sonin.mn
АН-ЫГ ХАГАЛАН БУТАРГАВ
 
Төрийн тэргүүний ээлжит сонгууль дөхөхтэй зэрэгцэн Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн хашиж буй албан тушаалыг үл тоон хувийнхаа улс төрийг идэвхжүүлээд багагүй хугацаа өнгөрсөн. Тэгвэл сүүлийн өдрүүдэд цагаандаа гарчээ гэж дүгнэж болохуйц үйлдлийг хэдэнтээ хийв. Хамгийн сүүлийн жишээ татахад тэрбээр улс төрийн хоёр гол намын хооронд яс хаясан, улмаар хагалан бутаргах хэмжээний мэдэгдлийг сошиал хуудсаараа дамжуулан хийсэн. Одоогоос даруй дөрвөн жилийн өмнө “Женко” хэмээх Х.Баттулга гэх хувь хүн улс төрийн намаас түдгэлзэн байж сонгуульд өрсөлдсөн бөгөөд ард түмний сонголтын дүнд Монгол Улсын Ерөнхийлөгч болсон юм. Тэр цаг үеэс хойш тэрбээр үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдэг байхаа илэрхийлсэн Үндсэн хуулийн үүрэгтэн болсон. Гэтэл тэрбээр хувийн эрх ашиг, шуналдаа дийлдэн байж хуулийг уландаа гишгэж байгаа нь энэ. АН-ын даргын сунгаа, дотоод сонгуультай холбоотойгоор хийсэн мэдэгдэлдээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Ийм хүнд цаг үед Монголын ардчиллын сүүлчийн цайз болох АН дотоод талцал, хуваагдлаа эцэс болгох, эрх баригчдын улс төрийн тоглоом болохоо зогсоож, эх орны ирээдүй, улс үндэстний эрх ашгийн төлөө нэгдэн нягтрах цаг иржээ” гэсэн ганцхан өгүүлбэрээр өөрийн хашиж буй төрийн өндөр албан тушаалыг үгүйсгэснээс гадна эрх баригч хүчнийг илтэд гүтгэсэн үйлдэл гаргав.
 
Өөрөөр хэлбэл, АН өдгөө хоёр дарга, хоёр тамгатай болж, хагарлынхаа ёроолд тулчихаад байгаад эрх баригч улс төрийн хүчнийг ямар ч баримт нотолгоогүйгээр буруутгасан нь Төрийн тэргүүн хуулийг үл хүндэтгэсэн үйлдэл болов. Уг нь хуулиа мэддэг бөгөөд дээдэлдэг хүнд “Шүүх эцэслэн тогтоогоогүй л бол хэнийг ч гэм буруутайд тооцож эс болно” гэдэг заалт хуульд бий. Монгол Улсын хууль дүрмийг хамгийн үнэн бөгөөд чин шударгаар төдийгүй үлгэрлэл үзүүлэн байж дагаж мөрдөх учиртай хүн нь угтаа Монгол Улсын Ерөнхийлөгч юм.
 
