sonin.mn

 Сонгино хайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн харъяа I амбулторийн Хүүхдийн иx эмч Д.Цэцэгдаштай дараах асуудлаар ярилцлаа.


-Хүйтний улирал эхэлснээс болж гадуур ханиад их байх шиг байна. Энэ ханиад ямар шинж тэмдгээр илэрч байгаа вэ?

-Хүүхдүүдийн дунд вирусын гаралтай ханиад ихэсч байна. Эхэн үедээ нус гоожих, толгой өвдөх хэлбэрээр эхэлж байгаа. Гурван хоногоос цаашлаад ирэхээрээ нянгийн гаралтай болж байна. Ханиадны гол шинж тэмдэг нь маш өндөр халуурч байна. Бага насны хүухдүүдийн хувьд суулгах, хордлого өгөх, бөөлжих хоолой боох, нүд нь өвдөх шинж тэмдгүүд илэрч байна. Хүндрэлийн гол шинж нь хатгаа болох магадлал өндөр.



-Өдөрт хичнээн хүүхэд амбулаториор үйлчлүүлж байна вэ?

-Сүүлийн үед өдөрт 45-60 хүүхэд үзүүлж байна. Ихэнх нь ханиад. Хөнгөн хүүхдүүдийг гэрээр нь эмчилгээ өгөөд явуулж байна. Хүнд хүүхдүүдийг больниц руу явуулж байгаа. Манай дүүргийн 250 ортой хүүхдийн больниц ачааллаа дийлэхгүй байна. Хүнд хүүхдүүдийг эвхдэг орон дээр коридорт хүртэл авч байгаа.



-Ханиад болгон өөр, өөр эмчилгээтэй. Энэ ханиаданд ямар эмчилгээ хийж байгаа вэ?

-Дөнгөж ханиад хүрч байгаа хүүхдүүдийн хувьд вирусын халдварын эсрэг эм хэрэглэж байна. Биеийн эсэргүүцлээс шалтгаалан хүүхэд бүр өөр, өөр. Вирусын халдварын эсрэг эм хэрэглээд зүгээр болохгүй байгаа хүүхдэд антибиотекийн эмчилгээ хийж байгаа.

 


-Эцэг, эхчүүдийн хувьд юуг анхаарах ёстой вэ?

-Гол нь эцэг, эхчүүдийн зүгээс асаргаа чухал байна. Энэ ханиад даарах л юм бол хүндэрчихээд байгаа. Түүнчлэн хүүхдэд халуун, бүлээн шингэн юм их хэмжээгээр уулгах хэрэгтэй. Шингэнийг нөхсөнөөр цээжинд хуралдсан цэр шингэрэхээс гадна хүүхэд хордлогонд орохгүй, халуун нь бууна. Түүнчлэн хүйтэн агаар амьсгалуулахгүйн тулд хүүхдийн амыг нь боож гаргах шаардлагатай. Өвлийн цагт хүүхдийг 30 минутаар өдөртөө хоёр гаргаж болно. Гэтэл эцэг эхчүүд хүүхдээ өдөржингөө гаргаад ханиадыг нь хүндрүүлчихдэг тал бий.



-Утаа эхэлсэн энэ үед яавал ханиаднаас сэргийлэх вэ?

-Ах, эгч нар нь цэцэрлэг сургуульд явна. Аав, ээж нь олон нийтийн газраар явж байгаа тохиолдолд бага насны хүүхэд вирусын халдвар авахгүй байна гэж байхгүй. Тиймээс хамгийн түрүүнд хүүхдийн дархлааг л сайжруулах хэрэгтэй. Агаарт гаргах, өдөр болгон усанд оруулах, дархлаа дэмжих амин дэмтэй хоол хүнс өгөх шаардлагатай. Мөн сүүлийн үед вирусын эсрэг дархлаа дэмжих эм бэлдмэлүүд манайд орж ирж байгаа. Үүнийг эмчийн зааврын дагуу хүүхдэд уулгаж болно. Түүнчлэн аньс, чацарганы шүү, зөгийн балтай ус, зөгийн балтай сүү уулгах хэрэгтэй. Гадуур гаргахдаа хүүхэддээ маск зүүлгэх, нэмэлтээр мульти витамин уулгавал ханиаднаас сэргийлэх боломжтой.

 


-Хотын хүүхдүүдийн хувьд утаанаас болж Рахиттай болох хандлага их байдаг. Рахиттай хүүхдүүдэд ямар асаргаа чухал вэ?

-Нийслэлчүүдийн хувьд хамгийн тулгамдаж буй асуудал нь агаар болчихлоо. Утаатай болохоор хүүхдийг гаргахад хэцүү болсон. Ялангуяа ид өвлийн цагаар хүүхдүүд гэртээ байхаас өөр аргагүй. Тиймээс Д витаминийг эмчийн зааврын дагуу хэрэглэнэ. Эцэг, эх- чүүдэд зөвлөхөд зуны гурван сард хүүхдээ маш сайн чийрэгжүүлэх хэрэгтэй. Тухайлбал элсэн дээр тоглуулах, шар сүүнд оруулах, гүүний саамыг цээжинд нь түрхээд наранд байлгах. Тарвага, адууны тосоор тослоод 11-12 цагийн наранд шарахаас эхлээд хүүх- дийг чийрэгжүүлэх олон арга бий. Зуны улиралд айраг цагаагаар арчаад байвал ядаж өвөлдөө хүүхэд ханиад томуу хүрэх нь бага байдаг. Өвөл төрсөн хүүхдийг рахитнаас сэргийлэхийн тулд төрснөөс хойш 14 хоногтойгоос нь эхлэн Д витаминыг эмчийн заасан тунгаар өгөх ёстой. Цаад хугацаа нь хоёр сартайгаас нь эхлэн Д витаминыг урьдчилан сэргийлэх тунгаар хүүхэд авна.

 


-Дэлхийн гар угаах өдрийг хэдхэн хоногийн өмнө тэмдэглэлээ. Бага насны хүүхдийн гарыг тогтмол угаалгаснаар 0-5 насны хүүхдэд тохиолдох хүндрэл нас баралтыг багасгана гэж байсан. Энэ тухайд?

-Манай эцэг, эхчүүдийн хувьд хүүхдийн гар угаах тал дээр төдийлөн анхаарал тавьдаггүй. Хүүхдийн хоол идэхийн өмнө, хоол идсэний дараа, бие зассаны дараа, тоглоом барьсаны дараа гарыг нь тогтмол угааж заншуулах хэрэгтэй. Гар угаах есөн зарчим байдаг. Үүнийг дүүргүүдийн цэцэрлэгүүд маш сайн мөрддөг. Цэцэрлэгээс хүүхдүүдэд гараа хэрхэн угаах вэ гэдгийг заагаад өгч байгаа. Түүнийг нь л эцэг, эхчүүд гэртээ сайн мөрдүүлэх хэрэгтэй. Хүндрэл өгч нас барах гол шалтгааныг тавьж байгаа өвчин бол халдварт шар юм, Түүнчлэн гэдэсний халдварт өвчин, цусан суулга.



-Шар өвчин хүүхдүүдийн дунд хэр байна?

-Харьцангуй намжуу байна.



-Улсын хэмжээнд 3-14 насныханд улаанууд, улаан бурханы вакцин хийж эхэлсэн. Энэ өвчлөл хүүхдүүдийн дунд хэр байгаа вэ?

-Улаанбурхан өвчин ер нь байхгүй болчихсон гэж хэлж болно, Гадуур вирусын гаралтай ханиад их байгаа учраас дээрх өвчнүүд гарч болзошгүй гэсэн үүднээс сэргийлэх зорилгоор вакцин хийж байгаа. 2009 оны есдүгээр сараас улаанууд, улаанбурхан, гахай хавдрын вакциныг хийж эхэлсэн. Тухайн үед нас нь өнгөрчихсөн хамрагдаагүй хүүхдүүдийг дээрх вакцинд хамруулж байгаа юм.



-Залуу эцэг, эхчүүд хүүхдээ өсгөхөд бэрхшээлтэй байнга тулгардаг. Та тэдэнд ямар зөвлөгөө өгөх вэ?

-2010 онд Эрүүл мэндийн сайдын 34 тоот тушаалаар “Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр” гэж гарсан. Хүүхэд төрсөн цагаас эхлэн энэ дэвтрийг эцэг, эх, хүүхэд ашиглана. Энэ дэвтэр дээр хүүхдийг хэрхэн өсгөж бойжуулах, ямар хоол хүнс өгөх, ямар вакцинд хамруулах вэ гээд бүйх зүйл нь бичээстэй байгаа. Нэг сараас таван нас хүртэлх өсөлтийн .талаар дэлгэрэнгүй мэдээлэл бий. Тиймээс эцэг, эхчүүд энэ дэвтэртэй маш сайн ажиллах ёстой.


Б.Ариунзаяа
Эх сурвалж: “Нийслэл Таймс”