sonin.mn
Манай сонины энэ дугаарын ярилцлагын зочин бол “Amulet” брэндийг үүсгэн байгуулагч Б.Бэлгүтэй. Оны дараахан Монголын мэргэжлийн дизай­неруудын холбооны гишүүн болсон тэрбээр саяхан нэгэн сонирхолтой зураг авалт дээр ажилласан юм. Зураач Ж.Анунарантай хамтран хүргэсэн түүний коллекц тав тух, сэтгэл ханамжийг мэдрүүлнэ. Бас ганцхан удаа өмсчихөөд хав дардаг хувцаснаас ялгарч буйгаараа онцлог юм. Ингээд олон зүйлийн талаар нуршилгүй түүнтэй ярилцсанаа хүргэе.
 
-Тантай уулзах сэдлийг “Double eyes” загвар төрүүлсэн юм. Өдөр тутам болон ганцхан захыг нь солиод баяр ёслолоор өмсөх боломжтой уг загварын санаа хэрхэн төрсөн бэ?
 
-Би “хувирдаг” хувцас хийхийг хүсдэг. Захиалгын оёдолчдоос өөр байлгахыг эрмэлздэг  гэсэн үг л дээ. Шинэ загварын санаагаа олон зүйлээс эрэлхийлдэг. Тэр дундаа ном унших, кино үзэхээс гадна сонирхолтой хүмүүстэй уулзаж баялаг түүхээс нь шинэ санаа сэдэл олдог юм. Энэ бүх эрэлхийллээс л завгүй байдаг охид бүсгүйчүүддээ зориулсан уг загварыг гаргасан. Хувцасныхаа нэг хэсгийг салгаад оройны уулзалтад өмсөж болдог байхаар сэтгэсэн юм. Шинэ загвар 2-3 төрлийн захтай бөгөөд тухайн нөхцөлд тохируулан өмсөж болох нь “Double eyes” загварын онцлог. Намайг Италид сурч байхад багш маань “Худалдан авагчдыг татан оролцуулах ёстой” гэж хэлж байсан.
 
 
 
 
Дизайнер эцсийн бүтээгдэхүүнээ гаргаад орхичих бус худалдан авагчтайгаа хамтдаа түүхээ бүтээх ёстой гэдгийг ойлгосон юм. Тэгэхээр би олон төрлийн захтай хувцсыг хүмүүст санал болгож байгаа нь хамтдаа бүтээж буйн илрэл. Учир нь, ямар захыг аль үед ашиглахыг хэрэглэгч өөрөө шийднэ. Магадгүй, үүнээс шинэ санаа төрөхийг үгүйсгэхгүй. “Сониуч байгаад хамтдаа бүтээцгээе” гэсэн санааг би бүтээлээрээ дамжуулан хэлж байгаа хэрэг юм. 
 
 
 
 
-Хувцас загварын салбарт эко хандлага давамгайлах болоод багагүй хугацаа өнгөрлөө. Таны загварт энэ хандлага ямар байдлаар илэрдэг вэ?
 
-Би Монголд бакалаврын зэргээ хамгаалчихаад Итали руу явсан. Тэр үед загварын салбарын эко хандлага аль хэдийнэ эхэлчихсэн байсан. Үнэхээр хувцас загвар дэлхийг бохирдуулж байгаа салбаруудын нэг нь. Хэтэрхий хурдтай хувьсах үзэгдэлд бүтээгчид буюу дизайнерууд олноороо  гарч ирсэн. Тэдгээрээс зарж борлуулах сэтгэлгээтэй хүмүүс олширсноор хувцас загварыг ашиг олох боломжтой салбар гэж үзсэн байдаг. Миний хувьд “Amulet” брэндийн суурийг Италид байхдаа тавьсан. Энэ үедээ материал сонгохдоо хүртэл эко байхад чиглэсэн. Байгаль, хүнд ээлтэй хувцас хийе гэж бодсон юм. Үүний тулд материал нь ч гэсэн хөвөн даавуун талдаа байх ёстой гэж бодсон. Өмсөхөд хүнд тав тухыг мэдрүүлэх нь чухал шүү дээ.
 
-Брэндээ үүсгэн байгууллаа,  бүтээгдэхүүнээ гаргалаа. Гэтэл таны загварыг худалдан авах зах зээл ямар байдалтай байсан бол. Ялангуяа хэрэглэгчдийн худалдан авах чадамж?
 
-Мэдээж амаргүй, шантармаар үе байсан. Гэхдээ хийж байгаа ажилдаа хайртай болохоор шантарчихгүй байгаа байх. Мөн нэг зүйлийг ойлгосон нь загвараа гаргасныхаа дараа хүмүүст таниулах, мэдүүлэх хэрэгтэй гэдгийг ойлгосон. Өмнө нь хамаг анхаарлаа бүтээлдээ хандуулдаг байснаа мэдсэн. Тиймээс энэ зүйлд анхаарч эхэлсэн, одооноос болох юм шиг мэдрэмж төрж байна. Цаашдаа цөөн тооны чанартай загвараа гаргаад явна.
 
-Өнгөрснөөс үлдсэн сургамж, туршлага өнөөдрийн “Amulet”-ийг бүтээсэн. Мөн үүнээс та брэндийнхээ бусдаас ялгарах шинжийг тодорхойлсон байх?
 
-Орчин үеийн, минимал байдал бол “Amulet”-ийн онцлог. Мөн “хувирдаг” шинж манай брэндийг бусдаас ялгаруулна. Материалын хувьд ч Солонгос юм уу, Гуанжугаас авч ирдэг.
 
-Та гадаад зах зээлийг хэр их сонирхдог вэ. Авьяасаа сорих бодол бий юү?
 
-Яг одоо бол би энэ цагт анхаарлаа хандуулж байна. Гэхдээ гаднын зах зээлийг сонирхдоггүй гэж ойлгож болохгүй. Материалын судалгаагаа өргөжүүлээд л явж байна. Би Монголын мэргэжлийн дизайнеруудын холбоонд саяхан элссэн. Цаашдаа олон улсын загварын  шоунд оролцох боломж олдох байх. Хувь дизайнерын хувьд ирэх жилийн Францад болох шоунд оролцохоор төлөвлөсөн. Амжилттай оролцохын тулд олон талын судалгааг одооноос хийж байна. Тамирчин дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохын тулд маш их хөдөлмөрлөж, олон шалгуур  давдгийн адил дизайнер ч гэсэн төдий хэмжээний хүч хөдөлмөр зарцуулдаг.
 
-Монголын мэргэжлийн дизайнеруудын холбоонд элссэнээр танд ямар боломж бий болсон бэ?
 
-Ямар нэгэн боломж олдох гэхээс илүү намайг хурцалсан. Нэг хоног амрах ч хайран мэдрэмж төрүүлэхээр байдлыг надад бий болгосон. Урлан руугаа яарах мэдрэмж ямар сайхныг бүр илүүтэйгээр мэдэрч байна.
 
-Та Ромын Дүрслэх урлагийн дээд сургуулийг хэдэн онд төгссөн бэ?
 
-2014 онд төгссөн.
 
-Тухайн үед Италид карьераа эхлүүлэх бодол байгаагүй юу?
 
-Амаргүй шүү дээ. Дэлхийн томоохон брэндийн дадлагажигчаар ажиллахад ч бэрх. Гаднын загварын тогтолцоо манайхаас ялгаатай. Эхлэл нь маш чухал. Ямар нэгэн брэндэд дадлага хийхийн тулд хувийн сургуульд сурсан байх ёстой. Хувийн сургууль брэндүүдтэй гэрээтэй ажилладаг бөгөөд хэдэн оюутан дадлагажуулахаа тохиролцсон байдаг. Үүнээс л томоохон брэндэд ажиллах эхлэл тавигддаг. Энэ бүхнээс үүдэн Монголд ирж брэндээ эхлүүлсэн. Тэгээд ч гадаадад байхдаа гэрээ, гэр бүлийхнээ их санадаг байлаа. Тиймээс сургуулиа төгсөөд эргэлт буцалтгүйгээр эх орондоо ирсэн дээ. Хэдийгээр би дизайнер ч аз жаргалтай амьдрахыг хамгийн чухал гэж боддог. 
 
Түүний тухай товчхон:
 
•     “Amulet” брэндийг үүсгэн байгуулагч Б.Бэлгүтэй Дүрслэх урлагийн дээд сургуулийг хувцасны дизайн, зураач мэргэжлээр 2010 онд төгсчээ.
•     Тэрбээр 2014 онд Италийн Ром хотын Дүрслэх урлагийн дээд сургуульд хувцасны дизайн болон түүний тогтолцоо мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан байна.
•     Итали улсад суралцах хугацаандаа Японы хувцас загварын тэмцээнүүдэд амжилттай оролцон шагналт байруудыг эзэлж байжээ
•     2014 онд Италийн “Riccione Moda Italia” тэмцээнд өөрийн цуглуулгыг танилцуулан, дизайнерын ур чадвараа сорин хөгжүүлж байсан туршлагатай нэгэн юм.
•     Сургуулиа төгсөж ирснийхээ дараа 2015 онд Б.Бэлгүтэй GOYO брэндэд хувцасны дизайнераар ажиллахдаа “Цагаан сар”, хавар-зун, намар-өвөл цуглуулгад загваруудаа гаргаж байжээ.
•     Б.Бэлгүтэй анхны “Free bird” нэртэй хаврын цуглуулгаа 2018 онд танилцуулсан бөгөөд түүнээс хойш “Наадмын цуглуулга”, “Butterfly Effect” зуны цуглуулга, “A Winter Symphony” шинэ жилийн цуглуулга, мөн “Oversized Paper” нэртэй цамцны капсул цуглуулгаа танилцуулсан байна.
 
 
 
 
 
BEFORE SUMMER
 
Бага байхад хөрш найзуудын  маань аав Япон руу их явна. Ирэхдээ маш гоё оригами-цаасан нугалбарын ном, өнгийн цааснууд авчирдаг байлаа. Яг л гоёмсог эрээн даавуунууд шиг дөрвөлжин цааснуудаар өдөржин амьтдын дүрс, гутал цүнх, цамц, даашинзны нугалбарууд хийж суудаг байсан сайхан дурсамж сэтгэлд тод үлдсэн.
Удахгүй ирэх зун цагийн дулаан өнгө, мод, цэцэгс, шувуудыг хамтдаа цаасан нугалбараар илэрхийлэн хамтдаа сэтгэл дэх гэгээхэн дурсамжуудаа мэдрүүлэх өмнөтгөл загваруудаасаа хүргэж байна.
 
Байршил: Зураач Ж.Анунарангийн урлан
 
Удтал хүлээсэн Анунарангийн шинэхэн үзэсгэлэнгийн дараагийн бүтээлүүд төрж байгаа тэрхүү гоё орчин болон мэдрэмжийг та бүхэндээ мэдрүүлэхийг хүслээ.
 
Модел: Ж.Анунаран
Зургийг: Б.Баяржаргал
 
 
Б.Сийлэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин