sonin.mn

Монгол улсын хүчит гарьд Нямдоржийн Ганбаатартай ахмад сэтгүүлч Р.Чулуун гуай шинэ оны босгон дээр ярилцсаныг сэтгүүлчийн зөвшөөрөлтэйгээр уншигчдадаа хүргэж байна.

-Өөрийг тань бөх сонирхогчид өндөр Ганбаа гэх болж дээ. Өөриймсөг дотно хандлага юм шиг надад бодогддог. Энэ тодотголын талаар яриагаа эхлэх үү?

-За байз. Би онцгой өндөр биш биз дээ. Өсөхөө аварга, Баяржавхлан гарьд гээд өндөр бөхчүүд бий. Ган нэртнүүдээсээ арай өндөр юм болов уу. Хоёр метр хүрэхгүй намайг өндөр энэ тэр гэж байгаа нь харьцангуй тодотгол байх.

-Барилдааныхаа үүх түүхээс уншигчдад сонирхуулж яриач?

-Цаг хугацаа мөн ч хурдан өнгөрөх юм гээч. Одоо 2012 он гарч байна. Би Улсын наадамд 2002 онд анх барилдаад одоогийн улсын харцага Л.Бадарчаар хоёр, Улсын начин Хэнтийн В.Батбаяраар гурав даваад, дөрвийн даваанд Улсын аварга О.Балжиннямд унаж байлаа. Наадамд барилдаж эхлээд 10 жил болжээ.

-Хэдтэйдээ улсад анх зодоглосон болж таарах нь вэ?

-Хорь хүрээгүй л байхгүй юу.

-Ингэхэд ер нь хэдэн оны хүүхэд билээ?

-1982 оны төгсгөлөөр төрсөн гэдэг юм.

-Өөрийг тань 16 настайдаа МУИС-ийн Физикийн ангид элсэн орж, хичээлээ шамдан хийхийн зэрэгцээ эрдэм шинжилгээний ажил сонирхож байсныг Ж.Бандихүү багш дурссан бий. Оюутан ахуй цагаа эргээд нэг яриач?

-Бандихүү багш намайг бөхийн хөдөлмөр рүү хөтөлсөн хүн л дээ. Чин үнэнийг хэлэхэд би барилдах сонирхол багатай оюутан байлаа. Яагаад ч юм бэ, эрдэм номын тал руугаа илүү сонирхолтой байж. Түүний гэрч нь Монголын их, дээд сургуулиудын оюутны эрдэм шинжилгээний уралдаанд түрүулээд авсан "Гранпри" шагнал надад үлдсэн.

-Чухам ямар сэдвэзр ажиллаж байсан юм бэ?

-Нэгэнт орхичихсон ажил, сэдвийн талаар ярих хэрэг байна уу?

-Амьдрал сонирхолтой шүү дээ. Оюутан ахуйдаа сонирхож байсан сэдвийг нэг тодруулаад ярьчихъя?

-Модны үртсийг малын тэжээл болгон ашиглах, үйлчлэлийн аргыг оролдсон ухаантай юм. Тэгж байтал Бандихүү багш, Давааням авга хоёр хүчлээд бөхийн хүрээнд хөл тавиулсан. Тэгээд унаж, давсаар 2007 онд улсын цолонд хүрч, буруу замаар ороогүйгээ ухаарсан.

-Улсын цолтон болохоосоо өмнө аймаг, цэргийн наадамд түрүүлж байхдаа буруу замаар явж байна гэж бодож явсан гэж үү?

-Онож уу, алдаж уу гэдгийг таньж гүйцээгүй л гэсэн үг.

-Өөрийн тань хэлснээр 2007 оны наадам шинэ сонголтын буруу зөвийг хагалсан тодийгүй, цаашид өсөж дэвжихийн суурь болсон нь мэдээж. Тэр наадмын тухай эргээд бодоход даваа бүхэн өчигдөр шиг санагдаж байгаа даа?

-Нэгийн даваанд Ганбагана нэртэй залуутай таарсан. Хоёрын даваанд барилдсан Ш.Жаргалсайхан минь өнгөрсөн зуны наадмаар улсын начин болж бид бүхнийг баярлуулсан. Гурвын давааны төгсгөлийн өмнөх дүйцэд босч, Б.Золбаяр гэдэг сайхан залуутай барилдав. Тэр минь аймгийн арслан цолтой байж билээ. Дөрвийн даваанд Улсын    заан Д.Амгаланбаатартай оноолтоор таарсан. Тавын даваанд ам авсан улсын аварга, арслан заан, харцага, начин цолтой 15 бөх Ду.Батбаяр бид хоёрыг тунаагаад үлдээчихэж. Сонирхолтой нь зургаагийн даваанд дахиад л Л.Нямсүрэнтэй тунаж, санаархаж явсан улсынулсын начин цолоо алгасч, харцага цолтны бүлд нийлсэн. Долоогийн даваанд мөн л тунаж, улсын заан цолтой барилдсан Х.Мөнхбаатарт ойччихсон. Х.Мөнхбаатар тэр наадмаар түрүүлээд арслан болж байлаа. Аль ч утгаар бодсон сайхан шүү, тэр наадам.

-Тийм ээ, шинэ арслантай, гарьдтай, хоёр харцага, долоон начинтай тэр наадмын данс бүртгэлийг эргээд сонирхсон хүмүүст олон дурсамж санагдах нь мэдээж. Тэр наадмаас эхлүүлээд өөрөө улсын баяраар тасралтгүй тав шөвгөрлөө. Цолоо ч ахиуллаа. Таны амжилтыг чамлангуй ярилцах хүмүүс хааяа байх юм. Зарим бөхийн хувьд сүүлийн таван наадамд завсаргүй шөвгөрсөн хоёрхон бөхийн нэг гарьдын амжилт мөрөөдлийн гэмээр үзүүлэлт л дээ, миний бодлоор. Өөрийн амжилт, цаашдын зорилгын талаар бөх  сонирхогчдод тодруулан ярьж болох уу?

-Миний    одоогийн амжилтад сэтгэл дундуур явдаг тэр хүмүүст гомдох, дургүйцэх зүйл алга аа. Надад итгэж, шинэ шинэ амжилт хүсч, хүлээж байгааг нь буруутгах учиргүй. Үнэнийг хэлэхэд нэг их тунхаглаад, туйлын зорилго болгоод олон түмэнд зарлаад байх төлөвлөгөө надад байхгүй ээ. Би ер нь хүмүүсийг баярлуулах л гэж барилддаг. Туйлын зорилго минь энэ. Аминдаа зорилгоо биелүүлсээр яваа. Яагаад гэвэл намайг давахад хүмүүс баярлаад алга ташиж л байдаг. Намайг унахад бас хүмүүс баярлаад алга ташиж л суудаг. Ганбаатар уналаа даа гээд баярладаг бөх сонирхогч байх нь юу л бол. Ганбаатарыг давлаа гээд миний өрсөлдөгч бөхөд баяр хүргэлээ гэж би боддог.

Эрийн гурван наадмын нэгэн үндсэн тулгуур үндэсний бөхийн барилдаан ийм агуулгатай. Хүмүүс наадам үзнэ, баяр үзнэ гэцгээдэг. Наадам баяр болдог. Бөхчүүд наадамчдыг төдийгүй, үзэгч сонсогчдыг баярлуулахын тулд бэлтгэлээ базаадаг. Хоёр бөх барилдаж барилдаж хаялцахгүй наадам тарвал хүмүүс нэг их баярлахгүй байлгүй. Бяр тэнхээ, хурд хараа, мэх овсгоо, ухаан бодлоо сорьсоор нэг нь давж, нөгөө нь үлдэнэ. Тэгэх тусмаа улсын наадамд аль нутгийн хэн ч бай шөвгөрехөд үзэгч түмэн түүнд баярладаг уламжлалтайг хэн хүнгүй л мэднэ. Хэдэн жил барилдах нас байна. Зүлэг ногоон дэвжээн дээр "хэлэх" зүйлээ гүйцээсэн гэж бодохгүй бэлтгэлээ хийж явна даа.

-Харцага болсныхоо хойтон шууд гарьд болсон байх аа?

-Санаандгүй сайхан барилдсан. Наадамд дахин шөвгөрөх, чадвал харцага цолоо батлах бодолтой бүтэн жилийн хөдөлмерөө зориулсан. Тавын даваанд ам авахаар очиход есөн бөхийн нэр дурайж байв. Э.Энхбаттай барилдахаар шийдсэн. Хойтон жилийн нь наадмаар түүнийг улсын начин болоход овоо л доо гэж бодсон. Аа, тийм. Зургаагийн даваанд Т.Мөнгөнцоож харцагатай тунаад үлдсэн. Долоогийн даваанд Д.Сумъяабазар аваргын аманд очоод ёстой эцэтлээ барилдсан даа. Наймын даваанд улсын заан цолтой байсан Б.Ганбат намайг амлаж барилдаад өвдөг шороодож, улсын заан биш шууд гарьд цолтны эгнээд оруулсан. Есийн даваанд барилдахаар би анх удаа зүүн талын засуулуудыг ханаруулан гарч байлаа. Намайг хаясан До.Ганхуяг баяр наадамд түрүүлж, Монгол Улсын арслан цолонд хүрч, түмнээ баярлуулсан, бид. Цол авоан хоёр наамдынхаа тухай ярихад ийм л байна. Шөвгөрсөн бусад наадмын тухай бөх сонирхогчид бараг мартаагүй биз. Давтан нуршаад яах вэ. Ингээд болох уу?

-Наадмын тухай яриаг завсарлах бодлыг тань ойлголоо. Дахиад ярих учир ургах биз. Нэгэнт уулзсаных бас хэдэн зүйл тодотгоё.-Одоо ном их уншиж байна уу?

-Худлаа хэлээд яах вэ. Тун бага уншдаг болсон. Бэлтгэл дээр очих, тэндээс ирэх хоёрт бэлтгэлийн хугацаанаас дутахгүй цагаа үрж байна. Бас гэр орны ажил төрөл багагүй. Зав муутайхан явах юм.

-Танайх нэлээд өнөр болсон гэл үү?

-Би хувийн амьдралдаа сэтгэл хангалуун явдаг. Манайх дөрвөн хүүхэдтэй. Удам судраараа яривал бид өнөр олуулаа. Аав дээрээ эгч, ахтай. Олон дүүтэй. Монгол ардын аман зохиолын нэг өвөрмөц төрөл вртөнцийн гуравт үр хүүхдийг эрхэмлэж багтаасныг та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа.

-Дал гарсан бидний үеийнхэн эрх биш нэг юм багцаалах нь багцаална. Залуу үеийнхэнд Ертомцийн гурван баянд юу юу багтдагийг гарьд нэг сануулаач?

-Намайг төрсөн жил "Монгол ардын аман зохиолын номын сан" таван цувралаар гарсан юм билээ. Тэдгээрийг хожуу олж үзэхэд "Ертөнцийн гурав" гарчгийн дор санаж, бодууштай олон зүйл байсан. Тухайлбал, ертөнцийн гурван баян нь нэг биш хувилбараар бичигдсэн байдаг юм билээ. Тэр хувилбаруудыг хэлэх үү?

-Хэлүүлэх санаатай л шалгааж байна даа?

-За, тэр номонд лав л... Эрдэм ном дээд баян Үр хүүхэд дунд баян Эд хөрөнгө адаг баян. Газар үндсээр баян Тэнгэр одоор баян Далай усаар баян. Эрдэмтэй хүн нэг баян Өргүй хүн нэг баян Хүүхэдтэй хүн нэг баян гэхчлэн цөөнгүй хувилбар бий. Манай монголчууд эрдэм номоо эрхэмлэн дээдэлсээр ирснийг эндээс харж болно. Бас үр хүүхдийг ч эрхэмлэдэг байсан нь илэрхий. Ингээд бодохоор дөрвөн хүүхэдтэй айл ертөнцийн гурван баяны нэгэнд одоогоор багтах учиртай болоод байгаа юм гээд инээж суулаа.

-Бөхчүүдийг баян чинээлэг гэдэг тэр утганд дүйж очих нь ээ. Гарьдынх хаана аж төрдөг вэ?

-Ардын аман зохиолоос иш татаж байж асуултынзанганд орох нь дээ, би. Үрээр баян гэдгээр хэлбэл овоо л болж байна. Эрдэм номын талаас хэлбэл суурь нь тавигдаад зогсчихсон. Эд хөрөнгө гэвэл улсын наадамд узүүрлэхэд минь төрөөс мялаасан байны дээж, "Туушин" компаниас минь шагнасан шагнал голлоод бас нутаг нугынхан олон түмний    урамшууллыг нэмсээр Баянзүрхэд сууц бариулсан. Манай үл хөдлөх үндсэн хөрөнгө тэр. Нийтийн жишгийг дагаад харьцангуй хожуухан бизнес сонирхож, анхны алхмаа хийлээ. Бүтсэн ч, бүтээгүй ч нүгэлгүй талыг нь эрхэмлэн буян санаж мод тарьсан.    Чацарганы суулгацдаа өөрийн бололцооны хэрээр хөрөнгө оруулалт хийсэн. Үр жимсийг нь хүртэх болоогүй Ъэ. Хожим бидэнд, үр хүүхдэд минь өлзийгөө хайрлаж, өгөөжөө өгөхийг бодоод байгаль дэлхийд хор хөнөөлгүй, дэм тустайг нь эрхэмлээд ийм бизнес сонгон, эхлүүлээд байгаа.

