sonin.mn

“Шүүдэр” продакшны анхны бүтээл “Ану хатан” кино  үнэхээр гайхалтай   уран бүтээл болжээ. Кино бол маш олон салбарын нийлбэр, хамгийн хэцүү бүтэцтэй урлаг. Хөдөлгөөнт дүрс, хөгжим, театр, технологи, зураачийн ажил, хувцас загвар, уран зохиол, дурангийн ажилбар, жүжигчдийн чадвар, тулааны урлаг гэх мэтчилэн тоочвол барагдахгүй олон зүйл нийлж байж кино болдог. “Aну хатан” киноны талаар тоолж баршгүй олон талаас нь  задлан шинжилгээ хийвэл нилээн дорвитой ном болох нь мэдээж . Энэ өгүүлэлдээ уг кино чухам яагаад феминист уран бүтээл юм, мөн ямар учраас цаг үеэ эзэлсэн онцгой  дэвшилтэт бүтээл болсныг феминист антропологийн  талаас нь энгийн хэллэгээр цухас  тайлбарлая.

 

Ануг тойрсон хүчирхэг оршихуй

Юуны өмнө феминизм бол эхийн эрхэт ёсны сурталчилгаа ч биш, энэ бол гадаадаас зээлдэн  Монгол соёл ахуйдаа нааж гангарах гэсэн “оруулга” ч биш юм. Энэ утгаараа зохиолч Б.Шүүдэрцэцэгийн  сонгосон түүхэн сэдэв нь феминист үзэл санааг Монгол соёлын өнцгөөс  гярхай гэгч нь  тусган харуулсан арга барил,  уран сэтгэмжийн хувьд маш шинэлэг зүйл юм. Хамгийн гол нь Монголчууд тодорхой хэмжээнд  феминист үзэлтэй байсаар ирсэн ард түмэн. Монгол хатдын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг нь тохиолдлын чанартай ганц нэгэн баатарлаг, авьяастай эмэгтэйд аз таараад бусдаас тасарч төр барилцсан ч юм биш. Харин язгууртан Монголчуудын өдөр тутмын амьдрал,  шийдвэр гаргах үед ч   эмэгтэйчүүд эрчүүдтэй ижил эрхтэй оролцдог, тэд  маш их нөлөөтэй байснаар уг кинонд дүрсэлсэн нь гайхамшигтай байлаа. Мэдээж Анугийн хувь тавилан,  цэргийн эрдэм, харвалдах авьяас зэрэг нь  бүгд нөлөөлснийг  огтхон ч  үгүйсгэхгүй. Гэхдээ монголын төрт ёсонд эмэгтэй хүний оролцоо  зайлшгүй байсан, энэ бол огтхон ч гаж үзэгдэл биш гэдгийг юуны өмнө харуулж чаджээ.

Кинонд Анугаас гадана олон хүчирхэг эмэгтэйг дүрсэлжээ. Хаад ноёдын   чуулган болон шийдвэр гаргахад  хатад нь эрчүүдтэй зэрэгцэн сууж байна.  Тэдний ам хэлийг цээрлэсэн  эсвэл яриаг  нь тохуурхсан байдал кинонд огт алга.   Кино дөнгөж эхлээд Ануг цоросынхон Сэнгэ хаантай ураг барилдуулахаар сүй тавих үйлд  Юм-Агас хатан,  Доржравдан хатан хоёр хоёулаа идэвхтэй оролцож байна. Доржравдан хатан   “Ану охин минь хадам, авга, эр нөхөр болох хүндээ хүндэтгэлийн ёс үйлд дээ” хэмээн зааварчилна. Энэ бол жижиг зүйл биш, Анугийн аав нь энэ үгийг өчих үү, ээж нь хэлэх үү гэдэг  Анугийн сэтгэхүйд өдөр шөнө шиг ялгаатайгаар нөлөөлөх байлаа.  Яг л энэ эгзэгтэй мөчид Анугийн ээж нь эцгийн эрхэт ёс ноёрхсон тэр л нийгэмд албан ёсны үүрэгтэйгээр дүрслэгджээ.   Ану нь байгалиасаа төрөхдөө заяасан эрэмгий зоримгоос гадна, чадалтай эрх мэдэлтэй ээж болон бусад нөлөөтэй  эмэгтэйчүүдээр хүрээлүүлж өссөн.  Энэ нь цаашид “Би гэж хэн бэ? Би юу хийж чадах вэ? Миний үүрэг чухам юу вэ?” гэсэн   олон асуултанд өөртөө  хариулахад нэмэр болж байна.  Энэ кинонд Ану охин байхаасаа эмэгтэй хүн үүрэгтэй бас эрхтэй байдаг юм гэдгийг ухамсартаа шингээн авч өссөнөөр харуулжээ . Үүнд Анугийн аавын үүргийн ч бас тусгажээ. Жишээ нь Очирт цэцэн охиноо багад нь  “Алдагдсан алт эрдэнэсийг эргүүлэн авч болдог. Харьд алдагдсан газар шороо эгнэгт хүнийх болдог юм” хэмээн сургаснаар Ану эх нутгаа хайрлах , хамгаалах бахархах хүмүүжилтэй, эх оронч эмэгтэй болон өссөнийг харуулжээ. ИйнхүүАнуг хүчирхэг болоход нь нөлөөлсөн нийгэм соёлын  оршихуй ба бие хүн хоёр байнга уялдаатай байдгийг харуулсан шинжлэх ухааны хамгийн суурь санааг маш өег бөгөөд үнэмшилтэйгээр эхний 16 минутанд багтаан дүрсэлсэн байна.

Ер ньагуу эмэгтэйчүүдийн тухай гадаадын олон сайхан кино бий. Гэхдээ ихэнх тийм кинонд гол дүрээ  ганцаараа  тасархай ер бусын мэтээр дүрсэлж, харин бусад эмэгтэйг нь  эрэгтэйчүүдээс дорд, нөгөө л хэвшмэл байдлаар үзүүлсэн байдаг.  Жишээ нь Холливуудын бүтээсэн Хятадын Fa Mulan эр  хүний хувцас өмсөөд аавынхаа оронд дайнд мордон,   цэргийн эрдэмд суралцаж, жанжин болон бусад эрчүүдээс илүү эрэлхэгээр байлдаж  байгаагаар гардаг.   Харин түүний үе тэнгийн бусад охид нь гоёж гоодож бушуухан нөхөрт гарч хүний эхнэр болохыг л мөрөөдөж байдаг. Mulan-аас бусдыг  нь тэнэгдүү, явцуу сэтгэлгээтэй, залуу сайхан зүс царайнаас өөр үнэлэх  зүйлгүйгээр кинонд үзүүлдэг. Түүгээр барахгүй бусад    эмэгтэйчүүдийг гоо үзэмж ч үгүй, оюун ухаан нь гэж гавих юмгүй  басамжилсан байдлаар харуулсан байдаг.  Ингэснээрээ хүчтэй эмэгтэйг бусдаас нь тасархай ялгаварлаж Mulan-ыг ер бусын, дагина, тухайн цаг үед ганцаараа тасархай байснаар дүрсэлсэн нь   сексийн ялгааг улам хэвшмэл болгосон байдаг.

Феминизм гэдэг  нэр томьёо нь гадаад боловч, үнэн хэрэг дээрээ олон оронд өөр өөрийн онцлог хувилбараар бий болсон хүйсийн эрх тэгш эрхийг  эдийн засаг, улс төр, нийгмийн хувьд тодорхойлох зорилготой шинэ өнцөг, хандлага, сургааль, оролдлогуудыг   хэлдэг.   Феминист судлаач уран бүтээлчдийн  хамгийн сонирхдог чиглэл нь эрх мэдлийн асуудал . Өнөөдрийг хүртэлх улстөрийн болоод бусад  тайзан дээр эрчүүд    давамгайлсаар  ирсэн ч  дэлхий дахины өнцөг булан бүрд  эмэгтэйчүүдийн далд болон нууцлаг эрх мэдэл, хүч нөлөөтэй байсныг судалсаар байна. Үүнийг  улс төрд  “de facto power” гэж томьёолдог.  Харин албан ёсны эрх мэдлийг “de juri” power  гэнэ. Жишээ нь ихэнх орны ерөнхийлөгч нар “de facto” болон “ juri power”-г хоёуланг  нь хослуулж чвдаг. Олон түмэнд de facto powerтэр болгон мэдрэгддэггүй

