sonin.mn

 

Нийслэлийн "Улаанбаатар чуулга"-ын дөрвөн гавьяат "Хүндэтгэл " нэртэй тоглолтоо хийхээр бэлтгэл сургуулилт хийгээд тун завгүй явна. Өнөө орой 19 цагт үзэгч түмэнд хүрэх энэхүү тоглолтын талаар Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Ширмэнтуяатай ярилцлаа.
 
 
-Аливаа юмны утга учир нэрнээс эхтэй гэдэг. Тэгэхээр хоёулаа яриагаа "Хүндэтгэл" гэсэн нэрнээс эхэлье?
 
-Юуны түрүүнд уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Нийслэлийн "Улаанбаатар чуулга"-ын дөрвөн уран бүтээлч буюу Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Хонгорзул, С.Ганзориг Т.Баяраа, миний бие дөрөв хамтран энэ сарын 15-нд Хүндэтгэл нэртэй тоглолтоо өргөн түмэндээ толилуулах гэж байна.
 
 
Энэ өдөр бол дэлхийн гэр бүлийн өдөр. Дэлхийн нийтээрээ хүндэтгэн тэмдэглэдэг энэ өдрийг монголчууд маань ч гэсэн тэмдэглэдэг болсон. Эхний хүндэтгэл маань энэ. Хоёрт, нийслэлийн "Улаанбаатар чуулга" үүсэн байгуулагдсанаас хойш төрсөн дөрвөн гавьяат анх удаа тоглолтоо хийх гэж байгаа бас нэгэн хүндэтгэл.
 
 
Товчхондоо өөрсдийнхөө cop болсон уран бүтээлүүдээсээ дэлхий нийтээрээ хүндэтгэн өнгөрүүлдэг энэ сайхан өдөр ард түмэндээ өргөн барьж байгаа учраас тоглолтоо "Хүндэтгэл" гэж нэрлэсэн хэрэг.
 
 
-Энэ тоглолт ямар онцлогийг агуулсан тоглолт байх вэ?
 
-Хувь уран бүтээлчдийн болон байгууллагын тоглолтууд бүгд өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг л даа. Энэ тоглолтын гол онцпог нь дөрвөн өөр төрөл жанраар дуулдаг дуучид нэгдэж нэг тоглолт хийж байгаад байгаа юм.
 
 
Ерөөсөө дөрвүүлээ өөр өөрийн гэсэн арга барилтай, уран бүтээлтэй хүмүүс. Ийм хүмүүс нэгдээд тоглолт хийнэ гэдэг нэг талаар их ховорхон завшаан гэж би бодож байгаа. Нөгөө утгаараа маш баялаг уран бүтээлтэй тоглолт болно.
 
 
Манай Хонгорзулыг Монголын ард түмэн олон сайхан уртын дуугаар нь танина. Ганзориг маань ч гэсэн өвөрмөц хоолойгоороо сүүлийн үед олон сайхан уран бүтээлийг хүмүүст хүргэж байгаа.
 
 
Баяраа эгч баруун монгол ардын дууг олон жил ард түмэндээ хүргэсний сацуу хөгжүүлж яваа гавьяатай хүн. Би уртын дуу, ардын дуу, зохиолын дуу дуулдаг. Энэ бүгд нийлж нэг цогц болж, өвөрмөц тоглолт болох нь гарцаагүй.
 
 
-Тоглолт чинь "Улаанбаатар чуулга"-ын төлөвлөгөөт тоглолт уу? эсвэл гавьяатчуудын өөрсдийнх нь хүсэлтээр босч буй тоглолт юм уу?
 
-"Улаанбаатар чуулга"-ын төлөвлөгөөт уран бүтээл. Чуулга маань дөрвөн гавьяатаа хүндэтгэж тэднийхээ уран бүтээлийг цогцоор нь нийтэд хүргэх гэсэн санаа л даа.
 
 
-Дөрвөн гавьяатын уран бүтээлийг нэг дороос сонсоно гэдэг ховор завшаан байх шүү?
 
-Тэгэлгүй яахав. Би үүнд маш их бэлгэшээж байгаа. Маш сайхан тоглолт болно гэж бодож байгаа. Нэг удаа тоглоод зогсохгүй дараа нь дахин тоглох болов уу, хөдөөгийнхөө ард түмэнд ч хүргэнэ гэж бодож байгаа.
 
 
Хүмүүс ч гэсэн хэзээ, хаана тоглох юм бэ? билет нь хаагуур зарагдаж байгаа вэ? гээд л асууж сурч байна. Тэгэхээр энэ тоглолт нэлээд эрэлтийг бий болгосон тоглолт юм байна гэж бодоход хүргэж байгаа.
 
 
-Та энэ байгууллагын отгон гавьяат. Тэгэхээр отгон гавьяатын хувьд байгууллага хамт олондоо барьж байгаа нэгэн бэлэг нь энэ тоглолт гэж хэлж болох уу?
 
-Тэгэлгүй яахав. Би нийслэлийн "Улаанбаатар чуулга"-аа ээлтэй өгөөжтэй, бас их булган сүүлтэй чуулга гэж боддог. Байгуулагдаад олон жил болоогүй ч дөрвийн дөрвөн гавьяат төрүүлчихсэн байгаа нь энэ хамт олны амжилт. Тэгэхээр энэ тоглолт энэ дөрвөн гавьяат хийгээд ирээдүйд төрөх олон гавьяатуудын баяр гэж хэлж болно.
 
 
-Тоглолт үзэж байгаа хүмүүсийн уур амьсгал Ширмээ гавьяатад ямар байдлаар төсөөлөгдөж байна?
 
-Маш сайхан дулаан энергитэй, хүмүүсийн сэтгэл зүрхийг баясгасан тоглолт болох байх гэж төсөөлж байгаа. Энэ тоглолтын ерөнхий найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган найруулагч ажиллаж байгаа.
 
 
Мундаг хүний найруулж буй тоглолт муу байх учиргүй. Яг энэ үүднээс хүмүүст ч сайн хүрнэ гэдэгт итгэж байгаа. Дашрамд сонирхуулахад чуулгын маань дарга, Монгол Улсын Гавьяат жүжигчин Ц.Төвшинтөгс мэндчилгээ дэвшүүлж дуулна. Үзэгчид хийгээд уран бүтээлчид нь бие биеэ хүндэтгэсэн үнэхээр сайхан тоглолт болох байх аа.
 
 
Тэгээд ч энэ тоглолтонд айзам болон бэсрэг уртын дуу, монгол ардын дуу, 1960-1970-аад онд дуулагдаж байсан болон одоо дуулагдаж байгаа зохиолын дуунууд, баруун монгол ардын дуунууд дуулагдана гэхээр сонирхолгүй байхын аргагүй. Ер нь нэлээд цогц тоглолт гэж ойлгож байгаа шүү.
 
 
-"Улаанбаатар чуулга"-ыг татан буулгана гэсэн яриа гарсан байна билээ. Сүүлийн үед энэ чуулгын хамт олон нэлээд эрчимжсэн нь үүнтэй холбоотой гэж ч дуулдсан. Энэ талаар?
 
-Манайх угаасаа маш их уран бүтээл хийдэг. Жил болгон дуулалт жүжиг тавьдаг. Намайг дөнгөж орсон жил гэхэд, Чин ван Ханддоржийн талаар өгүүлсэн "Ай нан аа" дуулалт жүжгийг тавьж байсан.
 
 
Мөн "Алгирмаа", "Хүрээ хорвоо", "Сумъяа ноён", "Гоолингоо" зэрэг дуулалт жүжгээс гадна "Янзаган хүрээ" гэж хүүхдийн дуулалт жүжиг хүртэл тавьсан. Яг ингээд нэрлэвэл олон бүтээлийг нэрлэж болно л доо. Урсгал хийх ёстой зүйлүүд нь хийгдээд л явж байгаа.
 
 
Манай тайз нэг өдөр ч тоглолтгүй өнждөггүй. Хүүхдийн уран бүтээлүүд өдөр бүр тоглогдож байдаг. Зундаа жуулчдад үйлчилнэ. Манай чуулгын дэргэд мөн жазз хамтлаг бий, хажууд цирк байгаа. Нийслэлийн зохион байгуулж байгаа бүх зүйлд хамтран оролцдог, ер нь их цогц хамт олон.
 
 
Энэ яригдаад байгаа асуудал бол уран бүтээлч бидэнд хүрэх ёстой зүйл биш. Бид уран бүтээлчид. Ямар нэгэн улс төрийн болон намын асуудалд хамрагдах ёсгүй. Тэр ч утгаараа би үүнд нэг их ач холбогдол өгөхгүй байгаа.
 
 
Яахав ойр зуур яригдсан байж болох л доо. Гэхдээ бидний хувьд үүнд нэг их ач холбогдол өгөөд айж тэвдээд байх хэрэггүй. Бид бүгд урдаа тавьсан зорилготой хийх ажилтай хумүүс. 
 
 
-Ширмэнтуяа хувь уран бүтээлчийнхээ хувьд сүүлийн үед ямар шинэ содон уран бүтээлтэй байна, сонирхуулаач?
 
-Би болж өгвөл жилд нэг, үгүйдээ хоёр жил болоод нэг уран бүтээлийнхээ тоглолтыг хийчихдэг уран бүтээлч л дээ. Өнгөрсөн жил дуурийн театрт "Бодол" нэртэй тоглолтоо хийсэн бол энэ жил гуравдугаар сарын найманд Амаржаргалтай хамтраад "Мөнхөд дурсагдах ижий" нэртэй тоглолт хийсэн.
 
 
Одоо гурван гавьяаттайгаа хамтарч тоглох гэж байна. Ер нь байнга л уран бүтээл эрэлхийлж байдаг. Уран бүтээлч бидэнд хийх ажил их. CD-гээ бичүүлнэ, дуугаа бичүүлнэ, клипээ хийлгэнэ тэр бүгдийнхээ хажуугаар ар гэр, хүүхэддээ санаа тавина. Би урлагийн эмэгтэйчүүдээ маш их ажлыг зохицуулж байдаг их гавшгай хүмүүс гэж боддог.
 
 
-Таны хувьд дуучин Амаржаргалтай хамтран дуэт дуу дуулж олонд танигдсан гэхэд нэг их буруудахгүй байх. Харин сүүлийн үед ганцаарчилсан уран бүтээл их хийгээд байх шиг санагдах юм. Дуэт дууны санал ирэхгүй байна уу, яагаад хоршил дуу дуулахгүй байна?
 
-Ганцхан дуэт дуу дуулдаг гээд л түүгээр голчлоод байж болохгүй л дээ. Би их олон жанр төрлөөр дуулдаг. Жишээ нь нэг тоглолт хийлээ гэхэд миний уран бүтээлүүд багталцдаггүй. Тиймээс би ангилж тоглодог.
 
 
Дан ардын дууны, зохиолын дууны ч гэдэг юм уу. Тэгэхээр зарим хүмүүс тэрийгээ, энийгээ дуулсангүй гэдэг. Тиймээс багцалж тоглолт хийдэг болсон. Энэ бол 20-иод жил дуулж байгаагийн минь үр шим юм даа. Цаашид ч гэсэн дуулах хийх бүтээх ажил их байна.
 
 
-Манай уншигчид Ширмэнтуяаг яагаад ҮДБЭЧ-аас "Улаанбаатар чуулга"-д ирсэн юм болоо гэж асуугаасай гэж бодож байгаа байх?
 
-Би уран бүтээлийн гараагаа ҮДБЭЧ-аас эхэлсэн. Тус чуулгад 14 жил ажилласан. Би ингэж боддог юм. Би өнөөдөр дуугаа л ард түмэндээ хүргэх ёстой гэж. Би дуулах гэж л энэ замбуулинд ирсэн. Ард түмэндээ дуу хуураа өргөж байх ёстой. Хаана байх нь хамаагүй.
 
 
Дуучин Ширмэнтуяаг хийсэн уран бүтээлээр нь Монголын ардтүмэн бүгд мэдэж байгаа. Ц.Төвшинтөгс гавьяат санал тавьсан болохоор л би энд ирсэн. Энэ сайхан хамт олны дунд ороод хоёр жил болж байна.
 
 
Би бэлгэшээдэг юм. Энэ хамт олон дунд орсныхоо дараахан Монгол Улсын Гавьяат жүжигчин болсондоо. Их сайхан, дулаан уур амьсгалтай эерэг энергитэй их сайхан чуулга гэж ойлгодог.
 
 
Х.Алтанцэцэг
 
Эх сурвалж: "Улаанбаатар таймс"