Энэ сэнтийд залрахдаа тэрбээр Үндсэн хууль дээр гараа тавьж байгаад ард түмнийхээ өмнө ам тангараг өргөсөн хүн. Тангаргийн гол утга нь “Монгол Улсын Ерөнхийлөгч би Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байна” гэх өгүүлбэр. Тэр өргөсөн тангарагтаа үнэнч байж чадсангүй, хоёр намын нэгд тал засаж, нөгөөг нь үгүйсгэж орхисонд харамсах хүн олон байна. АН-ын дотоод хэрүүл тэмцэлд санаа зовнихын зэрэгцээ улс төрийн өөр нэг хүчнийг буруутгаснаараа тэрбээр хэмжээлшгүй их хүсэл, шуналаа ард түмнийхээ өмнө жинхэнэ дүрээр нь дэлгээд тавьчихав. Товчхондоо, Төрийн тэргүүний албан тушаалыг хашсан дөрвөн жилийн хугацаанд АН-ын гишүүнчлэлээс татгалзаж чадаагүй тэрбээр энэ намаас дахин нэр дэвших хүсэлтэйгээ ил, далд илэрхийлсээр байгаа. Энэ удаад харин АН “амьтай” байх нь түүнд юу юунаас чухал байгааг харуулсан үйлдлийг ийнхүү хийв. Тиймээс зөвхөн энэ удаагийнх нь үйлдлээр түүнд импичмент үзүүлэх асуудлыг хөндөж болохуйц нөхцөл үүсээд байна. Төрийн тэргүүн Үндсэн хуулийг үлгэрлэн сахих учиртай болохоос үгүйсгэн, зөрчиж хэрхэвч болохгүй албан тушаалтан билээ. Гэтэл улс төрийн намын дотоод үйл ажиллагаанд хэт оролцсоноос гадна илтэд турхирсан мэдэгдлийг нийтэд түгээж байгаа нь Төрийн тэргүүний эрх, үүргээ умартсан явдал болсныг хуульчид төдийгүй олон нийт хэлж байгаа юм.
Харамсалтай нь Х.Баттулгын сүүлчийн хүсэл нь хууль зөрчөөд ч болов Төрийн тэргүүний сэнтийд дахин залрах. Ийм оролдлогыг тэр өнгөрсөн оны УИХ-ын сонгуулиас хойш хийж явсаар эцсийн мөчид хад мөргөсөн. Тодруулбал, тэрбээр АН-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Ц.Туваанаар дамжуулан АН-аас өрсөлдөгчгүйгээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг санаархсан. Улмаар АН-ын дүрэмд өөрчлөлт оруулснаар “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин сонгогдон ажиллаж байгаа иргэн дахин нэр дэвших хүсэлт гаргасан тохиолдолд намын дүрмийн 5.12.4.2-т заасан журмыг баримтлахгүйгээр намын Их хурал, ҮБХ-гоор шууд хэлэлцэн шийдвэрлэнэ” гэх заалтыг оруулуулаад бүтэлгүйтсэн. Дээрх заалтыг харвал одоо Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа гэдэг тодорхойлолтод Х.Баттулгаас өөр хүн байхгүй. Ингэж АН-ын дүрмийг өөрчлөхийг оролдсон нь ерөөсөө өрсөлдөгчгүйгээр нэр дэвшихийг санаархсан үйлдэл байсан юм. Хэрвээ дээрх заалтыг намын гишүүд нь олж мэдээгүй, Улсын Дээд шүүх бүртгэсэн бол Х.Баттулга дахин Ерөнхийлөгчөөр суухад нэг алхам ойртох байв. Тэр ингэж л төрийн өндөр сэнтийд өнөөгийн байр сууриа уландаа гишгэн байж улайрч байгаа юм. Нөгөө талаас Х.Баттулга ард түмний сонголтыг үл тоож буйн тод жишээ ч гэж хэлж болох. Их шунасан хүнд төрийн жолоог бүү атгуул гэх үгтэйг энэ ташрамд сануулахад илүүдэхгүй болов уу. Нөгөө талаас АН-ынхны өөрсдийнх нь зарлаж, дүгнэсэнчлэн өөрийгөө өрсөлдөгчгүйгээр нэр дэвшүүлэх ажлыг гардан гүйцэтгэсэн явдал нь АН яагаад хоёр хуваагдсан бэ гэх асуултыг хариулт болно.
 
Бодит байдал ийм атал АН хөл, толгойгоо алдсаны бурууг өөр намд тохохыг санаархсан нь буруугаа бусад руу чихдэг “хүүхдийн санаа” төдий байлаа. Тиймээс Ерөнхийлөгчийн хэлсэн “улс төрийн тоглоом” гэдэг үгийг өөрт нь эргүүлж хаяглах нь илүү ононо. 
 
