sonin.mn
Манай улсад өнөөгийн байдлаар 110 мянга гаруй оюутан, 50 мянга гаруй өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, цагдаагийн албан хаагчид тусгай эрхийн үнэмлэхээр нийтийн тээврээр үнэгүй зорчдог гэсэн судалгаа байна. 
 
Мөн үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл хотын өнгө үзэмж цэвэр байдлыг хангахаар ажиллаж буй ТҮК-ийн “шар хантаазтан”-ууд гэх иргэд нийтийн тээврийн унаагаар үйлчлүүлэхдээ тусгай эрхийн үнэмлэх ашигладаггүй бөгөөд тэднийг илтгэх ажлын хувцастай үед нийтийн тээврээр үнэгүй зорчуулдаг аж.
 
Гэтэл ТҮК-ийн ажилчдын нийтийн тээврээр тусгай эрхийн үнэмлэхгүй зорчих эл байдлыг эсэргүүцэх нэгэн байхад дэмжих нэгэн бас буй. 
 
Учир нь ТҮК-ийхнийг шар хантаазнаас өөр илтгэх зүйл үгүй атал хөгшид, оюутан залуус нийтийн тээврээр зорчихын тулд тусгай карт захиалж, өчнөөн чирэгдэл учруулж үйлчлүүлдэгт иргэд бухимдсаар уджээ. 
 
Автобусны мөнгө хураагч нарын хувьд адил эдгээр хүмүүс ТҮК-ийн ажилтан эсэх нь тодорхой бус байдаг аж. Тодруулбал, тус компанийн ажилчдыг уг хантаазнаас өөр ялгах зүйлгүй бөгөөд ажилтны үнэмлэх, нэр устай энгэрийн тэмдэг ч байдаггүй учир ТҮК-ийн ажилтан уу, албан хаагч уу гэдгийг таних аргагүй.
 
Энэ талаар уншигчиддаа мэдээлэл хүргэхээр холбогдох хүмүүсийг зорилоо. Өдрийн хоёр цаг өнгөрч байсан тул хөл хөдөлгөөн сийрэгжжээ. Автобусаар үйлчлүүлэгчид ч мөн адил. Автобус-1 компанийн зорчигч тээврийн хэрэгсэлд суусан хүмүүс нэг нэгэндээ илт харагдахаар байлаа. 
 
Багшийн дээдийн буудлаас энгийн хувцастай, 40 гаруй насны намхан бор эрэгтэй хаалган талын урдаасаа гуравдах сандал дээр суужээ. 
 
Кондуктор эхнээс нь мөнгөө хураан тасалбараа тарааж, билет шалгаж байв. Гэнэт өндөр дуу гарснаар нам жим байсан зорчигчдын анхаарлыг төвлөрүүллээ. Өнөөх зорчигч дээр ирээд мөнгөө хураах үед зорчигч “Би ТҮК-д ажилладаг. Тиймээс мөнгө төлөхгүй. Ажлаасаа буугаад явж байгаа” гэв. 
 
Харин кондуктор “Чи битгий худлаа яриад бай. Ямар ч өмсгөл, үзүүлэх үнэмлэхгүй байж мөнгө төлөхгүй зорчино гэж юу байсан юм бэ” гээд учиргүй уцаарлангуй хэллээ. 
 
Ийм явдал нэг бус удаа нийтийн зорчигч тээвэрт тохиолдоно. Автобусаар үнэгүй зорчих эсэх нь үнэмлэх, мөн ажлын дүрэмт хувцаснаас шалтгаална. Энэ тухай Автобус-1 компанийн мэргэшсэн кондуктор М.Энхтуяа хэлэхдээ “Сайн мэдэхгүй байна. ТҮК-ийн ажилчид гээд шар хантааз өмссөн иргэд зорчих үед мөнгө төлдөггүй. Уул нь давхар үнэмлэхээ үзүүлээд явах ёстой юм. Гэхдээ бол тийм зүйл байхгүй. Энд тэндхийн архичид хүртэл шар хантааз өмсчихөөд, архиа үнэртүүлээд л үнэгүй явах гэж дайрдаг. Зайлшгүй үнэмлэхээ давхар үзүүлэх хэрэгтэй шүү дээ. Уул нь үнэмлэх үзүүлж зорчиж байвал хаа хаанаа чирэгдэлгүй байна” гэлээ. 
 
Бид цаашлан Ардын эрхийн автобусны буудлын харалдаа замаар хөглөрсөн хог шороог шүүрдэн зогсох 50 гаруй насны эмэгтэйг зорилоо. Түүнийг Ц.Болормаа гэдэг. Түүний өгүүлж буйгаар “Насандаа гарахдаа л нийтийн тээврээр үнэгүй зорчих үнэмлэхтэй болно. Түүнээс бол ажлын газраас ямар ч үнэмлэх өгөөгүй. Автобусанд суухад хааяа мөнгө нэхэхээр нь өгчихөөд л нэхэхгүй бол үнэгүй явдаг. Уул нь шар хантаазтайгаа үнэгүй зорчих ёстой гэсэн. Ажлаас гадуур бол мөнгөө төлж зорчдог” гэв. 
 
Энэ талаар тодруулахаар Автобус компанийн 323176 лавлах утсанд холбогдлоо. Оператор н.Рэгзэдмаа хэлэхдээ “ТҮК-ийн ажилтан нь ажлын хантаазтайгаа байгаа бол үнэгүй зорчиж болно. Цаг наргүй өглөөнөөс үдэш хүртэл хотын зам болон бусад газрын хог тоосыг цэвэрлэдэг ажилчид үнэгүй явах нь зөв шүү дээ” хэмээн яриандаа дурдав. 
 
Нийслэлийн хотын захиргааны харьяа ТҮК компаниас тодруулахад ямар ч гэрээ, журамд тусгаагүй байдаг гэв. 
 
Улаанбаатар хотод ТҮК ажиллаж эхэлсэн цагаас л хотыг цэвэрлэж буй иргэдээ хүндэлж, уламжлал болон тогтсон учир автобусаар үнэгүй явдаг ажээ. Энэ тодорхойгүй байдал нь мөнгө хураагч болон бусад иргэдийн хувьд хардах сэтгэлийг төрүүлж буй нь асуудал хөндөхөд хүргэв. 
 
Өдгөө тусгай эрхийн үнэмлэхээр зорчиж буй иргэд уг үнэмлэхийг захиалахад төлбөр, хураамжийг төлдөг. Гэтэл ТҮК-ийн ажилчид хэмээх иргэд нь ажлын газраас олгож буй үнэгүй дүрэмт хувцастай тохиолдолд, тусгай эрхийн үнэмлэхгүйгээр нийтийн тээврийн үйлчилгээг авч буйд иргэд ундуйцдаг. 
 
Тэр ч бүү хэл, нэг нэгэндээ шар хантаазаа дамжуулж, ажлын цагаар архи согтууруулах ундаа хэрэглэж, гэрийнхэндээ ээлжлэн өмсүүлэх нь энүүхэнд. Тиймээс эдгээр эмх замбараагүй байдлыг цэгцэлбэл ямар вэ, албанынхаан.
 
Эхийг нь эцээлгүй, тугалыг нь тураалгүй бусад тусгай эрхийн үнэмлэхтэй иргэдийн адил зорчих үнэмлэх гаргаж хэн хэндээ асуудалгүй үйлчлүүлэх эрхийг бий болговол дээр биш үү. 
 
Эсвэл, нэртэйгээр нь төсвийн, төрийн байгууллагад ажилладаг бусад ажилчдыг ч мөн адил үнэгүй дүрэмт хувцсаар жигдрүүлэн зорчуулчихаач. 
 
Өглөө бүр биднийг цэвэрхэн орчинд алхуулж, ажиллах боломжийг олгож буй иргэдэд талархах нь зөв боловч албан ёсны хүндлэл урамшуулал бүхэн тусгай цаасан дээр тамга тэмдэгтэй байж хүндлэгддэг бус уу, албанынхаан. 
 
Энэ асуудлыг эртхэн шийдэхгүй бол удахгүй шар хантааз өмссөн балчир жаалууд гүйлдэх вий дээ.
 
Б.Энхзаяа 
 
Эх сурвалж: