«Universe best songs» тэмцээний хамгийн ахмад оролцогч Г.Гомбо-Очир гуайтай уулзаж ярилцлаа. Тэрээр «Дөрөвдүгээр шатанд дуулах дуугаа сонгож амжаагүй л сууна даа» гэсээр биднийг угтсан юм. Түүний ширээн дээр дараагийн шатанд дуулахаар сонгож ядан байгаа гурван ч дууны нот, дөрвөн бэрх босгосон шагай байх аж. Гомбо-Очир гуай бидэнд эрдүү хийлээр морины явдал тоглож үзүүллээ. Өөрийн гараар хөглөсөн төгөлдөр хуураа ч тоглож сонирхуулав. Мөн дууны тухай ярих бүртээ тухайн дуугаа аялж үзүүпж байлаа. Өдгөө 63 настай ч залуустай мөр зэрэгцэн, гадаад дууны уралдаанд өөрийгөө сойн, нэлээд дээгүүр «давхиж яваа» түүнтэй ярилцаж суухад сэтгэл хөдлөл ихтэй ч тун энгийн хүн юм даа гэж бодогдсон.
-Ta аль нутгийн хүн бэ?
-Би Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул хүн. Дуу, хуурын өлгий болсон энэ нутагтаа мал маллах уламжлалт арга ухаанд суралцан, өсч торнисон.
-Улсын филармонид 39 жил хөгжимчнөөр ажилласан гэж сонссон. Амьдралаа хэзээнээс урлагтай холбосон бэ?
-Намайг тавдугаар ангид орох жил сум татан буугдсан учир сурагчдын заримыг нь аймагт, үлдсэнийг нь суманд хуваарилсан юм. Би аймагт хуваарилагдсан боловч аав, ээж хоёр маань Улаанбаатар хотод сургуульд сургахаар шийдсэн. Хотод хамаатныдаа ирээд нэлээд удсан ч надад тавдугаар ангийн орон тоо олдохгүй байсаар наймдугаар сарын 29 болчихсон тул намайг Дундговь руу буцаах талаар ярилцаж байлаа. Гэтэл эгчийн маань нэг танил Хөгжим бүжгийн сургуульд оруулах санал тавьсан юм.
Аав маань нарийхан хоолойтой, уртын дуу их сайхан дуулдаг хүн байсан. Ээж маань ч бас сайхан дуулна. Эмэг ээжийн дүү Өлзий-Орших гэдэг хүнээр уртын дуу заалгадаг байсныг би тодхон санадаг юм. Тэр хүн 30 хоног найрлахад нэг ч дуу давтаж дуулдаггүй байсан гэж аав маань ярьдаг байлаа. Би уг нь аав, ээжийгээ дуурайж, уртын дуучин, ялангуяа морин хуурч болъё гэж бодож байсан юм. Гэтэл багш нар намайг шалгаж үзээд хийлийн ангид оруулсан. Эрдүү хийлч мэргэжлээр төгсөж, сургуульдаа нэг жил багшлаад, ЗХУ-д суралцахаар Москваг зорьсон. Төгсөж ирснээс хойш Улсын филармонид 39 жил хөгжимчин, хөгжмийн багшаар ажилласан.
-ЗХУ-д суралцаж байхдаа орос хэл сурсан уу?
-Хөгжим бүжгийн сургуульд орос мэргэжилтнүүд ажилладаг байлаа. Хөдөөнөөс ирснийхээ дараахан дохио зангаагаар ойлголцож байгаад л орос хэл сурсан даа.
-Таныг нэлээд хэдэн жилийн өмнө 25 дугаар суваг телевизийн «20 дугаар зууны дуунууд» уралдаанд 70, 80-аад оны дуугаар оролцож, гуравдугаар байранд шалгарсныг мэдэх юм байна. Залуугаасаа дуулж эхэлсэн үү?
-1982 онд Утсан хөгжмийн болон Орос дууны уралдаанд оролцож байлаа. Би тэр үед утсан хөгжмийн төрлөөр гурав, орос дууны тэмцээнд тэргүүн байр эзэлсэн юм. Тэмцээн маань зэрэг болж байсан учир сүүлчийн шатанд оролцох гээд утсан хөгжмийн тэмцээнээсээ орос дууны уралдаан руугаа тоглолтынхоо гуталтай гүйчихэж билээ. Арваннэгдүгээр cap байсан учир даарснаас болоод миний хоолой сөөчихсөн. Гэвч хичээж байгаад л дуулсан. Өвлийн гутлаа ажил дээрээ орхичихсон учир Долоон буудалд байдаг гэр рүүгээ бас л тоглолтын гуталтайгаа явсан.
