Нэгэн орой хаалганы маань хонхыг хэн нэг нь огцом чангаар дарж жингэнүүлж байна аа. Манай хонхыг ингэж омогтой дардаг хэн юм бол гэсэн шүү юм бодоод очоод нээвэл Дэрэнгийн дэлт Чимээ маань нүд нь жаахан сүүмийчихсэн, сүрчиг жаахан сэнгэнүүлчихсэн хаалга алдлан, хана түшисхийн орж ирээд намайг тэврэн авч “Аа төгөлдөр гэж бадарчин ах минь сайн уу” хэмээн их л элгэмсэг дотноор мэндэлснээ инээд алдан "Танай Сэлэнгэ чинь яасан ч олон Бадарчтай нутаг вэ, яасан ч олон бадарчинтай нутаг вэ. Ингэхэд та ч гэсэн хаа Ховдоос тэнэж яваа бас нэг муу бадарчин биз дээ” гээд инээж байна аа. Чимээгийн маань хадам аав Шийрэв бид хоёр оюутан цагийн нэг ангийн анд л даа. Тийм болохоор надтай аавын минь багын найз гээд их дотно элгэмсү. Ингээд манай гэр дүүрээд яриа хөөрөө эхлээд ч явчихлаа. Тэгэх нь ээ манай Сэлэнгэ аймгийн Засаг дарга И.Нямбуу алдарт хурдан хүлэг Буган халиуныхаа тухай дууны шүлэг бичүүлэхээр Дэрэнгийн дэлт хэмээн олноо алдаршсан МУСГЗ, зохиолч яруу найрагч Цэндийн Чимиддорж агсныг маань урьсан юм байж. Ирэх замдаа суудлын зөөлөн бүхээгт Сэлэнгийн Бугантын Модны мод бэлтгэлийн аж ахуйн дарга заазуур Бадарч гэж Хурц хэлэмгий янзын яриатай
Хурдан шаламгай байрын хөдөлгөөнтэй
Оюу тунгалаг нүд нь очтрон гялалзсан
Охь дарсны үнэр бага зэрэг сэнгэнэсэн
Зузаан шар эртэй зуур замдаа танилцаж
Ганзаганаас нь хуваалцаж ганц нэг татасхийн сайхан явжирж гэнэ. Бугантын Бадарч “За хө би маргааш даргатай уулзаад явна. Хоёулаа ажил цуглатал нэг буудалд хамт байж байгаад өглөө дарга дээр хамт очъё” гэж гэнэ. Ингээд хоёулаа хамт Сэлэнгэ буудалд буу халж амраад өглөө нь даргатай уулзахаар аймгийн захиргаан дээр хамт очжээ. Аймгийн дарга Нямбуу гэж Дөлгөөн сайхан зантай Дөрвөлжин бурам шиг ааштай
Дөрвөө дарсан ат шиг Дөрвөлжин цагаан эр их л баяртай хүлээн аваад тэр өдөртөө домогт Буган халиуны нутаг Цагааннуур Зэлтэр Баруунбүрэнгээр “адуу” Бадарчтай хамт явж нутгийн хүмүүстэй уулзаад ир гэж Мухар түнжин толгойтой
Монцгор улаан хамартай
Хурц гялалзсан нүдтэй
Хуучивтар монгол дээлтэй
Булган малгай хэлтгий тавьсан
Булгиаран гутал хөндлөн жийсэн тарган шар эртэй хамт явууллаа шүү хө. Найрагч замдаа ам хуурай явсанүй элдвийг ярьж явснаа тэссэнгүй яриа өдөн:
“Таныг яагаад “Адуу” Бадарч гэсэн юм” гэж асуувал нөгөө цөлх эр шимж явсан Шилтэй ундаагаар дотроо мялааснаа, өө яахав дээ хө
Унаган хэд нь хурдны удамтай
Уясан морьд нь айргийн тавтай,
Унтах нойрондоо хухирдаггүй хүхэтнэдэг
Уухаараа дуулдаггүй янцгаадаг болохоор тэгдэг юм хө гэж байна гэнэ. Ингээд Цагааннуур орж гэнэ. “Адуу” Бадарч “За хө одоо хоёулаа Тамгын газрын “таахай" Бадарчтай уулзана аа” гээд сумын захиргаа руу ортол Нас буян тэгш гүндүйгүй бололтой
Нам улсынхаа ажилд шургуу зүтгүү бололтой
Намхан бор нөхөр тосч аваад хөл хөөрцөг болон нааш цааш гүйж Буган халиуны тухай мэдэх хүмүүстэй уулзуулаад явуулж гэнэ. Зэлтэрийн замд гараад явж байхдаа найрагч маань одоо Зэлтэрт очоод ямар Бадарчтай уулзах гэж байна гэж наргиа болговол “адуу” Бадарч: “Яагаав Засаг дарга “явган” Бадарчтай уулзана даа гэж байна гэнэ. Үгүй байлгүй гэж бодсоор Зэлтэр ортол нээрээ л Явган жирийдэг хочтой Яриа хөөрөө элбэгтэй Бэлхүүс хавиараа бүдүүрчихсэн
Бэл бэнчин нь зузаарчихсан
Аж ахуй ч ярьчихдаг,
Албаа ч хөөрхөн амжуулчихдаг бөндгөр бор нөхөр угтаж аваад
“Чингис" энэ тэр задалж
Чин сэтгэлээсээ үйлчилж
Адуу маланд нугасгүй
Айхавтар хэдэн хүнтэй уулзуулсанд яруу найрагч ихэд баярлан
Улаанбаатар очихдоо манайд очоорой гэж
Утас шөрмөсөө өгөөд
Уулзахын ерөөл тавиад морджээ. Ингээд Баруун бүрэн орохоор явах замдаа нэгэн овоон дээр буун олмоо чангалаад мордохдоо “За одоо ямар Бадарчтай уулзах вэ” гэхэд адуу Бадарч өмнөөс нь “Засаг дарга бүдүүн Бадарчтай уулзана аа. Хүний дээд эрийн хугархай байгаа даа” гэж байна гэнэ. Тийм том хүн үү гэж асуувал “Адуу” Бадарч нь:
Том оо том
Бие нь ч том
Бэлчээр нь ч том
Ажил нь том
Алба нь ч том
Нударга нь ч том
Шударга нь ч том гэсэн гэнэ. Очвол нээрээ Бүдүүн Бадарч гэж
Улсын цолтон шиг сүртэй
Уулсын нөмөр түшигтэй
Ард олондоо хүндтэй
Адуу маландаа хорхойтой
Ааш зан дөлгөөнхөн
Авир төрх нь намуухан
Бүх л цээжээ далбалзуулсан
Бүдүүн хүн байлаа гэнэ. Уулзаад морь мал ойр зуурын юм яриад сууж байтал өрөө тасалгааных нь утас хангинаад явчихаж. Бүдүүн Бадарч утсаа аваад “Хэн бэ” гэж асуутал утасны цаанаас “Бадарч байна аа” гэж дуулдаж гэнэ. Бүдүүн Бадарч “Хөөе Бадарч аа хүрээд ир. Би чамд нэг чухал ажил даалгая” гэв ээ. Тэр хүн нь энэ нутгийн унаган хүү сумынхаа хүмүүсийг бараг бүгдийг нь удам судраар нь мэддэг бас ч сонин сэтгүүлд чамгүй юм биччихдэг сургуулийн захирал завгүй Бадарч гэдэг хүн байлаа шүү хө, аа төгөлдөр гэж. Танай Сэлэнгэ чинь яасан ч олон Бадарчтай юм. Яасан ч олон бадарчинтай юм гэж байна. Ингээд цай цүү болж, идээ ундаа болон би бас ганц юм гарган хундагалаад барихдаа Чимээ тэр сургуулийн захирал Бадарчийн чинь авгайг бас Бадарч гэдэг юм. Надтай хамт Багшийн дээд /УБДС/ төгссөн Монгол хэл, уран зохиолын багш байдаг юм даа. За Бадарч нарын төлөө өргөх үү гэвэл Чимээ учиргүй хөхөрснөө хундагаа өргөөд:
“Сэлэнгэ гэдэг чинь яасан сайхан нутаг вэ? хө ай
Төгөлдөр гэж.
Сэтгэл нь гэж яасан сайхан хүмүүс вэ? Ай хө
Төгөлдөр гэж
Яасан ч олон Бадарчтай нутаг вэ?
Яасан ч олон Бадарчинуудтай нутаг вэ?
Бадарч бадарч гэдэг нь Бадран мандахын ерөөл санж
Бадаг бадаг шүлгээр Найрагчийг хөглөдөг нутаг санж
Уулсын сайхан
Товхон хандаа
Нэгэн сэржим өргөе
Уу...уу...уу...
Усны тунгалаг Сэлэнгэдээ
Нэгэн цацал өргөе
Хүрт хүрт хүрт
Буган халиуны туурай сонсогдох шиг боллоо
Хурай хурай хурай
Буугаад мордоход суугаад үлдмээр санагдлаа
Урай урай урай” хэмээн онгодоо хөглөсөн юм даа.
Хачиргүй үнэн буулгасан Нямжавын СҮХДОРЖ би болой.
Хайваргүй үнэн болохыг гавьяат нөхөр Лханаагийн МӨНХТӨР нотолмой.
Сэтгэгдэл0
... Албаны тамгтай цаасыг униндаа хавчуулж мартавч Адууныхаа тамгыг болохоор хадганд ороож залсан. Цууриа хадны сүгнээс ч буурал намтар нь арилахгүй Чулуун зэвсгийн үеэс хэдхэн дүү малчин
Хүн шиг хүн нь олон байсан цаг даа.
ай сайхан найз минь диваажиндаа найргаа урласаар буй за аа төгөлдөр гэж...
Chimeddorjiin (ADARSYREN) gedeg syleg setgeld yum bodogdyylsan syy!!!
Odoo bas, togoldur gej, iim saihan yum bichdedg hun uldsen bah n' ee huue. Eedeltei heer min'!
Saihan arhidan bas hyyhendene goyo shyy Selengiinheen