sonin.mn

Таргалж, биеийн жин хэвийн хэмжээнээс хэтрэх асуудал нь сүүлийн үед олны анхаарлыг нилээд татах боллоо. Ялангуяа охид, бүсгүйчүүд туранхай гоолиг болохыг хүсэн янз бүрийн баталгаагүй эм, хүнсний нэмэлт бүтээгдхүүн хэрэглэж улмаар эрүүл мэндээр хохирох явдал ч цөөн бус гарч байна. Иймд олон хүний сэтгэлийг зовоож байгаа энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ? Ямар арга зам байна гэдгийг эрдэмтэд судлан шинжилсээр байна.


Таргалах нь эхэндээ бие махбодод төдийлөн их хор нөлөө үзүүлэхгүй байгаа юм шиг санагддаг ч аажимдаа хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. “Хүнийг урт, богино наслахыг нь мэдье гэвэл түүний өмдний тэлээг нь хэмжиж үзээрэй” гэсэн үг бий.

Тэгэхлээр таргалалт эрүүл мэндэд хэрхэн нөлөөтэй нь үүнээс харагдаж байна.


Эрэгтэйчүүд    хэвлий, гэдсээрээ илүү таргалдаг бол эмэгтэйчүүд өгзөг гуя, мөр хэсгээрээ ихэвчлэн таргалдаг. Хэт таргалалтаас болж чихрийн шижин, зүрх судасны, элэг өөхлөх, даралт ихсэх, цөс, нойр булчирхайн өөрчлөлт, сарын тэмдэг өөрчлөгдөх, хөл муудах зэрэг олон янзын өвчин үүсдэг. Таргалах нь ерөнхийдөө бодисын солилцооны тэнцвэр алдагдсанаас болж өөх, тослогийн хэмжээ биед их хэмжээгээр хуримтлагдсанаас болж үүсдэг. Мөн удамшлын чанартай таргалах нь цөөнгүй байдаг. Түүнчлэн бие махбодын дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагаатай холбоотой таргалалт, дааврын төрлийн эмийг зохисгүй хэрэглэснээс үүсэх тарга гэж байдаг тул ялган салгаж үзэх хэрэгтэй.


Таргалалт нь хоол хүнсний зохисгүй хэрэглээ, хөдөлгөөний    дутагдлаас  ихээхэн шалтгаалдаг тул зохистой биеийн хөдөлгөөн хийх буюу хоол тэжээлийг тохируулан хэрэглэх тэргүүн чухал асуудал юм. Жишээ нь: мах, өөх тос зэрэг илчлэг ихтэй хоол, хүнснийг улиралдаа    зохицуулан хязгаарлан хэрэглэхийн сацуу олон төрлийн жимс, ногоо  зэрэг хөнгөн идээг хэрэглэх, мөн орой хөнгөн буюу бага хооллох, ургамлын гаралтай эм, тангаар гэдэс ходоодоо үе үе цэвэрлэж байх зэрэг нь ач тустай юм.
Өдөр бүр тогтмол биеийн хөдөлгөөнд хийх. Эцэст нь химийн гаралтай зарим тураах эм бодис, гэдэс цэвэрлэх төрлийн эм, хаван хөөх эм, янз бүрийн цай зэрэг тураах бэлдмэлүүдийг удаан хугацаагаар хэрэглэх нь биед шим тэжээл дутах, гэдэсний өнгөр муудах, химийн бодисын хордлого үүсэх зэрэг сөрөг үр дагаврыг авчирч болзошгүйг анхаарах нь зүйтэй.


Эх сурвалж: “Налайхын амьдрал”