АРД ТҮМНЭЭ ТАЛЦУУЛАВ
 
Х.Баттулга одоогоос дөрвөн жилийн өмнөх долоодугаар сарын 10-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөж, үүрэгт ажилдаа орж байв. Харамсалтай нь тэр тангараг өргөсөн өдрийнхөө маргаашнаас тангаргаа марчихсан уу гэлтэй аашилсаар өнөөдөртэй золгож байна. Өөрөөр хэлбэл, Х.Баттулга Төрийн тэргүүний хувиар ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байж чадсангүй. Худалч хүнд алхам тутамд ард түмнээ талцал хуваагдалд хүргэж байв. Энэ тухайд он цагийн дарааллаар авч үзвэл олон жишээ дурдаж болно. Хамгийн эхлээд тэрбээр албан үүргээ гүйцэтгэх хуулийн хугацаа нь дуусаагүй АТГ-ын даргыг солих асуудлыг хөндөж, бүтэн зунжин өвөлжин хуулийн салбарынхан төдийгүй ард түмнээ талцуулсан.
 
Хамгийн сүүлийн жишээ, 2020 оны сүүлчээр иргэн бүрт сая төгрөг олгох санаачилга гаргаж, олон нийтийг хэсэг үймүүлсэн. Үүний дараачаас цаазын ялыг сэргээх эсэх асуудлыг хөндөж, хэсэгтээ л маргаан мэтгэлцээн болгоод авсан. Дэлхий нийт цар тахалд өртсөн, хилээ хаасан, хөдөлгөөнөө хорьсон, эдийн засгийн хүндрэлтэй нүүр тулсан хүндхэн үед ч тэрбээр улс төрөө хийсээр байсан нь энэ.
 
Угтаа ард түмнийхээ сонголтыг хүндэтгэдэг, тэдний төлөө сэтгэлтэй Ерөнхийлөгч байсан бол асуудлыг арай өөрөөр, бодитоор харж, тооцоолж болох байв. Нөгөөтэйгүүр хориг тавих нь түүний үндсэн үүрэг гэлтэй ажиллаж ирснийг мэдэхгүй хүн цөөн болов уу. Энэ оны эхээр баталсан Шүүхийн тухай хуульд өөрийн эрх мэдлийг авч үлдэх гэсэн утга агуулга бүхий заалт оруулахаар хэсэг зүтгүүлсэн ч бүтэлгүйтсэн учраас уг хуульд хориг тавьсан. Үүнээс өмнө буюу өнгөрсөн оны арваннэгдүгээр сард баталсан 2021 оны улсын төсөвт ч мөн ээлжит хоригоо тавьсан. Энэ нь Төрийн тэргүүн болсоор түүний тавьсан 13 дахь хориг байсан юм. Ээлжит гэхийн учир нь тэрбээр УИХ-аас баталсан төсөв бүрт хориг тавьсаар ирсэн. Тухайлбал, Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс ердөө гуравхан сарын дараа буюу 2017 онд Төсвийн тухай хуульд хориг тавьж байлаа. Түүнээс хойш 2018 оны төсөвт хэсэгчлэн, 2019 оны төсөвт бүхэлд нь, 2020 оны төсвийг дагалдан баталсан зарим хуульд хэсэгчлэн, 2021 оны төсвийг бүхэлд нь хориглож ирсэн. Тухай бүрт олон нийтийн дунд томоохон хэмжээний хэлэлцүүлэг өрнөж, төсвийн хууль зөв, буруу эсэх тухайд талцан маргасаар өнөөдөртэй золгож байгаа билээ. Энэ утгаараа Х.Баттулга Төрийн тэргүүний тангаргаа сахин биелүүлж чадаагүйгээс гадна бүх цаг үеийн хамгийн их хагалан бутаргагч Ерөнхийлөгч гэх тодорхойлолтыг ард түмнээс хүртээд байна. Гэсэн хэдий ч энэ түүнд тийм чухал биш төдийгүй Монголын номер нэг эрхмийн сэнтийд залрахын тулд хуулийн болон хуулийн бус аргаар тэмцэж эхэлснийг ард түмэн харж, басхүү дүгнэж суугааг зориуд тэмдэглэе.
 
М.Өнөржаргал
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин