sonin.mn

Халдварт өвчин судлалын үндэсний төвд өнөөдрийн байдлаар 576 өвчтөн хэвтэж байгаагаас 219 нь гахай хавдар өвчний улмаас эмчлүүлж байна. Үндэсний дархлаажуу­лалтын өдрөөр зохион байгуулсан халдварт саагаас сэр­гийлэх нэмэлт дарх­лаажуулалтын хамралт 90 хувьтай явагдаж дуусчээ.

Мөн хүний хөхөнцөр вирүсийн эсрэг дархлаажуулалтын хоёр дахь тунг тарих явц 97 хувьтай байгаа аж. Тиймээс гахайн хавдартай холбоотой түгээмэл асуулт, хариултыг хүргэж байна.

-Сүүлийн үед гахайн хавдрын өвчин их байна. Цаг алдвал энэ өвчний улмаас ямар үр дагавар гарч болох вэ?

-Энэ жилийн хувьд гахайн хавдрын өвчлөл эрс нэмэгдэж байна. Гахайн хавдар нь вирусээр үүсгэгддэг, агаар дуслаар халдварладаг цочмог халдварт өвчин. Голдуу өвөл, хаврын улиралд тохиолдоно.

Энэ өвчнөөр бүх л насны хүн өвчилж болдог ч бага насны хүүхдүүд зонхилон өвчилж байна. Өнөөдрийн байдлаар, манай эмнэлэгт гахайн хавдрын хүнд хэлбэрээр өвчилсөн 161 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Харин зөвхөн шүлсний булчирхай нь өвдсөн буюу өвчнийхөө эхлэл үед байгаа өвчтөнүүд эмчээс зөвлөгөө аван гэртээ эмчилж болно.

-Гахайн хавдар ямар тохиолдолд мэдрэлд нөлөөлөх вэ?

-Гахайн хавдар өвчин эмнэлзүйн хувьд хэд хэдэн хэлбэртэй байдаг. Нэгдүгээрт, булчирхайн хэлбэр. Хамгийн түрүүнд шүлсний буюу чихний ойролцоох булчирхай гэмтдэг юм. Хоёрдугаарт, хугацаа алдвал энэ булчирхайнаас гадна биед буй бүх булчирхайг гэмтээдэг аюултай. Тийм болохоор эрэгтэй хүний төмсөг, эмэгтэй хүний өндгөвч, цаашлаад нойр булчирхайг гэмтээнэ. Энэ олон булчирхайг хавсран гэмтээж болдгоороо хүнд өвчний явцыг үүсгэж болдог.

Мэдрэлийн хэлбэр нь ихэвчлэн тархины зөөлөн бүрхэвчийн үрэвсэл буюу менингит болж өвчилдөг. Гуравдугаарт, хавсарсан буюу мэдрэл, булчирхайн хэлбэр хавсарсан өвчлөл. Энэ тохиолдолд өвчин хүндэрдэг бөгөөд удаан хугацаанд эмчлүүлж байж эдгэрнэ.

-Өвчний анхны шинж тэмдэг яаж илрэх вэ?

-Халуурна. Юм зажлахад эрүүний углуургаар чилж өвдөх, унтаад босоход чихний ойролцоо хавдсан байдаг.

Дээрх шинж илэрмэгц заавал эмчид хандаж, зөв эмчилгээ хийлгэж хэрэгтэй. Мөн хоол ундны болон хэвтрийн дэглэм баримтлах шаардлагатай.

Хүмүүс хүүхдэдээ ийм шинж илэрмэгц өөрсдөө оношлоод, арга хэмжээ авчихдаг нь буруу. Нэгэнт хавдар үүссэн тохиолдолд хавдсан хэсэгт бүлээн жин тавина. Спиртэн жинг өдөрт хоёроос гурван удаа 20 минутаар тавьж болно. Эцэг эхчүүд спиртэн жинг байнга тавьсаар хүүхдийнхээ арьсыг, ялангуяа бага насны хүүхдүүдийн хацрыг түлсэн тохиолдол олон гарсан. Тиймээс эмчилгээ буруу хийвэл дараагийн өөр хүндрэл гарч болох юм.

-Хэдий хугацааны дараа халдваргүй болох вэ?

-Тухайн халдвар авсан хүн тодорхой хугацааны дараа халдваргүй болдог учраас энэ нөхцөлд гадаа гарах, нийтийн дунд орох боломжтой болно гэсэн үг.

Гахайн хавдрын хувьд анхны шинж тэмдэг илэрснээс хойш ес хоногийн дараа халдвартай үе нь өнгөрдөг. Энэ үед тухайн өвчтөнөөс вирусын ялгаралт эрс багасч, халдвар дамжуулах боломжгүй болно. Таваас дээш хоногт бусад булчирхай, тархины зөөлөн бүрхүүл гэмтсэн бол хүндрэл гэж үздэг.

Хэвтрийн дэглэм баримталснаар өвчин хүндрэхээс урьдчилан сэргийлэхээс гадна халдвар дамжихаас ч хамгаална.

-Бөөрөнд нөлөөлөх үү?

-Вирусын гаралтай халдваруудын үед тухайн хүнд байсан архаг хууч өвчин нууц байсан бол сэдэрдэг.

-Том хүмүүс өвчлөх үү. Мөн багадаа туссан бол дахин өвчлөх үү?

-Том хүн өвдөнө. Саяхан манайд 61 настай хүн ирж эмчлүүлсэн. Томрох тусам улам хүнд тусдаг. Уг нь хүүхэд насандаа өвчин нь хөнгөн тусдаг. Гахайн хавдрыг ихэнх тохиолдолд дахин өвчилдөггүй гэж үздэг.

-Урьдчилан сэргийлэх ямар арга байна вэ?

-Хүүхдээ ямар ч зорилгогүйгээр гадуур, ялангуяа хүн олон төвлөрдөг газраар аль болох явуулахгүй байх хэрэгтэй. Хоёрдугаарт, цэцэрлэг, сургууль зэрэг хүүхдүүд олноороо цуглардаг газар ийм өвчлөл гарсан бол хүүхдээ сайн анхаарч ажиглаж бай.

Өвчтөний дэргэд байгаа хүмүүс ариутгалын уусмалаар амаа байнга зайлж бай. 6-8 давхар марлиар хийсэн маск байнга зүүж, маскаа хоёр цаг тутамд солих шаардлагатай. Өдөржин, эсвэл хэдэн өдрийн турш нэг масктайгаа байвал хамгаалах нөлөөлөлгүй болох төдийгvй өвчин үүсгэгчийн агуулагч болж, өвчин тараахад нөлөөлнө.

Хэрвээ гэр орноос гахайн хавдрын өвчлөл гарсан тохиолдолд агаарын сэлгээг маш сайн хийх хэрэгтэй байдаг. Ингэснээр тухайн үүсгэгчийн агаарт агуулагдах хэмжээг хэд дахин бууруулж чаддагаараа ач холбогдолтой. Мөн кварц, ариутгах чанар бүхий гэрлэн ариутгалыг гэртээ хэрэглэж болно. Yүний зэрэгцээ ариутгалын уусмал бүхий чийгтэй цэвэрлэгээг байнга хийнэ.

-Гахайн хавдар ямар тохиолдолд менингит болох вэ?

-Менингитийг нянгийн болон вирусын шалтгаантай, идээт болон шүүдэст менингит гэж нэрлэдэг. Гахайн хавдрын менингит бол шүүдэст менингит. Вирусээр үүсгэгдэж, тар­хины зөөлөн бүрхүүлийг үрэвсүүлээд, улмаар нугасны усанд өөрчлөлт гарснаар менингитийн шинж тэмдэг илэрнэ.

Менингококк гэдэг нян­гаар үүсгэгддэг бие даасан менингит гэж өвчин бий. Мөн л халдвартай. Менингит үүссэн тохиолдолд халуурна, толгой хүчтэй өвдөнө, бөөлжинө. Толгойгоо хөдөлгөхөд улам өвдөнө. Шууд л эмчид хандах хэрэгтэй. Эмч иртэл толгойд нь хүйтэн жин тавьж, тайван хэвтүүлэх арга хэмжээ авч болно.

Эх сурвалж: "Өглөөний сонин"