sonin.mn
1961 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр. Дорнод аймгийн Баян-Уул сумын дунд сургуулийн цагаан хоолойгоор "ЗХУ-ын сансрын нисэгч Ю.Гагарин сансрын уудамд хүрч, хүн төрөлхтний хөгжил дэвшлийн томоохон нээлтийг хийлээ" гэх мэдээ хол ойрын хүн зоны анхаарлыг өөрийн эрхгүй татах нь тэр.
 
Аж ахуйн хашаанд түлээний мод бэлдээд сургуулийн зүг харайлгаж явсан хүү тэр дороо зог тусч өмнө нь хэзээ ч сонсож, бүр төсөөлж ч байгаагүй тэрхүү орон зайд өөрийн биеэр гишгээд ороод ирсэн юм шиг хөл хөөрцөг болов. Энэхэн бодлынхоо зэрэгцээ хэзээ мөдгүй сансар гэгч тэрхүү нууцлаг ертөнцийн үзүүрээс атгаад авах юм шиг л дэврүүхэн мөрөөдөл тээсээр сургуулийнхаа модон хаалгыг угз татан дотогш орлоо.
 
Төд удалгүй математикийн багш О.Дамдинсүрэнгийн удирдлага дор пуужинт загварын дугуйлан анх удаа хичээллэх болж сансраар “өвчилсөн” хэдэн арван хүүхэд нийлэн пуужингийн загвар макет хийж, түүнийгээ дариар цэнэглээд тэнгэр өөд харвадаг байсан гэх. Хүүхэд насны гэнэхэн атлаа дэврүүхэн бодол, холын холд тэмүүлэх асар том мөрөөдлөө бий болгосон энэхүү дурсамж нь С.Сайнцог гуайн санаанаас ер гардаггүй. Гагцхүү тэр л өдрөөс хойш эдүгээг хүртэлх түүний зам мөр яг л энэ дурсамж шиг нь үргэлж өөдөө тэмүүлж явсан гэдгийг хожим өгүүлэх түүх бидэнд тодорхой харуулна. Хүмүүний амьдрал олон өнгөтэй гэж бид ярьдаг. Гэвч хүн нэг бүрт уг ойлголт өөр өөрийн байдлаар биеллээ олдог гэхээр энэ хорвоо ертөнц гэдэг чинь ямар их өнгө, будгийн зохицол, сүлжээс холбоосны дунд эргэлддэгийг төсөөлж бодоход хэцүү еэ. Тэр дунд сайн муу, сайхан муухай, баяр хөөр, гуниг харуусал, төрөх үхэх, төгсөх эхлэх ээлжлэн солигдохыг хорвоогийн жам ёс гээд нэрлэчихвэл оновчтой сон. Чухамдаа хүн гэдэг өөрөө амьдралаа хэрхэн чиглүүлэн залахаас энэ хорвоод төрж гийгүүлсэн гавьяагаа эдлэх үү эсвэл эсрэгээр нь эргүүлэх үү гэдгээ шийддэг. С.Сайнцог гуай амьдралын мөн чанарыг яг л ингэж ойлгодог гэнэ. Өнөөдөр 76 насныхаа босгыг алхаж яваа буурал хурандаа элээсэн амьдралынхаа хором мөч бүрийг эрхэмлэн нандигнана. Тэр болгоныгоо мартаж умартахгүйг хичээн боломж олдвол өөрийн намтраа номд мөнхлөх юм сан гэж бодсоор хэдэн намрыг элээжээ.
 
ҮҮНЭЭС Л ЭХЛЭЛТЭЙ ЮМ ШҮҮ ДЭЭ
 
Түүний төрж өссөн нутаг хуучнаар Чойбалсан аймгийн (Дорнод аймаг) Түмэндэлгэр сум. Дайны дараах сэргээн босголтын хэцүүхэн цаг үед тэрээр дөрвөн хүүхэдтэй айлын гурав дахь хүүхэд болон мэндэлжээ. Сайнцог хүүг таван нас хүрмэгц тэднийх тус аймгийн Эрээн хороо гэх цэргийн зохион байгуулалттай жижиг тосгон руу нүүж тэндээ бага сургуулийн босгыг анх алхаж, хожмоо Баян-Уул суманд шилжин суурьшиж 10 дугаар ангиа дүүргэсэн гэлээ. Аав нь хүүхэд ахуйдаа Амарбаясгалант хийдэд шавилан суудаг байсан, шаггүй эрдэм номын боловсролтой, харин ижий нь сумын эмнэлэгтээ 2000-аад хүүхдийг эх барьсан ач, буянтай хүмүүс байсан гэв.
 
Сайнцог хүүгийн хувьд бага балчраасаа л хичээл сурлага, урлаг спортын олон төрөлд өөрийгөө сорьж, юм юманд авьяастай, эрдэм мэдлэгт сониучхан, сэргэлэн, идэвхтэй сурагч байсан нь хожмын ажил, амьдралынх нь их замын эхлэл байсан талаар дурссан юм. "Тэр үеийн хүүхдүүд бид чинь голцуу л байлдаж тоглоно шүү дээ.
 
Чапаев, Дандар баатрын дүрээр л бие биетэйгээ талцаад үзэлцэнэ. Харин сургуульд ороод хичээлээ их л сайн сурсан юм шиг байгаа юм, хоёр улирал дараалан онц дүн авсан гээд Эрээний тэрэгний үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны баярын бичгээр шагнуулж байв. Тэр үйл явдал надад их том урам болсон уу, дунд сургуулиа төгсөн төгстлөө онц сурсан гэж байгаа. Үүнд сургуулийн маань багш нарын мэргэжлийн ур чадвар, хичээл зүтгэл их нөлөөлсөн. Аливаа зүйлийг хүнд хамгийн зөв аргаар, маш амархан байдлаар ойлгуулж чаддаг бурхан шиг багш нартай байсан нь бидний хувьд хамгийн том аз. Ер нь манай сургуулийн багш, сурагчид бүгд л хичээл, урлаг, спортын талаар маш идэвх санаачилгатай байсан. Ямар сайндаа л Баян-Уулд ирсэн хойно аймгийн дунд сургуулиудын дундах ширээний теннисийн тэмцээнд миний бие нэгдүгээр байрт шалгархав дээ. Өвлийн улиралд хүүхдүүд бүгдээрээ л цанын спортоор хичээллэнэ. Улз голынхоо мөсөн дээр тэшүүрээр гулгадаг. Дайны үеэс үлдсэн окопуудыг ашиглаад транплей хүртэл хийж байсан гэхээр мөн хөдөлгөөнтэй байж дээ. Манай ангийн гурван ч сурагч Спортын мастерын болзол хангаж байсан юм шүү. Миний хувьд 1965, 1966 онд дараалаад тэшүүрээр аймгийн аварга болж байв.
 
Сүүлийн жилдээ Улсын аваргад оролцож байсан түүхтэй. Хөнгөн атлетикаар ч шаггүй сайн. Арга ч үгүй биз дээ. Хичээлийн завсарлагааны хэдхэн минутад л багтаад сургуулийн урдхан талд байрлах элсэрхэг хөрсөн дээр уртын харайлт хийхээр цуваа татуулдаг байв. Нэг нэгнээсээ давж үсрэхийг л хичээцгээнэ. Тэр үеийн нийтийн биеийн тамир ингэж эрчимтэй хөгжиж байлаа.
 
Үүнийхээ буянд холын зайн харайлт, сонс эргэлтээр улсын рекордыг эзэмшигчид бидний үеийнхнээс төрөн гарч байлаа" гэв. Үнэхээр л Сайнцог гуайн ангийн хүүхдүүд нийгмийн идэвх санаачилгаар үеийнхнийгээ манлайлдаг байсан аж. 9 дүгээр ангид ордог жилээ сургуулийнхаа анхны Соёлч нөхөрлөл болох үүрэг даалгавар аваад ажилласан гэх. Энэ хүрээндээ "Улс" дуу, бүжгийн чуулга, "Улс" кино театр гэдгийг сумандаа анхлан байгуулж Сайнцог хүү уран сайхны даргаар нь ажиллажээ. 1965 оны 4 дүгээр сарын 12-нд хүн төрөлхтөн сансрын уудамд ниссэний дөрвөн жилийн ой тохиов. Өнөөх пуужинт загварын дугуйлангийн багш, сурагчид нийлээд дээш тэмүүлж буй сансрын хөлгийн хөшөөг сургуулийнхаа Улаан булангийн өмнө босгосон нь Монголдоо анхдагч болоод амжжээ. Сонирхолтой нь тэрхүү хөшөө өнөөдөр ч байгаа. Байх байхдаа Сайнцог гуайн гэрийн хашаанд сүндэрлэн байна. Тэр хөшөөг босгоход удирдсан багшийнх нь хүү болох бригадын генерал Д.Энхбаатар хожим төрөл садны хамт пуужингийн шинэ хөшөө босгохоор хуучин хөшөөг нь буулгах болоход С.Сайнцог гуай гэртээ аваад ирсэн гэв. Тэрээр үргэлжлүүлэн "Ер нь манай сумынхан сансар огторгуйтай их л нарийн сэжмээр холбогдсон гэх үү дээ. Манай нутагт Ш.Болд гэдэг буриад өвгөн байлаа. Өөрөө ер нь л билэг танхайдуу, дууны үг, ая зохиочихдог байв. Тэр өвгөн Ю.Гагариныг сансарт ниссэний дараахан сансрын нисэгчид зориулан буриад дуу хүртэл зохиосон нь монголдоо анх удаа байв.
 
Огторгуйн уудам гэдэг чинь 
Оргүй хоосон ч гэсэн 
Олж л нислээ замыг нь 
 
Юрий Гагарин гээд л эхэлдэг сэн.Тэгэхээр манай нутагт сансрын нислэгтэй холбоотой анхны хөшөө баригдаж, анхны дуу мэндэлсэн. Тиймдээ ч би өөрийгөө сансрын нислэгийн тал дээр тохиолдлын хүн биш гэж боддог" хэмээв.
 
ХУВЬ ТАВИЛАН Л ХӨТЛӨВ ҮҮ ГЭЛТЭЙ
 
С.Сайнцог хүү 10 дугаар ангид ордог жилээ Улсын математикийн олимпиадад аймгаа төлөөлж оролцохоор Улаанбаатарыг хоёр ч удаа зорьжээ. Үеийнхэн дундаасаа тэр л нийслэл хотдоо хөл тавьчихсан додигор сурагч тул аймагт ирдэг дээд сургуулийн хуваариудаас хүссэнээ сонгох эрхтэй байсан нь мэдээж. Чухам тэр үед түүний бодолд өнөөх сансрын уудамд нисэх бага насны мөрөөдөл нь хэвээр байсан учраас Ю.Гагарины нэгэн адил цэргийн хүн болох хүслээр жигүүрлэж явжээ. Тиймээс Цэргийн нэгдсэн дээд сургуулийн хуваариа дөнгөж баталгаажуулчхаад байтал БХЯ-ны Боловсон хүчний хэлтсийн дарга хурандаа Д.Бээжин өрөөндөө дуудаж уулзаад түүний математикийн талын авьяасыг харгалзан үзэж ЗХУ-д цэргийн инженерийн мэргэжлээр суралцах боломж олгосон нь түүний цэргийн хүн болох эхлэл байсан аж. "Батлан хамгаалахын сайд Ж.Лхагвасүрэнгийн 1966 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн тушаалаар бага дэслэгч цолоор шагнагдаад ЗХУ-д Москва хотын Цэргийн инженерийн академид суралцахаар анх удаа хилийн дээс алхсан даа.
 
Манай академи бол их өргөн цар хүрээний мэдлэг олгодог маш том сургууль. Намайг анх очиход сургуулийн маань 150 жилийн ой нь болж байсан. Хаант Орос гүрний үеэс уламжлалтай тийм л агуу том сургууль. Тухайн үеийн багш нар дайнд оролцож дарийн утаа үнэрлэсэн, эрдмийн цол зэргээрээ тэргүүлэх хэмжээний шилдэг боловсон хүчин байв. Сургуулийн маань захирал хурандаа генерал А.Д.Цирлин гэдэг хүн монголчуудад маш элэгтэй, их л хүндэтгэлтэй хандана. Шинэ жилийн үдэшлэг болоход зөвхөн бидэн дээр ирж хундага тулгачхаад л гараад явчихдаг сан" хэмээн ярив.
 
Тэрээр Цэргийн инженерийн академиа 1972 онд төгсөж ирээд Ардын Армийн 014 дүгээр ангид Автотракторын албаны даргаар томилогджээ. Анх ажлаа авахад нь ангийн техникийн бэлэн байдал нэлээд хүнд байсныг бусад алба хаагчдын хамт засаж янзлах, нөхөн хангах, орос цэргийн ангиудаас дэмжлэг туслалцаа авах зэргээр санаачилгатай ажилласны үр дүнд ирэх жил нь Батлан хамгаалахын сайдын шалгалтаар тун чиг сайн үнэлгээ аваад хойтон жил нь буюу 1974 онд тэргүүний ангиар шалгарч байжээ. Чухам тэр цаг үе нь Ардын Армийн өргөтгөн зохион байгуулалтын эхлэл байж таарч, С.Сайнцогийг идэвх зүтгэлтэй сайн ажилласан учир ЗХЖШ-ын Инженерийн хэлтсийн техник хангалтын офицерын албан тушаалд томилжээ. Улмаар цэргийн нэгтгэл, анги, салбаруудыг өргөтгөх орон тоо бүтцийг боловсруулах, түүнийхээ дагуу гадаад орнуудаас олон тооны техник хэрэгслийн захиалга хийх ажлуудыг гардан зохион байгуулав. Арми өргөтгөж байгаагийн хэрээр боловсон хүчний асуудал хурцаар тавигдаж энэ талын мэргэжилтнүүдийг гадаад болон дотоодод бэлтгэх арга замыг эрж хайх, цаашлаад Цэргийн нэгдсэн дээд сургуульд Цэргийн инженерийн ангийг бий болгох хүртэл олон ажлыг санаачилж удирдан зохион байгуулсан аж.
 
С.Сайнцог хурандаагийн талаар хүмүүс их л ам сайтай байдаг юм билээ. Хийсэн бүтээсэн намтар түүх арвинтай хүн гэж сонсогддог нь олонтоо. Түүний намтар бусдын ярьдгаас ч их. Тэрээр 1983 оноос эхлэн Улсыг батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн төв зөвлөлийн сургалт, спорт хариуцсан орлогч даргаар томилогджээ. Үүний зэрэгцээ Биеийн тамир, спортын улсын хорооны тэргүүлэгч гишүүнээр томилогдож 2000 он хүртэл тус ажлыг тасралтгүйгээр гардаж хийсэн цөөн эрхмүүдийн нэг. Энэ хугацаанд буюу 1993 оноос Монголын үндэсний Олимпын хорооны дэд ерөнхийлөгчийн ажлыг, мөн 1990-ээд оноос 2008 оныг хүртэл Монголын таеквондогийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллажээ. Үндсэндээ 1980-аад оны дунд үеэс эхлэн эх спорттой холбогдсон түүхтэй. Үүнээс хойш Иргэний Нисэхийн Олон Улсын Буудлын Аюулгүй байдал эрхэлсэн дэд дарга, Дорнод аймгийн нутгийн зөвлөлийн даргын ажлыг 1990-2015 оныг хүртэлх хугацаанд хашихдаа олон шинэлэг бүтээлч ажлыг зохион байгуулсан гэхээр С.Сайнцог хурандаагийн намтар түүхийг ганцхан номоор хэмжиж боломгүй мэт санагдана.
 
 
Бидний яриа Улсыг батлан хамгаалахад туслах нийгэмлэг тийш хазайлаа. Тус байгууллагын гол үүрэг нь хүүхэд, залууст цэрэг-эх оронч  хүмүүжлийг олгох, сурталчлах, цэргийн өмнөх насны залуучуудад цэргийн хэргийн мэдлэгийг олгох, цэрэг-техникийн шаардлагатай мэргэжлээр бага мэргэжилтнүүдийг улсын захиалгаар бэлтгэж Ардын Арми, Хилийн цэрэг, Дотоодын цэргийн анги байгууллагуудад нийлүүлэх, цэрэг-
техникийн спортыг хөгжүүлэхэд голлох үүргийг гүйцэтгэдэг байв.
 
Хэдий тийм ч Ардчилсан хувьсгалын дараачаас ямар ч санхүүжилтгүй болж, хөрөнгө мөнгөний асуудлаас болж тус нийгэмлэгийн үйл ажиллагаа зогсонги байдалд оржээ. С.Сайнцог хурандаа тус нийгэмлэгийн даргаар томилогдохдоо хэд хэдэн ажил, арга хэмжээ, тэмцээн уралдааныг санаачлан зохион байгуулж тамирчид, алба хаагчдынхаа хэрэгцээ, хангалтыг дотоод нөөц бололцоогоороо чадан ядан зохицуулж байсан хэцүүхэн жилүүдийг туулсан. Тэр дундаа буудлагын тамирчныхаа буу, сум хэрэгслийн өртөг мөнгийг олох гэх мэт асуудлыг аль болох ухаалгаар шийдэж зохицуулах арга сүвэгчилсэн он жилүүдийн цаана олон хүний хүч хөдөлмөр шингэсэн гэдгийг мэдэх хүн цөөн. Үүний үр дүнд 2008 оны Бээжингийн олимпоор буудлагын тамирчин О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртэж, хэдий ХБНГУ-ын нэрийн өмнөөс оролцсон ч тус нийгэмлэгийн бүтээгдэхүүн Д.Мөнхбаяр хүрэл медаль авч байсныг Монголын ард түмэн харин ч нэг сайн мэдэх учиртай. Монголын морин спортын хувьд ч тод манлай уяач Д.Даваахүү, Д.Онон, Э.Эрдэнэчулуун зэрэг ард олондоо хүндлэгдсэн уяачид тус нийгэмлэгтэй салшгүй холбоотой. С.Сайнцог хурандаагийн хувьд 1900-аад оноос хойших морин спортынхны алдар түүхийг судалж үзээд уяачдад цол хэргэм олгож эхлэх эхний санаачилгыг гаргажээ. Улмаар улс, аймгийн алдарт уяач, цаашлаад сумын тэргүүний уяач гэх цолыг анхлан сэдсэн байна.
 
Эхний 10 алдарт уяач цолыг хошууч генерал Ж.Гүррагчаа даргын тушаалаар олгож байсан түүхтэй. Харин өнөөдөр энэ цол Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгогддог, улсын статустай цол хэргэм болж өргөжсөнд С.Сайнцог гуай өөртөө баярлаж явдаг нь ойлгомжтой биз ээ.
 
Түүний амжилт, бүтээлийн тулгуур багана нь түүний харилцаа хандлага, удирдан чиглүүлэх арга ухаантай салшгүй холбоотой. Түүний хэлснээр “Би гэдэг хүн чинь бараг л бүх насаараа дарга байсан гэхэд хилсдэхгүй. Дарга хүн хүнтэй харилцах чадварт маш сайн суралцах ёстой. Нэг зүйлийг би залуучуудад хэлэхийг хүсдэг юм. Хүний муу зан чанарыг олж харах шиг амархан зүйл үгүй. Харин сайн зан чанарыг нь олж харахыг үргэлж хичээж бай гэж. Тэгж л байж чи тэр хүнийг ойлгож, хамтарч ажиллаж чадна” хэмээлээ. С.Сайнцог гуай хүнийг хэзээ ч шийтгэж үзээгүй гэдэг. Хатуу гараар үзэх байтугай загнасан удаа цөөхөн гэнэ. Хүнд ширүүвтэрхэн үг хэлээд гомдоочихвол араас нь өөрөө дагаад нулимс унагаачихдаг гэхээр ямархан удирдагч, манлайлагч хүн байсныг уншигч та өөрөө тунгаана биз ээ.
 
БИД САНСРЫН АХАН ДҮҮС
 
Нийтлэлийн оршил хэсэгт өгүүлсэн шиг тэрээр бага насны мөрөөдлөө хэзээ ч умартаагүй. Тэнгэр өөд харах болгондоо тэртээх ертөнцийн сонин хачныг төсөөлөн бодож, сансар огторгуйн гүн нууцыг таних мэдэх хүсэл тэмүүлэл үргэлж хадаатай явжээ. Харин  нэг удаа түүнд өөрийн мөрөөдлөө биелүүлэх томоохон боломж олдсон талаараа дурслаа. 1977 оны 10 дугаар сарын 1-ний өдөр БХЯ-ны хариуцлагатай эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан С.Сайнцогт БХЯ-ны Оперативийн газрын дарга хурандаа Ш.Жадамба хэдэн хүний нэрс өгөөд “Эдгээр хүмүүст маргааш 1 дүгээр эмнэлгийн хүлээн авах дээр 10 цагт бэлэн бай гэж зарла” хэмээн үүрэгджээ.
 
