sonin.mn
Энэ жил цар тахлын нөхцөл байдлаас үүдэн Америкийн шилдэг их дээд сургуулиуд элсэлтийн шалгалтгүйгээр оюутнууд элсүүлсэн онцгой жил боллоо. Миний бие ч боломжийг ашиглан дахин суралцаж эхэлсэн. Ажлаа хийнэ, хажуугаар нь сурна. Бас ээж, эзэгтэйн үүргээ орхигдуулалгүй биелүүлэх хариуцлагатай бөгөөд авхаалж шаардсан ажилтай л явна. Сайн тал нь гэвэл маш дэгтэй, яг таг, нарийн зохион байгуулалттай цагийн хуваариар ажиллаж дадаж байна. Мөн цаг хором бүрийг зөв ашиглах гээд цайныхаа цагаар хүртэл ширээн дээрээ номоо дэлгээд суудаг болсон. 
 
Би амьдралыг тэр чигээрээ суралцах үйл явц гэж боддог. Гэвч энэ нь заавал сургуульд сурч, мөнгө цагаа зарцуулах шаардлагатай гэсэн үг биш юм. Гол нь алхам тутамдаа суралцагч байж, мэдлэгээ тэлж, өөрийгөө хөгжүүлж байх хэрэгтэй. Тэгж чадсанаар та бид өнөөгийн энэ хэт хурдацтай, зогсолтгүй давшин урагшлах дэлхий ертөнцтэй хөл нийлүүлэн алхах болно. Хүн мэдлэгтэй байхынхаа хэрээр өрсөлдөх чадвар сайтай байдаг гэдгийг үргэлж санаж явахад илүүдэхгүй.
 
Ертөнц гэрлийн хурдаар урагшилж байна. Хурдны зуун өрнөж байна. Аж үйлдвэр хөгжөөд суурь машин бий болгоод 500 жил өнгөрчээ. Гэтэл түүний 400 жил нь арын ганц зуун жил, бүр тэр зуугийн тал – 50 жилд ч хүрэхгүй түүх бүтээжээ. Гэрлийн хурд гэж үүнийг л хэлээд байгаа юм. Одоо тэгвэл тэр 50  жилийн хурдыг чинь ганц хоёр жилд туулчихаж болж байна. Жишээ болгож би энэ номоо хэлье л дээ.    
 
 
 
Ширээн дээр минь байгаа энэ ном 2021 оны хамгийн сүүлд гарсан эдийн засгийн сурах бичиг. Гэтэл энэ номын 2020 оны хувилбар нь хэдийн хуучирч, бидний хэрэгцээнээс гарсан байна. Бид ийм л хурдтай, хувьсан өөрчлөгдөж буй нийгэмд амьдарч байна. Өчигдрийн боломжгүй байсан зүйл өнөөдөр боломжтой болж, өчигдрийн гарцаагүй үнэн байсан зүйл өнөөдөр эргэлзэхэд хүргэн, түүх болон дэвтэрт үлдэж байна. 
Мэдлэг мэргэжил ямар хурдтай хуучирч, өөрчлөгдөж, шинийг шаардаж байгааг АНУ-д ажиллаж аж төрж байдаг монголчууд бэлхнээ харсан. Би тэдний л нэг. Би МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг дүүргээд бараг 20 жил болж байна. Хэрэв тэр 20 жилийн өмнөх диплом мэргэжлээрээ өнөөдөр зүтгэж яваа бол АНУ-д аль хэдийнэ ахмад зүтгэлтний тоонд орчихно. Дээд боловсролын диплом, гол нь олж авсан мэдлэг мэргэжил мэдээллээ ямагт сэлбэж шинэчилж, шинэ өнгө аяс, агуулга оруулж, түүнийгээ ажил бас амьдралдаа нэвтрүүлж байж л хүн урагшаа явдаг.
 
Би нутаг нэгт монгол залуустаа байнга л хэлж ярьж захиж явдаг нэг хэлц үгтэй болсон: - Үргэлж сурч мэдэхийг эрмэлзээрэй, бас мэдлэгээ үргэлж өнгөлж тордоорой гэж.
 
Мэдлэгтэй хүн өрсөлдөх чадвартайгаас гадна эрүүл мэндээ хайрлах тордох ухаантай, аж амьдралаа зөв авч явдаг, эрүүл саруул амьдарч чаддаг гэдгийг надаар хэлүүлэлтгүй манайхан мэддэг болсон байх аа.
 
 
 
Н.Болортуяа (МУИС-ийн ОУХДС-ийн төгсөгч)