Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлгээс Гэмтэл рүү өгсөх замд “Эрхэм чанар” протезийн үйлдвэр байрладаг. Дугуй засвар, шатахуун түгээх станцуудтай ойрхон байрладаг уг үйлдвэрийг А.Оюунцэцэг гэх сэтгэлийн хаттай эмэгтэй 2007 онд байгуулжээ. 13 настайдаа унаганд гишгүүлснээс хоёр хөлөө алдсан тэрбээр өөртэйгөө адилхан зовлонтой хүмүүст туслахыг зорилго болгожээ. Хүн хүндээ хайр түгээх, туслахыг нэг насныхаа зорилго болгосон учир үйлдвэрээ “Эрхэм чанар” хэмээн нэрлэсэн байх. “Эрхэм чанар”-ын ажилчид нэг сэтгэлтэй. Үүдээр нь ороход нь халуун дулаан уур амьсгал мэдрэгдэнэ. Захирал А.Оюунцэцэг хүмүүсийг угтан авч, заримд нь сэтгэлийн дэм хайрлана. Тэрбээр хоёр хөлөө алдсан ч бусдаас өөрийгөө өөр гэж хэзээ ч боддоггуй. Эмзэглэдэггүй. Хиймэл хөлөө нуудаггүй. Харин ч өөрийг нь зорин ирсэн хүмүүст хөл дээрээ дахин босох, алхах боломж олгодгийг түүнтэй уулзахдаа ойлгосон юм. Амьдралын нугачаанд бүдэрсэн нэгэнд туслахын төлөө тэр үргэлж шинийг эрэлхийлж явдаг. Энэ нь түүний хийж бүтээсэн зүйл, ирээдүйд бүтээн байгуулахаар зорьж буй ажлаас нь харагдана.
А.Оюунцэцэг 24 настайдаа нөхөртэйгөө танилцаж, дэраа жил нь ганц хүүгээ төрүүлжээ. Одоо хүү нь ээжийнхээ ажилд тусалж, хамтран зүтгэдэг. “Эрхэм чанар” хэмээх хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сэтгэлийн дэм, итгэлийн жигүүр хайрладаг байгууллагынхаа үйл ажиллагааг алдагдуулчихгүйн төлөө ажиллаж байна. Тэдний протезийн үйлдвэрт хэдэн минут суухад л энэ хүмүүсийн ажил ямар буянтай үйлс болохыг мэдэж болно. Хөл, гараа тайруулсан хүн протез хийлгээд эрхтэн бүтэн болоод гарахын жаргалыг эндээс л мэдэрч, харна. Тэдэнд энэ буянтай ажлаа үргэлжлүүлэхэд багахан дэм дутаж байгаа талаар А.Оюунцэцэг ярьсан. Түүнтэй амьдрал, ажлынх нь талаар ярилцлаа.
-Арван жилийн өмнө протезийн үйлдвэрээ байгуулахад тавьсан зорилгоо биелүүлж чадсан уу. Одоо ямар зорилго тавин ажиллаж байна вэ?
-Хүн хийх ёстой зүйлээ олохын тулд багагүй эрэл хайгуул хийдэг гэж би боддог. Би “Эрхэм чанар” протезийн үйлдвэрээ байгуулахаас өмнө олон ажил хийсэн. Багшийн их сургуулийн үүдэнд цагаан утас ажиллуулж байлаа. Малын тэжээл зарж ч үзсэн. Тэр үедээ хивэг үүрч байхдаа унаснаас дунд чөмгөө хугалсан. Монголд протезийн үйлдвэр ганц байсан. Гэхдээ Оросын протез хүнд жинтэй байсан учир Хятад руу явсан юм. Зорьсон газраа хүрэхэд авч явсан мөнгө хаанаа ч хүрэхгүйг ойлгосон. Тэр үед “Миний мөнгө хүрэхгүй байна” гэж хэлээгүй. Монгол хүний нэрэлхүү зан юм даа. Тэгээд “Монголд протезийн үйлдвэр байгуулахаар судалгаа хийж байна” гэж хэлсэн. Тэндээс л манайхаас бусад улсад энэ чиглэлийн бүтээн байгуулалтыг цогцолбор байдлаар хийдгийг мэдсэн. Тухайлбал, протезийн үйлдвэр дэргэдээ эмнэлэгтэй байдгийг ойлгосон. Тиймээс үйлдвэрээ цогцолбор болгохын төлөө зүтгэсээр өдий зэрэгт хүргэсэн. Зүйрлэвэл, би одоо уулын оройд гараад байна. Сүүлийн үед уулын оройгоосоо дэнжигнээд унах гээд байгаа нь харамсалтай байна. Учир нь, 2015 оноос манай үйлдвэрийн санхүүгийн байдал хүндэрсэн нь эдийн засаг хямарсантай холбоотой. Харин одоогоос сэргэх болов уу гэж найдаж байна. Протезийн үйлдвэрийг төр дэмжих хэрэгтэй. Есөн дүүрэг, 21 аймгийнханд гэрээ хийхийг захиж бодлогоор дэмжвэл бид “толгой өвдөх” зүйлгүй болно.
-Ийм хүчин чадлаар ажиллахад боловсон хүчний нөөц бололцоо хангалттай бий юү?
-Бүх төрлийн протезийг манай үйлдвэр хийдэг. Манайх 23 ажилтантай. Энэ мундаг залуус хөгжлийн бэрхшээлтэй олонхүний “магнайг тэнийлгэж” явна. Тэдний олонх нь гадаадад боловсрол эзэмшсэн. Хөлнөөс гадна сонсголын аппарат, нүдний протез хийдэг. Бид дэргэдээ “Нандин эрдэнэ" сувилал, Гутлын цехтэй.Цаашид үйлдвэрийнхээ дэргэд эмнэлэг байгуулах хэтийн зорилготой ажиллаж байна.Одоо миний санааг ганцхан зүйл зовоож байна. Би тэрбум 500 сая төгрөгийн зээлийг Төрийн банкнаас авсан. 2015 оноос санхүү хүндэрснээс зээлээ төлж чадахгүй Шүүхийн шийдвэр дээр оччихсон. Өр тавьсан юм барагдуулах нь миний үүрэг. Ганцхан зээлийн зарим заалтыг уян хатан болгочихвол болох гээд байна. Би саяхан УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хандсан. Нааштай хариу ирнэ гэдэгт найдаж байна.
-Үйлдвэрийнхээ нөхцөл байдлыг сайжруулах тал дээр анхаарал хандуулж, холбогдох хүмүүстэй нь уулзсан уу?
-Биднийг ойлгодог хүн олон. Болж бүтэх нь ч байна.Нийслэлийн төсвөөс 76 сая төгрөг гаргаж манайхыг цахилгаан шаттай болгож өгсөн. Энэ бидний ажлыг дэмжсэн том хувь нэмэр юм. Өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс дөрвөн давхар руу гарахад хэцүү байсан. Одоо санаа зовох зүйлгүй болсон
Тантай уулзахаар үүдэнд хэдэн минут суулаа. Олон хүн танайхыг зорьж ирдэг юм байна?
-Сүүлийн үед хүүхдүүд хөл, гараа тайруулж байгаа нь миний сэтгэлийг зовоож байна. Ахмад настнууд чихрийн шижнээс болж эрхтэн дутуу болох нь олширлоо. Улс эх орондоо хийж бүтээсэн гавьяатнууд насны эцэст хөл, гараа тайруулаад сэтгэлээр маш их унадаг. Тэдэнд тусапж, сэтгэлийг амраах нь бидний зорилго. Манай үйлдвэрт таягтай орж ирсэн хүн хөлөөрөө алхаад гарахыг харах миний хамгийн жаргалтай мөч. Тэр хүмүүсийн хувьд хоёр дахь аз жаргал нь болно. Эрхтэн дутуу хүний зовлон их. Бас өчүүхэн зүйлд баярлаж, амархан гомддог болчихдог. Нэг үеэ бодоход хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төр, засаг сайн харж, дэмждэг болж. Ерөнхий сайдын дэргэд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл байгуулсан. Яам болгонд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл байх ёстой гэсэн бодлого баримталж байна
Та аль нэг яаманд хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ төлөөлж байгаа юу?
-Эрүүл мэндийн яамны. Сайдын зөвлөлд орсон. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд юу шаардлагатайг мэддэг, тэднийг сонсдог учир хэрэгтэй зүйлийн тапаар ярьж зөвлөж чадна гэж бодож байна.
-Ярилцлагын сэдвээ бага зэрэг өөрчилье. Та өдийг болтол юунаас сэтгэлийн дэм, урам зориг авч ирсэн бэ?
-Бурхан надад сайн хань заяасан. Дээр нь олон түмэндээ тустай яваагийн буян гэж би боддог. Мөн залуучууд хүмүүсийг хайрлаж, сэтгэлийн дэм өгдөг болжээ. Миний хань 2014 онд бурхан болсон. Үйлдвэрийнхээ суурийг ханьтайгаа хамт анх тавьж байсан болохоор энэ ажлыг зогсоохыг хүсээгүй. Хүүхдүүдтэйгээ зүтгэсээр өнгөрсөн оны тавдугаар сарын 20 буюу ханийнхаа төрсөн өдрөөр ашиглалтад оруулсан.Амьдрал намайг ингэж “ирлэж” байсан. Ганц хүүгийнхээ төлөө эрүүл энх явах ёстойг мэдрүүлсэн. Хатуу хэлэхэд надад үхэх эрх байгаагүй. Яавал би өрнөөс гарч болох талаар бодсон. Гэхдээ би хэн нэгнийг харж суугаагүй. Өөрийнхөө чадлаар тэмцсэн. Одоо ч зорилгодоо хүрэхийн төлөө, сайн сайхан амьдрахын төлөө хичээж явна.
Эмээ болсон уу?
-Эмээ болсон. Ач охин дөрөв, ач хүү нэгдүгээр ангид сурдаг. Би эднийхээ төлөө бүхнээ зориулна. Хүү маань протез ортепедийн чиглэлээр Хятадад боловсрол эзэмшсэн. Одоо компанийнхаа захирлын албыг хашдаг.
-Та аль нутгийн уугуул вэ?
-Архангай аймгийн Эрдэнэмандал сумын хүн. Нутаг руугаа хааяа явдаг. Нутгийн зөвлөлийнхөнтэйгөө ойр дотно байдаг. Тэд надад сэтгэлийн дэм өгдөг. Би аав, ээжийнхээ ажилсаг чанарыг өвлөж авсандаа талархдаг. Хоёр буурал минь намайг “Хөлгүй юм” гээд алган дээрээ бөмбөрүүлээд байсан бол би өдий зэрэгт хүрэх байсан эсэхийг мэдэхгүй юм. Тиймээс өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй гэж ер боддоггүй. Энгийн нэг ажилсаг эмэгтэй гэж боддог.
Энэ их зориг, хүчээр та одоо ямар ажил эхлүүлэхээр төлөвлөөд байна вэ?
-Таягны үйлдвэрийнхээ нээлтийг удахгүй хийнэ. Үр дүнд нь бид Монголд үйлдвэрлэсэн таягтай болно.Үүнийг дагаад ажпын байр бий болно. Бид таягны үйлдвэртээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулна. Олон жил хийхийг мөрөөдсөн ажлаа удахгүй эхлүүлэх гэж байна.
-Оросын зөн билгийн тулааны оролцогч танай үйлдвэрт ирсэн гэсэн. Та урьсан юм уу?
-Таньдаг дүү маань тэр хүнийг Монголд ирээд байхад нь хэлж авчирсан. Улмаар Оросын зөн билгийн тулааны оролцогч Дмитрий Волоховтой уулзах боломжтой болсон юм Түүнийг ирэхэд би чадлынхаа хэрээр Монгол ёсоор угтсан .Өөрийнхөө заслыг ч хийлгүүлээд амжсан.
Биднийг ярилцаж байхад дуу чимээ тасарсангүй. Үйлдвэрийнх нь үүдээр автомашины цуваа хөврөх аж. Тоос шороотой энэ нөхцөлд тэргэнцэр, таягтай хүн битгий хэл энгийн хүн явахад ч хэцүү санагдаж байлаа. Уг нь А.Оюунцэцэг энэ байдпынхаа талаар дүүргийнхээ Засаг даргад хэлсэн ч одоо болтол хариу ирүүлээгүй байна. Упсдаа ганцхан энэ үйлдвэрийн ажилд санаа тавьж, бага ч атугай тусалж, дэмжвэл “Эрхэм чанар”-аар протезоо хийлгүүлдэг хэчнээн хүн баярлах бол. Ядаж тус болохгүй юм гэхэд үүдэнд нь автомашинаа байршуулмааргүй санагдах юм. Үйлдвэр дөрвөн давхартаа сувиллын газартай. Өглөө, оройд салхивчаа нээхэд шатахуун, гаазны үнэр хамар цоргиж, автомашинаас үүдэлтэй тоос тоосонцроос шалтгаалан зарим хүний харшил хөдөлдөг талаар тэд ярьж байлаа. “Эрхэм чанар”-ыг зорин ирдэг орон нутгийн иргэд цөөнгүй бий. Тэдний зарим нь протезоо хийлгүүлэхийн тулд зочид буудалд саатах хэрэг гардаг байна. Тиймээс А.Оюунцэцэг захирал сувиллаа нээжээ. Энэ эмэгтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө хийх зүйл их талаар олон удаа дурдаж байлаа. Сувилалд хэвтэн эмчлүүлэгсдэдээ зориулан ногоон байгууламж, багахан цэцэрлэгт хүрээлэнтэй болохыг хүсдэг. Үйлдвэрийнх нь үүдээр өнгөрөх автомашиныг эмх цэгцтэй зорчуулж, ямар ч үед явахад бэрхшээлгүй хар замтай болгох талаар бодож, мөрөөдөж сууна
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
sain baitsgaana uu? BUSGUI MINI, UIL TANI NI ARVIJIJ UILS TANI NI DELGERCH DEGJIJ DEVSHIJ MANDAJ BUYANG TANI, SETGELIIG TANI, OYUG TANI TENGER ORSHOOJ YAVAG
Tand mash ich bayarlalaa. bayar hyrgej amjilt hysie
Сайхан ярилцлага өгчээ. Улам цоглог байгаарай,ажлын өндөр амжилт хүсье. Энэ дашрамд хөгжлийн бэрхшээлтэй гэдэг үгийг өөрчлөх шаардлага байгааг төр засгийн эрхмүүдээд сонордуулъя