 

 

 Учир нь нууцлаг эрх мэдэл нь  албан ёсны  хууль цаазаас гадуур оршиж, илүү их боломж  агуулж байдаг. Энэ санааг Юм-Агас хатны дүрийн бодгаль чанар, үйл хэрэг, үйлдлийн нөлөө гурваар   хурц үзүүлсэн байна. Сэнгэ хүүгээ алдсаны дараа уй гашууд автсан эх сэтгэлээр унан уйлж дуулахын оронд улам хурцлагдаж,   Лхасыг зорихоор   шийдэж нууцаар алсын замд гарч байна. Язгуур угсаат хатан хүн харуул, хамгаалалт, хөсөг дагалт ч үгүйгээр дээрэм тонуул бугласан аюулт замаар явсаар хүүтэйгээ уулзаж, ахынхаа өшөөг авч, эцгийн оронд хан сэнтийд суухыг ятгана. Гэвч Орйадын шашны тэргүүн болох зорилготой хүү  нь  “Би сахил санваар хүртсэн Бурхны  шавь“ хэмээн татгалзахад   нь  газар дээр ганц үртэй үлдсэн Юм-Агас хатанд эх үрийн холбоо гэсэн хамгийн нандин зүйлээрээ дэнчин тавихаас өөрөөр эргүүлж авярах  арга байгаагүй болов уу?  Галдан хувилгааны эхтэйгээ уулздаг хэсгийг дугуй номын өргөөнд хийсэн нь найруулагчийн нарийн дүрслэл биз ээ. Дугуй өргөөнд тойрон эргэлдэх зураг авалт, эх хүү хоёрын ноцтой яриа  Юм-Агас ба бурхны шашин хоёрын мэтгэлцээн мэт харагдаж буй нь   энэ эмэгтэйн  асар их нөлөөг уран сайхны болон билэг тэмдгийн \symbol\  аргаар үзүүлжээ. Ухаалаг хэрсүү Юм-Агас хатан цаашлаад    төрөө цэвэрлэж байгаагаар гардаг.  Хүүгийнх нь аминд хүрсэн эцэг нэгтэй Цэцэн, Зодов нарыг  эхтэй нь   бас л de-facto хүчээ ашиглан зайлуулж, Галдангийн ирээдүйн суудлыг засаж байгаа туйлын чухал үүрэгтэйгээр гарч байна. Ер нь  De facto ч бай, хууль ёс ч бай   чухамхүү хүчтэй  ухаантай  ээжийн ачаар Галдан хаан төрөө тэргүүлж Ануг хатнаа болгосон билээ.

Ану хатан

Галдан хаан мориноос бууж улсаа гүйцэд төвхнүүлэх зав чөлөөгүй ойр ойрхон дайн байлдаанд мордож, эзгүйд нь  Ану хатан төр улсаа захиран үлддэг байснаар кинонд үзүүлнэ. Үнэхээр  хэзээний Монгол хаад ойр ойрхон дайтдаг, олон сар жилээр эзгүй байхад нь   эмэгтэйчүүд ар гэр, төр улсаа  авч үлддэг байсан нь тодорхой . Хатан хүний ажил юу вэ?  Хүсвэл өдрийг  гоёж гоодох, сайхан морь унаж , наргиж цэнгэн  ордны тансаглалд умбан суугаад төр улсын хэргийг   үнэнч сайд түшмэддээ даатган  амьдарсан ч дур билээ. Эсвэл язгууртан бүсгүйчүүдийн жишгээр   ном уншиж, зурхай зурж, дуу хөгжим наадаж суусан ч болох.

Харин Ану хатныг ээж, гэргий хүн гэдгээс гадна Галдан хааны эзгүйд төр улсаа толгойлж буйгаар  дүрсэлжээ. Жишээ нь Ану хатан улсын сан хөмрөг, алба татварын хэргийг эрхэлж, гадаад улсын Элчин төлөөлөгчтэй хэлцээ хийж байна.Оросын Томскийн элчтэй уулзахдаа Ану хатан зөвхөн ёс төдийн дипломат зан үйл гүйцэтгэсэнгүй, улс гүрнийхээ эдийн засаг, стратегийн чухал хэлэцээрийг хийж байна. Оросын элч Ростов:

Оросын худалдаачдыг нанхиад руу Зүүнгарын нутгаар дайран өнгөрөхийг соёрхох, Зүүнгарт худалдааны татваргүйгээр арилжаа хийх гэсэн хоёр хүсэлт байна.

Ану:Хэрэв танайх галт зэвсэг их хэмжээгээр нийлүүлбэл бид танай худалдаачдыг Зүүнгарын нутаг дээгүүр өнгөрүүлэхийг соёрхож болох юм. Мөн ахуйн төмөр эдлэлд хязгаар тавихгүй байхыг хүсч байна гэдэг.

 Гадаад бодлогоос гадна Ану хатан  төрд халгаатай дотоод аюулыг ч  мэдэрч,  Галдан хаанд сануулж, сэрэмжлүүлж байна. Галдан бошигт Ахайг бага хатан буулгаж авсны дараа нь урьдны сүйт эр  Цэвээнравдан нь  Галдан хаанд   ”хүчээ өргөхөөр” ирдэг билээ. Галдан хаан тэр даруйд Цэвээнравданг Ховдын газрыг захируулахаар  өргөмжлөх үед  Ану хатан “Жаргах цагт сэрэмж, зовох цагт тэвчээр. Цэвээнравданг сайн санасандаа танд хүчээ өргөх гэж ирсэнд би итгэхгүй байна” хэмээн сануулдаг.  Хамгийн гол нь Ану хоосон сэжиглээгүй,  “зөн совингоороо” нөмрөн буй аюулыг эр нөхөртөө сэрэмжлүүлсэн хэрэг биш. Харин үнэн бодит мэдээлэл дээр тулгуурласан болгоомжлол юм. Кинонд гардгаар Ану Ахайг өөрийн өргөөндөө урьж гарын бэлэг барихдаа  үг яриа өдөж, Цэвээнравдан тэр хоёрын сэтгэлийн холбоо хэр бөх байсныг тандаад  авдаг.

Мөн Галданг эзгүй байхад Цэвээнравдан цэрэг зэвсгийн нөөцийг эзлэн, Ахай хатныг  оргуулсан тухай сонсоод     өөрийн биеэр саадаглан мордож, дүү  Сономравдантай  нь яахын аргагүй харвалдан хөнөөдөг билээ. Ийнхүү эмэгтэй хүнийг ухаантай, бие даасан, хүчирхэг талаас нь   дүрсэлсний хувьд “Ану хатан”  бол феминист кино болжээ.

Учир нь гол дүрийн бие дааж хийж буй сонголттой холбоотой юм.  Ану киноны турш амь өрсөн тулалдах эсэхээ өөрөө шийддэг.  Эр нөхрөө хүлээн аюулгүй газар сууж байж болох байсан ч “Хань хамсаатнууд нь санаа буруулан нуруугаа харуулж, хайртай бүхнээ алдаж дууссан ч ганцхан би л Галдангийнхаа хажууд  үлдэх гэж мөнх галд мөргөн хатан нь болсон  бус уу? Тэгээд ч Монгол туургатны ариун голомт Халх нутгийн газар шороон дээр үхэж болно, ялагдаж л болохгүй.” гэж сэтгэлийн үгээ өчөөд  амиа хайрлахгүй тулалдахын тэмдэг бугын баг мориндоо зүүхйг тушаадаг. Ануг хуяг дуулгаа өмсөөд эцсийн тулалдаанд гарахад унтарч буй дөрвөн зулоын нэг нь асаатай үлддэг нь Ану хатны мохошгүй зориг, итгэл найдварын билгэдэл юм.

 Уг нь түүнийг хэн ч амь өрсөн тулалдахыг ятгаагүй. Ер нь  хатан хүн байлдах ч албагүй. Амь өрссөн дайн дажны талбар бол эмэгтэй байх газар, эрхлэх үйл  биш гэсэн хэвшмэл ойлголтыг эвдсэнээрээ  энэ бол феминист бүтээл юм. Мөн давтан хэлэхэд Анугаас гадна амь сахигч харваач  бүсгүйчүүд эцсийн мөчөө дуустал газар шорооныхоо төлөө тулалдаж буйг  дүрсэлснээр энд  Ану хатан л ганцаараа  ер бусын онцгой эмэгтэй байсан биш гэдгийг харуулж чадсан байна.

Түүхэнд ихэнх хүчирхэг эмэгтэйчүүд  эрчүүдийг орлож байгаагаар  дүрслэгддэг . Жишээ нь Оросын  Хоёрдугаар Ekaterina  хатан хаан гуравдугаар Петрийн хатан болж Прүссээс Орост бэр болж ирсэн билээ . Хожим гуравдугаар Петр  төрийн эргэлтээр нас барж,   хоёрдугаар  Ekaterina хаан ширээнд заларчээ.  Ийнхүү хаан төрийг атгасан   Ekaterina нь  Орос улсын газар нутгийг асар их тэлж, төрийг хүчирхэгжүүлж чадсаныг  Оросын Алтан үе гэж нэрлэдэг юм.

Ану хатан тохиолдлоор, шахалтаар эсвэл аргагүй эрхэнд   төрийн хэрэгт оролцоогүй. Ану өөрийнхөө  ухамсраар Галдан бошигттой хавсран төр түшилцдэг байсан. Мөн зохиолч Б.Шүүдэрцэцэг нь  феминист үзэлтэй зохиолчийн хувьд энэ түүхэн хатныг   бие даасан,  хэвшмэл бус байр суурьтай, хүчирхэг эмэгтэй талаас нь   товойлгон дүрсэлж чадсанаараа Монголын кино урлагт анхны феминист хандлагатай түүхэн уран сайхны кино бүтээсэн байна.

 

Нүд хужирлахуй ба эрчүүдийг дүрсэлсэн нь

Болливууд, Латин Америк болон Өмнөд Солонгосын олон анггит кино бүтээгч  компаниуд,  ялангуяа Холливуудын студиуд  тухайн үйл явдал, утга санаагаа  гаргахаасаа илүү,    кино одууддаа тохируулж   зохиолоо бичдэг. Өөрөөр хэлбэл кино үзэхээсээ урьдаар үзэгчид Julia Roberts юм уу Jude Law –ийг үзэх гэж тасалбар  худалдан авна  гэж тооцоолдог. Саяхан хүртэл киноны ертөнцөд хамгийн үнэтэй зүйл бол “дэлгэц  дээрх” эмэгтэй хүний “бие” байлаа. Ялангуяа нүцгэн бие. Үүнийг феминистүүд  “ Эмэгтэй хүнийг бараа таваар, секс обьект, нүд хужирлах эд бараа болгож байна. Харин эрэгтэй хүнийг хүчирхэг, дээрэнгүй,  манлайлагчаар дүрсэлж хүйсийн ялгааг   албаар тодотгож байна” хэмээн шүүмжилсээр ирсний ачаар сүүлийн үед киноны хандлага өөрчлөгдөж байна.  Судлаачдын үздэгээр кинонд эрэгтэй дүрийг  баатрын, цэргийн, алуурчны эсвэл хар костюмтэй бизнесмен, эсвэл хар савхин хүрэмт  гэмт хэргийн бүлгийн ахлагч гэхчлэн хүчирхэг хувцастайгаар үзүүлдэг. Миний олзуурхсанаар “Ану хатан” кинонд эмэгтэй хүнийг сексийн обьект болголгүйгээр маш дэвшилттэй талаас нь үзүүлж чадсан байна .

Түүхэн кино бүү хэл, орчин үеийн кинонд ч эрэгтэй хүнийг аав, хайртай ханийн өнцгөөс, эсвэл  сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлжбайгаагаар дүрслэх нь тун бага байдаг.   Гэтэл уг кинонд  Галдан хаан,  Анугийн аав Очирт цэцэн нар нь цөм хүүхдүүдээ хайрлаж, тэдэнтэй ярьж байгаагаар, тэднийгээ  хараад сэтгэл нь хөдөлж байгаагаар үзүүлсэн нь асар том дэвшил юм.    Мөн Галдангийн баатрууд нь сэтгэл хөдлөлөө илэрхийлж, уйлах, орилох, уурлах,  дайны талбар дээр галт зэвсэгтэй тулаад сэтгэл зүйн хувьд шоконд орж байгаагаар, бас гүн эмгэнэлд автаж байгаагаар  гарч байна.   Ингэж сэтгэл хөдлөлтэй, түүнийгээ илэрхийлж байгаагаар гарч байгаа нь баатруудын   эр хүний шинж нь алга болчихсонгүй, харин ч эрэгтэйлэг шинжийг улам баяжуулж байна.

Кино ба эх оронч үзэл

Кино шүүмжлэх маш амархан. Яагаад гэвэл шүүмжийг өөрийг нь тэр болгон   “шүүмжилдэггүй”.  Кино бүтээх нь үгээр илэрхийлшгүй хэцүү. Нэн ялангуяа “Ану хатан” шиг намтарчилсан, драма, тулаант, бодит түүхэн гээд асар том бүтээлийг бүхэлд нь өө сэвгүй бүтээнэ гэдэг эдийн засгийн үзүүлэлт доогуур, маш жижигхэн  зах зээлтэй Монголын хувьд ахадсан уран бүтээл юм.    Бид аливаа юмыг “шүүмжлэхийн” тулд л шүүмжилж оюуны таашаал авдаг болжээ.   Ухаалаг, онолын үндэстэй  шүүмж нь тухайн уран бүтээлчийг улам чадавхижуулдаг.  Гадаадад ажиллаж, амьдардаг бидний өнцгөөс харахад Монголчууд дэлхий тавцанд өөрсдийгөө таниулах гэж эрвийх дэрвийхээрээ зүтгээд ч  гадаадад бидний тухай мэдээлэл хомс байдагт  гутарч гоморхож,  гадныхан биднийг ямагт буурай дорой, хоцрогдсон харанхуйгаар  төсөөлдөгт эмзэглэсээр ирлээ.  Мөн дотооддоо Монголчууд өөрсдийн хүчирхэг оршихуйг хайж, хаа нэгтэйгээс Чингис хаан ч юмуу, Мөнх тэнгэр нь ч юмуу  аль  нэгэн далдын хүч ирээд биднийг өөд нь  татаж дэлхийн жишигт хүргэчих ч юм шиг найдаж, горьдсоор л 21-р зуунтай золголоо. Яг үнэндээ  бид  монгол үндэстний  тухай хангалттай сурталчилж, бүтээж туурвихгүй байж гадаадынханд гомдоод, хийсэн бүтээснийг нь  шүүмжлээд ч яах юм билээ. Мөн өөрсдийнхөө зориглоод хийчихсэн “Ану хатан” шиг бүтээлийг ад шоо үзээд ч яах билээ.  Өнөөгийн  дэлхийн кино зах зээлд      Холливууд, Болливууд болон Өмнөд солонгосын компаниуд л ноёрхож байна. Манайхтай л адил хоорондоо хөлөө жийлцсээр байгаад Франц, Герман, Английн сонгодог уугуул том компаниуд болон  бусад орны киноны үйлдвэрүүд дампуурсаар байна.

1990-ээд онд Өмнөд Солонгосын чөлөөт кино үйлдвэрлэгчид үндэсний зах зээлээ   Холливуудын кинондэ злүүлэхгүйн тулд бослого гаргаж, суулт хийсэн түүхтэй.   Энэ  тэмцэлд солонгосын кино одууд,  зохиолчид, найруулагчид нь нэгдэхдээ  үсээ хусаж, толгойдоо тууз зүүгээд, нас барсан, авсанд хэвтэж буйгаар зургаа авахуулан  самбар болгож бариад жагсаж байсан юм. Энэ тэмцлийн ачаар Солонгосын зах зээл дэх  Холливуудын киноны хувь хэмжээг хуулиар хязгаарлаж, эх орныхоо “үйлдвэрийн”  киног хамгаалж үлдсэн түүхтэй. Одоо Өмнөд Солонгос Холливуудын дараа бараг л дэлхийд киногоороо ноёлж, Солонгосын соёлыг түгээж байна. Энэ нь асар их валютын орлогоос гадна Солонгосын  нэр хүндийг өсгөж, соёлын “зөөлөн хүч” буюу “soft power”-ээр дэлхийг эзэгнэх боломж өгч байгаа билээ.


Харвардын Их сургуулийн доктор, Массачусетсийн технологийн их сургуулийн багш, ассент профессор, судлаач, 2013 оны Левитаны нэрэмжит хүмүүнлэгийн шагналт, антропологич Буяндэлгэрийн Мандухай