sonin.mn
Хүн төрлөхтний хөгжилд улс төрчдийн үлдээсэн томоохон сургамж байдаг. Тэр нь том гүрэн бага буурай орнуудаа эрхшээлдээ оруулахын тулд өөрсдийн үзэл сурталаар ноёрхох алхам хийдэг.
 
Манж гүрэн хүчирхэг монголчуудыг хагалан бутаргах, тэдний дотоод зөрчлийг дэвэргэх гол улс төрийн бодлогоо хэрэгжүүлж эхэлсэн тэр үеийг монголчууд мартах учиргүй. Ямагт сонор сэрэмжтэй байх ёстой. Монголчуудын гол үзэл Мөнх тэнгэрийн үзлээс нь хүчээр салгаж, улмаар түүнээс нь холдуулах, саармагжуулах, мартуулах ажиллагаа хийгдсэн билээ.
 
Энэхүү түүхэн үүргийг чухамхүү Түвдийн буддагийн шашиныг ашиглан хэрэгжүүлсэн юм. Харь хэлдээр уншигддаг энэ сургаалийг монголчууд бид 300 орчим жил сохроор шүтэж ирлээ. Бас харийн их гүрний хуанлийг мөрдөж ирсэн. Тэгээд их гүрний хуучин, шинэ нийслэлд хавар болж байхад монголчууд бид идэр есийн хүйтэн өвлийн улиралд хаврын баяраа тэмдэглэж байдаг.
 
            Тэрбээр даншиг гэдэг бол нэг өнцгөөс нь харахад шашны утга агуулгаар анх бий болсон наадам боловч нөгөө утгаараа Монголын тусгаар тогтнол алдагдсаныг тэмдэглэх наадам болжээ.  
 
Тэр үед монголын төрийг тоглоомын “хүн” буюу анхдугаар богдыг тодруулан тавьж, хачир дээрээ Манжийн хаан, түүний төлөөлөл шууд удирддаг байсан. Монголчуудыг шууд харийн хүн удирдах нь учир дутагдалтай байсан.
 
Даншиг наадмыг 1639 онд анхдугаар Богдыг хүндэтгэн ёслох үйл ажиллагаатай холбогдож анх хийж байсан. 1670-иад оны үед Монголд хамгийн том даншиг болж, Манжийн хаанд дагаар орсныг тэмдэглэж, даншиг өргөж наадаж байсан түүх юм. Түүнээс хойш жил бүр даншиг наадмыг Манжийн хаанд хүндэтгэл үзүүлэх зорилгоор зохион байгуулж байжээ.
 
Эрчүүдийн олонх нь гандан хийдээр заларч, хүн амын өсөлт зогсож, харанхуй бүдүүлгийн ёроолд живж хувьсгалт өөрчлөлт хийгдсэн өнгөрсөн зууны 1911, 1921 оны түүхэн явдлыг санаж байна. 1911 оны дараа Богд хаан өөрөө зарлиг буулгаж цуцалж, 1912 оноос хойш Ардын наадмыг, 1921 оноос ардын хувьсгалт наадмыг зохион байгуулж байгаа юм.
 
Манай улс төр, шашиныг тусгаарлан барих бодлого барьдаг. Жуулчин татах даншигаа сэргээх нэрээр төрийн үзэл баримтлал, бодлогоо бас хуулиа зөрчих нь бололтой.
 
Үндэсний мэдээллийн төвд хэсэг иргэн наймдугаар сарын 8, 9-нд Хүй долоон худагт зохион байгуулагдах Даншиг наадмыг эсэргүүцэж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлд хандаж хүсэлт тавьсан байна.  
 
         Даншиг наадмын талаар судлаач Л.Баярдалай “ Сарын өмнө бид тусгаар тогтнол, улс үндэстэн сэргэн мандсаныхаа баярыг хийчихээд сар хүрэхгүй хугацааны дараа тусгаар тогтнолоо алдсаныхаа баярыг сэргээн хийх гэж байгаа нь ямар учиртай юм бэ гэдгийг тайлбарлахад тун хэцүү байна” гэжээ.
 
Тэдний тавьж буй даншиг наадамд зарцуулах гэж буй 560 сая төгрөгийг ард түмний амьдралд хэрэг болохуйц хэд хэдэн санаачилга, тухайлбал, ХУД-ийн төрөх эмнэлгийг ашиглалтад оруулснаар 500-600 хүн шинээр ажлын байртай, үр тарианы салбарыг даатгаж үр тариагаа хамгаалах, эмнэлгүүдэд бөөрний дутагдлыг эмчлэх диализийн аппарат авах гэх мэт саналуудыг дэмжиж байна.
 
Тусгаар улсаа тунхагласны их баяр 1911,1921 оны ардын хувьсгал, 1990 оны ардчилсан хувьсгалын баярын дараа Монголын тусгаар тогтнол алдагдсаныг тэмдэглэх даншиг наадамыг сэргээж байгаа юу гэж тайлбарлах вэ.
 
Тэгээд бас нэг дурсамжийг сэдрээв. Гандангийн хашаанд баригдаж байгаа барилга үнэхээр нүсэр том юм билээ. Анх 2008 оны "Гандантэгчинлэн хийдийн өргөтгөлийн барилга босгох мөнгө" хэмээн төсөвт суулгасан байдаг. Өнөөг хүртэл энэ барилгад улсын төсвийн 12 тэрбум төгрөг оржээ.
 
2015 онд жилийн төсөвт 5.9 тэрбум төгрөг барилгыг дуусгахад суулгалаа. Гандан хийдэд Даншиг хийх мөнгө байгаа юм чинь улсын төсвөөс татвар төлөгчдийн мөнгөнөөс “тавиулах” нь хэнд хэрэгтэй юм бэ. Энэ бол төрөөс гандан луу гүйдэг улс төрчдийн асар их хайр халамжийн илэрхийлэл.
 
Гадаадын жуулчдад үзүүлж харуулах газруудын нэг Гандангийн хашаанд үзэж харах юм нэгээр нэмэгдэх нь Монголын аялал жуулчлалын орлогод ч нөлөө үзүүлнэ гэж үзжээ. Тэр үнэн. Улсын хэмжээнд олон зуугаар тоологдох сүм, хийдтэй бурханы шашин, сүсэгтэн олноос жил бүр хэдэн миллиард төгрөгийн хандив мөнгө цуглардаг. Тэгээд дээрээс нь улсын төсвөөс дангаараа гандан хийдэд мөнгө хувиарлуулдаг. Ийм тогтолцоо ганцхан монголд бий.
 
Гандантэгчинлэн хийдийн их шанзодба (сан хөмрөг баригч) А.Амаржаргал ярихдаа -:
 
...Төр засаг шашин номдоо хахир хатуу хандсан үе бий. Хүмүүсийг шашнаар дамжуулж, сэтгэлийг нь засахгүй бол дээрээ ч доороо ч сэтгэл дэндүү эвдэрчихээ юу гэсэн бодол төрдөг. Төр засгийнхан ч, гадаадынхан ч ирж үздэг, улс орны нүүр царай болсон газар яах аргагүй Гандан хийд мөн. Аль ч улс орон бахархах юмтай байдаг. “ гэж ярьжээ.
 
Монголчуудын тусгаар тогтнолыг устган манжийн төрийн улс төрийн бодлогыг хэрэгжүүлэгч үзэл санааны зэвсэг болсон бурханы шашиныг ашиглан томоохон баяр болгон тэмдэглэж ирсэн даншигийг тэмдэглэх болсоноороо бид түүхийн өмнө толгой гудайлгалгүй явж ирсэн өвөг дээдсээ доромжлоход хүрч байна.
 
Монголын мөнх тэнгэрийн үзэл санааг номлогч “Тэнгэрийн улаач” нарыг генацит хийж олон зуугаар нь шатаан устган, үлдсэн цөөн хэдэн бөө нарын нугарашгүй хатан зоригийг хүчээр дарж, хүзүүний шөрмөсийг нь таслаж  монгол хүн ямагт манжийн өмнө толгой гулдайлган явах ёстой хэмээн бахаа хангаж, алс холын хүний нутагт дахиж иргэж эрхээргүй газарт цөлж байсан түүхийн "цагаан" үеийг бид мартах ёсгүй. “Тэнгэрийн улаач” нар эргэж сэргэж байна, олон зуун онгод нь хүчирхэгжиж байна. Мөнх тэнгэрийн үзэл санаа эх нутагтаа эргээд амилаж байна. Бид олуулаа болж байгаа. 
 
Монгол үндэсний бөө шүтлэг өнөөдөр нэг ч өөрийн гэсэн өмчлөл бүхий байр, газаргүй  байна. Бөө шүтлэг, Мөнх тэнгэрийн үзэл санаа бол монгол үндэстэний бахархах зүйлийн нэг яах аргагүй мөн билээ. Монгол үндэсний бөө шүтлэгийг дэлгэрүүлэхэд бүгд эрх тэгш хандах учиртай биш бил үү.  
 
Д.Хүрэлбаатар