Сумын наадам
Суусрын гүйдэл салхин шанхаар наадан сэвэлзсэнээс
Суурь хөлгөн асрын шашир цацаг дэрвээ юу
Сумын наадмын дэвжээг өдөржин тойрох морьтноос
Суран жолоо атгасан өнгийн цэцэг ургаа юу
Дурлал гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Дугираг цагаан царайгаар наран дороос мишээв үү
Дулаан амьсгалд дасаалгүй бас л дахин зовоохоор
Дун цагаан шүдээр наадам ч дундаас инээв үү
Хайр гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Хайлган цайлган сэтгэлтэй хүний үртэй учруулав уу
Халуун дэрний хавьд бас л дахин зовоохоор
Хадамд очсон бэртэй хүнээс далдуур ууязуулав уу
Хүсэл гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Хүүхэн ялдам хонгорын ангир цээжийг түшүүлэв үү
Хүний хүнтэй дасгаж бас л дахин зовоохоор
Хүрэн шандан тэрлэгний суман хормой шүргүүлэв үү
Учрал гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Уруулын халуун амсраар зүрхний бал шимүүлэв үү
Уураг цээжний хагацалд бас л дахин зовоохоор
Улаан чулуун бэлзэг ядам хуруунд зүүлгэв үү
Борви нугалах хэвтэргүй борхон туулай хөөрхий
Бохирон жиргэх мөчиргүй болжмор шувуу хөөрхий
Болий гэвч болихгүй борхон зүрх минь хөөрхий
Болоё гэвч болохгүй богинохон заяа минь хөөрхий
Д.Пүрэвдорж
Хойтон жилийн наадам
Хоног өдөр улиран
Хорогдсоор л байна, гэвч
Хойтон жилийн наадам
Хол байна даа! Хол байна!
Аав тэр өдөр намайг
Аль морио уна гэх бол?
Эжийн тэгэхэд ямар дээл
Эвхээсий нь задлан өмс гэх бол?
Наадмын гурван хоногт
Унасан морь маань гундасхийвч
Нарны нь халуун илчинд
Гоёлын дээл маань гандасхийвч
Хамгийн түрүүнд, наадмаас
Харьж ирэх сайхан.
Багачууд дүү нараа шуугиулан
Баярын чихэр түгээх сайхан.
Дэнж дэвсэг дээр цоллуулж
Хэний морьд айрагдсаныг
Дэвжээ талбай дээр шоволзож
Хэний хүү түрүүлснийг
Хамгийн түрүүд, наадмаас
Харьж ирээд ярих бас ч сайхан.
Настан нялхас ялгаагүй тэдэнд
Наадмын сонин дуулгах бүр ч сайхан.
Хоног өдөр улиран
Хорогдсоор л байна.
Гэвч Хойтон жилийн наадам Хол байна даа! Хол байна!
Зүүн голын Эгиймаа найз минь
Тэр өдөр ирдэг болуу, яадаг бол?
Зүс нийлсэн мориор гоё гэвэл
Тэр ер зөвшөөрдөг болбуу, яадаг бол?
Наадам хүртэл баяртай гэж
Найрсгаар тэр минь инээсэн юмсан.
Хойтон болтол баяртай гэж
Хонгор тэр минь хэлсэн юмсан.
Болзсон өдөр гүргэхэн шиг
Болоосой гэж яарах юм.
Хонгор түүнээ харахсан гэж
Хоног өнжин яарах юм.
Барианд очоогүй морьд, хойтон
Түрүүлж ч мэднэ.
Харахсан гэж яарнам
Барилдаад үзүүрлэсэн залуу, хойтон
Давж ч мэднэ.
Үзэхсэн гэж яарнам.
Цэнхэр дурдан алчуураа Эгиймаа
Цэцэглэж зангидаад л ирэх байхдаа.
Учрахсан гэж яарах юм.
Хацар дээрх хонхорхой нь барааны газраас
Хайр татам тодорно байх даа.
Уулзахсан гэж яарах юм.
Малчин хүний болзоо гэдэг
Магадгүй ийм л урт байдаг юм.
Урт тэр болзоо шигээ
Уйдашгүй сайхан хайр байдаг юм.
Хоног өдөр улиран
Хорогдсоор л байна.
Гэвч Хойтон жилийн наадам
Хол байна даа. Хол байна!
С.Дашдооров
***
Дугуй хээтэй наадам
Зүс булаалдсан гурван сумын хүүхнүүд
Хэлэлцсэн юм шиг хөх торгон дээлтэй ирцгээж
Зуузай харшуулсан гурван сумын морьд
Ижилссэн юм шиг суман дэлээрээ гайхуулж
Хөх торгон баадамтай хөлийн хоёр асар
Хэцийн цэнхэр салхинд хээгээ гээтэл дэрвэхэд
Еэвэн хээтэй зодогоо зууван болтол дугтралцах
Есөн давааны бөхчүүд наадмын цагирагт тэмцэлдлээ
Үйлийн үргүй хөөрхөн алтан шаргийн Цэрмаа
Үйтэн хуаран гэрлэгээ дурдан болтол дэврүүлэхэд
Хагирч саарал морьных нь газар асгасан сүүлнээс
Хаан бугуйвч сүлжих шиг туурайн мөр хоцорлоо
Дэлгэр хэтийн наадам гурав хоног нижгэнэсэн
Дэвжээнийх нь дэнж дугуй хээтэй үлдлээ
Морь наргиа хоёр цуглах жамтай талбараас
Монгол газар шороо минь туурай хээтэйг ухаарлаа
Ийм сайхан Монгол наадмаа орхиж хэн чадах вэ дээ
Наадам гэдэг өөрийн хөг аялгуутай наадам эхлэх
Наадмын их өрнөл наадам тарах ч гэсэн
Надад олон янзын хөг аялгуу харагддаг юм
Алчуурын торгон сэжүүр дээр салхиар хийсэн амьсгааг
Айлын бүлээн бараанаас айраг ханхайх зуныг
Аав ижийгээ дагаад хөөрч гүйцсэн өдрүүдийг
Адуу хэмээх адгуус хйиморь болдог сүрийг би наадам гэж бэлэгшээдэг юм
Өвөр дүүрэн үзэмтэй наадмаар давхих сайхан
Өргөн сумын харчуудыг хараад нэгийн даваанд гармаар санагдана
Асар тойрос хийн алхаж ээ явах хүн хүнээс наадам сонсон холихжээ явах
Өлсөөгүй ч хуушуур айрагхан амс хийж
Өдөржин наадмын хүрээгээ тойрох л сайхан байдаг юм даа
Харин үзүүр түрүү булаалдас хийгээд наадам тарна гэхээр
Үрээ дагаад хөтлөөд уяачид буцна гэхээр
Үнсье гэлээ ч аз дутах тэр минь харьнаа гэхээр
Сумын захиргааны орой дэрэвсэн туг ганцаардах шиг
Сул асрын хормой нэвсэгнэх ямар уйтай гээч
Хорогдон хорогдох гал галын хөлөөр намар эхэлж
Хорлоо гуайн их охин хүнтэй суучихдагсан
Дахиад наадам болохгүй юм шиг давчуурхыг яана
Шинийн хорьний өглөөнөөс зунаа хүлээж тайтгархад
Шингин сарны чимээнд жаргалд хорогсоод агшилхад
Нэмнээтэй ботгоны дэргэдээс эх нь холдохгүй юм шиг
Нэг л яваа насаараа наадмаа хүлээж жаргах юм даа
Ш.Г үрбазар
***
Говь-Угтаалын наадам
Говь-Угхаалын наадам даамай гурван өдөртэй
Гоё исгэрээнд хөгжсөн гоомой хөнгөн салхитай
Гончигсүмийн оройд Хэюуд Боржгин сахиустай
Гол усандаа тодорсон хэдүүл сайхан бөхтэй
Үсэг ланзан асар үүлэн бүүвэй суудалтай
Үйс лимбэн гийнгоо "Үлэмжийн чанар" эгшигтэй
Үйтэн хонгор морьтон үтэр жороо гүйдэлтэй
Үлэмжийн хурдан туурай нь үүлүү даалуу мөртэй
Үүнээс илүү бахадмаараа үеийн жаахан Бадмааяа
Үнэтэй алчуур авмаараа үзүүлж чадалгүй явмаараа
Үзэсгэлэн гоо чамдаа үгээ хэлчихээд зугтмаараа
Үйтэн хуар дээлтэй чинь үрээн мориндоо сундалмаараа
Сум сумын наадмаас манай сумын наадам
Сулинхээрийн хулан шандас дутах наадам
Сугын голын надтай суухгүй гэсэн Бадмаад
Суурин хотын гангачуул зориг дутсан наадам
Барьц ханасан аварга Моотон заанаас эхлээд
Барнангийн хүүг хүртэл барилдуулж өнжсөн наадам
Бат идэр азарга Палан гуайн саарлаас эхлээд
Баян ходоодын даагыг цоллуулж өндөрлөсөн наадам
Говь-Угтаалын наадам хээ ланзан асартай
Гоё мөнгөн эмээл дээрээ хээнцэр ганган суудалтай
Гогцооруулан алдсан Хэюүд Боржгин дуутай
Гол усандаа тодорсон хэдүүл л сайхан хүүхэнтэй
Сураг сургийн дундаас нандин байдаг Бадмаа
Суурь суурь адуунаас наадамд унадаг халиун
Суваг сувгаар уснаас Сугын голын худаг
Сум сумын наадмаас манай сумын наадам
Айсуй наадмын сураг, чиний дугийн салхинаас сонсогдоно
Б.Доржпалам
Сэтгэгдэл0