sonin.mn
Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг шинэчлэх асуудлаар олон улсын шүүхэд нэхэмжлэл гаргахыг Монгол Улсын Ерөнхий сайдаас шаардаж өлсгөлөн зарлаад буй УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ХЗДХ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Нямбаатар, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго нар өнөөдөр уулзлаа.
Оюутолгой төслөөс Монгол Улс 2051 он хүртэл ногдол ашиг авахгүй байх нөхцөл бүрдсэн тул тус төсөлтэй холбоотой гэрээг өөрчлөх шаардлагатай хэмээн үзэж буйгаа УИХ-ын гишүүн С.Ганбаатар хэлсэн юм.
ХЗДХ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Нямбаатар, “Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх ажлын багийг хэд хэдэн удаа хуралдуулж, тодорхой үр дүнд хүрээд байгаа. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 18-нд ажлын багийнхан Рио Тинтой компанийн удирдлагуудтай хэлэлцээрийн ширээний ард суусан. Энэ үеэр Дубайн гэрээг цуцлах, 2009 онд анх байгуулсан Үндсэн хөрөнгө оруулалтыг гэрээг сайжруулах бус бүр мөсөн өөрчлөх шаардлага тавьсан. Энэ сарын 18-нд хөрөнгө оруулагч талтай цахим уулзалт хийж, Монголын Засгийн газрын шаардлагыг хүлээж авахгүй бол хөрөнгө оруулалтын гэрээг бүрэн цуцлах хүртэл арга хэмжээ авахаа илэрхийлсэн. Тэгэхээр энэ төслийг Монгол Улсад ашигтай болгохын тулд С.Ганбаатар гишүүнтэй хамтран ажиллаж, ажлын багт оруулах болно” гэлээ. Мөн тэрбээр УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг өлсгөлөнгөө зогсоохыг хүссэн юм.
 
 
 
ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго, “Засгийн газраас 2018 онд Оюутолгой компанид 350 тэрбум төгрөг, 2020 онд 650 тэрбум төгрөгийг татварын акт тавьсан. Энэ төлбөрийг төлөхөөс татгалзаж, Оюутолгой компани олон улсын шүүхэд хандсан бөгөөд Монгол Улсын Засгийн газар ирэх сарын сарын 21-ны дотор хариу тайлбар өгөх ёстой. Бид үндэслэл бүхий тайлбараа бэлдэж байна. Засгийн газраас байгуулсан ажлын баг 3 дэд багтай бөгөөд маш өргөн бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа” гэв.
 
 
 
Ийнхүү ХЗДХ-ийн сайд үүрэг гүйцэтггэгч Х.Нямбаатар, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго, УИХ-ын гишүүн С.Ганбаатар нар дахин уулзаж, уг гэрээний талаар ярилцах боллоо.