sonin.mn
Нэгэн гайхалтай эрхмийг ярилцлагын зочноор урилаа. Түүнийг П.Ууганбаяр гэдэг. Тэрбээр өдгөө Шотландад ажиллаж, амьдарч буй бөгөөд түүний бичсэн “Би Монгол” номыг саяхан монгол хэлнээ хөрвүүлэн уншигчдын гарт хүргээд байгаа юм. Хамгийн сайхан мэдээ нь, тэрбээр Монгол хэмээх нэрийн олон улс дахь буруу тайлбар, ойлголтыг засахын төлөө зүрх сэтгэлээ зориулж яваа нэгэн билээ. Эгэл жирийн монгол эмэгтэй төрсөн нутаг, эх орноосоо эрдэм номд шамдахаар хилийн дээс алхсан нь түүнд шинэ ертөнцийг нээж өгсөн гэлтэй. Ингээд олон зүйлийн талаар нуршилгүй П.УУГАНБАЯРЫН дотоод ертөнц, үзэл бодлоос нь хуваалцсанаа хүргэе.
 
-Ярилцлагаа сайхан мэдээгээр эхлүүлж байгаадаа баяртай байна. Таны үүсгэн байгуулсан “Монгол тодотгол” төрийн бус байгууллагын хүсэлтийн дагуу Оксфордын толь бичгээс монгол гэдэг үгийн буруу тайлбарыг хасахаар болжээ. Олон жилийн өмнөөс зорилгоо болгосон ажил тань эхний алхмаа маш амжилттай хийж чадлаа?
 
-Баярлалаа. “Монгол тодотгол”-ыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 10 буюу Дэлхийн хүний эрхийн өдөр байгуулсан. Байгууллагын хувьд үүдээ нээгээд удаагүй ч олон жил хамтран тэмцсэн хүмүүсийн сэтгэл, итгэлээр нэгдсэн газар гэж ойлгож болно. Манай байгууллага Дэлхийн боловсролын өдөр буюу нэгдүгээр сарын 24-нд олон улсын толь бичгүүдэд монгол гэдэг үгийн тайлбарыг буруу зөрүүгээр тайлбарлаж ирсэн 1860-аад оны хэллэгийг устгах зорилготой сурталчилгааны ажлаа эхлүүлээд ажиллаж байна. Оксфордын их сургуулийн энэхүү ахисан шатны сурагчдын англи хэл сурах толь бичиг нь дэлхийд олон хувиар борлуулагддаг, олон хэрэглэгчтэй. Энэхүү толиос монгол, монголойд, монголизм гэдэг үгийг хасуулж монгол гэдэг нэрийг зөвхөн Төв Азийн энгэрт байдаг Монгол Улс болон Монгол туургатан, тэдний соёл түүхийг хэлнэ гэдэг утгаа цэвэр үлдээж чадсан нь том алхам юм.
 
-Таны “Би Монгол” номыг монголчууд эх хэлээрээ унших боломжтой боллоо. Уншигчдад хамгийн түрүүнд юу гэж хэлмээр байна вэ?
 
-Энэ бол дурдатгал ном. Монгол хүмүүс орчин цагт амьдардаг болон одоогийн нийгмийн түүхийн тухай энэхүү номд өгүүлнэ. Мөн монгол гэдэг үгийн зөв болон алдаатай утга хэрхэн харшилдаж байгаа тухай, эх орон, эх хэлээ өмөөрөх сэтгэлээ бүтээлээрээ илэрхийлэхийг зорьсон. Монголын маань үг бий шүү дээ. “Зөөлөн нь хатуугаа” гэж. Хүчирхэг, хөгжилтэй гэгддэг орнуудын элит хүмүүс болон өөрсдийгөө илүү гэж үзсэн ухамсарт нөлөөлөхийн тулд надад ямар нэгэн зэмсэг хэрэг болсон. Тэдний сэтгэхүйд нөлөөлөхийн тулд, сэтгэлийн утсыг хөндөх хэрэгтэй байсан учраас би өөрийн амьдралыг ийнхүү ном болгон бичсэн юм.
 
-“Би Монгол” бүтээл танд Шотландын зохиолчдын хорооны шагнал авчирсан. Мөн хүсэл мөрөөдлөө биелүүлэх олон шинэ хаалгыг нээж өгсөн болов уу?
 
-Намайг анх ном бичиж эхлэхэд хүмүүс нэг их ойшоогоогүй. “Гадаад хэлээр бичиж байгаа, урьд өмнө нь ном бичиж байгаагүй, хэн ч биш” гэсэн хандлага байсан байх. Тухайн үед би Шотландын зохиолчдын хорооноос зохион байгуулдаг бодит амьдрал дээр тулгуурласан зохиолын уралдаанд номынхоо хэсгийг явуулсан. “Нэг хүнд ч гэсэн номоо уншуулж үзье” гэж бодсон хэрэг. Уралдааны тэргүүн байрт орно гэж ёстой зүүдлээ ч үгүй юм. Гэтэл тэр олон зохиолчоос шалгаран тэргүүн байр эзлэхдээ би өөрөө ч итгээгүй. Тэр битгий хэл шүүгчид нь ч намайг ийм монгол, ази эмэгтэй гэж бодоогүй юм шиг санагдсан. Яагаад гэвэл, эдгээр зохиолыг нууц нэрээр, зохиолчийг нь таних боломжгүйгээр хүлээж авдаг. Яг шалгараад зарлах үед л хэн гэдгийг нь мэдэхээр дугтуйнаас гаргаж нэрийг нь уншдаг. Тийм ээ, ном бичсэнээр надад олон сайхан боломж бий болсон гэж хэлж болно. Гэхдээ хүн өөрөө тэр боломжийг бий болгох ёстой юм байна гэдгийг ойлгосон. Монгол гэдэг үгнийхээ төлөө явсан сэтгэл минь цаашлаад BBC-гийн дэлхийн хамгийн олон сонсогчтой радиод баримтат нэвтрүүлэг хийх мөн Нэгдсэн Үндэстний Байгууллагад үг хэлэх завшааныг бий болгосон.
 
-Хотожсон гаднынхны хувьд нүүдэлчдийн нутгаас ирсэн таны амьдралын адал явдал тэдний хувьд сонирхолтой сэдэв байсан байх. Харин анх удаа хилийн дээс алхсан таны хувьд хүний нутаг анхандаа ямар санагдаж байсан бол?
 
-Надад маш сонин байсан. 2000 онд анх Лондонд очиж байлаа. Байх газраа олохын тулд газрын зурагтай ном харж явж, хүнээс асууж, төөрч будилж явахаас авахуулаад хоол унд, цай гээд л олон зүйл тэс өөр санагдаж байсан. Би англи хэлний багш мэргэжилтэй, Монголдоо багшилж байгаад явсан юм. Тэгээд л тэнд очоод хэл сурна гэдэг бол зөвхөн өчүүхэн хэсэг нь юм байна гэдгийг мэдсэн. Хэлнээс гадна хүний харилцаанд бичигдээгүй дүрэм, биеийн хэлэмж гээд маш олон зүйл байдгийг орчинд нь байгаагүй хүн сайн мэддэггүй юм байна гэдгийг ойлгосон.
 
-Санасныг бодоход та орос, англи хэлний мэдлэгтэй байсан нь гаднын улсад ажиллаж амьдрахад давуу тал болсон байх?
 
-Миний орос хэл бол сурах бичгийн л мэдлэг. Орос улсад амьдарч ажиллаж үзээгүй. Харин англи хэл мэддэг байсан нь их тус болсон. Гэхдээ л эхэндээ найзууд багынхаа үздэг байсан хүүхэлдэйн киног ярихад ч юм уу, улс төрийн мэтгэлцээн, маргаан энэ тэрийг радио, телевизээр үзээд ойлгодоггүй байсан. Тэгээд аажмаар сурч, дассан даа.
 
-Таны хувьд анхны зорьж очсон улс Англи байсан. Их хотын юу нь таны сэтгэлийг татаж, бас зовоосон бол?
 
-Английг их өндөр барилгуудтай гэж төсөөлсөн ч бодсоноос өөр байсан. Өндөр байшингууд байсан ч Нью-Йорк шиг өндөр биш, их эртний түүхтэй гэдгээрээ бахархдаг, дээр үеийн байшин барилгаа их хадгалж хамгаалж ирсэн хот шиг санагдсан. Ер нь их том хотод хүмүүс ганцаардах магадлалтай юм билээ. Анх очихдоо монгол хүн бараг танихгүй, нэг газар ороод л бууз, хуушуураа aваад гэрээ санасан мэдрэмжээ нөхөх боломжгүй. Тэр нь их алслагдмал юм шиг санагдуулж байсан. Oдоо ч өөрөө хоолоо хийгээд идчихнэ. Монголчуудтайгаа холбоотой, бас видеo дуудлагаар аав, ээжтэйгээ өдөр бүр яриад сайхан байна. Тэр үед ийм боломж байгаагүй юм.
 
-Мэдээж, тухайн үед эх орон, төрсөн нутгаа үгүйлсэн болов уу?
 
-Үгүйлнэ ээ. Ялангуяа баяр ёслолоор… Цагаан сар гээд л бужигнадаг байсан бол энд жирийн л нэг өдөр. Тэгсэн мөртлөө миний мэдэхгүй баяр ёслолоор хүмүүс бөөн баяр болж холхилдоход миний хувьд жирийн л нэг өдөр. Их сонирхолтой л доо, одоо бодоход. Би хөдөө морь унаж, хонь хариулж, үнээ мал сааж, тараг бүрж өссөн. Лондонд сурч байхад нэг шалгалтын асуулт нь “Чи Монголынхоо юуг санадаг вэ” гэж асууж билээ. Би “Амгалан тайван байдал, хөдөөгийн намуухан амьдралыг” гэж хариулсанд их гайхсан.
 
 
 
Үнэндээ ч тэр үед Лондоны түм түжигнэж бум бужигнасан газар хааяа дээшээ тэнгэр рүү харж хараагаа чөлөөлдөг үе байсан шүү. Одоо бол манайх Шотландын хөдөө далайн эрэг дээр амьдардаг болохоор Монголын тал нутаг шиг далай дээгүүр алсыг харах дуртай.
 
 
 
-Та бол хутагтуудын мэндэлсэн нутгаас төрсөн зохиолч. Цаст цагаан хайрхандаа сүсэглэн ажил үйлсээ даатгадаг байх?
 
-Тийм ээ, би дандаа залбирдаг. Манай гэрт найзын маань бэлэглэсэн Отгонтэнгэр хайрхны зураг бий. Бас хонь хариулж явахдаа байгаль дэлхийтэйгээ ярьж залбирдаг байсан. Одоо ч өглөө бүр сэтгэлдээ бодож залбирдаг. Хийж бүтээж яваа ажлууд маань бүтдэг нь бас ийм сайхан газар төрсөн минь учиртай гэж боддог.
 
-Таныг айлын ууган охин. Хөдөөний хүүхэд багаасаа мал маллах аргад суралцахын зэрэгцээ гэрийн ажил хийдэг. Таны хувьд эдгээрээс гадна дүү нараа харах гээд өдрийг чөлөө завгүй өнгөрүүлдэг байсан болов уу?
 
-Тийм ээ, миний нэр Ууганбаяр. Бас түүхтэй л дээ. Аав маань өгсөн юм билээ. Уг нь Гүрсэдмаа гэдэг нэрийг хөгшин аав маань ламаас авсан гэсэн. Гэвч нэг сумаас нөгөө сум руу утсаар ярьж мэдэгдэх гэсээр байтал аав минь бүртгэлийн газар хаахаас өмнө Ууганбаяр гэж нэр гэрчилгээн дээр минь бичүүлчихсэн байгаа юм. Тиймээс манай ойр дотнынхон болон найзууд маань намайг Гүүеэ гэж дууддаг.
Би хоёр дүүтэй. Том эгч болохоор дүү нараа хардаг байсан. Гэхдээ бид гурвын хоорондох зай олон жил болохоор би айлын ганц охин гэж олон жил явсан. Тэгээд охин дүү маань мэндэлж нэг нар гарч билээ. Дүүгээ маш их хайрлана даа, дэргэдээс нь салж чадахгүй хардаг байсан. Аав, ээж минь 1980-аад оны сэхээтнүүд, ажил их, гэртээ шөнөдөө л ирдэг. Ууган охин болохоор голоос усаа авна, түлээгээ хагална, хоолоо хийнэ, гэрээ цэвэрлэнэ, хичээлээ хийнэ. Өвөлдөө хашаа, гэрийнхээ цас гээд зундаа нартай уралдаж босоод л үнээ мал саадаг байсан. Манай аав ээж хоёр биднийг их сайхан хүмүүжүүлжээ. Одоо эгч дүү бид гурав хаана ч очсон амьдралаа аваад явах чадвартай хүмүүс болсон.
 
-Багаасаа номтой нөхөрлөсөн тань өнөөдрийн таныг бүтээх эхлэл болсон байх. Анх хэний ямар номтой танилцаж байв?
 
-Номоос салдаггүй байсан. Айлд очихдоо номын санг нь ухаад сонирхоод суудаг байлаа. Ээж маань монгол хэл, уран зохиолын багш хүн. Манайх номын сантай, гэрээ нүүлгэхээр манай хамгийн их нандигнаж нүүлгэдэг юм маань номнууд байсан гэхэд болно. Хамгийн эхний санаж буй номнууд үлгэрийн номнууд юм уу даа. Монгол ардын үлгэрүүд, тэгээд дараа нь орос, сүүлдээ А.Дюмагийн “Монте Кристо Гүн”, О.Цэндсүрэнгийн “Халуун салхи”, Р.Чойномын “Сүмтэй бударын чулуу” гээд л номын ертөнцөөр аялсан даа.
 
