sonin.mn

 

Гадаадын судлаачид газар зүйч аялагчдын ном зохиол замын тэмдэглэлд дэлхийн дархан газрын ахмад нь хэмээн эрт дээр үеэс бичиж тэмдэглэж ирсэн дархан цаазат Богд хан уул маань 1997 онд Юнескогийн дэлхийн шим мандалын нөөц газарт бүртгэгдэн батламж авснаар зөвхөн Монголдоо төдийгүй дэлхийд нэртэй дархан газар болсон билээ.
 
 
Ийнхүү гадаадынхны бичиж байснаас дурдахад XVIII зуунд Монголд аялсан Оросын эрдэмтэн Потанин, Козлов нар "Монгол орноор аялсан нь" хэмээх замын тэмдэглэлдээ Толгойтын даваагаар давахад Монголын нийслэл хүрээний өмнө дэлхийн дархан газрын ахмад Богд хан уулын бараан түнэр ой битүү бүрхээстэй цэнхэр униар татан маш үзэсгэлэнтэй сүндэрлэн харагддагсан гэж дурсан бичиж байжээ.
 
 
Оросын жуулчин Паллация 1892 онд "Дорно дахинаар зорчсон нь" хэмээх замын тэмдэглэлдээ их замаар явсан Орос, Хятад, Монгол албаны болон худалдааны хүмүүс жуулчдын заавал хоноглох газар нь эртнээс дархлагдсан хан уулын ар хормой, Туул голын хөвөө байжээ гэж бичиж байснаас харахад тэр цагт /1920 оноос өмнө/ дэлхийн дархан газрын ахмад нь гэж гадаадынхан лав мэддэг байсан байна.
 
 
Богд хан уул дэлхийн дархан газрын ахмад нь байж болох нэгэн баримтыг сөхвөл, 1984 онд байгаль хамгаалах олон улсын хурал Мадрид хотод болж тэр хурлаар дэлхийн анхны дархан газар аль улсад байгааг тодотгож түүний хамгаалалтыг сайжруулахад тусламж үзүүлэх талаар ярилцахад АНУ-ын болон Францын төлөөлөгчид өөрсдийн оронд 100 гаруй жилийн өмнө дархалсан газраа дэлхийн анхны дархан газар хэмээн саналаа хэлэхэд манай улсын төлөөлөгч Монголд 200 гаруй жилийн өмнө дархалсан Богд хан уул байдаг.
 
 
Энэ нь дэлхийн дархан газруудын ахмад нь мөн болохыг хэлжээ. Тэгвэл үүнийгээ баталгаажуулж аль зуунд хэдэн онд ямар хааны зарлигаар дархалсныг Засгийн газрынхаа батламж бичгийн хамт даруй ирүүлбэл Богд хан уулын хамгаалалтанд зориулж нэг сая 500 мянган ам.доллараар тусална гэсэнд манай төлөөлөгчид эргэж ирээд нилээд хөөцөлдөн цаг хутацаа алдаж хариуг хүргүүлсэн боловч албан ёсны хариу аваагүй талаар нэрт газар зүйч О.Намнандорж агсан "Монголын дархан газрууд" номондоо дурдсан байдаг.
 
 
Дэлхийн ахмад дархан газар Монгол улсад тэр тусмаа нийслэл Улаанбаатар хоттой хаяа залган оршиж байдгаар нь гадаадын аялагчид жуулчдын анхаарлыг татахуйц хэмжээнд байгаль экологи түүхийн дурсгалт газруудыг нь хамгаалан сэргээн харуулах ёстой биш үү.
 
 
Манайхаас бусад улс оронд дэлхийн анхны дархан газар байтугай жаахан ч гэсэн үзэсгэлэнтэй газраа сэргээн тохижуулаад түүгээрээ жуулчдын нүдийг хужирлаж орлого олж байдгийг бид сайн мэддэг атал Богд хан ууландаа ямаршуу хавдаж байгаа билээ.
 
 
Төр засаг яам газруудын тогтоол шийдвэр удаа дараа гарч дархан газрын хууль дүрэм баталж мөрдүүлж байгаа боловч бүрэн хэрэгжихгүй түрүү түрүүчийнхээ гаргасан тогтоол шийдвэрийг дараагийнх нь дагаж мөрдөхгүй мартдагийг ганцхан Зайсангийн амнаас харахад л тодорхой байна.
 
