sonin.mn
“Best of Mask” хэмээх тоглолтоо СТӨ-нд тоглож байгаа МАСК продакшны уран бүтээлчид  тоглолтынх нь талаар бичсэн нэгэн сэтгүүлчид хандан захидал илгээжээ.
 
Нэгэн сэтгүүлч  “МАСК-ын “Best of Mask” тоглолтын таван номерын хоёр нь өмнө нь тоглогдож байсан, зурагтаар өчнөөн гарсан хуучин тоглолт, “Best of Mask” гэсэн нэрийг барьж шинийг сэтгэж үзэгчиддээ бэлэг барихгүй, үзэгчид өчнөөн үзсэн, хуучин тоглолтыг тавиад байх нь бусад хошин урлагийн хамтлаг продакшнуудтай өрсөлдөх цаашдын өрсөлдөөнд нь хэрхэн нөлөөлөх нь эргэлзээтэй, тоглолт халтуурдаж үзэгчдийг хуурч байна, тоглолтын тасалбар үнэтэй” гэсэн  агуулгатай мэдээ бичсэн аэ.
 
 Захидлыг бүрэн эхээр нь хүргэе.
 
Үл таних сэтгүүлчид хүргэх захидал
 
        Сайн байна уу? Таньд энэхүү захиа хүрэх өдрийн мэндийг хүргэе. Туурга тусгаар Монгол улсад маань тэртээх 90 оны цагаан морин жил АРДЧИЛАЛ айлчлан ирснээр Шинэ Монгол улс маань дэлхий дахинд дахин мэндэлсэн билээ. Тэр цагаас хойш манай улсад нийгэм хөгжиж, улс орон минь өргөжин дэвшиж шинжлэх ухаан, боловсрол, урлаг соёл, спорт гээд бусад бүх салбарууд хүрээгээ тэлэн энэ Монгол улсынхаа төлөө иргэн бүр дор бүрээ сайн сайхныг тээн ажиллаж амьдарч байгаа билээ. 
 
Бид ч бас өөрсдийн салбартаа үргэлж тэргүүлэгч байж сайн чанартай уран бүтээлүүдээ үзэгч түмэндээ толилуулан тоглолт бүрийг хариуцлагатай, чанарын өндөр түвшинд хийхийг чармайн ажилласаар өдгөө 7 жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд 17 шоу тоглолт 1 уран сайхны кино хийсэн хамт олон юм. Яг одоо буюу өвлийн эхэн сарын энэ өдрүүдэд бид нийслэлийн Соёлын Төв Өргөөнд "Best of Mask" нэртэй шоу тоглолтоо үзэгчиддээ амжилттай тоглож байгаа гэдгийг эрх биш та мэдэж байгаа байх. 
 
Өнөөгийн нийгэмд хэвлэн нийтлэх эрх чөлөөг үл таних сэтгүүлч таньд болон захидал бичигч надад бас өгсөн болохоор би өөрийн байгууллагын фэйсбүүк хуудсандаа энэхүү захиаг чадан ядан мутарлан сууна. Харин үл таних сэтгүүлч та өөрийн веб сайтандаа "Маск үзэгчдээ хуурч байна" гэсэн нэртэй худал мэдээг мөн л надтай адил мутарласан байх.
 
Таньд манай тоглолт таалагдахгүй байж болно. Таалагдахгүй байгаагаа худал мэдээлэл бичиж дургүйцлээ илэрхийлж болохгүй. Яагаад гэвэл сэтгүүл зүйн салбарт "МЭДЭЭЛЛИЙН ҮНЭН ЗӨВ ЭСЭХ" гэдэг ойлголт бас байдаг гэдгийг санах хэрэгтэй. Худал мэдээлэл хүргээд хариуцлагаа хүлээгээд гарах чадвартай бол та юу гэж ч мутарласан болно! 
 
"Маскынхан эхний хоёр номероо телевизээр гарсан номер тоглож байна лээ" гэсэн утгатай зүйл бичсэн байхыг хараад бид үнэхээр цочирдсоныг нуух юун. Хамгийн эхний номер - Өвөөгийн хүү. Энэ номерыг өнөөдөр монголын аль ч телевизээс та хайгаад олохгүй. (Учир нь бид өгөөгүй болохоор тэр).
 
Удаах номер - Фльетон. Энэ номер бол тусдаа урлаг болоод хөгжчихсөн өөр нэгэн урлагийн төрөл юм. Бид дээр дурьдсан 17 тоглолтын 3-д нь энэхүү фльетон хэлбэрийн үзүүлбэрийг өөр өөр хэлбэрээр тоглож байсан юм. Хамгийн эхний Фльетоноо бид хамтран ажилладаг бүх телевизүүддээ өгч байсан. Одоо ч интернэтээр хангалттай тарсан байх. Харин таны үздэг бол манай 3 дах фльетон байсан юм шүү. (Телевизээр үзсэнээс чинь шаал өөр юмнууд орсон байгаа). 
 
"Гэхдээ сэтгүүлч минь аль андуурч бичихийг тэр гэхэв дээ." гээд өнгөрөх үү? Яах уу?