sonin.mn
Нийслэлийн ИТХ-аас Засгийн газарт хүсэлт тавьсны дагуу, Засгийн газраас 2014 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр “Эрх шилжүүлэх тухай” тогтоол гаргасан. Тодруулбал, тогтоолоор нийслэлийн автозамын ачааллыг бууруулах зорилгоор замын хөдөлгөөний урсгал, тээврийн хэрэгслийн тоо, хөдөлгөөний ачаалал ихээр үүсч байгаа зам, цаг хугацаа зэргийг харгалзан төрийн байгууллага, яам, Засгийн газрын агентлаг болон харьяа байгууллага, төсөвт байгууллагууд, нийслэлийн төр захиргааны байгууллага болон түүний харьяа байгууллага, хэрэгжүүлэгч агентлагийн ажил эхлэх, дуусах цагийг зохицуулж байх эрхийг нийслэлийн Засаг даргад шилжүүлсэн. 
 
Тиймээс Засгийн газрын уг шийдвэрийг үндслэн нийслэлийн удирдлагууд төсөл боловсруулсан юм. Төсөлд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулийн хичээл 07:40 цагт, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эхлэх цагийг 08:00 цаг, төрийн байгууллага, яам, Засгийн газрын агентлаг болон түүний харьяа байгууллага, бусад төсөвт байгууллагууд нийслэлийн төр захиргааны байгууллага болон түүний харьяа байгууллага, хэрэгжүүлэгч агентлагийн ажил эхлэх цагийг 08:00 болгох нийслэлийн Засаг даргын захирамжийн төслийг боловсруулжээ. 
 
Тэгвэл уг төслийг энэ сарын 4-ний өдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцуулсан бөгөөд хуралдаанаас энэхүү ажлын цагийн шинэ хуваарийг ирэх долоо хоногийн даваа гаригаас мөрдөх шийдвэрийг гаргасан юм. Ажлын цагийн шинэ хуваарийг өөрчлөх талаархи мэдээллийн мөрөөр манай сонин иргэдээс санал авч байсан юм. Тухайн үед иргэдийн дийлэнх нь энэхүү төслийг дэмжиж байгаа илэрхийлж байсан. Учир нь их, дээд сургууль, цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулиуд, төрийн албан хаагчдын ажил ижил цагт эхэлдэг байсан нь иргэдэд хүндрэл үүсгэдэг гэнэ. Тиймээс төслийн боловсруулсан албаны хүмүүс уг шалтгааныг харгалзан үзэж замын хөдөлгөөний ачааллыг бууруулах үүднээс хөдөлгөөний зохицуулалтыг хийж, хуваарьт өөрчлөлт оруулсныг онцолж байгаа юм.
 
Г.Цэцэг
Эх сурвалж: Нийслэл таймс"