 
Эрт дээр үеэс Зайсангийн амыг Богд хан уулын нийслэл хүрээ тийш харсан үүд хаалга хэмээн үзэж ургамал газар хөрсийг нь сэвтээх ан амьтанг үргээх зэргээр унаган төрхөд нь сөргөөр нөлөөлөхгүй байх талаар ихэд анхаардаг байсны нэгээхэн жишээг дурдахад аймаг хошуудаас тухайн үеийн төр шашны дээдэст өргөл барьд барих ихээхэн хэмжээний мал болон бусад зүйлээр алба гувчуур нийлүүлэхээр ирэхдээ Богд хан уулын Зайсан толгойг тахиж буудаллан, малаа өвөр Зайсан руу бэлчээж ар Зайсангийн амны өвс ургамалыг хамгаалдаг байжээ.
 
 
Мөн газрын хөрсийг нь эвдэхгүй гэж асар майхныхаа хормойг чулуу модоор дарж байх талаар Богд хаан лүндэн буулгаж байсан гэдэг. Ардын засгийн жилүүдэд тэр үеийн төр засгийн удирдлагууд нь Богд хан уулын хөрс ургамалыг хамгаалж ард иргэддээ үлгэр дууриал болж байсныг гэрчлэх нэгээхэн жишээ нь Ардын засгийн Ерөнхий сайд А.Амар албаны хоёр морио Зайсангийн аманд аргамжиж хонуулж байх гэж ойн цагдаагаас эөвшөөрөл авч байсан баримт архивын материалд байдаг. Тэр цаг үе өөр байсан гэвэл зарлиг, тушаал, тогтоол гаргах эрх бүхий хүмүүс Ерөнхий сайд агсан А.Амар шиг ойн цагдаагаас зөвшөөрөл авдаггүй юмаа гэхэд наанадаж гаргасан хууль тогтоомжоо хатуу мөрдөж дур мэдэн зөвшөөрөл өгөөд байхгүй хориотой  бүсэд нь элдэв сайхан нэртэй байшин барилга барихгүй байвал дархан цаазат ёс горимыг мөрдөж буй сайн үйлс болох биз ээ.
 
 
Богд хан уулыг дэлхийн ахмад дархан газрынх нь хувьд түүх дурсгалыг нь сэргээж түүнийг нь гадаад дотоодын аялагч, жуулчдад үзүүлж танилцуулдаг байвал жинхэнэ дархан газрынхаа нүүр царайг харуулж чадна.
 
 
Байгалийн сайхан цэвэр агаарт нь хэд хонуулаад төлбөр авдаг, өөр зориулалтаар үйл ажиллагаа явуулж байгаа одоогийн аялал жуулчлалын бааз нэртэй газрууд зөвхөн орлого олох өрөөсгөл үйл ажиллагаа явуулж байна гэхэд хэтрүүлсэн болохгүй биз ээ.
 
 
Тэгвэл дэлхийн жишигт нийцсэн анхны дархан газар байлгахын тулд Богд хан уул түүний ойр орчимд судлагдаад байгаа Монгол туургатны түүх соёлтой холбоотой 50 гаруй дурсгалт газруудаас боломжтойг нь сэргээн тохижуулж тэдгээрийн түүх, ард олны дунд яригддаг домог яриа зэргийг зочид гийчид жуулчдад ярьж тайлбарлан үзүүлж байвал их түүхээ сурталчилсан аятайхан арга хэмжээ болох буй заа.
 
 
Богд хан ууланд бүр Хүннүгийн үеийн булш, бунхан, хиргисүүр амуудаар нь байдгаас гадна 3000 жилийн тэртээх сүг зураг эртний чулуун зэвсгийн үеийн хүний отоглож байсан буурь зэрэг түүхийн дурсгал байгааг гадаадын болон манай эрдэмтэд археологичдын судалсан судалгааны ном туурьвилаас тодорхой харагддаг.
 
 
Богд хан уулын Бумбатын амны ханан хад, Харгана Төрхурахын дээд нийлэх уулзварын зүүн Улаан цохио, Төрхурахын амны харуул цохио, Саран хад, Цэцээ гүний ханан хад, Зуун модны амны эхний цохио, Өгөөмөр Залаат нүхтийн амны агуй,
 
 
Чулуутын амны мөргөлийн чулуу, Баруун Зүүн ширээт зэрэг байгалийн сонин тогтоц бүхий газруудын зэрэгцээ их бага тэнгэрийн амны хадны бичээс мөн бусад газруудад байгаа сүг зураг зэргийг жуулчид, зочид гийчдэд үзүүлэхдээ түр амрах байртайгаар тохижуулбал үнэхээр байгалийн үзэсгэлэн баялаг түүх дурсамжтай газар байхсан.
 
 
Зөвхөн бидний нүдэнд илхэн байдаг Зайсан толгой гэхэд л их түүхийн гэрч, өгүүлэх домог дурсамж багагүй бий. Эдгээрээс Богд хан уулын оргил Цэцээ гүнийг түүх дурсгалын талаас нь онцгойлон анхаарч сэргээн тохижуулбал ихээхэн буянтай үйлс болохсон билээ.
 
 
Тэртээ олон зуу, мянган жилийн өмнө байсан зүйлс Дархалсан зарлигийг Монгол маанийн үсгээр сийлсэн гантиг чулуун гэрэлт хөшөөг сэргээн босгож тус уулыг дархлахыг санаачлан жил бүр тахиж байх үедээ Цэцээ гүнд байлгадаг Хүрээ санд "Ван Юндэндорж сөгдөж хичээнгүйлэн өргөв" гэсэн бичигтэй гурван метр шахам урт илд туг үндэсний түүхийн төв музейн сан хөмрөгт хадгалагдан байдгийг бусад зүйлийг сурвалжлан олж  байршуулах аваас үнэхээр сонирхолтойн дээр түүхээ эргэн сурвалжилсан бахархууштай ажил үйлс болно.
 
 
Хэдийгээр Богд хан ууланд буй олон зууны тэртээх түүхийн дурсгалт зүйлс ихэнх нь устаж үгүй болсон ч Хүрхрээгийн чулуутын амны шувтрах үзүүрээс эхлэн Туул гол хүртэлх үргэлжлэн сул хэвтэх бул чулуунуудыг түүгээр явагсад замын саад бартаа мэтээр үздэг бол энэ нь эртний мөстөлтийн ул мөр бөгөөд шинжлэх ухаан, танин мэдэхүйн асар их ач холбогдолтой гэх ба Зуунмодны амны хашаан доторх хиргисүүрийг хүртэл түүхийн талаас нь тодруулан тэмдэглэж археологийн судалгаагаар баталгаажуулбал бас нэгэн түүх дурсгалаар баяжихсан билээ.
 
 
Гэтэл бид эдгээрийг анзаарахгүй хажуугаар нь хэнэггүйхэн алхаж л явна. Богд хан уулын түүх дурсгалыг тохижуулахдаа ан амьтан, жигүүртэн, ургамалын төрөл зүйлд нь сөрөг нөлөө үзүүлэхгүй байх талаас нь анхаарах ёстой.
 
 
Цөөрөөд байгаа ан амьтдыг юунаас шалтгаалж буйг нарийвчлан судалж нөхөн нутагшуулах /шинээр ан амьтан байршуулах/ ой мод, ургамалын төрөл зүйлийг олшруулах устаж үгүй болж буйг нөхөн ургуулах талаар анхаарах цаг болсон байна.
 
 
Одоогоос 10 гаруй жилийн өмнө буга согоо гэхэд 3000-аар тоологдож байсан бол одоо 150 орчим толгой болсон гэх. Тарвага 20,000 толгой болж арга буюу сийрэгжилт жил бүр хийдэг байсан бол одоо эрс цөөрсөн хоёрхон баримтаас харагдана.
 
 
Богд хан уулын их бага 32 амаас түүхт үйл явдал болж байсан газрууд /Ардын засгийн жилүүд болон түүнээс өмнө/ хэд хэд бий. Түүнийг нь аялагчдад тайлбарлан ярих гарын авлага материал анхаарах зүйлийн нэг мөн.
 
 
Богд хан ууланд 1990-ээд оны эцэст Их тэнгэр, Нүхт, Чингисийн өргөө, Манзушир гэхчлэн төр засгийн болон аялал жуулчлалын чиглэлтэй 10-аадхан байгууллага байсан бол өдгөө хэдэн арав Дахин нэмэгдсэн тоо баримт Богд хан уулын дархан цаазат газрын тайланд тэмдэглэгдсэн байна.
 
 
Ийм байдлаар анхны дархан газартаа аялал жуулчлалын нэрээр өөр зориулалтын газруудыг байршуулаад байвал унаган төрхөд нь эрс харшлах нь ойлгомжтой. Анхны дархан газар өгүүлэх түүхтэй, үзүүлэх дурсгалт газруудтай байх аваас дэлхийн дархан газруудын ахмад нь хэмээн алдаршсан нэрээ хадгалж чадна. Энэ талаар төр засаг БОНХ-ийн яам, ССАЖ-ийн яамны зүгээс анхааралдаа авах цаг хожимдоогүй гэдэгт итгэнэм.
 
 
С.Агваанжамба
 
БО-ны тэргүүн ажилтан