sonin.mn

Өрхийн тэргүүн Д.Баатар нь онгоцны нисгэгч мэргэжилтэй. Иргэний агаарын тээвэрт 31 жил тасралтгүй ажиллахдаа агаарт 16687 цагийн нислэг хийж, 5.487.825 км зам туулсан.

     Тэрбээр 1983 оны 6 дугаар сарын 25 нд Улаанбаатарт буухаар 250 метр өндөртэй нисч байхад хөдөлгүүр нь эвдэрч буух ямар ч боломжгүй байсан онгоцыг өөрийн мэргэжлийн ур чадвар, эр зоригоор удирдан буулгаж 42 зорчигч, экипажийн 5 гишүүний алтан амийг аварсан гавъяатан юм.

      Д.Баатарын эх орондоо оруулсан гавъяа зүтгэлийг өндрөөр үнэлж Цэргийн гавъяны улаан тугийн одон, Алтангадас одон, Улс хувьсгалын 40, 50, 60 жилийн ойн медаль, Халх голын 30 жилийн ойн медаль, Ардын армийн 50, 60 жилийн ой медаль, Авто тээврийн 80 жилийн медаль, Батлан хамгаалах нийгэмлэгийн тэргүүний ажилтан, Ардын армийн онц сурлагатан, Онц буудагч, Эх орны төлөө медаль, МАН-ын 90 жилийн ойн медаль, Нийслэлийн ахмадын хорооны Хүндэт тэмдэг, Ачлалт аав, ХУД-ийн ардын авьяастан цол тэмдгээр тус тус шагнасан байна.

       Хань Чойдорын Дашдорж нь Монголын анхны эмэгтэй нисгэгч юм. Тэрбээр улс орныхоо хөгжилд бодитой олон ажил гүйцэтгэхийн зэрэгцээ 7 хүүхэд төрүүлж, өсгөсөн ачит ээж юм. Ч.Дашдорж нь АН-2 онгоцны нисгэгчээр ажиллах үедээ 500.000 гаруй цагийн 200.000 км замыг туулсан.

Эх орондоо он удаан жил үр бүтээлтэй ажилласныг нь үнэлж Цэргийн гавъяаны одон, Алтангадас одон, Алдарт эхийн I, II одон, Байлдааны медаль, Улс хувьсгалын 40, 50, 60 жилийн ойн медаль, Халх голын 30 жилийн ойн медаль, Батлан хамгаалах нийгэмлэгийн тэргүүний ажилтан, Эх орны төлөө одон медаль, Монголын ахмадын хорооны Хүндэт тэмдэгээр тус тус шагнажээ.

      Тэд 1960 онд ханилан сууж 7 хүүхэд төрүүлж өсгөсөн. Үр хүүхдүүд нь нисэхийн салбар байгууллагуудад эрхэлсэн ажилдаа хариуцлагатай, тэргүүлэх зэргийн мэргэжилтэнүүд болжээ. Ач хүү Амгалантуулын Ариунболд нь өвөө эмээгийнхээ мэргэжлийг өвлөсөн бөгөөд энэ сарын 10-ны өдөр эх орондоо БОИНГ-737.800 нисэх онгоцыг багийнхны хамт амжилттай авч ирсэн.

     Ахмад нисгэгч Д.Баатар, Ч.Дашдорж нарын гэр бүл өдгөө ач, зээ, гуч, дөч нийлсэн 36 ам бүлээрээ өнөр өтгөн сайхан амьдарч байна.
 
НАМЭХ