Чухам тэдгээр хүмүүс нь Зөвлөлтийн “Интеркосмос” хөтөлбөрт манай орноос анх удаа ололцохоор бэлтгэгдэх хүмүүсийн нэрс байсан гэдгийг хожим мэдсэн тэрээр маргааш өглөө нь Ш.Жадамба хурандаад орж илтгэхдээ өөрийгөө тус шалгаруулалтад оруулах боломж байгаа эсэхийг асуутал хурандаа хариуд нь “Би чамайг яагаад санасангүй вэ... Одоо бушуухан 1 дүгээр эмнэлэг дээр оч” гэжээ. Улмаар эрүүл мэндийн болоод бие бялдрын олон төрлийн сорил өгөхөд гурван офицер тунаж үлдсэн нь Ж.Гүррагчаа, М.Ганзориг, С.Сайнцог нар байв. Сүүлд Иргэний агаарын тээврээс Д.Сүрэнхорлоо нэмэгдэж тэр дөрвөн залууг улс төрийн товчоогоор Монголоос явах анхны багийн гишүүд хэмээн баталсан түүхтэй. Сансрын ахан дүүс тэрхүү цаг үеэс хойш олон жил дотно нөхөрлөж явна. Харамсалтай нь тэдний хоёр нь бурхны орныг зорьсон ч гэр бүл, үр хүүхдүүдийнх нь дотнын найз нөхөд хэвээрээ байдаг.
 
 
1978 он гарснаар сансрын багийн гишүүдийг ЗХУ-д очиж нарийвчилсан шинжилгээнд оруулахаар төлөвлөжээ. Хойно очсоны дараа эрүүл мэндийн төрөл бүрийн шинжилгээ өгөх явцад С.Сайнцогийн цуснаас
 
 
Дээрээс нь түүнийг сар гаруйн хугацааны дараа шар өвчин тусах юм байна гэж хэлсэн нь туйлын хачирхалтай. Уг нь ямар ч тариа дусал хийлгэж үзээгүй, өвдөж хавдаж байгаагүй хүн атал яг тэр шинжилгээнээс хойш нэг л биш болоод явчихсан гэх. Нутагтаа буцаж ирээд удаагүй байтал Зөвлөлтийн эмчийн хэлснээр шар өвчин тусах нь тэр. Гэхдээ энэ удаадаа азаар хөнгөн тусч эдгэжээ. Дараахан нь Хятад, Вьетнам хоёр улсын хооронд дайны асуудал бий болж байлдааны томилгоот үүргийн дагуу Зүүнбаян, цаашлаад эх орныхоо урд хилийг зорьсон гэв. Монгол цэргүүд тухайн газар орондоо хориглолтод шилжин байрлахдаа хүйтэн хоол, хүйтэн дэвсгэрээс өөрцгүй нөхцөлд цөөнгүй орсон гэлээ. Гэтэл харамсалтай нь өнөөх шар өвчин нь дахин сэдэрсэн, тэгэхдээ энэ удаа бүр сэхээнд ортол хүндэрсэн аж. “Тэр үед миний бүх булчин ямар ч ажиллагаагүй болсон.
 
 
Хөл, гар маань ясан дээр арьс нөмөрсөн юм шиг болчихсон. Госпиталийн эмч нар намайг эмнэлэгт хэвтсэн гэдгийг дуулаад манай өрөөнд инээж орж ирээд л буруу харж уйлаад гардаг байлаа. Хоол ч идэж чадахгүй, зөвхөн дусал хийлгэж барна.
 
 
Чухамдаа намайг найдваргүй гээд оношилчихсон байсан гэх үү дээ. Гэтэл ямар гээч бурхны аврал, хувь тохиолоор юм бүү мэд манай өрөөнд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн захирал Ж.Ёндон генерал техникийн шар туссан оношоор хэвтэн эмчлүүлэхээр ороод ирэв. Маргааш нь ч билүү Ж.Ёндон гуай дээр эргэлтээр нутгийнх нь рашаан ирлээ гэж байна. Гэтэл генерал сувилагчид хандан “Үүнийг Сайнцогт уулга. Нутгийн минь сайн рашаан байгаа юм. Бүгдийг нь уу гэж намайг хэлж байгааг дамжуулаарай” хэмээн хэлэх нь тод сонсогдсон. Удалгүй сувилагч орж ирээд варианы шилтэй рашааныг миний ам руу бага багаар хийлээ. Өнөө юу ч ууж, идэж чадахгүй байсан хүн чинь талыг нь шахуу уугаад орхисон. Гэтэл хэсэг хугацааны дараа юм идмээр санагдаад эхэлдэг юм байна. Тэр талаараа сувилагчдаа хэлээд гал тогооноос сүүтэй будаа авчруулаад идсэн. Тэгээд л гуравхан хоногийн дотор эрүүл хүн шиг л тэнхэрсэн дээ. Хожим би элгээ Монголд ч, Солонгост ч үзүүлсэн. С вирусийн төрлийн юу ч гарч ирээгүй юм шүү дээ” хэмээн сонин түүх хуучлав. Ингэж л Ж.Ёндон генерал, генералын нутгийн рашаан хоёр түүнийг үхлийн харанхуйгаас татаад босгоод ирсэн гэдэг. Тэр цагаас хойш таван жил дараалж Сүхбаатар аймгийн Түвшин ширээ сумын Цавчирын рашааныг зорьсон. Өнөөдөр ч тус рашаанд сүжигтэй гэж жигтэйхэн. 
 
“БОДЛЫН ЦАГААН ХУН” БАЙВ УУ?
 
С.Сайнцог хурандаатай ярилцлага хийхээр товлохдоо Гачууртын Шар хоолойн аманд байрлах гэрт нь түр саатахаар боллоо. “Гачууртын эцсээс дээш өгсөөд хоёр километр орчим явна. Автобусны буудлын харалдаа дугуйгаар хийсэн хоёр цагаан хун бий. Тэрүүгээр зүүн эргээд манайх бий шүү” хэмээн түүний зааснаар явахад үнэхээр хоёр цагаан хун хашааны өнцөгт байхыг хараад тийш алхлаа. Булан эргэхэд С.Сайнцог гуай намайг тосож аваад дотогш дагуулан оров. Гэрт нь оров уу, үгүй юу шилэн, шаазан, металь, модон гээд л төрөл бүрийн хийц, загвар дизайн бүхий хос хун шувуудын сувинерүүд байх юм. Сониучирхвал, “Учир ийм юм аа. УГЗ Д.Баттөмөрийн хөгжим, цагдаагийн хошууч Д.Амгалангийн шүлэг “Бодлын цагаан хун дуу” зохиогдоход А.Долгор (хань) маань дуулж түмний хүртээл болгосон. Анх энэ дуугаа дуулахад нь шүлгийг нь зохиосон хүн хун шувууны сувинер дурсгасан юм. Түүнээс хойш бид хоёр хунгийн цуглуулгатай болсон. Гадагшаа явах болгондоо энэ цуглуулгаа баяжуулахыг хичээдэг. Найз нөхөд маань ч үүнийг мэдээд зөвхөн хун шувуу л бэлэглэдэг болсон. Хожим “Бодлын цагаан хун” тоглолтын 20 жилийн ойг зохион байгуулахад хунгуудаараа үзэсгэлэн гаргаж байв” хэмээн хэллээ. Тэрээр ханьтайгаа танилцаад 32 дахь намраа өнгөрөөж байна. С.Сайнцог гуайн анхны хань нь гурван сайхан хүүг нь төрүүлж өгөөд 1989 онд бурхны орныг зорьжээ. Түүнээс хойш гурван жилийн дараа Дуурийн театрт ажилладаг нутгийн нэг охиноороо дамжуулан залуу дуучин А.Долгортой танилцаж нэг гэрт орох учрал тавилан бүрдсэн аж. Тэр цагаас хойш өвөр дүүрэн хүүхэд, тэвэр дүүрэн ач зээгээ тойруулаад амар жимэр аж төрж байна. Хүмүүний амьдралын энэхэн учралаа тэд хос цагаан хун шувууд шиг л  төсөөлж явдаг нь юутай сайхан бэ.
 
Дэслэгч Т.ИДЭР
Эх сурвалж: "соёмбо" сонин