sonin.mn
Нэгэн цагт хичээл заалгаж байсан шавь маань 1990 – ээд оноос америк оронд “Ринглин бродерс” циркэд ажиллахаар ирээд, суурьшсан бүжигчин эгчээр өөрийн уран бүтээл - бичлэгийн хуурцгаа герман орноос дайж, илгээсэн нь тун сая энэхүү бичвэр тэрлэгчийн гарт Оросын домогт жүжигчин Анатолий Папановын анхны монгол сурагчийн нэгнээр өртөөлөн, дамаа хүрч ирэв.
 
Эл хуурцгийг герман орноос дайдаг учир нь эл гүрэнд сарын өмнө монголын маань өдгөө цагийн сонгодог урлагийн зарим залуу одод чуулж, нэгэн чухаг урлагийн тоглолт хийсэн агаад, түүнд нь энд дурьдан буй хөгжимчин маань шилэгдэн оролцож, төгөлдөр хуурын монгол эгшигээ өргөсөн хийгээд үүнийг нь америкийн монголчуудын гагц төлөөлөл хэрэг зориг болгон очиж, үзсэнд орших аж.
 
Энэхүү үйл явдлыг газар дээрээс нь сурвалжилж, З. Энхмөнх цахим хэвлэлд “Сонгод хөгжим тал нутгийн учрал” нэртэй дэлгэрэнгүй нийтлэл бичсэн байна (www.ub.life/p/10775).
 
“Odgerel Sampilnorov – Mongolian composers’ piano pieces”  гэх энэхүү хуурцгийн гадар хавтасны толгой нэр, энд багтсан бүтээлийг туурвигч монгол хөгжмийн зохиолчдын тухайд бичвэр сэлтийг англиар үйлдсэн нь гадагш чиглэсэн урлагийн бүтээгдэхүүн байхаар боджээ гэлтэй.
 
Урлагийн анхдагч гурван төрөл болох дүрслэхүй хийгээд бүжихүй бас аялгууны урлагийн аль аль нь хүмүүн нийгэмд хэл яриа үүсэхээс өмнө үүтгэлээ тавьсан гэгддэг тул угтаа ямар нэгэн хэл рүү хөрвүүлэх шаардлаггүй гэх. Гэхдээ л бүтээлийн нэр, овог, агуулгыг нь тоймлон, ямар хэлийн үзэгч ирнэв түүнд нь ойлгогдох хэл бичгээр товч илтгэх нь боловсон хийгээд бас нийтээр тогтсон “урлагийн ёс” аж.
 
Хэрэвзээ унаган монгол хэлт сонсогч энэхүү хуурцагтай таарах аваас “Төгөлдөр хуурч Сампилноров овогтой Одгэрэлийн хөгжимдсөн монголын хөгжмийн зохиолчдын төгөлдөр хуур хөгжимд зориулан туурвисан (сонгодог) аязууд” – ын шилээвэр бичлэг юм хэмээн ухаарах нь зүй. Хуурцгын шошго нэрэнд “сонгодог” гэдэг үг ойлголт байхгүй ч ийн тодотгон, эх хэл рүүгээ хөрвүүлэнгээ жийрэглэн нэмэхийн учир байна аа.
 
“Монгол сонгодог” хэмээх хэлц ойлголт үүтгэж, бийлэгжүү давхаргын хүрээнд гурвантаа үзэгдэл болохуйц тоглолт зохион байгуулсан “дэлхийн” тодотголтой дуурийн дуучин “Чингис хааны одонт - гавьяат” Г. Ариунбаатарын нэр нөлөө эл салбар урлагийн зэрэг дэвийг нийтийн дунд өргөхөд томоохон түлхэц болж байх шиг.
 
Монголын дуурийн аргил хоолойтнууд дэлхийн тавцанд хөвч, төвөнхийн ур тэнхээ заан мэдүүлж, нэр цолоо даяаар дуурсгах болсон энэхэн цаг дор тэртээ түүхийн нэгэн агшинд хамтдаа “мэргэжлийн сонгодог хөгжим” гэх дундын зурхайнаас ижил гараатай эхэлсэн хөгжимдөхүйн урлаг ч бас энэ чинээнд байхын угтал ерөөл энэхүү хуурцаг туурвигчийн урын сангийн бодлого, төлөвлөгөөнд нь оршин буй нь илтээ.
 
Ер нь манай зохиолын дуучид, поп - рок хамтлагуудын бичлэгийн хуурцаг голдуу үзэгдэхээс сонгодог хөгжмийн бичлэгийн бараа бүтээгдэхүүн өдрөөр одон харах мэт байдаг тул чухам л ангаж байгаад тагнайгаа дэвтээсэн мэт тамшаалсанаа нуух юун.
 
Энэхүү хуурцагт манай орчин цагийн мэргэжлийн хөгжмийн зохиомжийн дэг сургуулийг үндэслэгчдийн нэг, “зохиолчтой хөгжмийн үе” - ийн гол төлөөлөгчдийн нэгэн болох “монгол хөгжмийн тулгын гурван чулуу” хэмээн бүх нийтийн сурах бичигт хэлэгддэг төрийн шагналт, ардын жүжигчин С. Гончигсумлаагийн (1915 - 1991) төгөлдөр хуур хөгжмийн зэмсэгт зориулан туурвисан таван бүтээл (“Бодол”, Прелюди № 12, 19, 20, “Буриад бүжиг”), монгол хөгжимд өрнөдэхиний хорьдугаар зууны хэллэгийг анхлан нэвтрүүлсэн суут туурвилч, төрийн шагналт З. Хангалын (1948 - 1996) төгөлдөр хуурт зориулсан “Монгол ардын дууны хувилбар аяз”, өдгөө цагт бүтээл нь дэлхийн нэр хүндтэй индэрт эгшиглэн байдаг хөгжмийн зохиолч, Чингис хааны одонт, төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б. Шаравын (1952) дөрвөн хөгжим (төгөлдөр хуурт зориулсан прелюди № 1, 2, “Зул” болон “Сэрсэн тал” монгол ардын найрал хөгжимд зориулсан удиртгал хөгжмийн төгөлдөр хуурт зохируулсан хөрвүүлэг)  зэрэг монголын нийт гурван хөгжмийн зохиолчийн төгөлдөр хуурын арван бүтээл багтжээ.
 
С. Одгэрэл ийн гурамсан хөгжмийн зохиолчийн бүтээлийг сорчилсон нь ч учиртай аж.
 
“...ХХ зууны хоёрдугаар хагасын монголын төгөлдөр хуур хөгжмийн түүхэн дэхь тэргүүлэх гурван хөгжмийн зохиолч нь Гончигсумлаа, Хангал, Шарав нар болох ба тэд монголын хөгжмийн зохиомжийн дэг сургууль бүрэлдэн буй болсон сонгодог, романтик, орчин үе гэсэн гурван үндсэн үе шатны төлөөлөл билээ...” хэмээн Монгол Улсын Консерваторийн төгөлдөр хуурын багш, залуу эрдэмтэн, соёлын тэргүүгий ажилтан Ш. Гульфайруз “ХХ зууны хоёрдугаар хагасын Монголын төгөлдөр хуурын хөгжим: хөгжмийн зохиолч, хөгжмийн зэмсэг, төрөл зүйл” хэмээх докторын зэрэг горилсон нэгэн сэдэвт бүтээлдээ  дурьдсан нь нуруутай дүгнэлт юм.
 
Ш. Гульфайруз эл бүтээлээ 2011 онд ОХУ – ын Санкт – Петербургийн Консерваторид хамгаалсан байх ба одоогоор монголын төгөлдөр хуур хөгжмийн сэдвийг бүхэлд нь хөндсөн эрдэм судлалын индэр дэхь цор ганц шинжилгээний бүтээл болж байна. Түүний диссертацид энд өгүүлэн буй хуурцагт орсон хөгжмийн гол туурвилууд болох С. Гончигсумлаагийн прелюди хөгжмүүд, З. Хангалын “Монгол ардын дууны хувилбар аяз” зэрэг бүтээлийг хөгжмийн бүтэц, түүхэн тогтоц, илэрхийллийн талаас нь сайтар судлан, шинжилсэн байна.
 
Хөгжмийн зохиолч,  судлаачдын бүхэл бүтэн нэгэн үеийн гоо зүйн үзэл санааны тугч, хөгжмийн онолч – судлаач, хөгжмийн зохиолч, удирдаач,  урлагийн гавьяат зүтгэлтэн Д. Жанчив (1940) багшийн 1980 оны дундуур С. Гончигсумлаагийн төгөлдөр хуурт зориулсан “24 прелюди” (1978 -1979) ийн тухай “Хорин дөрвөн прелюди” – ээс төрсөн сэтгэгдэл” нэртэй хөгжмийн яруу хэрглүүрийн чанадад хийсэн хөгжмийн онолын ажиглалт судалгааны даацтай өгүүлэл нийтлүүлсэн нь өнөө хир үнэ цэнэтэй, үндэсний төгөлдөр хуурын бүтээлийг хөгжмийн онолын үүднээс тандсан анхдагч судалгаа хэмээн торойсоор байна.
 
Хуурцгийн эгшиглэн, үргэлжлэх хугацаа хагас цаг гаруйхан (31’09’’) ч гэлээ өмнө нь монголоор овоглосон төгөлдөр хуурын хөгжим байдаг тухай төсөө ч үгүй хөгжмийн нийгэмлэг орчлонд ямартай ч “салхич шувуун” болж, монгол оюун бүтээлийн нэгэн ай эрдэнэ шинээр нээгдэж буйг зарлан тунхаглаж буй үйлдэл энэ болжээ хэмээн үзнэ.  
 
Төгөлдөр хуурын “төгөлдөр монгол аялгуу” – нуудыг хөгжимчин С. Одгэрэл хэрхэн хөгжимдөж бичүүлсэн донж маяг (интерпретация; interpretation ) нь цоо шинэ өнцөгт илэрхийлэл, монгол хөгжимдэхүйн нээлтийн шинжтэй зүйлс агуулсан байх.
 
Энэхүү хуурцагт багтсан бүтээлүүдээс ЗХУ – д бэлтгэгдсэн манай анхны мэргэжлийн төгөлдөр хуурч, өдгөө Польш оронд амьдарч буй БНМАУ – ын гавьяат жүжигчин Г. Эрдэнэчимэг С. Гончигсумлаагийн “Бодол”, “Буриад бүжиг” зэрэг бүтээлийн анхны тоглогч бас монголын радиогийн алтан фондод анх бичүүлсэн нь юм.
 
З. Хангалын “вариаци” бүтээлийн анхны хөгжимдөгч, зохиогчийн төрсөн ах гайхам уран чадварлаг бас мэдрэмжит, БНХАУ – д хөгжмийн сургууль төгссөн манай анхны эрэгтэй төгөлдөр хуурч, эл бичвэрийн эзэнд ерөнхий төгөлдөр хуурын хичээл заасан З. Эрдэнэбилэг агсаныг энд дурьдалтай.
 
Ардын жүжигчин, төгөлдөр хуурч, профессор Т. Цолмон 1981 онд ЗХУ – ын “Мелодия” пянз бичлэгийн газар С. Гончигсумлаагийн “24 прелюди” – г бүхэлд нь бичүүлсэн нь буй. 
 
Манай нэртэй концертын төгөлдөр хуурч – багш нар, профессор П. Доржпагма, профессор, гавьяат багш Ч. Тунгалаг, Л. Замбага, Да. Тунгалаг, С. Саянцэцэг, профессор Ц. Энхтөр болон америк оронд уран бүтээлээ идэвхтэйгээр олон жил туурвиж буй Сан – Франциско хотын Бүжгэн Жүжгийн Компанийн тэргүүлэх төгөлдөр хуурч, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, америкийн Цагаачлалын Хуулийн Сангийн “Цагаачлалын алдар” шагналт Б. Мөнгөнчимэг, Рүүт Пээжийн нэрэмжит Уралгийн Төвийн төгөлдөр хуурч, МУ – ын Соёлын тэргүүний ажилтан Д. Маралгуа нарын зэрэг төгөлдөр хуурч хөгжимчдийн маань концертын урын санд  дээрх бүтээлүүд байнгын орон зайгаа эзэлж байдаг бөлгөө.
 
Гэсэн хэдүй ч хөгжимчин уран бүтээлч бие хүн тус бүрийн дахин давтагдашгүй өвөрмөц “өөрийн би” гэх им тамгат урлахуйн илэрхийлэл дээр хөгжим урлагийн мөнхийн бүтээлийн оршихуйн байнгын хөгжил хөдөлгөөн, бүтээл туурвилын уран сайхны агуулгыг илтгэн илэрхийлэх орчил байдаг тул хүмүүний сонирхлыг үргэлжид татан, амь бөхтэйгээр үеээс үед өртөөлсөөр, уран бүтээлийн өмнөх  туршлагыг төгөлдөржүүлэн зузаалсаар байдаг ажгуу.
 
Урлагийн алив нэгэн бүтээл туурвигчийн тэрлэсэн эх зохиолыг гүйцэтгэх уран бүтээлчид болох жүжигчин, дуучин, бүжигчин, хөгжимчид сонсогч – хүртэгчдэд хүргэдэг гурвалжин холбоостой. Уран чадварлаг амилуулагчгүй, урлагийн шинэлэг үнэнийг илтгэгч, ховсдолт дүр бүтээгчгүй аваас зохиолын эх, хөгжмөн бичиг, бүжгийн төлөвлөгөө сэлт нь хичнээн суу билэгт туурвил байлаа ч ширээний тавцан дээр навсайн хэвтэх зүгээр л цагаан дээр хар мөр эрээчсэн амь биегүй цаас төдийхөн зүйл болох билээ.
 
С. Одгэрэлийн  хуурдан хөгжимдөхүйн донж – интерпретацийн илэрхийлэл болж, манай төгөлдөр хуурын ууган туурвил “Бодол” (1947) хэмээн овоглосон энгийн гурван ангит хэлбэр бүтэцтэй аязын хөгжүүн дунд хэсэг тун эмзэгхэн гэтэс хийгээд аажуухнаар газар аван, ахин урагшлах төвөргөөнт хөгжүүн хөдлөл мэт шинэ дүрслэлээр баяжин сонстоно.
 
Уг хуурцагт багтсан бүтээлүүд дэхь олон хоолойн дууурьсахуйн ухааны шинж төрхтэй хөгжмөн дүрслэлийн хэсгүүд дэхь авианы өрөг бүр урьд өмнө огт сонсож байгаагүй утга төгөлдөр зохирлын найр болон хөгжимчний илэрхийллээр дамжин эгшиглэнэ.
 
Ялангуяа энэхүү донж маяг З. Хангалын “вариац” дахь импрессионист - сонористик аккордууд аажмаар олон хоолойн фуг, остинат маягийн хөтлөх аргил эгшгүүдийн асуулт хариултын гэмээр хөдөлгөөнүүдээр улбаалан, экспрессионист үсрэлтэт бужигнааны өрнөлт илэрхийлэлтэт оргилд очих нь суут зохиолчийн бүтээл дэхь бидний хэзээ ч олж анзаарч байгаагүй нууцын авдрыг нээн харсан мэт хөгжимдэхүйн олз бүтээл болж хэмээн сэтгэгдэнэ. 
 
С. Одгэрэлийн хөгжимдөхүйн донж маяг дахь бас нэгэн сайшаалт тал нь түүний арван хурууны бяд дор эгшиглэх аккордын багц эгшигүүд зүгээр нэг гар хуруу, бугуй тохойны шөрмөс заан бярдсан хоосон, чих дөжрөм нүргээн бус хөгжмийн драматургийн маш чухал илэрхийллийн утгыг тээж, хөгжим хэмээх ариун дагшин бодгалийн огшоом оргилт агшины тэмдэгт яруу хэрэглүүр болохыг сануулам. 
 
С. Одгэрэл уг хуурцагт багтсан арван бүтээл тус бүр дэхь утга илэрхийлэл, хөгжмөн дүрслэлийн хэсэг бүрийн дүрийг товойлгон гаргахыг зорьж чимхлүүр ажилласны сацуу, хөгжмийн бүхлийг бүтээгч хэсэг хоорондын ялгарамжыг хөгжмийн өнгө дүрсийн будгаар ялган, дурайтал зурж байна.
 
Харин “Сэрсэн тал” удиртгалын хөрвүүлгийн талд найрал хөгжмийн партитурыг эш болгох бус төгөлдөр хуур хөгжмийн зэмсгийнхээ унаган чадамж, боломжийг илүүтэй түшиж, хөгжмөн эх бичгийг зохиогчтой нь урьтан зөвлөж, багаахан хөндсөн бол илүүтэй байжээ гэж санагдсанаа нуух юун.
 
С. Одгэрэл бол манай мэргэжлийн хөгжмийн урлаг дахь “барууны чигтэй” нэн шинэ үеийн хөгжмийн уран бүтээлчдийн тод төлөөллийн нэгэн болж байна.
 
“Хөгжим бүжиг” төгсөгч тэргүүн авьяаст хөгжимчин залуусаас шигшэн, 155 орныг нэгтгэсэн, хоёр жил болон түүнээс богино хугацаанд боловсрол олгох сүлжээ - систем байгууллага болох Дэлхийн Нэгдсэн Коллежийн  Итали дахь салбар сургуульд суралцуулах “албан” яриа хоёр мянган он гаруут өрнөсөн юм. Эл түүхийг сийрүүлэгч тус коллежийн сургалт, арга зүйн асуудлыг хариуцаж байсан тул уг асуудлын хажуугаар чихээ бөглөн өнгөрөөгүй билээ.
 
Залуу хөгжимчдийг жил бүр нэжгээдийг давтан илгээсэн. Тэд итали орныг баруун зүгт цааш алхах шат гишгүүр болгож, дараагийн залуустаа луужин болж итали, америк, германы консерватори сургуулиуд болон шведийн хааны хөгжмийн академид магистр, докторын сургалтад дүйцэх зиндаанд хийл, төгөлдөр хуур, эрдүү хийл, морин хийл, цохиур хөгжмийн зэрэг мэргэжлээр үргэлжлүүлэн суралцаж, өдгөө төгсөцгөөн, эх орондоо “монгол үндэсний консерватори - сургууль” цогцлоох их үйлсэд гар оюунаар оролцож эхлээд байгаа ба одоо ч энэ буухиа тасралгүй үргэлжилсээр байгаа билээ. Үүний нэгэн төлөөлөл нь энд өгүүлэн буй хөгжмийн хуурцаг бичлэгийн маань эзэн С. Одгэрэл болой.
 
С. Одгэрэл нь хөгжмийн боловсролын үндэс сууриа эх орондоо олж аваад, дэлхийн сонгодог хөгжмийн “өлгий” болох итали оронд нэр хүндтэй сургууль, багш нар дээр төгөлдөр хуурч хөгжимчний боловсрол эзэмшиж улам сайжруулан, төгсжүүлжээ.
 
Итали орны өнөөгийн хөгжмийн боловсрол, хөгжмийн амьдралын талаар эх хэл дээр маань мэдээлэл бага үзэгддэг тул ямартай ч энэ оронд түүний олсон амжилтуудыг нь уг хуурцгийн хавчуурга дахь намтраас эх хэлээрээ цохон дурьдах нь зүйтэй мэт.
 
Хөгжим Бүжгийн Коллежийн төгөлдөр хуурын профессор Ч. Тунгалаг багшийн ангийг төгссөнийхөө дараа С. Одгэрэл 2006 – 2008 онуудад Италийн засгийн газрын тэтгэлгээр Пэрүжийн (Perugia) Консерваторийн бакалаврын сургалтанд хамрагдан, профессор Луйжи Танганеллид (Luigi Tanganelli) шавилан суралцаж, “онцсайн” (“Summa Cum Laude”) дүнтэйгээр төгссөн байна. Шилдэг 16 төгсөгчийн тоонд багтсан тул тэр жилдээ хоёр дахь шатны боловсролын түвшин болох магистрын сургалтанд хамрагдах эрх аваад зогсохгүй Итали оронд нэр хүндтэйд тооцогдох Луйжи Кастеллагийн нэрэмжит хөгжмийн тэтгэлэгт шагналд тэнцэж,  профессор Стелла Куадринид (Stella Quadrini) шавилжээ.
 
Магистрын сургалтын явцдаа С. Пертикароли, М. Могилевский, Барт Ван Оорт нарын зэрэг нэр хүндтэй профессоруудын нээлттэй хичээлд хамрагдаж.
 
С. Одгэрэл “хөгжим бүжиг” - т төгөлдөр хуур, хөгжим судлал, лимбэ (флейт) гэсэн гурван мэргэжлээр зэрэг суралцаж байсныг санаж байна. Хөгжмийн тухайд эх хэлээрээ задлан бичих эхэн шатны арга дадал заалгаж байсан нь өгөөжөө өгч гэдгийг түүний нийтлүүлсэн хөгжмийн тухай зарим бичвэр илтгэнэ.
 
С. Одгэрэлийн энэ цаг мөч хүртэл цогцлоосон уран бүтээлийн амжилт нь манай хөгжимчдийн намтарт урьд өмнө тэр бүр төдий л дуулдаж байгаагүй ховор живэр олзоор арвин байх аж.
 
Италид 9 жил суралцах хугацаандаа тэрбээр “Erard” гэх түүхэн хөгжмийн зэмсгээр Умбриагийн Үндэсний Галлерейн цөөхүүл найрал хөгжимтэй хөгжимдсөн ба Мөн Марлоччийн Театрт Пэрүжийн Консерваторийн симфони найрал хөгжимтэй удирдаач Франческо Леонеттийн хамт Ф. Шопены төгөлдөр хуурын II концертыг хөгжимдөн анх гарчээ.
 
Пэрүжийн Аудиториум танхимын нээлтийн ёслолыг нээж, Пэрүжийн симфони найрал хөгжим, удирдаач Карло Паллечийн дохиур дор “Ариун Франческогийн төгөл” бүтээлийг эгшиглүүлж.
 
Тэрбээр дөрвөн жилийн туршид Олон Улсын Төгөлдөр Хуурын “Incontri col Maestro” Академид Стефано Фуццийн удирдлаган дор төгөлдөр хуурын гоцлол хөгжимчний мэргэжлээр суралцсан байна.
 
С. Одгэрэл Бээжин, Гонконг, Ром хотуудад бие даасан тоглолт хийснээс гадна Герман, Испани орнуудад айлчлан тогложээ.
 
Тэрээр эх нутагтаа Улсын Филармонид “Pianissimo”, МУК – ийн концертын танхимд И. С. Бахын уран бүтээлээр “XXI зууны өргөл” бие даасан тоглолтоо хийсний гадна, ДБЭТ – т П. Чайковскийн төгөлдөр хуур, найрал хөгжимд зориулсан I концертыг удирдаач Д. Дашнямын удирдлагаар тус тус хөгжимдөж, концертын эрч хүчтэй гоцлол хөгжимчин болохоо харуулж амжжээ.  
 
Ийнхүү монголын төглдөр хуурын урлагийн энэ цагийн залгамж болсон Монгол Улсын Консерваторийн багш, “Виртуозо” академийн 2015 оны шагналт Сампилноровын Одгэрэлийн хөгжимдсөн “монгол сонгодог” төгөлдөр хуурын хуурцгаас ажвал, манай оронд зуун дамнан идээшсэн дэлхийн сонгодог урлагийн хөгжмимдөхүйн урлаг олон улсын оргил өөд итгэл бардам алхах сайхан найдварыг төрүүлж байна аа.
 
Энэхүү бичвэртэй холбогдох нэмэлт мэдээлэл:
 
Хөгжимчдийг гадаад оронд бэлтгэсэн түүхээс:
 
Социализмын материал техникийн бааз байгуулах манай орны түүхэн хөгжлийн агшинд монголчууд тэргүүний сэхээтнүүдээ ЗХУ болон ах дүү “соц.” орнуудад бэлтгэх бодлого явуулсан байдаг.
 
Энэ үест сонгодог хөгжмийн урлагийн мэргэжилтнүүдээ ЗХУ – ын эртээс уламжлалтай Москва, Ленинград хотуудын хөгжмийн дунд, дээд сургуульд, олонхыг нь Уралын нуруунд орших Свердловскт бас нэжгээдийг хуучин Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд багтаж байсан Бүгд Найрамдах улсууд болох Армен, Азейрбажан, Грузин, Казакстан, Украйн улсын нийслэлүүдэд хийгээд мөн цөөнгүй уран бүтээлчдийг ах дүү социалист орнууд болох Хятад, Польш, Болгар, Чех, Германы хөгжмийн академи - консерватори сургуулиудад бэлтгэсэн. Өдгөө гадаадад бэлтгэгдсэн анхны боловсон хүчний нөөц шингэрч буй ч шинэ хүчээр дээрх орнуудад төгсөгч үндэсний залуу мэргэжилтнүүдээр сэлбэгдсээр байгаа билээ. 
 
МУК – ийн дуулаачийн тэнхмийн эрхлэгч, доктор Ц. Чинзоригийн тандсанаар зөвхөн Болгарт гэхэд л 1957 – 2017 он хүртэлх 60 жилийн хугацаанд дуурийн дуучин давамгайлсан 40 уран бүтээлч бэлтгэсэн байгаа нь 3 сая хүн амтай, 3 мянган боловсон хүчинтэй энэхүү салбарт чамгүй тоон үзүүлэлт болох байх аа.
 
Гадаадад илгээсэн зарим нэг оюутан эрсдэлийн хуулийн дагуу нийтийн боловсролын өөр чиглэл хөөж, замын дундаас хазайх, орхих нь бий. Тэгэхдээ эзлэх хувь нь өчүүхэн бага.
 
Ер нь “боловсролын эрсдэл” гэдэг зүйлийг тооцож байх хэрэгтэй буй за. Байсгээд л манай нийтийн хэвлэлийн индэрт улсын зардлаар өндөр хөгжилтэй оронд сурахаар одоод, төлбөр мөнгөө төлж барагдуулаагүй хийгээд сураг алдарсан улсын нэр ус тааруу жишээ болон нийтлэгдсэн нь үзэгддэг. Энэ бол боловсролын эрсдэлийн манай нийгэм дэхь томруун жишээ байх.
 
Цэргийн онолд эрсдэлийг дайны цагийн үед ерэн хувьтай авч үздэг гэж бодоход Их Хятад гүрэн баруунд илгээсэн оюутнуудаа энэ дайтай эрсдэлийг нь тооцож, бум түмээр нь илгээсэн төрийн бодлогот туршлага буй билээ.
 
Итали болон баруунд сургасан түүхээс:
 
Итали оронд манай сонгодог хөгжмийн боловсон хүчин суралцуулах бодлогот санаа ардчилсан засгийн эхний он жилүүдээс эхтэй. Энэ үйлсэд Итали оронд бүрэн эрхэт элчин сайдаар сууж байсан Ч. Батжаргал гуай үнэтэй хувь нэмэр оруулсан. Гол нь италийн зүгээс уйгагүй санал санаачилга тавьсан байх. Италитай байгуулсан 2000 – 2003 оны соёлын хэлэлцээр ч үүд хаалгыг нь нээж өгсөн.
 
1991 оны дөрөвдүгээр сарын 15 - нд “Эцэг” Ким Ир Сений 79 насны сүүдэр зооглосонд тохиолдуулан олон улсын “Хаврын баяр” их наадам ёслол Пхеньян хотод дэлхийн 60 орны зочид, төлөөлөгчдийг чуулуулан өргөн дэлгэр, дээдийн төгс төгөлдөр болсон юм. Энэхүү бичээч тус төрийн найранд монголын урлагийн төлөөлөгчдөө ахлан оролцсон ба энэхүү нүсэр арга хэмжээний нэгэн завсар агшинд италийн төлөөлөгч Жоржио Бласко гэж хүн чухам биднийг хэрэг зориг болгон ирж, уулзаж билээ. Тэрбээр итали хэлний солонгос хэлмэрчээ авч ирсэн ба бид ч тэртээ 50 – иад онд тавхан настай байхдаа монголд хэдхэн жил болоод буцсан орчуулагч Занаа дагуулан ирсэн байлаа. Бидний яриа ингэж өрнөсөн аятай болов. Итали зочин маань үг хэлэхэд орчуулагч нь солонгос хэл рүү орчуулна. Түүнийг нь манай багадаа монгол хэлтэй байсан, бас “Маамуу нааш ир” дууг мэддэг байсан Зан маань бидэнд машид нуранги монгол хэл рүү орчуулах аядана. Ойлгохгүй зүйл гарах тул бид орос хэлтэй солонгосын талын орчуулагч хүссэн авч бас л сайн нэвтрэлцээгүй тэгсгээд олигтой юм бололгүй хэлэлцээр маань өндөрлөж билээ.
 
Энэхүү хөгтэй ч юм шиг, бас гашуун түүх итали монголын соёлын харилцааг өрнүүлэхэд лавтай таван жил чөдөр тушаа болсон байх. Бидний хэлэлцээр гэж нэрлэж болох “ичмээр” үйл явдлын гэрч болсон дуучин, гавьяат жүжигчин Ц. Баадайжав гуай төрийн түшээ болж ирсэн, нов ногоохон элчээ тун голж, шууд л “та англи хэлгүйгээр яаж энэхүү албыг залгуулдаг байна аа” хэмээн уулга алдан, нүүрэн дээр маань зэмлэж билээ. Арга ч үгүй юм. Яг тэр үед Ц. Баадайжав гуайн хүү Пхеньяны их сургуульд суралцаж байсан ба манай хүү солонгос, англи хэлтэй гэж өмнө нь хэлж байсан нь оройд орж, ихэд ичэн гэмшиж билээ.
 
Энэ үед Соёл урлагийн хөгжлийн хороонд англи хэлтэй хоёрхон хүн байсан нь “ардын зураач” Л. Намхайцэрэн (1913 - 1992) гуайн хүү Ганбат агсан, дэд дарга Н. Энхбаяр нар билээ. Энэхүү томилолтод уг нь тэдний аль нэг нь явах байсан ч гэнэт шийдвэр өөрчлөгдсөж, “хэлгүй түшмэлд” оноолт таарсан нь энэ юм. Одоогийн монгол хүүхэд хөвөөгүй “хай, тех” байтугай болсон ч ардчилсан он жилүүдийн эхэнд “хай, бай” – тай түшээ бараг байсангүй.
 
Ж. Бласко гуай уйгагүй хөөцөлдөлгөөтэй хүн. Тэрбээр италид анх манай элчин нээгдсэн дариуд л анхны элчин сайд, италиар ус цас Ч. Батжаргал гуай дээр гүйж очсоноос зайлахгүй. Ж. Бласко гуай алдартай лимбэ хөгжимчин бөгөөд бидний гутамшигтай анхны уулзалтын үед тэрбээр Триест хотын Консерваторийн захирал байсныг өгсөн нэрийн хуудаснаас нь ухаарч билээ. “Чингис хааны төрсөн нутгийн хөгжим” гэж ном нутагтаа хэвлүүлсэн монгол судлаач хүн санж.
 
Шинэ зуунтай зуузай холбон  манай дуурийн дуучид ардын жүжигчин А. Долгор, “гавьяат” У. Далантай, гавьяат жүжигчин Э. Уянга нарын зэрэг олон дуучид италид мэргэжил дээшлүүлсэн ба гавьяат жүжигчин Б. Эрдэнэтуяа нарын нэжгээд дуучид, хөгжимчид тус улсад суралцан төгссөн.  
 
Ер нь дипломат, бүрэн эрхэт элчин сайдын үүрэг улс орны хөгжил дэвшилд чухал нөлөөтэй гэдгийг ясны дипломатуудын үйл хэрэг зөвхөн Ч. Батжаргал гуай төдийгүй Японд суугаа элчин сайд С. Хүралбаатар гуайн сумо бөхийн талаархи бодлогоос бас илэрхий харагдана. АНУ – д сууж байсан элчин сайд Х. Бэхбат гуай америкийн нийгэмд манай урлаг соёл, эрдэмтдийн оролцоог идэвхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байсныг өөрийн туршлагаас мэдэх юм.
 
Төгөлдөр хуур үүссэн түүх ба түүний Монгол нэрийн тухай:
 
Италийн хөгжим урлаач Бортоломео Кристофори 1709 онд  гагцхүү цангиа тасалдсан дуутай байсан тэр цагийн даруулт хөгжмийн зэмсгийн хөгжимдөн дуу гаргах механизмыг нь өөрчилжээ. Тэрээр ган төмөр чавхдаснуудыг өмнө нь доргион шүргэх төдийгөөр тасалданги хөгжмийн эгшиг гаргадаг байсныг өмнөө эсгий жийргэвчтэй модон алхаар тоншингоо тэр дариу эгэн харьдаг оньсон алхат систем зохион туршсан нь төдөлгүй хөгжимчдийн талархлыг хүлээх болжээ.  Энэ нь даруулт хөгжимчинд чанга, аяаар хөгжмийн авианы хүчдэлийн аль алиныг нь илтгэж, тохируулах бололцоотой болсонд  “уян хатуу эгшигт даруулт хуур”  буюу “Gravicembalo col piano e forte” гэж зохиогч нь нэрлэжээ. Төд удалгүй “чанга аяаар” гэх утгатайгаар товчлон хэлэх болсон ба орос хэлнээ “фортепьяно эсвэл фортепиано” гэж кирилээр бичих болсоныг баримжаалан, гэрийн хоймор дахь хар хүрэн авдар мэт сонихон дуу зүстэй, даруулт чавхдаст цохивор хөгжмийн нэгэн зэмсгийг Ж. Бадраа (1926 - 1993) гуай нэгэн жарны тэртээд “төгөлдөр хуур” хэмээн монгол нэр хайрласанд бид өдгөө нэгэнт хэвшин дасаж, угаас ийм нэртэй байсан мэт сэтгэдэг болжээ. Харин монголчууд эзэнт гүрний үеээс “Бадралт бага бишгүүр” гэх хулс модон хонгио хөөрөгдөн, өчнөөн олон өөр авиа эгшиг гаргадаг хөгжмийн зэмсгийг ордны төрийн ёслол найрал хөгжимд эгшиглүүлдэг байсан тухай Г. Бадрах (...- 1937) гуай наян жилийн өмнө дурьдан бичсэн байдаг.  
 
Монголчуудын төгөлдөр хуурын анхны багш:
 
Монгол хүн анх төгөлдөр хуур хөгжмийн зэмсгийн сүр барааг өдгөөгөөс зуун жилийн тэртээ, “автономитын үед” харсан, бас эгшиг авиаг нь сонссон сураг мэдээ байдаг. Нийслэл хүрээнд америк, европ, ази, африк тивийн цөөнгүй цагаач иргэд дэлхийн дайны хөлөөс дайжин газрын мухарт амь хоохойлж панз арилжаа, соёл гэгээрлийн үйл хийж байсан тухай түүхэн баримт цөөнгүй билээ.
 
1900 оны эхэн үеээс гадаад иргэд “Нардом” гэх нэртэй ордонд цуглацгаан, өрнө маягийн соёл олон нийтийн ажил зохиодог, түүнд нь хүрээний элит - дээд давхаргын зарим монголчууд ч хамрах явдал байдаг байж.
 
Монголчуудын төгөлдөр хуурын анхны багш нь Минна Давыдовна Берлин - Печникова (1892 - 1969) байх нь магад дамжиггүй юм. Түүний төрсөн овог нь Печникова ба орос заншлаар анхны нөхрийнхөө овгийг авч Яхнич – Печникова гэж байгаад удаах гэрлэлтийн дараа Берлин – Печникова болжээ.
 
Тэрбээр өөрийн хоёр дахь хань болох тахал судлаач залуухан эрч хүчтэй эрдэмтэн, эмч  А. Берлинээ (1903 - 1939) дагалдан 1930 – аад оны эхээр монголд ирсэн байна. Түүний нөхөр нь хожмоо зөвлөлтийн тахал өвчин судлаач нэрт эрдэмтэн болсон ба дөнгөж эрдмийн зэргээ хамгаалсан залуу судлаач монгол оронд хүн ардыг тарваган тахлаас урьдчилан сэргийлэх, анагаах томилолт Москвагаас авч, цөөнгүй жил монголын хөдөө талд хээрийн шинжилгээний багтай, карантины нөхцөлд хэдэн жил судалгаа туршилт явуулжээ.
 
М. Берлин – Печникова ирсэнийхээ дараа “бөмбөгөр ногоон” буюу тэр үеийн Төв театрт ажиллаж байж. Төв театрын боловсон хүчнийг бэлдэх зорилгоор Уран сайхны сургууль байгуулахад цаг хугацааны хувьд таарч, багшилжээ. Энэ тухай түүний охин Д. М. Печникова ийн дурсан бичиж:
 
“...Ээж маань Петербургийн консерваторийг төгсөгч, гайхалтай төгөлдөр хуурч хөгжимчин байсан гэдгийг энд хэлэх нь зүйтэй. Төгсөлтийн шалгалтан дээр нь захирал, хөгжмийн зохиолч Глазунов ээжийн нэрийг цохон онцгойлон дурьдаж байсан гэдэг.  
 
Монголд очоод хөгжмийн цагаан толгойн хичээл зааж эхэлсэн гэсэн. Дугуйлан маягийн сургалт нь улмаар сургууль болон өсч томорсон юм.
 
Мөрдорж овогтой ээжийн сурагчдын нэгэн нь монголын анхны хөгжмийн зохиолч болсон ба тэр “Харц Дамдин хатан Долгор” гэдэг үндэсний дуурь зохиосон. Ээжийн идэвхи зүтгэлээр монгол ардын дуунуудыг цуглуулж, тэмдэглэж авсан нь хоёр ботиор хэвлэгдсэн. Ээжийн маань хөрөг зураг Улаанбаатарын Ленин клубт өлгөөтэй байдгийн учир энэ...” хэмээжээ.
 
М. Берлин – Печникова 1936 онд нутаг буцаж, ОХУ – ын Татарстаны нийслэл Казанийн Консерваторид төгөлдөр хуурын профессороор насан өөд болтлоо ажиллажээ.
 
Харин төгөлдөр хуурын анхны монгол багш Ж. Пүрэвдаваа байх.
 
 
 Б. Батжаргал