сонин mn
Сонгинохайрхан дүүргийн 25-р хорооны нутаг дэвсгэрт байрлах гэр хорооллын гудамжнаас Хүннүгийн үеийн 29 булш олджээ. Эдгээр булшин дээр археологчид судалгаа хийн ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар хоёр булшинд малтлагын ажил хийгдэж байгаа аж.
 
Анх тус газарт Хүннүгийн үеийн булш байж магадгүй хэмээн ШУТИС-ийн Нийгмийн технологийн сургуулийн багш үзэж байсан байна. Үүний дагуу археологчдын баг 25-р хорооны нутаг дэвсгэрт хайгуул хийж эхэлжээ. Хайгуулын явцад тэр хавийн чулуунууд дээр Хүннүгийн үеийн булшны таних тэмдэг байсныг анзаарсан байна.
 
 
 Тиймээс ШУТИС-ийн Нийгмийн технологийн сургууль, ССАЖЯ хамтраад Улаанбаатар хот орчмын археологийн дурсгалыг авран хамгаалах малтлага, судалгааны ажлын эхлэлийг тавиад байгаа нь энэ ажээ. 
 
Үлдсэн булшуудыг малтах ажил удахгүй эхлэх бөгөөд үндсэндээ энэ хавийг Хүннүгийн үеийн оршуулгын цогцолбор газар гэж болно хэмээн албаны хүмүүс үзэж байгаа юм.
Түүнчлэн тэр хавьд  таних тэмдэг нь арилж, гадаад зохион байгуулалт нь эвдэрсэн булшууд байж магадгүй гэнэ.
 
 Тиймээс археологчид  ШУТИС-ийн Геофизикийн ангийн оюутнуудаар хайгуул хийлгэж байгаа аж. Одоогийн байдлаар булшны нүхийг гурван метр орчим ухсан бөгөөд дахин метр  орчим ухахад Хүннүгийн үеийн хүний шарилд хүрэх юм байна.  Учир нь  хүннүчүүд гурван метр орчим нүх ухаж, хүн оршуулдаг байсан гэнэ.
 
Б.Оргил
 
Эх сурвалж: "new.mn"