sonin.mn

Боловсролын салбарын­хан гэхээр зөвхөн цэцэрлэг, дунд, их, дээд сургууль, коллежээр хязгаарлагдах  бус сүм, хийдэд шашны ном үздэг хүүхдүүд гээд бидний төдийлөн анзаардаггүй хэсэг олон бий. Тиймээс энэ удаагийн өдрийн сур­вал­жилгаараа сүм, хийдэд шашны ном заалгадаг бага насны хүүхдүүдийн амьдрал, ахуй байдалтай танилцсан юм.

Ганданд 11:30 цагийн үед очиход лам нарын ном хурах цаг өндөрлөсөн болоод ч тэр үү, нэлээд эл хуль, тайван байдал биднийг угтав. Мөн ихэнх хүүхдүүд амрахаар явснаас гадна, том лам нар ч цөөн байсан. Ингээд тэднээс лам хүүхдүүдийн амьдрал, ахуйн талаар асууж тодрууллаа.

Ихэвчлэн амьдралын бо­лолцоо муутай, аль эсвэл өнчин хүүхдүүд хийдэд ирж, ном заалгадаг байна. Өөрөөр хэлбэл, эцэг, эхчүүд хүүхдээ сургуульд явуулах боломжгүй учраас хийдэд суулгаж, ном үзүүлдэг аж. Түүнээс гадна өвөг, эцгээсээ лам угсаа залгамжилсан хүүхдүүд ч байдаг гэнэ. Харин насны хувьд зургаа, долоон наснаас эхлэн янз бүрын насныхан энд шавилан суудаг.

Хичээллэж байх үедээ тэд өглөө зургаан цагт босч номоо цээжилж, шалгуулаад 09:00 цагаас ном хурж, өдөр 12:00-13:00 цагийн үед гадаалдаг аж. Харин үдээс хойш өдрийн ангийнхан хичээлдээ орж, 17-18 цаг гээд тардаг. Дуган, сүм болгон нь 20-30 хүүхдийн багтаамжтай лам нарын байртай. Тэндээ байрласан ч болдог байна.

Суралцагсад шашны дээд сургуульд ч орох боломжтой. Мөн 3-4 жил сурсны дараа Гандангийн зардлаар болон хувиараа Энэтхэгт очиж, үргэлжлүүлэн сурдаг. Ерөнхийдөө боломжтой бол нэг, хоёр жил сураад л Энэтхэг рүү явах тохиолдол ч байдаг аж.

Гэхдээ Энэтхэгт болон Шашны дээдэд зөвхөн эдгээр хүүхдүүд бус шашны сургалттай 10 жилийг төгссөн сурагчид ч сурч болдог байна.

Тэдний хувьд хийдэд сууж, ном үзсэн хүүхдүүдтэй харьцуулбал их өөр. Тодруулбал, тавдугаар ангиа төгсөөд шашны сургалттай “Гэсэр” болон Бакула Ринбүүчийн “Битүб” зэрэг 10 жилийн сургалттай шашны сургуудьд сурдаг. Бүр Зайсанд цэцэрлэгийн наснаас эхлэн ном заадаг Буддын шашны цэцэрлэг байдаг тухай лам нар ярьж байв. Эдгээр сургууль нь бурхны ном үзэхээс гадна арван жилийн хичээлийн хөтөлбөрийг давхар үз­дэгээ­рээ давуу талтай байдаг ажээ.

Харин энэ талаар хийдийн ахмад лам нар арай өөр бодолтой байлаа. Тэд “Шашин дөнгөж сэргэх гэж байхад янз бүрийн буруу соёл орж ирээд байна. Хурал семинар хийж, хүүхдийн эрх гэж байнга ярьдаг. Бараг л биднийг шашны номоор хүүхэд мунхрууллаа гэж байна. Цаанаа бол Монголын уламжлал руу дайраад байгаа хэрэг шүү дээ.

Төр засгаас ямар ч анхаарал тавихгүй мөртлөө орос үсгээр ном үзэх ёстой тийм ч хуультай гээд л. Бид чинь бараг хүний хүүхэд мунхрууллаа гээд торгууль төлөх нь холгүй байна” гэж байв.

Энэ талаар “Гунгаа чойлин” хийдийн гавж, лам Ө.Гүндсамбуу “Цөөхөн хэдэн хүүхэд ирж байна. Зарим нь ч удахгүй явчихдаг. Тэгээд л ажил хийж байгаа хүмүүс шиг өглөө ирж, номоо үзчихээд, өлсөж цангахаараа яваад өгдөг. Ийм байдлаар яаж сурах вэ дээ.

Уг нь бол бүх юм нь цэрэг шиг л байх ёстой шүү дээ. Сургуульд явсан нь хүртэл 1-2 жил болоод залхуураад ирж байна. Шашны номыг дуустал нь 25 жил сурах ёстой. Цалин мөнгө байхгүй гэдэг ч юм уу аль эсвэл авгай, хүүхэн эргүүлэх  сонирхолтой байдаг юм уу, бүү мэд.

Ерөөсөө Орос, Европын сургалтын хэв маягийг шууд шахах гээд байна. Энэ чинь их өөр зүйл. Сургууль гэдэг бол ажил, мэдлэг заадаг байгууллага. Энд хүн болох, хүн шиг байх тухай заадаг. Тэрийг нь хаячихаж байгаа юм чинь. Ер нь одоо ядуу айлын аргаа барсан хүүхдүүд л ирдэг болж дээ” хэмээн ярилаа.

Тэрбээр “Одоо хүүхдүүд бүгд амрахаар явсан. Юун амралт байх вэ дээ. Гадуур янз бүрийн юм сураад л явж байгаа. Оюун ухааны ажилд амрах гэж байхгүй. Өдөр бүр ном хурах ёстой. Хэрэв нэг өдөр хурал завсардвал түүнийг амрах биш өнжих гэж хэлнэ. Амрах гэдэг их хүнд ажил хийсэн хүн түр амсхийхийг л хэлнэ” гэсэн юм.

Ийнхүү нэгэн үе мөхлийн ирмэгт хүрээд байсан шарын шашин сэргээд хорь гаруй жилийн нүүрийг үзэж байгаа ч хуучин уламжлалын хувьд  зогсонги байдалд орчихоод байгаа аж.

Магадгүй, шарын шашны хуучин мөн чанар, уламжлал хадгалагдан үлдсэнээр ард олны итгэл үнэмшил, дээрээс нь өнөөгийн нийгмийн хэ­рүүл, тэмцэл, хуурамч, зальхай байдлыг зөөллөх биз ээ.

 

Лам нар сүүлийн үед мэдлэг хэрэгтэй гэж үздэг болсон



 

 

“Дүйнхэр дацан” хийдийн хурлын лам Б.Золбаяртай ярилцлаа

 -Та хэзээнээс эхлэн энд сууж байна?

-Би найман настайгаасаа хойш энэ дуганд сууж байна. Тэр үед багштайгаа хамт лам нарын байранд амьдардаг байсан. Өглөө зургаан цагт босоод багшдаа цайг нь хийж өгнө. Дараа нь хүүхдүүд ирж, 30-40 хүүхдүүдтэй хамт хичээлд суудаг байсан.

Тэгээд хэдэн жилийн дараа “Гэсэр сүм” гэж нийслэлийн шашны сургалттай 112 дугаар сургуулийг төгссөн. Одоо энд хурлын лам гэдэг цолтой. Хурлын лам гэдэг нь гол уншлагыг хийдэг гэсэн үг.

-Одоо танайд хэдэн хүүхэд сурч байгаа вэ?

-Манайх нийтдээ 20 ламтай. Тарнийн ёсны дацан гэдгээрээ 50-аас дээш лам байдаггүй. Хоёр хүүхэд явж байгаа. Бага нь 14 настай. Арай лам болоогүй, үсгээ заалгаад явж байгаа хүүхдүүд. Ихэнх нь 20 гаруй насны залуус байдаг.

-Энэ хоёр хүүхэд хаана байрладаг вэ. Дуган дээрээ юу, гэрээсээ явдаг уу?

-Гэр нь ойрхон байдаг. Багш өглөө тэднийг гэрээр нь дайраад авчихдаг. Өглөө зургаан цагаас хичээл эхэлнэ. Хичээл ороод хуваарь гарчихаар хөгжим, бишгүүр, уншлага гээд бүх юмыг заадаг. Эхэндээ номыг юугаа ч мэдэхгүй л цээжилдэг. Харин миний үеэс эхлээд орчуулга орно.

-Хэтэрхий европ тал руугаа хүүхдийг татаж сургах гээд байна. Хуучин уламжлал алдагдаж байгаа гэх юм. Энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Би ч бас тэгж боддог. Уламжлалаа л дагах ёстой. Намайг жаахан байхад манай өвгөн багш нар яг дэглэмд сургадаг байсан. Орхимжоо ингэж буулгахгүй, энэ голын замаар хүн явахгүй гээд л. Манж хийхдээ хүртэл доороос нь нар зөв тойруулж хийдэг байсан.

 Ер нь бүх зүйл дэглэмийн дагуу хийгдэнэ. Хурал дээр үймүүлэх юм бол гэсгүй бэрээгээ авч ирж зодож, жавтий хүртээдэг байсан. Гэхдээ энэ дэглэм одоо ч гэсэн байгаа. Харин жаахан сулраад байна. Миний хувьд  багаасаа сурчихсан учраас дэглэмээ алдахгүй, баримталж явдаг. Орж ирсэн хүүхдүүдэд захиж хэлдэг.

-Танай үеийн залуус ихэвчлэн шашны сургалттай арван жилийн сургуулийг төгсөөд энд орж ирдэг үү?

-Дунд сургуулиа төг­сөөд орж ирэх ёстой. Гэхдээ ердийн сургалттай сургуулиас элсэхэд хичээлээ ойлгоход хэцүү болдог. Харин шашны сургалттай дунд сургуулиа төгссөний дараа шалгуулаад шууд орж болно. Ихэнх нь Шашны дээд сургуульд ордог. Миний хувьд Шашны дээд сургуульд сурахын хажуугаар өдөр нь дацандаа хурал хурдаг.

Зарим нь МУИС-ийн шашин судлалын ангид орох нь бий. Ер нь манай лам нар сүүлийн үед мэдлэг хэрэгтэй гэж үздэг болсон учраас магистр, докторантурт их сурдаг болсон. Ихэнх нь Энэтхэгт сурдаг.  

 

Бүх юм нь гоё


 

 

Хичээл тарсан ч хийд дээрээ байсан О.Жигжидсүрэнгийн сэтгэгдлийг сонслоо.

-Хэзээнээс эхэлж хийдэд сууж эхэлсэн бэ. Яагаад лам болохоор шийдэв?

-2009 онд ирсэн. Одоо бурхны номыг эхнээс нь үзэж байгаа. Өөрийнхөө сонирхлоор орсон.

-Ламын сургуульд суух ямар байна. Юу нь гоё байна?

-Бүх  юм нь  гоё санагдсан. Одоохондоо хийсэн юмгүй байгаа. Есдүгээр сарын нэгнээс хичээллэж эхэлнэ.

Эх сурвалж: "Өглөөний сонин"