sonin.mn
Эх нутгийн минь дөрвөн зүг найман зовхисоос
Эрхий дарам газрыг
Бурхан гуйсан ч бүү өг. "Хүннүгийн эзэрхэг хаан Модун Шаньюу"
 
Хүннүгийн Шаньюу хааныг хөрш нь өдөж "Сайн морио өг" гэхэд "Ганц мориноос болж хөрштэйгээ муудаж яана" хэмээн сайн морио өгчээ. "Сайхан эхнэрээ өг" гэхэд "Ганц хүүхнээс болж хөрштэйгээ муудаж юу хийнэ" хэмээн эхнэрээ өгч. Бүр сүүлдээ "Хамгийн үржил шимгүй газраа өг" гэхэд "Газар бол төр улсын үндэс. Хэрхэвч өгч үл болно" гээд дээрх үгийг хэлж, хөршөө дайлаар мордов. 
 
Хүннү Гүрний газар нутаг Байгаль нуураас урагшаа Цагаан хэрэм, Ил Тарвагатайгаас зүүн тийш Ляохэ голын эх хүртэл байжээ. Одоо бидэнд байгаа газар нутаг тухайн үеийнхээс бараг гурав дахин бага боловч Азийн бар гэгдэх Өмнөд Солонгосоос дөрөв дахин том өргөн уудам билээ. Дээрх түүхийг сануулахын учир өнөөх л Ноён уултай холбоотой. 
 
Энэ ууланд Хүннүгийн язгууртнуудын олон зуун булш, бунхан бий. “Эрхий дарам газрыг бурхан гуйсан ч бүү” хэмээн гэрээслэсэн Модун Шаньюу хааны булш, бунхан байхыг ч үгүйсгэхгүй. Тэртээ 20-иод онд оросын эрдэмтэн Козлов энэ ууланд анх малталх хийж Хүннүгийн дурсгалыг илрүүлэн судалсан нь эдүгээ алдарт Эрмитажийн музейд эд өлгөөрөөрөө хадгалагдаж байгаа. Гэтэл энэ уулаа бид 50 тонн алтыг нь авахын төлөө өмнө нь Бороогийн орд газрыг ашиглаад мөлжиж дууссан булууны яс шигээ шидчихсэн гаднын компанид ухуулах гэж үү.
 
 ... Улаан уулаа алдаад 
Мал сүрэг минь өсөхөө болив
Ягаан уулаа алдаад 
Охид хүүхнүүд минь энгэсэггүй болов... хэмээн эртний нэгэн гунигт шүлгэнд өгүүлдэг. 
 
Үүнтэй нэгэн адилаар бид Хүннүгийн дурсгалт Ноён уулаа алдаад эх түүхээрээ бахархах, эзэн шүтээнээ дээдлэх ариун нандин чанараа гээж байгаа юм биш биз. Эдийн засаг хямралтай хүнд үед Ноён уулыг ухуулж, хямарлаас гаръя гэсэн бодолтой хүмүүс байгаа. Гэхдээ Ноён уулын Хүннүгийн дурсгалыг судлах, хойч үедээ үлдээх нь өнөөгийн үмх талхнаас илүү ач холбогдолтой гэдгийг ухаарах ёстой. Хямарлаа гээд өнөөдөртөө бид өлсөөд үхэхдээ арай л тулаагүй баймаар сан.
 
Занданшуулсан шарил ганцаар тогтохгүй
 
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс занданшуулсан шарил олдсон тухай бөөн шуугиан дэгдсэн. ОХУ-ын Буриадын Иволгийн дацанд байдаг манайхны зорьж очин мөргөж залбирах дуртай Итгэлт хамбын бие лагшингаас дутахааргүй сонин зүйл гээд л баахан цуурав. Гэтэл түүнийг өвгөн Гэсэр ламын гарын шавь Цорж Санжжав болохыг тогтоожээ. Багш шавь хоёр нэг дор нирваан дүрийг үзүүлэн бясалгаж суужээ. Гэтэл сайн эрчүүд Архангай аймгийн Цахир сумын нутагт байдаг Содномдаржаа уулын орой дахь бунханыг хөндөж багшаас нь жаахан эмээсэн үү яасан үлдээж орхиод шавийг нь аваад явчихаж гэнэ. 
 
Бас болоогүй 300 саяар зарах гэж явсан гэж байгаа. Ийм занданшуулсан шарил, бунханууд монголд зөндөө бий. Наад захын жишээ дурдахад Чойжин ламын сүм музейд Чойжин ламын занданшуулсан шарил байдаг гэх. Эдгээрийг олон улсад сурталчилан жуулчдыг татах нэг үзмэр болгон ашиглаж болох ч занданшуулсан шарилуудад олны өмнө гарч ирэх цаг хугацаа, тохиол төөрөг байдаг тухай шашин номлогчид өгүүлж байгаа юм. Ийнхүү нирваан дүрийг үзүүлсэн занданшуулсан шарил ганц нэгээр тогтохгүй олон байгаа талаар ч тэд ярьдаг билээ.
 
Бал бурам шиг багын дурсамж минь
 
Одоогоос 20-иод жилийн өмнө сөн. Говь-Алтай аймгийн Бигэр сумын Худгийн ам хэмээх таана мангир тэгшэрсэн нутагт манайх зусч байсан нь саяхан ч юм шиг. Нүүхдээ хуучин нутаг дээр мартаж орхисон банхар маань тракторын мөр хөөн шиншилсээр нүүсний маргааш л шинэ нутагт хүрээд ирсэн байж билээ. Өглөө эртлэн босч өрхөө татахаар гарсан хөгшин ээж бөөн дуу шуу болон “Банхар минь хүрээд ирж, хөөрхий” гээд тогооны угаадас идүүрэнд нь дүүргэн сандчиж байсан нь нүдэнд харгдах шиг. 
 
Энэ сургаар нойрноос сэрж, орноосоо суга үсрэн гараад цагаан зүрхтэй хар банхараа эрхлүүлж байсан минь тодхон санагдана. Хөгшин ээж минь намайг эрхлүүлэн “тэр хар даа миний хүү, баахан шар дээлтэй хүүхдүүд барилдаж байна” хэмээн таана бударгана, зэрлэг цэцэгсийн үнэр сэнхийх салхин өөд заахад нь сая сэхээ авч нүдээ нухлан харвал зуны өглөөний наран дор тарган шар бурхинууд эгээ л шар дээлтэй жаалууд шиг хоёр хөл дээрээ зогсоод өөр зуураа барилдаж байх нь тэр. 
 
Гэрийн гадуур эртний хаадын ч юм уу, баатруудын ч юм уу булш, хэрэгсүүр хаа сайгүй хөглөрч, түүн дээр шаазгай суун хааяа нэг шагширах. Өнгөрсөн хаврын чононд бариулсан гунжны зэмэн дээр зүүсэн хавханд нэг борлон ороод өрөөсөн урд хөлөө тасдуулчихаж билээ. Гурван хөлтэй тэр амьтан мал дагаж явж чадахгүй, ойр зуурхан идээшлэх. 
 
Явдал нь ойр болохоор ч тэр үү тарган гэж жигтэйхэн. Манай гэрийн тооноор уулын тагт ассан мал яг л унаад ирэх гэж байгаа юм шиг харагдах бөлгөө. Гэрийн арын хайрхан дээр гараад харахад баруун тийшээ Бурханбуудай, зүүн тийшээ Отгонтэнгэр өлхөн харагдана. Сүүтэй цэцэг хэмээн эгч минь нэгэн төрлийн цэцгийг шахахад сүү гоожиж байсан санагдах. 
 
Саахалт айлын Хойлог, манай Банхар хоёр өглөө нийлээд алга болж өгнө. Оройхон хэрд бод идсэн боохой шиг амьтад сүүлээ агсан, ам хамраа долоосоор хоёул зэрэгцэн шогшиж ирэх нь соньхон. Ийм л үлгэрийн гэмээр нутаг бол Говь-Алтай аймгийн Бигэр сумын Дөрөлж баг буюу сумын зүүн нуруу байсан сан. Намар болж манайх нам газар буухаар болоход том торх бүхий усны ЗИЛ дээр гэрээ ачаад явж билээ. Мөнөөх гурван хөлтэй борлон таргалаад босож ч чадахаа больсон учир усны ЗИЛ-ийн жолоочид нүүлгэсэний шан хөлс болгон боодог хийж өгсөн сөн.
 
Шархан дээр минь давс үрэх мэт шаналнам
 
Саяхан би нутагтаа очлоо. Хэдий зун цаг байсан ч шар дээлтэй жаалууд лугаа өөр зуураа барилдаж байдаг тарган шар бурхинууд алгаа. Хайр найргүй хядсаар дуусгасан бололтой. Хонь хариулдаг байсан Дөрөлжийн ууланд минь алт гарчээ. Эхлээд ирсэн “алтчид” алтыг бараг л аргал шиг түүсэн юм байх. Тэгэхээр би алтаар хонио шидэлж явсан болж таарлаа. 
 
Орой дээр нь дуран сунган суудаг байсан нэг толгойг тал бүрээс нь ухаад оготоны үлий шиг болгочихож. Харанхуй шөнө явбал тэр 10-20 метрийн олон гүнзгий нүхэнд унаж үхэх бололтой. Ногоон түмпэн, шуудай сав үүрсэн газар газрын “нинжа”-нууд цуглаад, Дөрөлжийн уул маань шөнө харахад эгээ л Улаанбаатары-үдэш шиг байсан тухай багын найз Бүлтүүш маань сонин болгон хуучлав. 
 
Элэг зүрх минь тэр оготоны үлий шиг нүхнүүд лугаа шархалж, шархан дээр минь давс үрэх мэт шаналав. Нинжануудын дунд надад А үсэг заасан багш нар, хүйг минь тасалсан эмч, сумын сэхээтнүүд ч байсан гэх. Ээ халаг. Эх орноо элэг зүрхнээсээ илүү хайрлах ёстой гэж надад сургадаг байсан хүмүүс мөн гэж үү, тэд. Гэрийн гадуур хөглөрдөг байсан өнөөх булш, хэрэгсүүрийг хаанахын нь бүү мэд шинжлэх ухааны байгууллагын нэр барьсан баахан машинтай хүмүүс ирээд ухаж төнхөөд доторхыг нь аваад явсан гэх. 
 
Түүнээс гарсан бололтой хүний эрүүний өгөр ясыг Бүлтүүш найз маань өөрийнхөө эрүүний гадуур барьчихсан “ээ мөн ойгүй том хүн байжээ” хэмээн доог тохуу хийж суух. Бодвол эртний нэг баатар эрийн л булш, бунхан байсан бололтой. Ээ халаг, өвөг дээдсийнхээ булш бунханыг тонодог ийм шившигтэй үед монгол хүн болж төрсөндөө гутарнам би. Булш бунхан дор нойрсч байгаа өвөг дээдэс маань эх оронтой байжээ. 
 
Түүнийхээ төлөө амиа өгөх зориг зүрхтэй ч байж. Харин бидэнд эх орноо гэх сэтгэл байна уу. Монгол минь харь элэгтнээр дүүрсэн ч юм шиг хачин сэтгэгдэл төрөх юм даа. 
 
Ц.Мөнх
Эх сурвалж: "Нийслэл таймс"