Гэтэл маргааш нь тэмцээний гала концерттой, зурагтын бичлэгтэй байдаг. Тэмцээнийг шүүж байсан орос мэргэжилтэн намайг орос эмнэлэг рүү дагуулаад явсан. Бүтэн сайн өдөр байсан учир эмнэлэг ажилладаггүй. Орос эмчийн гэрт нь очиж, тариа тариулан, эмчилгээ хийлгэлээ. Орос эмч «Одоо чи тайзан дээр гартлаа хэнтэй ч ярьж болохгүй. Дуулах ч хэрэггүй» гэдэг юм байна. Тайзан дээр гарахаас гучаад минутын өмнө орос эмч маань эмнэлгийн хэрэгсэлтэйгээ ирээд тариа тарьж өглөө. Тэгээд л «Одоо чи хөхөө шиг донгодно» гэсэн дээ. Тайзан дээр гараад дуултал тэр худлаа хэлээгүй байсан.
-Хийлч хүний хувьд таны «Нэрийн хуудас» болсон ямар аяз байдаг вэ?
-Хөгжмийн зохиолч Бирваагийн «Уянгын дуу» гэдэг аязыг олон ч концертонд тоглосон доо. Монголын радио, телевизийн алтан фондонд бичүүлсэн бичлэг ч бий.
-Таны хамгийн том баялаг юу вэ?
-Энэ сайхан өргөн уудам нутгийн эзэн, асар их баялаг, уламжлалын залгамжлагч, хорвоод ховорхон заяах сайхан аав, ээжийн хүү, таван сайхан хүүгийн аав болсон өөрийгөө би их баян хүн гэж боддог. Энэ их баялгийн дундаас хамгийн агуу нь миний гэр бүл юм.
-Дуу дуулахад танд ямар мэдрэмж төрдөг вэ?
-Дуу дуулах нь миний хобби. Гэвч би зугаа цэнгээний хэмжээнд ойлгож, хүлээж авдаггүй. Би дуунаас сэтгэлийн бүрэн ханамж авдаг.
-Дуу танд сэтгэлийн ханамж өгдөг гэлээ. Тэгвэл танд хөгжим юуг өгдөг вэ?
-Хүн төрөлхтөн эхлээд дуулж, дараа нь хөгжим тоглож сурсан. Би мэргэжлийн дуучин биш. Гэвч эцэг, эхээс өвлөсөн жаахан авьяас бий. Би 1988 онд өөрийнхөө уран бүтээлүүдээр бие даасан тоглолт хийж байсан юм. Тэр тоглолтыг «Хос уянга» гэж нэрлэж байсан санагдана. Би өөрийгөө урлагийн салбарт хос морьтой л хүн гэж боддог.
-«Universe best songs» тэмцээнд оролцохоор шийдэхэд тань юу нөлөөлсөн бэ?
-Би өмнөх жилийн тэмцээнүүдийг үзэж байсан. Их ач холбогдолтой, сайхан уралдаан юм даа гэж боддог байлаа. Олон хүн энэ тэмцээнд орооч гэсэн санал тавьсан. Гэвч би «Тэр тэмцээнд хөгшин толгой би ямар хэрэг байна» гэдэг байлаа. Энэ жилийн тэмцээн эхлэх үед би хөдөө явчихсан байсан юм. Гэтэл нэг найз маань бүртгүүлчихэж. Дуугаа ч сонгож амжаагүй байсандаа их л сандарсан.
-Уралдааны маань дөрөвдүгээр шат удахгүй эхлэх гэж байна. Дуулах дуугаа сонгочихсон биз дээ?
-Хараахан сонгож амжаагүй л байна. Хоёр дуу тоочиглочихоод байгаа. «Бухенвальдский набат», «Русское поле» гэдэг хоёр дуу байна. «Русское поле» гэдэг энэ дуу өргөн тал нутагт алхаж яваа юм шиг их намуухан, сайхан аятай дуу. Энэ дуугаа л дуулдаг юм бил үү гэж бодоод байна.
-Тэмцээнд хамт оролцож байгаа залуусаасаа хэнийг нь илүү дэмжиж байгаа вэ?
-Сайхан дуулдаг хүүхдүүд олон байна. Бэлтгэл муутай, дуугаа буруу сонгосон, дууныхаа утга учрыг илэрхийлэх жүжиглэлт муу байгаа байдал анзаарагдаж л байна. Би энэ залуусыг илүү сайн дуулаасай л гэж хүсч байна.
-Ярилцсанд баярлалаа. Тэмцээнд тань амжилт хүсье.
Ц.Баттуяа
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Сэтгэгдэл0
Amjilt husej baina.Baigalaas zajasan hooloitoi jum bilee.Sonsohod taatai baigaa.Bidnii nasni hun jamar neg jumandaa unench zutgeltei baidag daa.Amjilt!!! Uragshaa!!!!