sonin.mn
 
Монгол Улс газар зүйн байршлын хувьд ОХУ, БНХАУ гэсэн мөнхийн хоёр хөршийн дунд байрладаг, харьцангуй том газар нутагтай, цөөн хүн амтай жижиг улс юм. Монгол Улс 1990 оноос иргэний ардчилсан, хүмүүнлэг, эрх зүйт нийгэм, зах зээлийн эдийн засагт тогтолцоонд шилжсэн билээ. Манай орны хүн амын 40 гаруй хувийг 15-35 насны залуучууд эзэлдэг.
 
Нийгмийн зан төлөв ихээхэн өөрчлөгдөж буй цаг үед бид амьдарч байна. Нийгмийн хөгжил хүнээс хамаарч, түүнд тулгуурлах болно. Монгол Улсын хувьд нийгмийн нэг тогтолцоо нөгөөгөөр солигдож өөрчлөгдсөн шилжилтийн он жилүүдийн үед хүмүүсийн сэтгэлгээний өөрчлөлт, дасан зохицох байдал удаашралтай явагддаг бололтой. Нийгэмд хүмүүсийн үнэт зүйлс, итгэл үнэмшил зарим талаар өөрчлөгдсөн ойлголт, хандлага байна.
 
Нийгмийн хөгжлийг шинжлэх ухаан, техник, технологийн ололт амжилт, мэдлэгт суурилсан эдийн засгийн өсөлтөөр хэмжихээс гадна орчин цагт аливаа улс орны хөгжлийг хүний манлайлал,төлөвшил хөгжил, хүний хүчин зүйл, хүчин чадамжаар тодорхойлогддог хандлага давамгайлах боллоо. Нийгмийн хөдөлгүүр нь хүн, хүний хөдөлгүүр нь эрүүл мэнд, зөв хүмүүжил төлөвшил, эрдэм боловсрол, чадвар, манлайлал юм.
 
Апиваа хүн тухайн цаг үеийн тусгал, бүтээгдэхүүн байдаг. Одоогийн ахмад, дунд үеийнхэнд тухайн цаг үеийнх нь суурь хүмүүжил, төлөвшил, үнэт зүйл, итгэл үнэмшил, нийгмийн хариуцлага, ухамсарласан ойлголт, хандлага байдаг нь анзаарагддаг. Залуучууд улс орны ирээдүй гэдэг утгаараа нийгмийн ирээдүйн дүр төлөв ч тэдний төлөвшлийн үйл явц яаж явагдаж байгаагаас хамаарна.
 
Өнөөдөр “Монгол орныг хөгжүүлнэ” гэдэг дээр валютын нөөц, улсын төсөв, эдийн засгийн хөрөнгө оруулалт, ашигт малтмал, аялал жуулчлал зэрэг гадаад талын хөгжлийн асуудлуудыг голлон ярьдаг. Гэтэл байшингийн суурь болсон уламжлалаас урган гарсан хүний хүмүүжил, төлөвшил, хөгжил, ёс зүйн асуудал орхигдож байна. 
 
Хүүхдээ нийгмийн сөрөг үзэгдлүүдийн нөлөөлөлд автахгүй, ямар ч төвөгтэй нөхцөл байдалд үзэл бодлын зөв чиглэл барьж чаддаг, өөрөө өөрийнхөө амьдралыг зөв зохион байгуулах бүрэн чадвартай иргэн болгон төлөвшүүлэх шаардлагатай.
 
Манай орныг залуучуудын орон гэж нэрлэх нь зүй ёсны юм. Дэлхий даяар хүн амын тоо буурч байгаа энэ үед манай орон хүн ам зүйн ачаалал бага, “Хүн ам зүйн цонх” хаагдах болоогүй таатай нөхцөл байна. Иймээс энэ сэдэв бол нэн сонирхолтой, чухал сэдэв мөн болох нь тодорхой. Монгол Улсын тусгаар тогтнол, нүүдлийн соёл иргэншлийн онцлог, амьдралын өөрийн давтагдашгүй шинж, өвөрмөц хэв маяг, уналт, босолт, сорилт, бэрхшээл, сургамжийн буурал түүхийг цаашид залгамжлан үргэлжлүүлэх үүрэг дараагийн үеийнхэнд оногдох учиртай.
 