-Чамайг шударга барилдааныг эрхэмлэдэг, бууж өгөхтэй эвлэрдэггүй гээд нэг залуухан бөх ярьж байсан. Өөрийг чинь бууж өг, энэ тэр гэх явдал хааяа тохиолдох уу?

-Бараг үгүй гэхэд болно. Би чинь гуч арай хүрээгүй байна. Зүлэг ногоон дэвжээн дээр ид барилдах нас биз дээ. Одоохондоо намайг буулгах сонирхолтой бөх, бас сонирхогч арай гарахгүй байлгүй.

-Нэг тийм зүйл болоод өнгөрсон юм биш үү?

-Тэр чинь намайг улсын цолгүй байхад гарсан яриа байх аа

-Хэзээ тэгсэн юм бэ?

-Цэргийн наадмаар 2006 онд биз дээ. Би тэгэхэд аймгийн арслан болчихсон байсан үе. Цэргийн наадмаар Бат-Эрдэнэ бид хоёр үлдлээ.

-Өнгөрсөн зун Улсын гарьд болдог Жанцангийн Бат-Эрдэнэ үү?

-Тийм л дээ. Тухайн барилдааны цэц байсан Д.Хишигдорж заан надад хандаад, "Давааням ах чинь Бат-Эрдэнэд буугаад өгчихвөл яасан юм бэ. Нутгийн хүүхэд цэргийн арслан болог гэж байна" гэсэн л дээ. Би шуудхан үгүй ээ гээд эргэсэн. Нэг л тийм тохиолдол бий. Том нагацынхаа үгэнд ороогүй надтай түүнээс хойш ийм сэдвээр хэн ч яриагүй өдий хүрлээ. Та олон жилийн өмнө Д.Дамдин аварга бууж өгөөд байдаг бүх биш гэсэн утгатай зүйл бичсэн байсан л даа. Ер нь ахмад, өндөр цолтой бөхчүүд даваа ханасан үедээ хэн нэг бөхийг амлан барилдаад    өвдег шороодохыг бууж өглөө гэх нь үнэмшилгүй гэнэн яриа.

-Өндөр гарьдын даамгай мэх гэвэл юу билээ?-Өрсөлдөгчийгөө олон унагасан мэхийг даамгай, даацтай гэвэл оновчтой болох уу? -Тийм санаатай л асууж байна?

-Нэг бөхийг хаясан мэхийг дараачийн даваанд ч юм уу,барилдаанд бид нар чинь хамгаалахыг бодно, хэн нь ч. Даацтай, даацгүй гэхээс биш манай бөхчүүд чинь олон мэхтэй. Эв нь таарвал аль нэгээр нь давахыг бодно. Тэр мэхээ л хийвэл хэнийг ч хаяна гэх дархан мэх надад лав алга, одоогоор. Барилдааны явцад юм гаргахыг бид хичээдэг.

-Бөхчүүдийн ёс зүй, хүн чанарын талаар шүүмжлэнгүй хандлага ер нь тасрахгүй юм даа. Энэ талаар өөрийн чинь бодлыг сонсъё?

-Уучлаарай. Дархан аваргууд, бөхийн холбооны удирдлагууд энэ асуултад хариулбал зохиолтой байх аа. Улсын баяр наадамд ганцхан үзүүрлэсэн бөхийн хувьд энэ сэдвээр бусдад сургаал хэлбэл ахдаж таарна. Монголын бөхийн өнер бүлийн нэгний хувьд бусдынхаа алдар хүндийг хөөдөхгүйн тулд юуны өмнө өөрөө биеэ зөв авч явахыг хичээдэг. Нутгийнхаа залуу бехчүүдийн заримд ганц нэг үг хэлнэ, тэрүүхэндээ. Үглэж хэлснээр биш, биеэрээ үлгэрлэж чадвал үр дүн нь илүүг ахмад бөхчүүдийн жишээ харуулах юм даа.

-Хэн хэний жишээ байна?

-Би энд хэн нэгнийг онцлоод яах вэ. Хүн хүнд л авууштай, даган дуураймаар сайн зүйл байдаг шүү дээ. Хэнээс юуг нь авахыг сонирхол, бас ухаан мэднэ. Нөгеө сайн бөхөд чинь бас дутагдал байгаа. Огт өөгүй онцгой сайн хүн ер нь байдаг юм уу?

-За бидний энэ удаагийн яриа өндөрлөж таарах нь. Бөх сонирхогч түмнээ дахин дахин баярлуулж яваарай.

-Хичээе ээ.

Эх сурвалж: "Бөх" сонин