-Ном зохиолд шамдсан хүний авах нэг давуу тал нь эх хэлний мэдлэгээр баялаг болдог гэж боддог юм. Харин таны хувьд?
 
-Тэр үнэн байх. Миний номыг англиар, дараа нь монголоор уншсан хүмүүс намайг “Сэтгүүлч мэргэжилтэй юү, зохиол бичиж байсан байх” гэдэг. Уран зохиол бичих талаар бол би ямар ч сургуульд сураагүй. Монгол хэл минь ч агуу шүү дээ. “Алтны дэргэдэх гууль шарлана” гэгчээр ээжийнхээ дэргэд өссөн надад бас их нөлөөлсөн гэж боддог. Ээж маань монгол бичгээр уншиж бичдэг, бас нэгэн эрдэмтэй нагац ахынхаа буянд олон ховор номноос уншиж мэдлэг тэлсэн хүн.
 
-Та гурван хүүхдийн ээж. Тэднийхээ монгол, бичгийн боловсролд хэрхэн анхаарал хандуулж байна вэ?
 
-Тийм ээ, гурван хүүхэд маань бидэнтэй хамт. Бас нэг хүү минь бурхны оронд бий. Яагаад ч юм бэ ээж хүний хувьд би бурхан болсон хүүгээ оруулж ярих дуртай, бас хэвшсэн. Надаас төрсөн хүү шүү дээ. Манай хүүхдүүдийн монгол хэл зарим хүнийг бодоход сайн, гэхдээ зарим хүнтэй харьцуулбал сайн биш. Одоо цахимаар монгол хэлээ бага ч гэсэн үзээд сайхан байна. Анхаарлаа бас яг санасандаа хүртэл хандуулж чадахгүй байгаа. Би ажлынхаа хажуугаар “Монгол тодотгол” төрийн бус байгууллагаа ажиллуулж, номоо бичиж, хэвлэл мэдээлэлтэй харьцдаг болохоор ажил их.
 
-Монгол өв соёл, монгол ахуйн талаар мэдлэгтэй болгохын тулд ээж хүний хувьд тэдэнтэйгээ хэрхэн ажиллаж байна даа?
 
 
 
-Монголынхоо түүх болон амжилттай яваа хүмүүсийг дурдаж харуулах дуртай. Том охин маань саяхан их сургуулиа дүүргэж дизайнер болсон. Түүний хийдэг загвар болон судалгааны ажлууд нь монгол соёл, түүхийг агуулдаг.
 
 
 
Монголдоо очиж ажиллана, амьдарна гэж бас ярьдаг. Бага хоёр нь бол одоогоор төлөвшиж байгаа болохоор монгол ёс заншил, уламжлалаа хадгалсан баяр ёслолоо гэртээ тэмдэглэх, зочид гийчид ирэхээс л голдуу суралцдаг даа.
 
-“Сүү нь асгаравч хүү нь үгүй болсон эхийн монгол угсаа гарал, өв соёлоо өмөөрсөн өчил” гэж бичсэн байсан нь өөрийн эрхгүй бодолд автуулсан. Өмөөрсөн, өмөлзсөн сэтгэлээ хэрхэн тайтгаруулсныг тань зүрхэлж асууя?
 
-Бурхан болсон хүүгээ санахдаа захиа бичдэг байлаа. Тэгээд ном болгож хүүгээ мөнхлөхөөр шийдээд бас номоо бичиж эхэлсэн. Уй гашуу гэдэг хүнд даваа. Тиймээс миний хувьд амьдрал намайг сөхрүүлэхэд юм бичиж, тэрнийхээ хүчээр л босож ирсэн гэхэд бараг болно. Сэтгэлээ уудлан, хүүгээ ч мөнхөлж, Монголоо ч өмөөрсөн сэтгэлээс энэхүү ном маань төрсөн юм.
 
-Эцэст нь, гаднынхны бодлыг өөрчилсөн “Би Монгол”-оороо дэлгэцийн бүтээл хийх бодол байгаа эсэхийг тодруулмаар байна?
 
-Сайхан асуулт байна. Баярлалаа. Дэлгэцнээ харах бодол их бий. Би өөрөө нэг кино зохиол бичиж BBC рүү явуулсан нь гурван даваа давсан. Яг сүүлийн шатан дээр нь арай ороогүй. Гэхдээ анх удаагаа кино зохиол гадаад хэлээр бичиж байгаа болохоор сурах юм их бий дээ. Болгоно л гэж мөрөөдөж суугаа шүү.
 
 
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин