sonin.mn

Монгол Улсын гавъяат жүжигчин Цогт-Очирын Өлзий-Орших 1952 оны энэ өдөр Дундговь аймгийн Сайн цагаан сумын нутаг Өвөр Зүлэгтий гэдэг газар мэндэлжээ. Тэрбээр 1961 онд дунд сургуульд суралцаж улмаар 1969 онд АДБЧ-ын дуулаачийн дамжаанд элсэн дүүргэжээ. Өлзий-Орших 1969 оны есдүгээр сард МРТУХ-ын цахилгаан хөгжмийн чуулгын анхны тоглолтод орж уран бүтээлийнхээ гарааг эхлүүлж байсан түүхтэй. Тэрбээр 1972 онд цэргийн алба хааж, 1974 онд ардын армийн зэвсэгт хүчний жанжин штабын "Соёмбо" чуулгад дуучнаар орсон юм.

Тэрбээр 1981 оноос АДБУЧ-д гоцлол дуучнаар ажиллаж, 1970 онд Польшд, 1981 онд ЗХУ-д, 1989 онд Японд, 1990-1993 онд БНХАУ-д, 2007 онд Энэтхэгт тоглолт хийн эх орныхоо урлагийг олон улсад таниулж байсан юм. Түүний дуулснаар сэтгэлд хоногшсон 300 орчим дуу Радиогийн алтан фондонд хадгалагдсаар байна. Үүнээс "Арав дахь хавраа үдье", "Сургууль минь баяртай", "Учран золгохын ерөөл", "Үүлэн цэнхэр хангай", "Цэрэг эрийн гэргийн дуу", "Би чамд хайртай", "Чандмань эрдэнэ", "Гэгээн наранд ойрхон өслөө", "Энх мэндийн жаргал", "Хүсэх алсын гялбаа" зэрэг олон сайхан дуунууд олон түмний дунд "Хит" болж ард түмний дунд дуулагдсаар байна.

Эх сурвалж: "Нийгмийн толь"

С.Батцэнгэл