бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэсэн олон талт ажлуудыг хийсэн. Энэ санамж бичигт тусгасан ажлуудаас багш, оюутан, суралцагчид хамгийн их үр ашгийг шууд хүртэх болно. Тэтгэлэгт хөтөлбөр, ассистент хөтөлбөр, урамшуулалт хөтөлбөр зэрэг олон үйл ажиллагааг хэрэгжүүлж чадварлаг, шилдэг оюутнуудыг дэмжих, хөгжүүлэх нэлээд ажлыг хийхээр төлөвлөсөн. СУИС нь Монголын бусад их сургуулийн эрдэмтэн судлаачидтай хамтран сүүлийн жилүүдэд монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлийн судалгааг хийж, үр дүнг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьсан. Үүнтэй холбоотой Ерөнхийлөгчийн 149 тоот зарлиг 2020 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр гарч, бүх шатны боловсролын байгууллагууд оюутан залуусыг соён гэгээрүүлэх үүрэг хүлээж байгаа. Энэ зарлигийн хүрээнд оюутан залуусыг соён гэгээрүүлэх, монгол хүний үнэт зүйлийг төлөвшүүлэх чиглэлийн ажилд идэвх санаачилгатай ажиллана.
 
-Сургууль хооронд кредитийг хүлээн зөвшөөрөх, дундын номын сантай болох зэргээс өөрөөр ямар байдлаар хамтран ажиллах боломжтой вэ?
 
-Сүүлийн жилүүдэд сургууль бүр сургалтын орчиндоо ихээхэн анхаарч тодорхой үр дүнд хүрсэн. Сургалтын лаборатори болон номын санг зарим сургууль шинээр барьсан. Үүнийг тэгш хүртээмжтэй ашиглах боломж бүрдэж байна. Нэмж үргүй зардал гарган, ашиглалт багатай өндөр өртөгтэй шинэ лаборатори байгуулах биш одоо байгаа номын сан, лабораторийг харилцан ашиглах боломж бүрдэх юм. Ингэснээр жишээлбэл, номын санд оруулах байсан хөрөнгө оруулалтын зардлыг хэмнэж, багш нарын цалин урамшууллыг нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг шийдэх, оюутны төсөл хөтөлбөр болон бусад шаардлагатай асуудлыг шийдэхэд зарцуулах боломжтой болно. Дээд боловсролын суурь хичээлүүдийг эргэн харж, дундын хичээлүүдийг бий болгох, кредит дүйцүүлэх, сургалт мэргэжлийн үйл ажиллагаанд цахим технологи нэвтрүүлэх, холимог сургалтыг чанаржуулах, нэгдсэн мэдээллийн сантай болох, харилцан мэдлэг, мэдээлэл солилцох зэргээр хамтран ажиллах олон боломж нээгдэж байгаа юм.
 
-Тэгэхээр хамран ажиллахтай холбоотойгоор сургуулиудын сургалтын хөтөлбөрт өөрчлөлт орно гэсэн үг үү?
 
-Санамж бичгийн төлөвлөсөн зүйл бүр дээр хамтарсан ажлын хэсэг байгуулах талаар захирлууд ярилцсан. Заримдаа хамтын ажиллагааны гэрээ бичгүүд гоё хавтсанд хадгалагдаад үлддэг. Энэ удаад тийм юм болохгүй. Ард нь олон багш, хүүхдийн эрх ашиг бий. Санамж бичиг байгуулсан их сургуулиудын хүрээнд хоорондоо кредит цаг, дүнгийн үнэлгээ шатлалыг хүлээн зөвшөөрөх, үзэж дүгнүүлсэн хичээлүүдийн агуулга, дүнг шилжүүлэн тооцох боломжтой болно. Энэ нь оюутнуудын аль нэг их сургуульд үзсэн хичээлийг нөгөө сургуульд хүлээн зөвшөөрүүлэх аргачлал, үнэлгээ бий болгох тухай ойлголт юм. Мөн эдгээр сургуулийн оюутнууд өөр хоорондоо хичээл сонгож үзэх боломжийг нээж өгнө. Сургалтын хөтөлбөрүүдийн зарим давхардал арилахаас гадна, дээд боловсролын суурь хичээлүүдийн хувьд сургуулиудын хэмжээнд нэг хөтөлбөрөөр ижил агуулга, стандарт мэдлэгийг оюутанд хүргэх тухай гэж ойлгож болно. Үүний дараа уг хөтөлбөрийн эрэлт шаардлага, багшлах хүний нөөц, сургалтын орчин зэрэгт тулгуурлан хөтөлбөрийн харьяаллыг тодорхойлох ажил хийгдэх болов уу. Харин хөтөлбөрүүд үнэхээр ялгаатай бол ялгааг тодорхой болгоно. Бидний хувьд эхлээд БШУЯ-наас баталсан заавал үзэх ерөнхий суурь хичээлүүдийн агуулга, стандартыг сургууль тус бүр дээр ямар байгаад шинжилгээ хийх ажлыг эхлүүлж байна. Мөн сурах бичиг, гарын авлагыг нэгдсэн байдлаар хэрэглэх, шинээр бичих зэрэг ажлыг хийнэ. Эдгээр ажлыг хийхэд ойролцоогоор хоёр жил орчим болох байх гэж харж байгаа.
 
-Их сургуулиуд хамтрах шийдвэрийг хэрэгжүүлж эхлэхэд эрх зүйн орчин хангалттай байж чадаж байгаа юу, салбарын холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг шаардлага үүсэх үү?
 
-Боловсролын болон Дээд боловсролын тухай, Судалгааны их сургуулийн тухай зэрэг хуулийн өөрчлөлт, шинэчлэлтэд саналаа өгч байна. Дээд боловсролын чанар, бусад асуудлыг сайжруулах хүрээнд эдгээр хуулийн өөрчлөлт зайлшгүй шаардлагатай болох юм. Төрийн өмчийн сургуулиудын хувьд эдгээр хуульд оруулах өөрчлөлт чухал бөгөөд нэгдмэл байр суурьтайгаар саналаа бэлтгэж байна. Багш нарт тавих шаардлага, үнэлгээ, хөдөлмөрийн нөхцөл, ачаалал ялгаатайгаас гадна, эрдмийн зөвлөл, захиргаа зэрэг удирдлагын бүтэц, үүрэг, сургуулиудад харилцан адилгүй байдаг. Иймд их, дээд сургуулийн багш нарын санал, зөвлөгөө, оролцоо чухал байна.
 
-Хамтран ажиллах санамж бичгийг ажил хэрэг болгохын тулд зургаан сургуулийн дунд ажил үүргийн хуваарилалт хийсэн үү. Жишээлбэл, СУИС энэ хүрээнд ямар үүрэг хүлээж ажиллах вэ?
 
-Зургаан сургууль тус бүр өөрийн сургуулийн онцлог, туршлагаас хамаарч тодорхой ажлуудыг хариуцаж ажиллана. СУИС-ийн хувьд оюутан залуусыг соён гэгээрүүлэх чиглэлийн ажлуудыг хариуцах болно. Жишээлбэл,
 
• Оюутан залуусыг ажил мэргэжилд бэлтгэх, эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, эх оронч идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөх Засгийн газраас хэрэгжүүлэх хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тэтгэлэгтэй сургалтад өргөнөөр хамруулах,
 
• Нэрэмжит тэтгэлгүүдэд бүтээлч оюутнуудыг хамруулах, оюутны мэдлэг, ур чадварыг үнэлэх, шалгаруулах үнэлгээний системийг бий болгох,
 
• Бакалаврын түвшний ерөнхий суурь хичээлийн нэгдсэн сурах бичгийг боловсруулах, хэвлүүлж, ашиглах, нээлттэй онлайн эх материалуудыг боловсруулах,
 
• Хөдөлмөрийн зах зээлд ойрын ирээдүйд эрэлт ихтэй байх мэргэжлийн хөтөлбөрийг дангаараа болон хамтарч боловсруулах, заах багшийг чадавхжуулах, хичээл заах, судалгаа удирдах багшийг сургуулийн харьяалал харгалзахгүй урьж ажиллуулах тогтолцоог бүрдүүлэх,
 
• Шинжлэх ухаан, танин мэдэхүйн бүтээл, эрдэм шинжилгээ судалгааны ажлын үр дүнг нийтэд түгээн дэлгэрүүлэх, нийгмийг соён гэгээрүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.
 
Өнөөдрийн оюутан хэн бэ, тэд яг юуг хүсэж мөрөөдөж, юунд итгэж байна. Юу үзэж, сонсож, уншиж байна вэ, үүнийг мэдэхгүйгээр бидний бодлого, хийж буй ажил үр дүнд хүрэх үү. Ажил зөвхөн цаасан дээр үлдэх учиргүй. Энэ чиглэлээр ч байнгын судалгаа хийх шаардлага бий.
 
-Манай улсын төрийн болон хувийн сургуулиуд ижил мэргэжлээр оюутан элсүүлэх байдалд хяналтгүй гэмээр явж ирсэн. Тэгвэл дээрх сургуулиуд хамтран ажиллаж эхэлснээр энэ байдал хумигдана гэж ойлгож болох уу?
 
-Санамж бичиг байгуулсан сургуулиудын тухайд цэгцрэх байх. Дээд боловсролын байгууллагуудыг хөгжүүлэх нь том эрх ашигт нийцэх учраас энэ ажлыг эрчимжүүлж, үр дүнд хүргэх сонирхол аль аль түвшинд бий. СУИС-ийн хувьд элсэлтийн ерөнхий шалгалтаас гадна нэмэлт авьяас, ур чадварын шалгалт авдаг уламжлалтай. Одоо авч байгаа элсэлтийн ерөнхий шалгалтын тухайд асуудал нэлээд гардаг. Зөв гарцыг олоход дуу хоолойгоо нэгтгэх нь оновчтой болов уу.
 
-Цаашид зөвхөн улсын гэлтгүй хувийн сургуулиудтай ч хөтөлбөрийн давхцалтай холбоотойгоор хамтран ажиллах шаардлагатай болов уу. Энэ тухайд та ямар байр суурьтай явдаг вэ?
 
-Би ганцаараа хариулах асуулт биш байна. СУИС-ийн хувьд багшийн, оюутны хөгжлийн төлөө аль ч сургууль, байгууллагатай хамтран ажиллахад бэлэн. Бид төрийн өмчийн болон хувийн өмчийн хэд хэдэн сургуультай олон төсөл, хөтөлбөр дээр хамтран ажиллаж байна. 2018-2020 онд БШУЯ, Темасек сан, Сингапурын Политехникийн сургууль, төрийн өмчийн зургаан сургуультай хамтран ажиллаж “Үр дүнд суурилсан боловсрол” – Ахисан түвшний CDIO арга зүйг нэвтрүүлэх, түгээн дэлгэрүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлсэн. 2020 онд Европын холбооны Erasmus төслийн хүрээнд “RecoAsia” сургалтын хөтөлбөрийг харилцан хүлээн зөвшөөрөх төсөл, ОТИС, ХААИС, СЭЗИС, Дорнод их сургуультай хамтран “Ажил дээрх дадлагад суурилсан сургалтыг нэвтрүүлэх замаар төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төсөл, БШУЯ, Темасек сан, Сингапурын Политехникийн сургууль, төрийн өмчийн зургаан сургуультай хамтран “Дээд боловсролын чанарын баталгаажуулалтын тогтолцоо” төсөл зэрэг олон төсөл амжилттай хэрэгжиж байна. Санхүү эдийн засгийн их сургуультай хамтарсан “Соёл урлагийн бүтээлч үйлдвэрлэлийн менежмент” мэргэжлээр Бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөрийг хэрэг-жүүлэхээр бэлтгэл ажилдаа орсон. Бид төр, хувийн гэлтгүй дотоод, гадаадын олон төсөл хөтөлбөр дээр цаашдаа ч бусад их, дээд сургуулиудтайгаа хамтран ажиллана. Австри, герман, хятад, оросын сургуулиудтай хамтарсан хөтөлбөр дээр ажиллаж байна.
 
-Хамтран ажиллах гэрээ хэдий хугацаанд үргэлжлэх вэ?
 
-Их сургууль болгон тодорхой тооны ажлуудыг хариуцаж, зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ санамж бичгийг таван жилийн хугацаатай байгуулсан учраас өнөөдөр, маргааш шууд үр дүн гарахаас илүүтэй бодлогын шинжтэй, суурь нөхцөлийг бүрдүүлсэн ажлуудыг эхний жилүүдэд хийх болно.
 
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин