sonin.mn
Номин цэнхэр тэнгэрийн
Наран мандах орчинд 
Сэтгэлийн онгодоо хөглөж
Сайны ерөөл өргөе 
Сэтгэлд уягдаж төрсөн нутгаа
Холын газраас дурсан санаж
Санаа сэтгэлдээ ургуулан бодож
Хайрын гэрэлт өлгий 
Ханхөхийгөө магтюу
 
Манай нутагт Ханхөхийн нуруу гэж холын холоос хөхрөн цэлийх алдартай сайхан уулс сүндэрлэн харагддаг.
Ханхөхийчүүдийн төрж, өссөн өгөөмөр баян, сэтгэлд мөнхөрсөн, тэнгэр заяат тоонот нутаг Ханхөхий минь алс холоос хөхрөн цэлийж, ухаан бодпыг нь уяруулж, эзэн Чингис хааны удмын Батмөнх даян хааны удамт Увсын халх зон олны гурван сум Цагаан хайрхан / хуучин Туруун/, Өндөрхангай, Зүүнхангайн нутгаасаа алс холд суугаа ахан дүүс, анд нөхөд Хөхий нутгаа бодох тусам сэтгэл догдлон санаа сэтгэл улам нигүүсэн ариусмой.
 
Ханхөхийн хойт талаар усан тэлмэн жороо морины тэшилт мэт алтран сувдрах Тэсийн гол Увс нуураа зорин мэлтэлзэж, өмнө талд нь униартан цэнхэртэх Далан түрүүний уртын урт уудам хөндий баруун тийш сунарч, өмнийн говийн элст манхат цэлийн шаргалтана.
Айраг, Хяргас нуурууд уран долгио хаялан цэнхэртэн цэлэлзэж харагдах нь миний нутгийн байгалийн сайхныг илтгэнэ.
Өглөөний нарны ургах улаан шаргал туяа Ханхөхийн тэнгэр баганадах мэт уулсын оройд эртлэн тусахуйд Дорнын их талд улаан бөмбөлөг унах мэт сэтгэлд буухыг манай нутгийн газар усны гайхамшиг гэлтэй.
 
Ханхөхий нутагт төрж, өсөж, хүмүүжиж хүний зэрэгт хүрч өдгөө алс холд амьдарч байгаа бид чинь нутаг усныхаа гайхалтай сайхныг санан дурсаж, сэтгэл зүрхэндээ тээж, зүүд нойрондоо аргамжиж, Ханхөхийгөөс эх авсан Хангилцаг, баруун, зүүн Туруун, Мөндээхэй, Түргэн, Чигжийн голуудын харгиа боргио цацалсан түргэн урсгалт голууд, Ханхөхийн оргил Алтандуулга, Далантүрүү, Ар, Өвөр Баянгуу, Хоринбугат, Уушиг Дуурхат, Хос, Цайдам, их бага Жаргалантын даваа, Талын хар, Морьт, Өнцгийн худаг, Хурган нуруу, Мандаа, Ташуугийн хөглөгөр уулс, Хатуугийн цагаан толгой, Бүдүүн гүвээ, Хэцүүхад, Үзүүрийн булаг, Усанхар, Тарвагатай, Борхайрхан, Гурван Цагаан хайрхан, Намширийн хяр, Хартэрмэс, Толийндаваа, Хачигийн даваа, Бажууниг, Бөмбөө, Цэцээгт, Бумбат, Могойт, Хашаат, Халзан хамар, Асгат, Дормон, Шүүрхэт, Гатлага, Цагаан Богоч, Тэмээнчулуу, Турлиагт гэх мэт нутаг усныхаа нэрийг өөрийн мэдэх төдий товч дурдсаны учир энэ нутаг хичнээн баян тансаг өгөөмөр өргөн уудам болохыгчадан ядан харуулахыг оролдсон нь энэ бөгөөд өндөр сүрлэг уул нурууд ой хөвч, ан амьтад, төрөл бүрийн эмийн ургамал элбэгтэй баян тансаг сайхан нутаг усаараа омогшин явдагт оршино.
 
Хангайн нурууны баруун хойт талыг түшин сүндэрлэх Ханхөхийн сүрлэг сайхан нь миний зүрх сэтгэлийг соронзон мэт татна.
Ханхөхийн нуруу нь зүүнээс баруун тийш сунаран 180км гаруй үргэлжилсэн, ар өвөр хоёр талаараа орших Увсын олон ястан үндэстний өлгий нутгийн зүүн талыг эзлэн суурьшсан Цагаанхайрхан, Өндөрхангай, Зүүнхангай Баруунтуруун, Хяргас, Малчин, Наранбулаг сумдын 20 мянга шахам хүн ам, 600 гаруй мянган мал сүргийг өвсний шим, усны тунгалаг, ургамлын сайхнаар тэжээн тэтгэж олон зуу, мянган жилийн он цагийн урсгалд өнтэй, өнгөтэй сайхан өнгөрүүлж ирсэн өгөөмөр баян, өнө мөнхөд дуурсагдан хайрлагдах сайхан нутаг билээ.
 
 
Олон ястны баян Ханхөхий нутаг нь байгалиас заяамал ажилч хичээнгүй хөдөлмөрч бүтээлээрээ алдаршсан хүн ардтай, мал сүрэг нь үржил шимээрээ арвин баялаг, өвс ургамал нь амт чанар гойд сайн, жигүүртэн халин нисэж, усны шувууд ганганан чуулсан, төрөл бүрийн ан амьтад сүлжилдсэн. Хангилцаг, Туруун, Түргэн, Чигжийн галууд нь харгиа боргио цацлан шуугин урссан, Хяргас, Мөндээхэй, Тахилт нуурууд нь мэлтэлзэн цэлэлзсэн, Хангай, Говь хээр тал нь цэлийн зэрэглээтсэн, элсэн манхад шаргалтан харагдсан ийм л сайхан ертөнцийн гайхамшигт мөнх хөх тэнгэрийн эрдэнийн орон болсон газар билээ.
 
Ханхөхийн нурууны зүүн өмнө талаар Завхан аймгийн Тэс, Баянтэс, Сонгино, Ургамад сумд хаяд дэрлэн оршиж, Ханхөхий нутгийн нөмөр нөөлөгт хун малгүй өлгийдүүлэн цаг агаарын сайханд нь жаргалтай амьдарч аж төрж байгааг дурдахад бахархалтай.
 
Их нууруудын хотгор хэмээх алдарт Увс нутгийн Цагаанхайрхан /эртний Туруун/ сум нь хангай говь хослосон Ханхөхийн уулс нь баруун тийш сунаран, өндөр уулс дамнан тогтож, Тогтохын шилээр төгсгөл болон үргэлжилсэн энэ сайхан нутагт Ханхөхийн нурууны ар зоонд оршдог юм.
 
Ийм сайхан байгалийн гоо үзэсгэлэнтэй нутагт өвөс дээдсийн сүнс, сүлдэнд амилж, эцэг эхээс заяаж хүн болж төрж, аав ээжийн хайр ивээлд өсөн торниж, хүмүүжиж тэдэндээ тус дэм болж мал маллах дүр төрх олж, сургуульд орж номын мөр хөөж, амьдрал тэмцлийн их замд хөл тавьж сурч, суралцаж, мэргэжил боловсрол эзэмшсэн болохоор Ханхөхий нутаг, Хяргас, Айраг нуур, Хангилцаг, Түргэний гол ус минь миний сэтгэл зүрхэнд үргэлж аргамжаатай байдаг юм.
 
Замбуулин хорвоод заяаж төрсөн
Залуу насаа дурсан санах нь
Алс хол явахад нас өндөрсөх тутам улам ихсэж нутгийн минь уул толгод өндөрсөж, намсаж нуур гол мөрөн мэлтэлзэн цэлэлзээд л говь хангайд хавар зун намарт байгалийн түмэн өнгө хослон хөвөрсөн хөх зэрэглээ татан, зөөлөн аялгуут салхи эсгэрэн элбэж хорвоогийн түмэн дуу авиа үелзэн долгиотож, нутгийн ах дүү, аав ээж минь зүүд нойр, зүрх сэтгэлд үргэлж хамт байгаа юм шиг санагддаг нь миний төрж өссөн нутгаа өнө мөнхөд сэтгэл зүрхэндээ тээж хайрлаж явдгийн илрэл бөгөөд би өнөө Наян насны сүүдэрт ойртон яваа ч эрүүл саруул, сэтгэж бодох ухаан уужим, санаа сэтгэл өөдрөг, хүсэл зорилго тэмүүлэлтэй амьдардаг нэгэн болой.
 
Манай нутгийн хаврын зэрэглээтэй униартсан өргөн тал хөндий, уул толгод хөвөрсөн цэнхэр үүлсийн дор хөх мөнгөн тэнгэрийн алсад цэлийн харагдах нь юутай сайхан билээ. Алс холын Америк тивийн салхин эргэсэн Иллинойсын ургамал модод, ус мөрөн голууд тэгширсэн хүний нутгаас төрж өссөн эх орон нутаг усаа зүрх сэтгэлдээ тээж хайрлаж явахдаа энэхэн биеийн жаргал, ээжийн бүүвэйтэй хорвоогиин гэрэлтэй энэрэлтэй Ханхөхий, Хажуугийн Цагаан толгойгоо хамгаас түрүүн санаж боддог.
Алс хол явахад ч төрсөн нутагтаа очин сайхан амраад буцаж явахдаа ч, тэнд байхад ч нутаг усны тухай бодол үргэлж сэтгэл зүрхэнд шивнэж онгод хийморь цалгиж нутгийн тухай шүлэг, тэмдэглэл бичих хүсэлд хөтлөгдөн зөвхөн Ханхөхийн тухай 20 шахам шүлэг 10 гаруй тэмдэглэл сурвалжлага бичиж сүүлийн үед хэвлүүлсэн хоёр ч номондоо гаргалаа.
 
Миний удамд шүлэг, өгүүлэл бичдэг надаас өөр ганц хоёр хүн байдагийг дуулж мэдсэнээс дурдвал Балжирын Ганбат гэдэг нэлээд сайн бичдэг сэтгүүлч бас Гунгаагийн Данзандагва гэдэг хүн байдгийг мэдэх төдий. Бичиж хэвлүүлсэн нутгийнхаа тухай бичсэн шүлэг, сурвалжилсан тэмдэглэлээс заримаас нь товч хэлбэл Холын газраас төрсөн нутгаа санахуй, Сэтгэлийн дуулал, Ханхөхий нутаг, Нутгийн намрын өнгө, Ханхөхий нутагаа бодохуй, шүлгээс Ханхөхий нутаг, Гурван Цагаанхайрхандаа өргөх үг, Ханхөхийн усан дагина, Ханхөхий Хайрхан мину, Ханхөхий минь, Ханхөхийгөө магтъя, Сэрүүн сайхан Ханхөхий нутаг гэх мэт.
 
Ханхөхий нутгийн уугуул, суугуул эрхэм хүндэт оршин суугчид та бүхэндээ Ханхөхий хэмээх сүрлэг сайхан Хангайнхаа сүр сүлдэнд бишэрч, өвөг дээдсийнхээ үлдээсэн хишиг буяныг эдлэн арвижуулан амьдарч байгаад сэтгэл дүүрэн байна.
 
Ном бүтээнэ гэдэг хүний оюун ухаан, чадвар бурхнаас заяаж төрсөн бие, сэтгэл оюуны гайхамшиг эцэг эхийн ариун нандин хайр хүсэл, тэмүүллийн сүнс, сүлдний орон зай, гал цог асан дүрэлзэж байгаагийн илрэл, сэтгэлийн унц, занги, гэгээрэл гэж бодном.
Сэтгэл дундуур төрж өссөн нутгийн минь уул ус сүүмэлзэн торолзож, урсан жирэлзэж цаг хугацааны урсгал даган алсран одох нь сав шим ертөнцийн хуулийн үйлчлэл учир ухаанд урган шимэгдэнэ.
 
Миний нутгийн өвөг удмынхны ажил төрөл амьдрал ахуй нь улам өөдлөн дэвшиж, мал сүрэг нь өсөн олширч, амьдралынх нь дадал зуршил болсон малч хичээнгүй арга ухаан, хүн чанар нь нигүүсэж, ариусан гэгээрч, аз жаргал нь ассан галын дөл мэт дүрэлзэн бадартугай гэж хэлье.
Хүмүүн заяанд уусан хувилсан миний бие энэрэл, хүндэтгэлийг эрхэмлэж, нялхас залуус, ахмад үеэ хайрлан энэрч дандаа сайн үйл бүтээхийг бодож, номын цагаан буяныг шүтэж заримдаа ном бүтээхийг оролдож өөрийнхөө оюун ухааныг цэвэрлэн цэнэглэж, ирлэн хурцалж, ухаан бодлоо мэргэдийн номын сүнсээр ариусган тэлж хүний ёсны сайн үйлийг бүтээж, аз жаргал эдлэн амьдрахыг зорином.
 
Төрж өссөн эх нутгаа харийн нутагт ертөнцийн сайхан бүхнийг үзэж сониучлан явахдаа ч нутгийнхаа баян тансаг байгалийн өнгө өгөөжөөрөө гайхамшигтайг сэтгэл зүрхэндээ санан дурсаж явдаг билээ. Өмнө дурдсанчлан Ханхөхий нутгийнхаа тухай хэд гурван шүлэг тэрлэж улмаар 2009 онд “Сэтгэлийн цэнхэр хадгаа дэлгэж эргэн дурсахуй”, 2011 онд “Мөнх хөх тэнгэрийн Эрдэнийн орон” номоо бичиж Ханхөхийчүүддээ зориулсны үргэлжлэл болгон 2014 онд “Сэтгэлийн дуулал Ханхөхий нутаг" хэмээх номоороо нутаг усныхандаа бэлэг барьсандаа баяртай байна.
 
Миний төрж өсөж, хүмүүжиж хөлөг морь унаж уралдаж, хонь хурга хариулж, адуу малд явж эцэг эхдээ дэм тус болж ан гөрөөнд ах нараа дагаж, буу саадаг агсаж, эрдэм номын мөр хөөж, сургууль соёлоор дамжин сурч боловсорч, боловсрол мэдлэг эзэмшиж төрийн тусгай үйлчилгээний алба, ажилд 40 гаруй жил хүчин зүтгэж, эртний өвөг дээдэс, мэргэдийн сургаал номлолыг даган мэхийж, алтран шаргалтсан номын хуудас сөхөж, дээдсийнхээ ном , сургаалыг чимх чимхээр судлан суралцаж мэдлэг ухаанаа тэгшитгэхийг зорьж явна.
 
Мөрөөдөл хүсэл тэмүүлэл дүүрэн он цагийг сөрөн гэгээрч боловсрон мэдлэг ухаанаа тэлж, гурван тивийн 30 гаруй улс орноор урт богино хугацаагаар аялж явах зуураа мэргэдийн ном, сургаалиас байнга суралцаж гэрэлт ирээдүйг зөгнөн, гурав дахь мянганы шинэ эринтэй, шинжлэх ухаан технологийн эрин зуунтай учран золгож бүхэл бүтэн хоёр зуунд амьдарч хүмүүн болж төрснийхөө гайхамшигийг үзэж оюун ухааныхаа чадамжийг зориулж явна.
Монгол нутгийнхаа өнцөг булан бүрт аж төрж амьдарч, аз жаргал эдлэн суугаа та бүхэндээ алс ирээдүйн сайн сайхны төлөө сэтгэлийн гүнээс халуун мэндчилгээ дэвшүүлж өөдлөн дэвшихийн өлзийтэй ерөөл өргөж байгааг минь хүлээн авч цаг зав гарган миний бичсэн энэхүү зүйлийг уншиж болгооно гэдэгт “Өдрийн сонин"- оор дамжуулан хүсэхдээ итгэл, сэтгэл дүүрэн байж улмаар Ханхөхий нутаг мэт баян тансаг байж тэнүүн жаргалтай амьдрахыг хүснэм.
 
Манай Ханхөхий нутгийн үе үеийн оршин суугч нүүдэлчин удамт хөдөлмөрч түмний амьдрал тэмцлийн толь болсон мэргэн ухаан тань гэрэлтэн цацарч Сэтгэлийн дуулал Ханхөхий нутаг усаа өнө мөнхөд сэтгэл зүрхэндээ тасалдуулахгүйгээр дурсан санаж, хайрлаж хамгаалж амьдрах сэтгэлийн цацал өргөн баръя.
Харин миний бие өдий зэрэгтээ явж ирсэндээ 70 насны өндөрлөгөөс эргэн харж эрүүл саруул, нутаг усаа дурсан суугаа минь нутаг усны минь гайхамшиг, түмэн олны минь сэтгэлийн ариусгал гэж бодож, Ханхөхий нутаг, Гурван Цагаанхайрхандаа, Айраг, Хяргас нуурынхаа толгойтын цэнхэртэх ус мөрөндөө үргэлж шүтэж, сүслэн дээдэлж явдагтай холбоотой билээ.
 
Өмнөх үеийн тогтолцооны социалист нийгмийн чанд хатуу, харалган эзэрхэг бүхэл он цаг үеийн урсгалд арилан одож 1990 оноос хойш өрнөсөн шинэ цагийн юм бүхэн ардчилсан хувьсгалын ач, зах зээлийн давалгаанд ариусаж, чөлөөт сэтгэлгээний хөрсөн дор ургаж төлжиж, өнөө цаг дор та бүхний энэхүү гэгээн үнэний шалгуурт сэтгэлийн хүлээс тань тайлагдан тэлж өргөжиж, мэдлэг боловсрол, ухаарал, бодол ухаан нь улам гэгээрэн соёлжиж байгаа гэдэгт итгэж байна.
Ханхөхий нутгийнхны хүсэл, тэмүүлэл улам дэврэн оргилж, юм бүхнийг хийж бүтээж, шинэчлэхийн ухааралд эвлэлдэн нэгдэж, улс орныхоо их бүтээн байгуулалтанд хүчин зүтгэж үнэт хувь нэмрээ оруулж байгаад сэтгэл өег байдаг билээ.
 
Ханхөхийчүүд жилийн дөрвөн улиралд дөмөн халиуныхаа нуруунд дөрөө жийж хурдлахдаа нутгийнхаа дөрвөн зүг, найман зовхист хараа дүүрэн эзэмдэж эрхэм зон олон та бүхэн эрхэлж хариуцсан бүхий л ажилдаа тухайлж хэлбэл боловсрол соёл шинжлэх ухаан, эрүүл мэнд ХАА-н салбар мал аж ахуй, газар тариалан, уул уурхай, худалдаа, зам тээвэр, ахуй үйлчилгээний төрөл бүрийн салбар бүртээ сайхан амжилт гаргасаар, гаргаж байгаа гэдэгт итгэл, сэтгэл дүүрэн байна.
Өнөө Ханхөхий нутаг усныхаа эрэгтэй, эмэгтэй, хөгшин залуу, хүүхэд багачуудгүй эрдэм боловсрол ялгаагүй, нутгийнхаа гэрэлт ирээдүйг цогцлоон бүтээхийн төлөө сэтгэлийн хат, ухааны ураар хүмүүн төрөлхтний III дахь мянганы XXI зуунд Монгол түмэн олноо манлайлан хошуучлана гэдэгт өвгөн бичээч би сэтгэл өег, мэлмий дээгүүр бодол дүүрэн ширтэн харж бодол ухаанаа ирлэн хурцалж Щвецарийн Женев хотноо хэдэн жилийн өмнө аялж явахдаа эртний түүхт Францын нутаг Саливын цаст өндөрлөгөөс Монгол нутаг усаа санан дурсаж эх нутаг, элгэн саднаа мөрөөдөж нутаг амьтай болохоо мэдэрч билээ.
 
Манай улс ардчилал, шинэчлэлийг сонгон замнаж эхлээд 30 шахам жилийг ардаа орхин алсад гэрэлтэх гэгээн орчлонгийн үнэнд сэтгэл дүүрэн урам зориг төгөлдөр, олны хүч, ухааныг оломгүй далай мэт бодож, сайн сайхныг зорин мөрөөдлөө биелүүлж ард түмнийхээ амьдрал, улсынхаа хөгжлийг түргэтгэн, аз жаргалтай, сайхан амьдрахын төлөө тэмцэж хөдөлмөрлөж хөгжил дэвшлийн манлайд хүрнэ гэдэгт Ханхөхий нутгийнхан минь зориг, эрмэлзэл дүүрэн байгаад итгэлтэй байна.
Ханхөхий нутгийн халхгар өвгөд өгөөмөр баян нутгийнхаа цас мөсөн хучлагат Алтан дуулгат оргилдоо өвдөг сөгдөн борви бохирч суугаад мөнх хах тэнгэртээ, эх нутгийнхаа уул усандаа залбирч хэдэн мянган зууныг өнгөрөөж элээснийг бодохуйяа сонин болов уу.
 
Монголын хөдөө тал нутагт төрж өссөн миний бие амьдралынхаа өнгөрч буй сүүлийн арав орчим жилд өвөг дээдэс, зарим зохиолч, яруу найрагч, нэр цуутай хүмүүс, нутаг ус, хайр сэтгэлийн тухай сэдвүүдээр гэхүүдээ уран зохиолын агуулга хэлбэрээр амьдралын гүнд тулгуурлан бичвэрлэхийг чадан ядан оролдож тэмдэглэл сурвалжлага 100 гаруй, шүлэг 200 орчим, дөрвөн мөрт мөн 200 орчмыг бичиж туурвин хамгийн олз омогтой, баяр хөөртэй сэтгэл тэнүүн өнгөрөөв.
Алс холын Америк тив хүртэл гурвантаа явж АНУ-ын 20 гаруй муж улс нутаг дэвсгэрээр олон мянган км сониучлан аялан их юм үзэж нүд тайлж сэтгэл баясаж явахдаа Номхон далайн усанд хэдэнтэй орж бие сэтгэлээ ариусгаж, ахан дүүс анд нөхдөдөө очсон мэт болж Канад, хойд Америкийн нутгийн хилийн дагуу орших Ниагарын 1000 орчим метр буюу нэг км үргэлжлэх энэ цэнхэр дэлхийн том хүрхрээг усан онгоцоор явж, үзэж, сэтгэл уярч бодол ухаан ариусч явснаа Монгол түмэндээ Бууч овогт удмынхандаа сүүлчийнхээ номондоо бичиж танилцуулсан билээ.
 
 
Бууч овогт О.Рагчаа