Дэлхийн улс орнуудад Залуучуудын хүмүүжил, төлөвшил, манлайлал,чадварын асуудлаар олон талаар адил төстэй, нийтлэг ойлголт байхаас гадна зарим онцлог, ялгаа байна.
 
- Улсын тавилан байршлаасаа, хүний тавилан, хувь заяа хүмүүжил төлөвшлөөсөө гэдэг 
 
- Хүн болох багаасаа, хүлэг болох унагнаасаа
 
- Сайн хүний үр, сүүтэй гүүний унага
 
- Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэсэн мэргэн ухаан, хэлц үгсүүд монгол хэлэнд байдаг.
 
Аливаа хүний тухайд тулгамдсан олон асуудлыг эрэмбэлэн авч үзвэл нэн түрүүнд №1 асуудал нь хүмүүн болох буюу зөв хүмүүжил, төлөвшилтэй, эрүүл чийрэг хүн байх нь хамгийн чухал юм. Тийм хүнийг эрдэм номд сургах нь үр дүнтэй.
 
Нийгэмд жинхэнэ утгаараа зөв хүн байх, хүний мөс чанар, жудаг, шударга ёс, тэгш эрх, хүнлэг байхын оронд өнөөдөр манай орны хувьд шилжилтийн үед зарим талаар хүмүүст хөрөнгө мөнгө, шударга бус байдал, бялдуучлал, бусармаг байдал, ёс суртахуунгүй явдал, итгэл алдах зэрэг эрүүл бус үнэт зүйлс, итгэл үнэмшил, сонирхол бий болсон нь нэн харамсалтай гажуудал. Шилжилтийн үеийн Монголын Залуучуудын дунд
 
- Шударга бус явдал
 
- Гэмт хэрэг
 
- Авилга, хээл хахууль
 
- Архидалт 
 
- Биеэ үнэлэх
 
- Хар тамхи
 
- Хүний наймаа зэрэг нийгмийн сөрөг үзэгдэл, гажуудалд өртөх магадлал олонтаа ажиглагдаж, сэтгэл зовоох боллоо. Аливаа хүнийг зөв хүмүүжүүлэн төлөвшүүлэхэд олон хүчин зүйл нөлөөлдөг Тухайлбал, 
 
- Гарвал үүсэл 
 
- Удам угсаа
 
- Эцэг, эхийн байдал
 
- Гэр бүлийн орчин
 
- Цэцэрлэг, сургууль, хүрээлэн буй орчин,
 
- Найз нөхөд, хүмүүс
 
- Нийгэм, эдийн засгийн байдал
 
- Бусад Хүнийг аль болох эрт өөрийг нь өөрт таниулах, ойлгуулах нь түүнд төдий чинээ сайн үр дүн үзүүлэх болно.
 
Залуучуудад нийгмийн хөгжил, юмс үзэгдлийн мөн чанарыг мэдэрч, ухаарч ойлгох явдал чухал юм. Дорнын ард түмэн бол ёс суртахуунд тулгуурласан философийг шүтэж эрхэмлэдэг.
 
Хүн бол байгаль, нийгмийн бүтээгдэхүүн, нэг талаас эцэг, эхийн, цаг тооны үргэлжлэл, нөгөө талаас тухайн нийгэм цаг үеийн бүтээгдэхүүн, тусгал байдаг. Аливаа хүн байгаль, нийгмийн шалгарлаар амьдрах чадамжтайгаа харуулах учиртай. Цаг хугацаа бол үнэний шалгуур мөн. 
 
Хүн бүрийн чадвар, манлайлал,хүмүүжил, төлөвшлөөс тухайн байгууллага, улс орны тусгаар тогтнол, хөгжил дэвшил, олон олон хүчин зүйл хамаарах нь тодорхой байна. Залуучууд бол гэнэн томоогүй, мөрөөдөмтгий, хий нь арилаагүй, үзэл бодол нь цэгцэрч төлөвшөөгүй, нийгмийн туршлага, ойлголт, нимгэнтэй сонирхолтой ертөнц байдаг. Тиймээс тэдэнд амьдралын тухай зөв тусгал, ойлголт нөлөө үзүүлэх нь эцэг эх, гэр бүл, сургууль, багш бүрийн үүрэг мөн.
 
Нийгмийн хариуцлагаа ойлгох, сахилга, дэг журам, ёс зүйтэй байх нь бидний үүрэг:
 
- Зөв хүмүүжил, төлөвшилтэй хүн
 
- Эрүүл хүн
 
- Итгэл хүлээх чадвартай хүн
 
- Нийгмийн хариуцлагатай хүн
 
- Ёс зүйтэй хүн Улс орон бүр өөр өөрийн онцлогтой тул хариулт нь бас өөр өөр байх нь ойлгомжтой юм.
 
Аливаа залуу хүний зөв хүмүүжил, төлөвшлийг дагаж түүнд тулгуурлан амьдрал сэтгэл ханамжтай байж үргэлжилдэг. Орчин цагийн хувьсан өөрчлөгдөж байгаа ертөнцөд “хүн” өөрийгөө олж, таних шаардлагатай. Хүний амьдрал хэмжээ хязгаартай, харьцангуй ойлголт. Байгаль нийгмийн талаасаа хүн гэдэг бүтээгдэхүүнд тавигддаг нийтлэг шаардлагад тэнцэж амьдрах учиртай. Өөрчлөлтийг мэдэрч, дасан зохицож, амьдрах чадамжтай байх шаардлагатай.
 
Хүний амьдрал үргэлж энэрэнгүй сайн сайхан байдаг гэж үзвэл энэ нь том эндүүрэл юм. Амьдралд “Хүнд цохилт” тулгарна. Харин түүнийг даван туулах сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужил, ухаан, итгэл үнэмшил зэрэг олон талаар түүнд бэлтгэгдсэн байх нь чухал.
 
Хүний манлайлал, хүмүүжил, төлөвшлийн тухайд нийтлэг эрх ашиг, сонирхол, нийтлэг боломж, сэтгэл ханамж, нийтлэг хариуцлага байдаг.
 
Хүн байна гэдэг нийгмийн хариуцлага, өндөр ёс суртахуун, чадвар, манлайлал, зөв хүмүүжил, төлөвшил, хүн чанар зэрэг олон ойлголтын дээд хэмжүүр мөн. Улс орныхоо залуу үеийг чадвар, манлайлалтай зөв хүмүүжүүлж төлөвшүүлэх нь үндэсний аюулгүй байдлын нэг баталгаа.
 
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги-Мүн “Залуучуудад хөрөнгө оруулалт хийхгүй эдийн засаг бол хуурамч юм. Залуучуудад хөрөнгө оруулалт хийх нь ирээдүйн хүн бүрт том ашиг авчирна” гэдгийг онцлон тэмдэглэжээ.
 
Дэлхий нийтийг хамарч буй даяаршил болон 1990 оноос хойш Монголын нийгэмд эрчимтэй өрнөсөн нийгмийн өөрчлөлт, шинэчлэлийн үйл явцын нөлөөгөөр гэр бүл, гэр бүлийн харилцаа хувьсан өөрчлөгдөж байна.
 
Дэлхий нийтийн гэр бүл, гэр бүлийн харилцааны ерөнхий чиг хандлагыг авч үзвэл, гэр бүлийн гишүүдийн үүрэг, эрх мэдлийн хуваарилалтын өөрчлөлт, хожуу гэрлэлт, эрт бэлгийн харьцаанд орох, гэрлэхээс илүүтэй хамтран амьдрахыг чухалчлах, олон нөхөр, олон эхнэртэй байх нь амьдрал дээр нуугдмал хэлбэрээр оршиж байна. Мөн гэрлэлтээс гадуурх бэлгийн харьцаа, төрөлт буурах, салалт, дахин гэрлэлт, өрөөсгөл гэр бүл ихсэж байгаа болно.
 
Монголын залуучуудын гэр бүлийн бүтцэд нийлмэл гэр бүл багасах төлөвгүй байгаа нь:
 
- Уламжлалт зан заншил алсарч, нийгмийн тогтсон хандлага өөрчлөгдсөн.
 
- Урьд нь эцэг эхээ асрах нь нийлмэл гэр бүл болох гол шалтгаан болж байсан бол одоо залуучууд эцэг эхээ асрах бус тэдний эвээлд амьдрах хүсэл сонирхолтой болсон.
 
- Орон байргүй, бие даан амьдрах санхүүгийн чадваргүй байдал
 
- Хүүхдээ харуулах үүднээс хамтдаа амьдрахыг эрмэлзэх болсон зэрэг учир шалтгаанаар нөхцөлдөж байна.
 
Хожуу гэрлэлт болон төрөлтийн түвшин буурах болсон шалтгаан:
 
- Гэрлэлтийн насны эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдээс цөөрсөн /гадагшаа ажиллахаар явагсад ихэвчлэн хөдөлмөрийн ид залуу насныхан байдаг/
 
- Боловсрол хүмүүжлийн түвшингээр эмэгтэйчүүдээс хоцрогдсон байдал удаан арилж байгаа байдал
 
- Залуучууд гэрлэлтэд ач холбогдол өгч, хариуцлагатай хандаж чадахгүй байгаагаас гэр бүлийн амьдралын бэлтгэлгүй гэр бүл салалт залуу гэр бүлд ихэнх хувийг эзэлж байгаа /нийт гэр бүл цуцлалтын 38 хувь нь 6-7 жил болоод салсан залуу гэр бүл юм/.
 
- Залуучуудын сэтгэл зүй өөрчлөгдөж “Илүү ачаа тээх” бус хэн нэгний төлөө өөрийгөө зориулах, золиослох бус харин өөрийн төлөө бусдыг “Ашиглах”, өөрт хэрэгтэй байхыг гол шалгуур болгож, өөрийгөө хөгжүүлэх, боловсруулахыг гэрлэхээс өмнө тавьж байна.
 
- Ажил төвт бүсгүйчүүд нэмэгдэж байгаатай холбоотой
 
- Үр хүүхдийг нь харах хүнгүй, бие дааж амьдрах эдийн засаг санхүүгийн асуудалтай холбоотой. Гэрлэх нас хожууссан, залуучуудын чөлөөт амьдрал, бие даах эрмэлзэл, санхүү мөнгөний байдал, байр орон сууцны асуудалтай холбоотойгоор хамтран амьдрах гэр бүлийн хэлбэр улам бүр хүлээн зөвшөөрөгдөж, дэлгэрэх боллоо. Гэрлээгүй залуучуудын 40 хувь нь гэрлэлтийн өмнөх хамтын амьдралыг чухалчлан үздэг байна.
 
Манай орны хувьд гэрлэлтийн онцлог нь:
 
- Гэрлэлт өндөр, цуцлалт бага байдаг.
 
- Эрт гэрлэлт, эрт төрөлт байдгийг судлаачид тэмдэглэсэн байдаг ч сүүлийн 20 жилийн гэрлэлт, цуцлалтын статистик үзүүлэлтийн динамикаас гэрлэлт буурсаар, цуцлалт өссөөр байгаа ерөнхий хандлага гарсаар байна.
 
Монгол улс шинэ үе, өсвөр үе, залуучуудын хүмүүжил, төлөвшилд хаа хаанаа онцгой анхаарч сэтгэлгээ! арга барил, бодлого, үйл ажиллагааны олон талт арга хэмжээг идэвхтэй, үр дүнтэй хэрэгжүүлж ажиллах, улс орныхоо дараа үеэ бэлтгэх шаардлагатай болж байна.
 
Монгол улсад шилжилтийн эхний арав гаруй жилийн хугацаанд залуучуудын цэргийн алба хаах хүсэл сонирхол, итгэл үнэмшил буурсан цаг үе байлаа. Тэдний амьдралын нөхцөл байдал, эрүүл мэнд, боловсролын түвшин зарим талаар шаардлага хангахгүй байсан юм.
 
Эрх зүйн таатай орчин, нийгэм, эдийн засгийн нааштай өөрчлөлт, Зэвсэгт хүчний нэр хүнд хэлбэрэлтгүй өсөн нэмэгдэж байгаа зэрэг хандлагаас залуу үеийн цэргийн алба хаах хүсэл сонирхол бодитойгоор бий болж байна. Залуучууд цэрэгт алба хааснаар эх оронч үндэсний үзэлтэй, зөв хүмүүжил төлөвшил, чадвар, манлайлалтай, бие бялдрын бэлтгэлжилт өндөртэй, тэсвэр хатуужилтай шинэ залуу үе болон төлөвших боломж бүрдэх юм.
 
Орчин үеийн цэргийн урлагийн хөгжлийн хандлага, Зэвсэгт хүчний үндсэн болон бусад олон талт чиг үүргийг хэрэгжүүлэх,түүний дотор энхийг дэмжих ажиллагаанд оролцох шалгуур шаардлагад нийцүүлэн цэрэгт алба хаах залуучуудын сургалт, бэлтгэлийг богино хугацаанд эрчимтэй, үр дүнтэй зохион байгуулах хэрэгцээ шаардлага ч бий болж байна.
 
Цэргийн боловсрол олгож байгаа сургуулийн онцлог нь:
 
- Боловсролын хувьд шаталсан сургалттай холбоотой
 
- Цэргийн алба хаагч сонсогч нь 100 хувийн ажлын байраар хангагдах
 
- Гадаадад суралцах эрхтэй
 
- Сургалтын зардал /хувцас, хооллолтыг/ төрөөс даадаг.
 
- Төрийн албан хаагч /эрэгтэй/ нь заавал цэргийн алба хаасан байна гэсэн заалтыг үндэслэн
 
- Цэргийн алба хаагч нь олон улсын энхийг дэмжих ажиллагаанд оролцож байгаагаар
 
- БХИС-д суралцаж төгссөн оюутан цэргийн албыг хаасанд тооцдог эрх зүйн орчин бүрдэж байгаа зэргээр нөхцөлддөг. БХИС боловсролын хөгжпийн нийтлэг чиг хандлага, гадаадын цэргийн сургуулиудын туршлага, жишиг, захиалагч болон суралцагсдын эрэлт хэрэгцээ, сэтгэл ханамжид нийцсэн сургалт, боловсролын ажил үйлчилгээ үзүүлэхийн тулд сургалтын агуулгыг шинэчлэх, боловсронгуй болгох, шаталсан сургалтыг зохион байгуулах, багш нарыг чадваржуулах, сургалтын таатай орчинг бүрдүүлэх зэрэг сэтгэлгээ, арга барил, бодлого үйл ажиллагаагаа олон талт арга хэмжээг үе шаттай дэс дараалалтайгаар зохион байгуулж ирсэн.
 
Монгол Улс цаашид залгамж хойч үеийнхээ эрүүл мэнд, зөв хүмүүжил, төлөвшил, чадвар, манлайлал,эрдэм боловсролд ихээхэн анхаарч, эх оронч үндэсний үзэлтэй, өндөр ёс суртахуунтай иргэд болгон төлөвшүүлэх талаар ихээхэн хүчин чармайлт гарган ажиллах шаардлага бий.
 
Доктор, профессор Жүгдэрийн ЭНХБАЯР